Categories
мэдээ цаг-үе

Итгэл, сэтгэл байхад хорвоо тун уужим

Ойрд таараагүй найзтайгаа учиртал нэлээн гундайчихаж. “Ажлаасаа халагдчихсан, эхнэр яваад өгчихсөн, ээжтэйгээ хоёулаа өдрийг өнгөрөөж байна, харин бие эрүүл ээ” гэх юм. Зөв өнцгөөс нь шүүвээс хөл гар бүтэн, бие эрүүл байгаа бол бусдыг нь шийдэж болдог хорвоо биш билүү. Итгэл, сэтгэл байгаад эрүүл, чийрэг байхад ажил ч олдоно, эхнэр ч олдоно.

Хүн та өөрийгөө “одоо хэнд ч хэрэггүй амьтан, хорвоо надаар дутахгүй” гэж бодож байгаа бол том эндүүрэл. Хичнээн бүтэлгүй, азгүй, авьяасгүй байлаа ч гэлээ хаа нэг газар таныг сайнаар дурсаж, үгүйлж явах нэгэн эрхэм байх л ёстой. Ямар ч хүний алхаж, тахалж явсан мөр нэлдээ хар өнгөтэй байдаггүй агаад таны бэлэглэсэн аяганаас цай оочлох зуураа найз чинь таныг гэгээлгээр дурсаад л суух, бэлдэж өгсөн түлшээр чинь гэрээ дулаацуулан байгаа ээж чинь хүүгээ санаад инээмсэглэн байгаа гэдгийг санаарай. Эргээд харахад дурсахуйц хөрсөн дээр буусан бүтээлтэй бол таны амьдрал бүр ч өнгөлөг байлаа л гэсэн үг. Хэн нэгэнд сэтгэл гаргаад тусалсан үйл чинь хэзээ ч мартагддаггүй, өөрт чинь ч гэлээ бодол тэнийлгэх орон зай болон үлддэг юм шүү дээ. Эерэг бодолтой хүмүүнд амьдралын өмнө тулгарах түмэн бэрхшээлийг давах живаан аргыг заах уужим хорвоо бий, гутранги бодолтон болохоор тэр живаан аргыг түмэн бэрхшээл болгон үлдээдэг гэдгийг санаарай. Ер нь тэгээд их бага ямар ч ажлыг хийж чадна гэдэг итгэл байхад хорвоо боломж өгөх хаалгаа нээнэ дээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *