Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын шинэ гишүүд ҮАБЗ-ийн гэх тодотголтой хуулиудыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглан өөрийн цахим хуудсаараа дамжуулж захидал бичсэн. Тодруулбал, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүхээс ял сонссон тэр шөнө Америкаас бичсэн. Сонины бараг хоёр орчим нүүрний хэмжээтэй томоохон захидлыг нэг бүрчлэн тунгааж уншихад өөрийн эрхгүй агдасхиймээр. Харин нийгэм бол “Аавдаа зодуулсан хүүхэд уулын цаана очоод өөрөө өөртөө хуц, хуц гэж хий хоосон хэлдэг шиг Ч.Сайханбилэг холын Америкаас зүгээр л шүлсээ үсэргэлээ” гэх хандлагатай уг захидлыг хүлээж авсан. Уншаад үзэхээр зүгээр хий хоосон хашгирсан биш, үг өгүүлбэр бүхэн нь Монголын улс төрийн одоогийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрээс хэтэрч Монгол Улс яг энэ цаг үед хуулийн дор биш хүний засаглалд байгааг ил цагаан хэлсэн байна.

Сайханбилэгийн захидлаас тоймлон хүргэвэл: “2019 оны гуравдугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл төрийн эргэлт болсон. Олон улсад үүнийг Soft coup буюу төрийн “зөөлөн” эргэлт гэдэг. Танк, их буу, арми, хурандаа цэргүүд хэрэггүй, телевиз, радио, төрийн ордон, нисэх буудал эзлэх шаардлагагүй. Зөөлөн аргаар гэхдээ төрийн эргэлт хийсэнтэй адил үр дүнг ижилхэн олоод авчихаж байна л гэсэн үг. Үндсэн хуулийн нэг тулгуур багана шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд харж байна. Өөрчлөлт ганц прокурорын байгууллагыг хамраагүй. Х.Баттулга дуртай үедээ дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мессэжээ Салхитын гэх хэргийн далбаан дор бүх шүүгчдэд харуулсан. 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа багтлаа гэсэн үг. Процесс цаашаа үргэлжилж өнөөдөр хамгийн дуу шуутай иргэдийг богино хугацаанд барьж суллах, мөнгө төгрөгөөр торгох, шийтгэх ажлууд нэгэнт эхэлсэн. Аятайхан байгаарай, араас нь чи шүү гэсэн дам мессэжийг хүн болгонд хүргэж байна. Төрийн эргэлт гаргасан өөрчлөлтийн дараа Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийсэн гэж та эндүүрч магадгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ чиглэлээр юуг ч өөрчлөөгүй, юуг ч хөндөөгүй. Ерөнхийлөгчийн шүүх засаглалыг атгасан атгалт хэв хэвээрээ. Засаглалын гурван баганын нэг болох шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан. Өнөөдөр Үндсэн хуулийн тулгын нэг шүүх засаглал нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын нэг агентлагаас ердөө ялгаагүй болсон. Хуулийн дор амьдрах учиртай ч одоо бид хүний дор амьдарч эхэллээ. Хуулийн засаглал биш хүний засаглал, хонгилын засаглал болохоор шударга ёс хэзээ ч тогтохгүй” гэж Ерөнхийлөгчид болоод эрх баригчдад өчжээ.

Ч.Сайханбилэгийн ноцтойгоор мэдэгдэн төрийн эргэлт гэж тодорхойлсон ҮАБЗ-ийн хуулийн өөрчлөлт гэж юу вэ. 2019 оны гуравдугаар сард Монголын парламент ээлжит бус чуулган зарлаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголын хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх, томилох боломжтой болсон. Уг үйл явц төрийн ордонд хэрхэн өрнөснийг эргэн саная.

Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэнгүүт Их хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслүүдийг хүлээн авч, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, захирамж гаргасан. Тэр даруйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайдын төрийн айлчлалын ажилтай байсан хэдий ч айлчлалын хажуугаар амжуулан Засгийн газраа нэн яаралтай хаалттай хуралдуулж “Ерөнхийлөгчийн хууль”-ийг дэмжүүлээд дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг цуглуулж дэмжсэн гэсэн шийдвэрийг гаргуулан байнгын хороод руу оруулсан байдаг. Ингэж төрийн гурван өндөрлөг уг хуулийн төслүүдийг гэрлийн хурдаар гялалзуулсны хүчинд санасандаа хүрч бүх шатны ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг ҮАБЗ шууд чөлөөлдөг болж байна. Үндсэндээ төрийн гурван өндөрлөг Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй болж, хууль тогтоох дээд байгууллага парламент ёсны дээр ҮАБЗ гээч нь сандайлж суух болсон. Ийм л зохицуулалтыг Монголыг удирдаж буй гурван хүн аймшиггүйгээр хийсэн байдаг. Тухайн үед хуульч, улс төр судлаачид энэ асуудлыг эрс эсэргүүцэж байсан ч нийгмийн тархи угаалтаар уг хууль хэрэгжээд явсан. Тухайлбал, уг хуультай холбогдуулж хуульч Э.Хашчулуун “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байв.

Тэрээр “Миний хувьд Үндсэн хууль руу халдсан хууль гарлаа гэсэн байр суурьтай байгаа. Хууль зүйн хувьд УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан энэ гурван хуулийг тус тусад нь салгаж ярих хэрэгтэй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан уу. Мөн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юү гээд яримаар санагдаад байгаа юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл уг зөвлөмжийн дагуу шүүгчийг халах, солих асуудал яригдаад байгаа юм. Үүнийг дэмжихгүй байна. Олон хуульчид ч ийм байр суурьтай байгаа. Шүүхийн хараат бус байдлыг үгүй болгочихлоо гэж харагдаж байна. Зөвхөн шүүхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, дүрэмд шүүгчийн хараат бус байдал гэж юу вэ, шүүгчийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлыг бүгдийг нь зохицуулсан байдаг. Манай Үндсэн хуульд ч тодорхой зохицуулалтууд бий. Гэтэл ҮАБЗ-өөр шүүгчийн асуудлыг шийдвэрлэх нь өөрөө шүүх эрх мэдэл рүү шууд халдаж буй хэрэг юм” гэж хэлсэн бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Хонгилоо нураая гэвэл Үндсэн хуулиас гадуур бусад хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой. ҮАБЗ гэдэг байгууллага дотор УИХ-ын дарга нь орж суучихаад УИХ-аас гадна шийдвэр гаргалцчихаад хурал даргалагчийнхаа хувьд буцаад УИХ-аа ингэж шийдэх ёстой гээд тулгадаг байж болохгүй. ҮАБЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлүүдийн салаа мөчрүүдийн уялдааг нь хангах, Засгийн газрын түвшинд ажиллах ёстой байгууллага. Түүнээс биш хууль тогтоох байгууллагын толгой дээр гарч сууж болохгүй. Хамгийн том аюул энэ. ҮАБЗ-ийг нэр дурдаад орхих биш, энэ байгууллага юу хийж болох, болохгүйг нь нарийн заахгүй бол ердийн хуулиар тэд Үндсэн хуулийг үгүйсгэх хэмжээний эрх мэдлийг цуглуулах гэж оролдож байна” хэмээн мэдэгдсэн. Өмнөх парламентын гишүүд яагаад Үндсэн хуулийнхаа дээр, парламент ёсныхоо дээр ҮАБЗ гэгчийг сандайлгаж суулгах болов, бүх эрх мэдлийг төрийн гурван өндөрлөгт үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэв гэхээр тэд ЖДҮ-ийнхээ хэргээр шоронд явахгүйн тулд улаан нүүрээ хамгаалж, амиа хоохойлон, Ч.Сайханбилэгийн хэлснээр “төмсөгдүүлэн” уг хуулийн төслүүдийг улайм цайм баталсан. “Өгөөш болгож тавьсан бялууны зүсэм идэх гээд урхинд нэгэнтээ орчихсон МАН-ын гишүүд шоронд суухгүйн тулд Монголын хууль батлах байгууллагад Үндсэн хуулиар олгосон төрийн эрх мэдлийг эхнээс нь ҮАБЗ-ийн даргад өгч байна. ҮАБЗ-ийг даргалах ганц эрх мэдэлтэй бий, тэр нь Х.Баттулга. Үндсэндээ энэ бол Г.Занданшатарын парламентын хамгийн том алдаа бөгөөд УИХ-ын 76 гишүүний 50-иас илүү хувь нь ЖДҮ-чин болсон гэх асуудал нь цаашдаа Монгол парламентын засаглалтай байх хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх массын тархи угаах сайхан далим болох нь гарцаагүй. Нэг бичлэг задлаад л ҮАБЗ-д хууль шүүхийн эрх мэдлийг төвлөрүүлж чадаж байгаа юм чинь Монголын парламентын 49 бүлэг хулгайчийн тухай нэвтрүүлэг хийхэд л хар масс бүхэлдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хошуурахад бэлэн байна” гэж өнгөрөгч хавар Монголын хэвлэл мэдээлэл бичиж байлаа.

Ингэж ҮАБЗ гээч хэмжээгүй эрхт байдал бий болсноор дуртай бүхнээ шоронд хийж, олны хэлээд байгаа шиг дур зоргоороо авирлаж байгаа. Сүүлийн энэ олон дараалсан шүүх хурлууд, шорон, ял авсан байдал уг хуулийн заалттай холбоотой. Үндсэндээ Ерөнхийлөгчийн халаасанд орсон шүүх, прокурор түүний удирдлага командаар хөдөлж байна гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Харин энэ байдлыг таслан зогсоож чадах, шүүхийн бие даасан тогтолцоог бий болгох хуулийн зохицуулалтыг 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүд хийж чадна. Тэд ҮАБЗ-ийн гэх тодотголтой Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулийн төслийг өөрчилж, дахин боловсруулж батлах ийм боломжтой.

Яагаад ийм боломжтой вэ гэвэл энэ удаагийн гишүүдийнх дийлэнх олонх нь ЖДҮ гэх хууль бус зүйлээр “төмсөгдүүлээгүй” нэр цэвэр хүмүүс. Үндсэндээ тэд Х.Баттулгын атгаасанд ороогүй хүмүүс. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, хууль эрх зүйн өндөр боловсролтой Т.Доржханд гээд айхавтар хүчтэй үг хэлж, нийгэмд шулуун шударгаар танигдсан гишүүд энэ парламентад олон байна. Шинэ гишүүдийг сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан хуулийн их өөрчлөлтүүдээ хийхээс өмнө хамгийн эхэнд Х.Баттулгад ордны эргэлтээр онцгой эрх олгосон хуулиа хүчингүй болгон Монгол төрийг бусниулсан, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ алдааг засч, хуулийн шинэчлэл хийхийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс аваад олон хүн хүсч хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *