Орон нутгийн замд гарах осол аваар эрс нэмэгдэж байгаагаас үүдэн хотыг тойрсон авто замын хяналтын цэгүүдийн тоог нэмж, цагдаа, онцгой байдлын ажилтнууд 24 цагаар авто зам дээр хяналт тавьж ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийг тойрсон хяналтын цэгүүдээс гадна нэмж зургаан цэгт замын цагдаа, нийслэлийн онцгой байдлын газар хамтран 24 цагаар шалгалт хийж ажиллаж эхэлжээ.
Одоогийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байгаа аж.
Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д. Батчулуунаас энэ талаар тодрууллаа.
-Нэмэлтээр шалгах цэг гаргаад хэд хонож байна вэ?
– Тээврийн цагдаагийн газраас “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл 2020” аяныг “Яараад яахав” уриан дор явуулж, хяналт шалгалтаа эрчимжүүлж хотоос гарч байгаа жолооч нарт хурдаа хасах, дүрмээ баримтлах талаар сануулсаар байгаа ч зам тээврийн ноцтой ослууд гарсаар байна. Мөн “Гарцаар гарцгаая” “Бяцхан зорчигч” арга хэмжээнүүдийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 он гарснаас хойш долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар зам тээврийн ослын улмаас 222 хүн амь насаараа хохирсон ба үүний 60 нь мотоциклийн улмаас амь насаараа хохирчээ. Тэдгээрийн 30 гаруй нь зөвхөн баяр наадмын одрүүдэд харамсалтайгаар эрсэдсэн. Энд бид нэмж пост гаргаж ажиллаад долоо хонож байна. Мэдээж зам тээврийн ослыг бууруулах зорилго дор ажил үүргээ биелүүлээд явж байгаа.Манай жолооч нар цагдаа хараад нэг өөр, цагдаа байхгүй үед нэг өөр байдаг хандлага гаргах нь элбэг байдаг. Иймд хаана ч явсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, шөнийн цагаар гэрлээ шилжүүлж замын хөдөлгөөнд оролцохыг уриалмаар байна.
-Орон нутгийн замд гардаг нийтлэг зөрчил юу вэ?
-Орон нутгийн замд хурд хэтрүүлэх тохиолдол элбэг байдаг. Аймгуудын замын цагдаагийн тасаг, хэсгүүд болон Улаанбаатар хот тойрсон постууд дээр алба хаагч нар хурд хэмжиж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс осол аваар их гардаг. Энд хурд хэтрүүлж байгаа зөрчил өдөрт дунджаар 15-25 хэрэг илэрдэг. Мөн үүнээс гадна нийт амь эрсэдсэн иргэдийн 60 нь мотоциклийн улмаас. Энэ бол бага тоо биш юм аа. Манай малчид мотоциклийг маш өргөнөөр ашигладаг болсон. Хонио эргүүлэх гэж зам гарч яваад осолд ороод амиа алдчих жишээтэй. Эсвэл сумын төв орох гэж яваад осолдож амь насаараа хохирох үзэгдлүүд их гарч байна. Иймд иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримталж мотоцикль жолоодохдоо хамгаалалтын малгай хэрэглэж хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэдгийг сануулмаар байна.
-Хурд хэтрүүлсэн зөрчилд ногдох арга хэмжээ нь ямар байдаг юм бэ?
-Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 болон 32 дугаар зүйлд зааснаар зохих ёсны хурднаас 50 хувь илүү хэтрүүлсэн бол 50 мянган төгрөгөөр торгож зургаан сарын хугацаатай эрхийг нь хасдаг. Харин түүнээс доош бол 50 мянган төгрөгөөр торгодог байгаа. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд 50 мянган төгрөгөөр торгож урьчилан сэргийлэн сануулаад өнгөрөх бол яах вэ. Хамгийн гол нь зохих хэмжээсээс хэтэрч өөрийн болон бусдын амь насыг бүү эрсдэлд оруулаач. Бидний өвгөдийн хэлсэн нэг мундаг үг байдаг. “Таныг сайн явж ирэв үү гэж асуухаас биш хурдан явж ирэх үү гэж хэн ч асуухгүй ээ гэж. Иймд хурдаа сайн тохируулахыг анхааруулмаар байна.
-Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлыг дагаад дотоодын аялал жуулчлал илүү ачаалалтай байгаа санагдсан?
-Цар тахлын улмаас монголчууд гадагшаа явах боломжгүй болсон. Энэ нь монгол орныхоо үзэгслэнт байгалыг үзэх хүсэл эзмэлзэлтэй иргэд үндэсний баяр наадмын өмнөх өдрүүдээс эхлэн орон нутгийн замын ачааллыг эрс нэмэгдүүллээ. Долоон сарын 9-11-ний хооронд гэхэд 220 мянга гаруй машин Улаанбаатар хотоос гарсан гэсэн тоо баримт байгаа. Гэхдээ төвлөрсөн газар, аль эсвэл олон машин цувж явахад осол гэмтэлд өртөх магадлал маш бага байдаг. Орон нутгийн замд зам тээврийн ослоос болж амь эрсдэж байгаа гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй.
-Хурд хэтрүүлэхээс гадна замын шаардлага хангаагүй хэсэг газрууд маш олон байдаг. Ойрын өдрүүдэд сая орсон их борооны улмаас зам маш их эвдэрч байна. Энэ нь осол аваар гарахад нөлөөлж байна уу?
-Шаардлага хангаагүй замаас шалтгаалан осол гарч байгаа юу гэвэл гарж байгаа. Гэхдээ иргэд маань холбоо харилцаа хөгжсөн энэ цагт мэдээллүүдийг тогтмол авч эвдрэл гэмтэлтэй зам болон байгалийн үзэгдлээс шалтгаалан эвдэрсэн газарт анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байгаа жолооч та бүхэн тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй арга хэмжээг дэмжиж, бусад жолооч нараа уриалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Яараад яахав дээ.
Т.БАТЛХАГВА
One reply on “Д. Батчулуун: Хотыг тойрсон авто замын хяналтын цэгийг нэмж, 24 цагаар хяналт тавина”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru