УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.
-Та Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. цаашид ямар асуудлууд дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах вэ?
-Өмнөговь аймаг Монгол Улсын төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг. Ирэх жилүүдэд томоохон төслүүд хэрэгжих ийм аймаг. Их хурал цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хүндрэл, нийгмийн асуудлуудыг яаралтай хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргах ёстой. Хамгийн гол нь экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын ихэнх хувь нь гарч байгаа. Зэсийн экспортын тал хувь нь гарч байна. Тиймээс бид экспортынхоо өдөрт гарч байгаа хэмжээг хөрш оронтойгоо ярьж нэмэгдүүлэх, мөн хорио цээрийн зарим хязгаарлалтынхаа дэглэмийг сулруулах хэрэгтэй. Одоогоор өдөрт хоёр боомтоор мянгаас хэтрэхгүй машин гарч байна. Хэвийн горимдоо орж, өдөрт 1500-1600 машин гаргахын тулд Хятадын боомтуудтай хамтарч ажиллаж, зохион байгуулах арга хэмжээнүүдийг авч, энэ ажлаа түргэсгэх шаардлага бий. Түүнчлэн зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс эдийн засаг хамаарч болохгүй. Яаралтай томоохон төслүүдээ эхлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа аж үйлдвэрийн парк, жижиг дунд үйлдвэрүүд, малын гаралтай түүхий эд байна. Одоогоор малын гаралтай бүтээгдэхүүн ямар ч борлуулалтгүй, зах зээлгүй болчихоод байна. Тийм учраас төр засгаас яаралтай бодлого гаргаж, малын гаралтай бүтээгдэхүүн буюу арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийг олноор байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хийх ёстой байна. Өмнөговь аймагт гэхэд уул уурхайн үйл ажиллагаа саарснаас болоод маш олон хүмүүс ажилгүй болсон. Мөн манай говьчуудын эмзэг асуудал бол ус. Манай аймгийн иргэдийн хурлаар 2020 оноос эхлээд гүний ус үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах хэмжээг багасгаж байгаа. Цаашдаа хязгаарлах шийдвэр гаргана. Тиймээс говийнхоо бүтээн байгуулалтыг явуулахад шаардагдах “Орхон говь” төсөл МАН-ын мөрийн хөтөлбөрт суусан. Энэ төслөө яаралтай эхлүүлнэ.
-Иргэд сонгогчидтой уулзаад явж байхад тулгамдсан ямар асуудлуудыг ярьж байна вэ. Тэдний асуудлыг шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж байна уу?
-Иргэд сонгогчидтой уулзаад явж байхад Зөрчлийн тухай хуулийн талаар их ярьж байна. Энэ хуулиар хариуцлага тооцож байгаа санкц нь амьдрал дээрээ очихоор их хатуу байгаад байгаа. Тухайлбал, эхлээд өндөр дүнтэйгээр торгож байна. Дараа нь тээврийн хэрэгсэл юмуу, хөрөнгийг нь хурааж байна. Түүнчлэн тодорхой хэдэн сарын хугацаагаар ч юмуу, үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлж байна гээд Зөрчлийн хуулийн хариуцлагын санкцууд чанга болчихоод байгаа учраас энэ талаар Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Нямбаатар гишүүнд “Энэ дөрвөн жилийн хугацаанд Их хурал Зөрчлийн хуулийг эргэж харах ёстой юм байна” гэдэг саналаа хэлсэн. Дараа нь дэд бүтэцтэй холбоотой Өмнийн говийн төмөр замын асуудлыг яаравчлах хэрэгтэй байна. Олон мянган жолооч нар оочерлодог, хонож өнждөг асуудлууд байна. Төмөр замын ажлаа яаралтай хийж, гүйцэтгэж, урагшаагаа экспортод гаргах нүүрсээ төмөр замаар явуулах, Улаанбаатар хот руу татаж байгаа утаагүй түлшний тээврээс болоод ДаланзадгадУлаанбаатар чиглэлийн зам сүүлийн хоёр жил маш их эвдэрсэн. Үүнээс улбаалан аваар осол их гардаг гэж иргэд маань эмзэглэж ярьдаг. Тиймээс Зам тээврийн сайд Л.Халтарт энэ асуудлыг тавьсан. Төмөр замын асуудал шийдэгдвэл Таван толгойЗүүнбаян чиглэлийн төмөр замаар утаагүй түлшийг тээвэрлээд тэндээсээ Улаанбаатар руу зөөх боломж бүрдэх юм. Тэрнээс наана замыг засах ажлыг хийгээд явж байгаа гэдэг хариултыг салбарын сайдаас авсан. Манай аймгийн баруун талын гурван сум болох Ноён, Сэрвээ, Гурвантэс сумд Хятад улсаас эрчим хүчээ хангадаг, Хятадын хараат байдалтай байдаг. Тиймээс аймгийн төвөөс эрчим хүчинд холбох асуудлыг Эрчим хүчний сайдад тавьсан. Мөн Баяндалай, Гурвантэс сумын 220 км авто замын дуусгах асуудлыг Зам тээврийн сайдад тавьсан. Түүнчлэн Улаанбаатарын замаас Цогтцэций сум хүртэлх 59.6 км замын ажил таван жил гацсан байдалтай байгаа. Энэ талаар мөн санал хүсэлтээ тавилаа. Бас нэг томоохон асуудлыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд тавьсан. Тодруулбал, “Орхон говь” төслийг яаралтай эхлүүлж, говийн цөлжилт, усны асуудал, хөдөө аж ахуй, уул уурхайн томоохон төслүүдэд шаардлагатай усны асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр санал хүсэлтээ тавилаа.
-Шинэ засгийн газар бүрдлээ. Энэ дээр таны бодол ямар байгаа вэ?
-Яамдууд дээр зарлагдаж байгаа тендерүүд Улаанбаатарт зарлагдаад тухайн орон нутагтаа очихоороо орон нутгийн компаниудтай давхар гэрээ байгуулдаг. Хийж байгаа эзэн олддоггүй. Чанаргүй болдог учраас эрхийг нь орон нутагт олговол дээр байна. Өмнөговь аймагт уул уурхай дагасан 70 гаруй мянган хүн амьдарч байгаа учраас төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэх, аялал жуулчлалыг эрчимжүүлэх, боомтуудыг сайжруулах, Зөрчлийн хуулийн давхардлыг арилгах шаардлагатай байна.
150,000 айлын түрээсийн орон сууцыг орон нутаг руу чиглүүлмээр байна. Мэдээллийн технологи, инноювацийн хөгжлийг орон нутагт чиглүүлэх, боловсролын олон улсын тогтолцоог бий болгох суурь бүрдсэн байна.
Түүнчлэн хэд хэдэн ажлууд байна. Тухайлбал, Аймгийн ЗДТГын болон уул уурхай дагасан сумдын ЗДТГын бүтэц орон тоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албыг бэхжүүлэх хэрэгтэй байна. Цар тахал, хямралын үед хүнд байдалд орсон аялал жуулчлалын салбарт чиглэсэн тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, боомтын бүтээн байгуулалт, боомтын алба бий болгох, Зөрчлийн хуулинд өөрчлөлт оруулж хариуцлагын давхардлыг арилгах, Уул уурхай дагасан, хүн ам төвлөрсөн сумдыг хот болгон хөгжүүлэх, Мэдээллийн технологи, инновацийн газар байгуулах, Кембрижийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, Уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг орон нутаг, иргэдтэй хамтарч шийддэг болох, Бичил уурхай эрхлэгчдээ дэмжих, ЖДҮХСгийн салбарыг аймагт байгуулах, түүхий эд боловсруулах үйлдвэр цехийг дэмжих, Нүүрс тээврийн “С” зөвшөөрлийн олголтыг ил тод болгох, Нүүрс тээврийн жолооч нараа дэмжих, уртын тээврийн үнэ тарифыг тодорхой болгох, Эрчим хүчний үнэ тарифыг багасгах, Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байна.
-Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана.