Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт энэ сарын 13-ний өдөр дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч айл өрхүүд усанд автжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл-АЗЗА компани, Хот тохижилт үйлчилгээний төв зэрэг байгууллагууд хамтран авто замын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, далан байгуулжээ. Тус далан нь дөрвөн метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай бөгөөд шинээр шороон далан байгуулжээ. Мөн Нисэхийн гүүрнээс Дэлгэрмөрөн гол хүртэл 70 метр үерийн шуудуу татсан байна. Энэ үеэр Нисэх багт зургаан гэр, таван байшин, Эрчим багт найман гэр, дөрвөн байшин усанд автсан. Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай авто замын байгууламжид эвдрэл үүссэн ажээ.