Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнгөнчимэг: Агуу Н.Жанцанноров гуайн “Тогосын цагаан овоо” гэх ид шидтэй дууг сэргээн дуулсан би азтай хүн

Дуурийн дуучин Э.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.


-Дуурийн дуулаач болох их хүсэл дуу хуурийн өлгий Дундговийн театраас эхэлсэн гэсэн?

-Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрж өссөн. Малчин айлын хүүхэд. Арван жилээ төгсөөд Дундговь аймгийн, Төв Халхын Дуулалт Жүжгийн театрт дагалдангаар орж байлаа. Тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням багш “чи СУИС-д орвол О.Ичинхорлоо гээд багш дээр л оч. Тэр хүн чамд яг тохирно, чамтай адилхан сафран хоолойтой багш бий” гэж захисан. Ингээд л би 2007 онд багш дээрээ очиж шалгуулаад СУИС-ийг 2011 онд төгссөн. Хичээлийнхээ хажуугаар театртыаа ч ажилладаг байлаа.

-Хичээлийнхээ хажуугаар ажилладаг байсан гэхээр нэлээн хөдөлмөрч оюутан байжээ. Одоо бол чөлөөт уран бүтээлч үү?

– 2007 оноос 2013 хүртэл театртаа давхар ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд театртаа нэг жил ажилласан. Харин өнгөрсөн жил Төв аймгийн шинэ театрт гэрээтээр ажилласан. Тэднийх “Учиртай гурван толгой” дуурийг театрынхаа нээлтэн дээрээ тоглоно гээд намайг Хоролмаагийн дүрд тоглооч ээ гээд урьсан хэрэг. Харин одоо бол чөлөөт уран бүтээлч.

-Өнгөрсөн жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайтай хамтран “Тогосын цагаан овоо” дууг шинэчлэн дуулж үзэгчдэд хүргэсэн шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн намар Н.Жанцанноров гуйтай холбогдоод “Тогосын цагаа овоо” гэх агуу дууг дуулсан. Энэ дуу 1992 онд зохиогдсон. Шүлгийг яруу найрагч Д.Алтангэрэл гуай, аяыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай зохиосон. “Тогосын цагаан овоо” дуу бол энэ хоёр хүний ээждээ зориулж бичсэн дуу юм билээ. Анх 1992 онд зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай дуулсан. Дараа нь гавьяат жүжигчинг Д.Сосорбарам гуай дуулсан юм билээ. Гэхдээ Х.Уртнасан гуайн дуулсан бичлэг л байдаг. Өөр бичлэг байдаггүй. Ингээд би 30 жилийн дараа сэргээж дуулсан. Их буянтай, агуу ид шидтэй дуу. Маш удаан давтаж бие сэтгэлээрээ мэдэрч дуу яг өөрийнх болдог. Ёстой нөгөө баруун солгойгүй гэгчээр. Би ч шинэхэн сураад, багшаараа заалгуулаад л дуулсан. Одоо бодоход тийм сайн дуулаагүйдэг ээ. Гэхдээ л аль байдгаараа хичээсэн. Клипийг нь Өвөрхангай аймагт хийсэн. “Есөн зүйл”, “Бүрд” хоёрын дунд байдаг газар л даа. “Тогосын цагаан овоо” гэж морины дэл шиг сайхан хайрхан байдаг юм билээ. Тэнд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, яруу найрагч Д.Алтангэрэл ах нарыгаа клипэндээ тоглуулсан. Би үнэхээр азтай хүн шүү дээ. Ийм аз завшаан дуучдад тэр бүр тохиогоод байхгүй болов уу.

-Энэ дууг 30 жилийн дараа шинэчилж дуулсан нь ямар учиртай юм бэ. Энэ урт хугацаанд яагаад өөр дуучид шинэчилж дуулаагүй юм бол?

-“Тогосын цагаан овоо” уул нь хүн нутаглуулдаг хайрхан юм гэнэ л дээ. Дээхнэ үед дээдсүүдийг тэнд тавьдаг байсан гэдэг. Яруу найрагч Д.Алтангэрэл гуай ээжийгээ мөн л “Тогосын цагаан овоо”-ны энгэрт оршуулсан юм гэнэ лээ. Харин Н.Жанцанноров гуайн ярьж буйгаар ээжийгээ тэнд оршуулна гэж бодсон боловч тухайн үед гол үерлэж. Ламаас асуутал “гол үертэй байхад гаталж хэрэггүй” гээд өөр газар нутаглуулсан гэдэг. Гэхдээ Н.Жанцанноров гуай ээжийгээ “Тогосын цагаан овоо”-нд л тавьсан гэж боддог. Дууны дахилт нь “Ижий болсон ууландаа эргээд ирнэ ээ хүү чинь” гээд энэ уулыг ээжийгээ гэж шүтдэг. “Үүлс хөлхсөн хурмастын Дэрний чулуутай өлмий Тогосын цагаан овоо Тосон тосон өндөлзөнө” гээд үг нь үнэхээр сайхан. Тэгсэн манайхан сүсэглэсэн юм байна л даа. Хүн тавьдаг уулны талаар дуулахаар яах ч юм эсвэл ээжийгээ амьд байхад энэ дууг дуулаад яахав гэж боддог юм билээ. Яруу найрагч нь нулимс дуслуулаад хэлж байсан. “Энэ дууг маш олон хүмүүсээр дуулуулна гэсэн ч ээжийгээ амьд байхад дуулахгүй гэж хэлж байсан. Харин чи бол бурхнаас явуулсан бэлэг” гэж билээ. Яруу найрагч Н.Алтангэрэл гуайн энэхүү дууг дуулж байгаа минь нэр төрийн хэрэг.

-Уран бүтээлч хүний хувьд энэ дууг их хүсч, зорьж дуулжээ. Хүний сэтгэлээс гарсан үг, үйлдэл бүр хэний ч сэтгэлд хүрдэг гэдэг дээ?

-Н.Жанчинноров багш надаас асууж байсан юм л даа. “Ээж чинь амьд уу” гээд. Би “Байгаа байгаа, гэхдээ ээжийгээ амьдад дуулдаггүй гэсэн яриа надад хамаагүй” гэсэн юм. Яагаад гэхээр энэ бол уран бүтээл байхгүй юу даа. Чи ямар өнцгөөс харна тэр л чухал. Гол нь ижийгээ алдсан хүмүүс зөндөө бий. Алдсан тэр л хүмүүсийн дутуу орон зайг энэ уран бүтээлээрээ жаахан ч гэсэн нөхье л гэж бодоод дуулсан хэрэг. Би ч өөрөө хүсч дуулсан учраас надад асар их буян ирсэн.

-“Тогосын цагаан овоо” дуу их хандалт авчээ. Тэгэхээр энэ дууны шинэ хувилбарыг хүмүүс мөн ч их хүлээж дээ?

-Ямар ч хүн аав ээж, нутаг усаа адилхан л шүтэж амьдардаг шүү дээ. Юм бодоогүй харин ч дуртай дуулсан минь тэр хүсэн хүлээсэн, ижий аав, нутаг усаа санасан хэн д ч болов бэлэг байгаасай. Ер нь бөхийн найр, гал хаана ч байсан “Тогосын цагаан овоо”-гоо дуулаач л гэдэг. Фэйсбүүк, ютүбээр хүмүүс үнэхээр их сэтгэгдэл ирүүлсэн байна лээ.”Миний дээдсүүд тэнд бий. Энэ дууг ингэж гайхалтай дуулах гэж”, “Би хүний нутагт ингэж зовж амьдрах ч гэж, үнэхээр нулимсаа барьж дийлэхгүй уйлаад сонсож байна, гайхалтай” гээд олон сайхан сэтгэгдлүүд байна билээ. Саяхан Хөвсгөлд явж байхдаа дуулсан. Тэгсэн нэг хүн “Ижий минь амьд мэнд ч хажууд минь байхад хүртэл санаж байна. Амьдаар чинь дуулж байгааг бичлэг хийгээд ээждээ сонсгоно” гээд сууж байсан. Ижий аав нь байгаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, байхгүйг нь нөхөж чадаж байгаа дуу л гэж бодож байна.

-Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуайн дараа Ардын жүжигчин Д.Сосорбарам гуай дуулсан юм билээ. Тэр хүнээс танд сэтгэгдэл ирэв үү?

-Саяхан Д.Сосорбарам гавьяаттай фэйсбүүкээр найз болоод зөвлөгөө авъя гээд студи дээр нь. “Аан “Тогосын цагаан овоо”-г дуулсан охин, за сонсъё л гэж байна”. Д.Сосорбарамгуай “Морин хуурийн чуулга”-т байхдаа дуулсан байдаг. Гэхдээ бичлэг нь бараг нийтэд байдаггүй. Ингээд дуугаа дууллаа. Тэгсэн “Олон хүн энэ дууг дуулахыг сонсож байлаа. Хамгийн гоё дуулсан нь чи байна. Ямар ч өө алга” гэсэн. Тэгэхээр нь миний баярласан гэдгийг яана. Зорьсон бүтээлээ амжилттай гүйцэтгэсэн юм байна аа л гэж бодсон шүү. Ёстой тарни гэгчээр үнэхээр ид шидтэй дуу юм шиг байгаа юм даа.

-Энэ жилийн уран бүтээлийн олз омог арвин уу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Дараагаар нь Дундговь аймгийн Дэрэв сумын харьяат яруу найрагч А.Лхагва ахын шүлгээр Н.Жанцанноров ах бид гурав “Сэтгэлийн гэгээ” гээд шинэ уран бүтээл туурвисан. Яг миний хоолойны өнгөнд тохирсон. Өнгөрсөн намар дүрсжүүлсэн л дээ. Дундговь аймгийнхаа бүх үзэсгэлэнт газрууд болох “Цагаан суварга”, “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”-зэрэг газруудаар явсан. Хүмүүс ийм гоё газар хаана байдаг юм бэ гээд л их асууна. Хангай газрыг илүү үзэсгэлэнтэй, говьд тийм сайхан газар байдаг гэж төсөөлдөггүй юм шиг байгаа юм. Ийм сайхан хоёр уран бүтээл хийчихээд л байж байна. Дашрамд хэлэхэд “Сэтгэлийн гэгээ” дууг манай нутгийн компани болох “Суурь төр” ХХК ивээн тэтгэж ажилласан. Ингээд ар араасаа уран бүтээлүүд дээр ажиллаад л явж байна. Урьд нь театрт байхад нас ч бага байж, дөнгөж эхэлж байсан учраас юмны чанар ч мэдэхгүй. Студид нэг хоёр удаа дуулаад гарахад л өөрийгөө лаг гээд бодчихсон. /инээв/ Сүүлд сонсоход ямар ч чанар байхгүй. Тэгтэл би сүүлд “Тогосын цагаан овоо” дууг бүтэн хоёр цаг гаруй дуулсан. Цаашид чанартай бүтээл хийхийг зорьж байгаа хэрэг.

-Бусад дуурийн дуучдаас ялгарах онцлог чухам юу гэж боддог вэ?

-Дуучин бүхэн өөр өөрийн гэсэн хоолойн өнгөтэй. Гэхдээ нутаг уснаас шалтгаалдаг уу ажиглаад байхад манай говийнхон их гоё темпертэй. Говь-Алтай, Ховдынхон гэхэд хөөмийчид их бий. Тал нутаг руугаа уртын дуу илүү дуулдаг. Тэгэхээр нутгийн онцлог шүү дээ. Намайг мэргэжлийн хүмүүс гоё өвөрмөц темпертэй гэж их хэлдэг. Ер нь байгалиас заяасан өгөгдөл дээр агуу багшаар заалгахаар техник ур чадвар сайжраад ирж байгаа хэрэг л дээ.

-Монголд сонгодог урлаг хөгжөөд нэлээдгүй жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол хүний цээл хоолой дэлхийн тайзан дээр хүртэл эгшиглэж байна шүү дээ?

-Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай бол Монголын дуурийн урлагийг жинхэнэ бүтээлцсэн хүн л дээ. Зууны манлай уртын дуучин Х.Уртнасан гуай гээд олон сайхан хүмүүс бий. Түүний дараагаар П.Ганбат гээд агуу дуучин байсан. Одоо ч улам чангараад л байна. Хүчээ аваад дэлхийд ч гайхагдаж байна шүү дээ. Энэ урлагийг цаашид илүү хөгжүүлье гэвэл улсаас сайн дэмжиж өгөх хэрэгтэй байх. Энэ жил л шинэ засгийн газар байгуулагдаад яамтай боллоо шүү дээ. Улс орны хөгжлийг урлагаас шинждэг гэдэг. Маш олон дуучид, хөгжимчид төгсөж байгаа. Хэд нь ажилтай орлоготой болж байгаа вэ. Бодох л асуудал. Тэгэхээр сайн бодлогоор ажиллах байх аа гэдэгт итгэж байна.

-Солгой хоолойтой хүн гэж байдаггүй. Сонсгол муу сайн л гэж байдаг гэдэг шүү дээ. Ийм хүнийг зөв хоолойтой болгож болох уу. Хэр их хугацаа зарцуулах бол?

-Дээхнэ үед солгой дуучдын улсын уралдаан болж байсан гэдэг. “Үгүй мөн янзын болж байсан” гээд манай багш хуучилж билээ. Тэр их сонирхолтой санагдаж байсан. Солгой хоолой бол дуу дагаад дуулаад байхаар засардаг. Гэхдээ засрахад нэлээн хугацаа орно. Манай эрэгтэй дүү, том эгч хоёр солгой л доо. Том эгчийг дуу дагаж дуулаад бай гэсэн эгч нэлээн гайгүй болчихсон байна лээ. Ер нь багш нар зөвлөхдөө нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг шүү дээ.

-Дуурийн дуучин сонгодгууд үргэлж гамм уншдаг шүү дээ. Тайзан дээр гарахын өмнө дасгалгүй гарахгүй биз?

-Тэгэлгүй яахав. Дуулж байгаа тонн нь арай өндөр учраас тэр. Би бол дасгалгүй бараг дуулахгүй шүү. Хөдөө хээр явж байвал машиндаа ч хамаагүй дасгалаа уншаад л тайзан дээр гарна. Ер нь өглөө болгон л тогтмол дасгал хийх хэрэгтэй. Ес, арван цагийн үед хоолой гоё сэрчихсэн байдаг. Үүнээс гадна маш сайн амарч байж тэр эрчээрээ хоолой хүчтэй цээл байна гэсэн үг. Спорт, урлаг хоёр адилхан гэдэг. Дуулах урлаг чинь хэвлийн хүч бяр. Дэлхийн гайхалтай дуурийн дуучдыг харахаар горзойсон туранхай дуучин байхгүй. Бүгд масстай, том хөхтэй байж тэр эрчээрээ дуулдаг. Ер нь том хөхтэй хүмүүс нэлээн бяртай масстай байдаг гэж уншиж байсан. Тэр хүчээрээ хоолой сайн гарна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *