Categories
гадаад мэдээ нийгэм

ТРАНСАТЛАНТЫН ХАРИЛЦАА

New Transatlantic Policy Center Evaluates Europe's Key Challenges ...

Сүүлийн хэдэн жил Д.Трампын эгдүүцлийг хүргэсэн Парисын уур амьсгалын гэрээ, Ираны цөмийн хэлэлцээр, 5G технологийн асуудал, Европт тавьсан тарифын хориг болон АНУ Герман улсад байрладаг бааз дахь цэргийнхээ тоог эрс бууруулах буюу 9500-гаар хорогдуулахаар мэдэгдсэн зэрэг нь 70 гаруй жилийн түүхтэй трансатлантийн холбоотнуудын харилцааг эрхгүй сонирхоход хүргэж байна.

Д.Трамп Европын Холбоо, тэр дундаа Герман улсыг эдийн засаг, худалдааны өрсөлдөгч гэж үздэг ба энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп дахин ялалт байгуулвал нөхцөл байдал хурцдаж болзошгүй гэж Австри улсын Европын Аюулгүй байдлын бодлогын хүрээлэнгийн Велина Чакарова үзэж байна. Тэрээр хэлэхдээ “Европын Холбоо аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт илүү хүчтэй, бие даасан байдлыг бий болгох алхамыг хийж байгаа тул Д.Трамп НАТО-ийн гишүүн улсуудад эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ авах замаар үүнийг таслан зогсоохыг оролдох болно” гэжээ.

Нөгөөтэйгүүр Европын Холбоо Ковид-19 цар тахлын улмаас Хятад улстай хамтран ажиллах томоохон хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байгаа ба Европ дэлхийн тавцанд шинэ байр суурь эзлэхийг эрмэлзэхийн хэрээр АНУ-ын глобал үүрэг улам бүр урьдчилан тааварлах аргагүй болж байгаа нь Европын хувьд давуу байдал ч байж болох юм. [1] Европын Холбоо Жо Байденыг илүү дэмжих хандлагатай ба тэрээр ерөнхийлөгч болсон тохиолдолд холбоотны харилцаа одоогийнхоос сайжрах магадлалтай гэж найдаж байна.

Харин одоогийн байдлаар Европын хувьд Хятадтай харилцах нь Д.Трампын таамаглахын аргагүй байдлаас илүү дээр юм.

Парисын уур амьсгалын гэрээ

АНУ Парисын уур амьсгалын гэрээнээс гарна гэж тус улсын ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны зургадугаар сард мэдэгдсэн билээ. Энэхүү гэрээг Францын нийслэл Парис хотноо 2015 оны 12 дугаар сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын 21 дүгээр бага хурлын үеэр баталсан юм. Парисын хэлэлцээрт оролцогчид 2100 он гэхэд дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулахад цельсийн 2 хэмд хязгаарлахаар тохиролцжээ.

1992 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнууд цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц хэмээх олон улсын гэрээнд нэгдэн орсон юм. Үүний дараа агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харж 1997 онд Киотогийн протоколыг баталжээ. Энэхүү протоколын дагуу хөгжингүй орнууд агаарын бохирдлыг бууруулах үүргийг хүлээсэн юм. Гэвч дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулж буй хоёр улс болох Хятад, АНУ улсууд уг гэрээнд нэгдээгүйн улмаас гэрээг үр дүнгүй болсон гэж үздэг. Хөгжиж буй орон болох Хятад улс Киотогийн протоколд нэгдээгүй нь АНУ ч мөн энэ протоколд нэгдэхгүй байх үндэслэл болсон гэж АНУ-ын засгийн газрын олон албан тушаалтан тайлбарладаг.

2012 онд Дохад болсон оролцогчдын 18 дах хэлэлцээрээр Киотогийн протоколыг 2020 он хүртэл сунгаж түүнд нэгдээгүй улс орнуудыг 2015 он гэхэд нүүрс төрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийг бууруулахыг шаардсан хууль ёсны баталгаа бүхий шинэ иж бүрэн уур амьсгалын өөрчлөлтийг гэрээг байгуулсан юм.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон 2017 оны 1 дүгээр сард тангараг өргөсний дараанаас АНУ-ын цаг уурын бодлогын шинэ эрин үе эхлэн Д.Трамп Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээнээс гарахаа мэдэгдсэн юм.

Энэхүү гэрээ нь АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэхэд саад болж буй ашиггүй гэрээ хэмээн үзсэн нь түүний протекционист бодлогын илрэл мэт боловч цаанаа Хятадтай сөргөлдөх бодлого байв.

Ираны цөмийн хэлэлцээр

2015 онд байгуулагдсан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох (Р5+1) АНУ, БНХАУ, ОХУ, Англи, Франц, ХБНГУ хамтран Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулах “Ираны цөмийн хэлэлцээр”-ээс АНУ гарахаар болсон. Д.Трамп энэ гэрээг маш муу гэрээ, нэг талаас АНУ-д ашиггүй, нөгөө талаас Иран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байхад бодит хяналтыг тавих эрх зүйн орчинг бүрдүүлээгүй хэмээн үзэж 2018 оны 5 дугаар сард уг гэрээнээс гарахаа зарласан нь АНУ цаашид Иранд тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээхээр болсны илрэл байлаа. Энэ шийдвэр нь угаасаа таагүй байсан АНУ-Ираны харилцааг улам муутгаад зогсохгүй түүний баруун Европын холбоотон орнуудтайгаа харилцах харилцаанд ч сөргөөр нөлөөлж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Франц, Германы үндэстэн дамнасан нөлөө бүхий олон корпорац Иранд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хэлэлцээр цуцлагдаж хориг сэргэвэл тус корпорациуд Иран дахь үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болно.

Франц, Герман, Англи улсууд Иранд хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлт тавьсаны хариуд Тегеран Европын түншүүдтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь АНУ, Европын харилцаанд сэв суулгаж болзошгүй байна.

5G технологийн асуудал

Урсула фон дер Лейен Европын Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авмагцаа Европын Холбоо даяар дижитал чадавхиа сайжруулах нь нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлсон ба энэ хүрээнд ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Питер Алтмайер Европын дата мэдээлийг АНУ-ын үүлэн технологийн үйлчилгээний компаниудад хадгалуулах нь тусгаар тогтнолоо алдахтай адил гэж мэдэгдэж байлаа. 2020 оны 3 сард Европын Комисс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ашиглах, сүлжээн дэх “өндөр эрсдэлтэй” хэрэглэгчдийн оролцоо болон мэдээллийг удирдах шинэ хууль эрх зүйн актуудыг баталсан ба энэ нь Европын Холбооны иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ дижитал орон зайд давамгайлж буй тоглогчдын эсрэг Европын Холбооны өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хүсэл байв. Европын Холбоо, Герман улс нь АНУ-ын зүгээс тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж хориглосон Хятадын Хуавэй компанид үйлдвэрлэсэн зарим эд ангийг худалдан авч 5G сүлжээнд ашиглахаар ярьж байгаа ч одоогоор энэхүү яриаг түр хойшлуулсан байна.

Европын Холбооны эдгээр санаачилгууд АНУ, Хятадын дижитал компаниудын Европын зах зээл дээрх хүчтэй байр суурийг эсэргүүцэх зорилготой ба АНУ-ын компаниудад ч мэдэгдэхүйц нөлөөлөх болно. Энэхүү алхам нь АНУ-Европын Холбооны харилцаанд ноцтой бэрхшээл учруулж болзошгүй юм.

Европын засгийн газруудын хувьд Хуавэйгийн барааг худалдан авах нь бусдаас хямд байдаг ч дижитал тусгаар байдлын төлөөх эрмэлзэлтэй нь зөрчилдөж байна.[2]

Европт тавьсан тарифын хориг

Европын Холбоо өөрийн Аэрбус компанид хууль бусаар давуу байдал олгосон нь АНУ-ын Боинг компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр АНУ-ын талаас Дэлхийн Худалдааны Байгууллагад 2018 онд үүсгэсэн маргааны улмаас 2019 онд Дэлхийн Худалдааны Байгууллагаас АНУ-д Европын Холбооны ган, хөнгөн цагааны үйлдвэрлэл, машин, түүний эд ангийн импортод 10 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар буюу нийтдээ жил бүр 7,5 тэрбум долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг зөвшөөрсөн юм.[3] Үүний хариуд Европын Холбоо АНУ-ын 5 тэрбум долларын бүтээгдэхүүнд ногдох татварыг мөн нэмэхээр болсон. Энэхүү тарифийн хоригт хамгийн их өртөж байгаа улсууд нь ХБНГУ, Франц, Итали, Испани бөгөөд харин Зүүн Европын улсуудтай АНУ илүү ойр харилцах хандлагатай байгаа нь анхаарал татаж байна.

АНУ Герман дахь цэргийн тоогоо хорогдуулсан нь

Герман улсын нутаг дэвсгэрт АНУ-ын 35 мянга гаруй цэрэг байрладаг ба Вашигтон үүнийг 25 мянга хүртэл бууруулж энэ оны 9 дүгээр сарын 30 гэхэд 9500 цэргийг тус улсаас гаргахаар шийдвэрлэсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын үзэж буйгаар НАТО-ийн гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа хангалттай хөрөнгө зарцуулахгүй байхад АНУ их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаад дургүйцэж мөн Герман улс ОХУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, “Хойд урсгал-2” хийн хоолойн бүтээн байгуулалтанд оролцон Оросоос байгалийн хий худалдан авдаг нь Д.Трампын эгдүүцлийг хүргэжээ. Харин Герман улс үүнд сэтгэл дундуур байгаа ба “АНУ Герман улсыг хамгаалахын тулд цэргээ байрлуулдаг бус трансатлантийн аюулгүй байдлыг хангахын тулд цэргээ байрлуулдаг” хэмээн ХБНГУ-с АНУ-д суугаа элчин сайд Эмили Хабер цохон тэмдэглэсэн ба Германы канцлер Ангела Меркел АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд амьдрахад бэлдэх хэрэгтэй хэмээн Европд хандан уриалсан юм.

Д.Трампын энэхүү алхам нь НАТО-ийн бусад гишүүн орнуудад ч мөн өгч буй сануулга хэмээн шинжээч Жонатан Маркус үзэж байна. Стратегийн шинжээчид мөн энэ алхамыг НАТО-ийн хүчийг сулруулснаар Орост ашигтай үйлдэл болно гэж харж байна.[4]

Хандлага ба ажиглалт

Дээрх үйл явдлуудаас харахад Торгоны замаар холбогдож түүхийн туршид тасарч нийлж ирсэн Европ Хятадын маш эртний харилцаа “дахин хүчирхэгжиж” буй Хятад улсын ихээхэн хөрөнгө оруулалт, түүнийг хүлээн авч харилцан ашигтай хамтран ажиллах Европын Холбооны хүслээр эргэн сэргэж байгаа мэт харагдаж байна. Хэрэв тийм бол энэ харилцаа хэр ихээр сэргэн хөгжих бол? Ийнхүү хөгжих нь трансатлантийн харилцаанд хэрхэн нөлөөлөхийг ажиглах л үлдэж байна.

Мөн түүнчлэн Европын Холбооны дижитал тусгаар байдлын төлөөх алхамууд нь АНУ-Европын Холбооны харилцааг хурцатгаж протекционизмд хүргэх үү эсвэл тэд хамтран дижитал орон зайд дэлхийн хэм хэмжээг тогтоох уу бүр дижитал ертөнцийг АНУ, Хятад, Европын Холбоо гэсэн гурван хэсэгт хуваан үзэх хэрэгтэй болох болов уу? гэдэг ч сонирхолтой асуулт юм. Зөвхөн дижитал ертөнц гэлтгүй аюулгүй байдал, батлан хамгаалахын салбартаа илүү бие даасан байдлыг бий болгох алхамууд нь АНУ-ын ямар хариу үйлдэлтэй тулгарах бол? Энэ 7 дугаар сараас эхлэн Европын Холбоог Герман улс буюу Ангела Меркел удирдаж байгаа ба ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Цагаан ордон өөр эзэнтэй болвол Европын Холбоо-АНУ-ын харилцаанд эерэг өөрчлөлт гарах болов уу?

Гэхдээ 70 гаруй жил үргэлжилж ирсэн трансатлантуудын холбоо тийм ч хурдан бүр мөсөн тасрахгүй нь тодорхой бөгөөд Европын Холбооны хувьд АНУ Хятадаас илүү холбоотон хэвээр үлдэх болов уу.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *