Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ажлаа хийсэн хүнийг шүүж яллана гэдэг байж боломгүй зүйл

– ХЭРВЭЭ ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДААГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХ БАЙСАН-


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Төсөв тодотгохгүй гэж хэдэнтээ мэдэгдэж байсан Ч.Хүрэлбаатар сая гишүүнээр сонгогдсоныхоо дараахан төсвийн орлого 1.3 их наядаар тасарлаа, одоо тодотгохоос аргагүй гэчихлээ. Төсвийн орлого тасрах нь тодорхой гэж танхимаас хэд хэдэн удаа мэдэгдсэн байх аа?

-Тэгсэн. Тэр үед нь тоогоогүй байж одоо тэгж мэдэгдээд суугаад нь гайхаж байна, үнэндээ. Хэд дэх удаагаа ч билээ тоог нь зарлаж байгаад төсөв тодотгохгүй гэж гүрийж суусан хүн шүү дээ. Гэтэл одоо төсвөө тодотгох ёстой гэчихсэн суугаад ганц би ч биш олон хүн гайхаж байгаа байх. “Ковид-19” вирустэй холбоотой эдийн засгийн хүндрэл таван сар үргэлжиллээ шүү дээ. Танхимаас удаа дараа судалгаа хийж, цаг алдалгүй арга хэмжээ аваач, эрсдэлийг бууруулах менежмэнтээ зөв хийгээч гэж Засгийн газарт олон удаа хандсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидний тавьсан асуудлуудыг дэмжиж хүлээн авсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яам асуудлуудыг гацаасан.

-Засгийн зүгээс өчнөөн мөнгөний арга хэмжээ авна гэж зарласан, үр дүнгээ өгөөгүй хэрэг үү?

-Нийт зардлыг нь тооцвол маш том дүнтэй арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг Засгийн газар хийсэн, УИХ ч шийдэж өгсөн. Хэчнээн нь байгаа онов гэсэн асуулт тавиад харвал маш олон асуудал бий. Ний нуугүй хэлэхэд тэр бүх мөнгийг сонгуульд ашиглачихсан шүү дээ.

Нэмээд хэлэхэд, Сангийн яам эдийн засгийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн. МҮХАҮТ-аас гадна гадны томоохон байгууллагууд хүртэл удаа дараа сануулсан. Харамсалтай нь Сангийн яам хэнийг ч сонсоогүй. Тухайн үед 5.1 их наядаар эдийн засгийг дэмжинэ гэж ярьж байсан ч яг аль салбарыг яаж дэмжсэн бэ гээд бодитой тоо асуувал үнэхээр хүнд. Арай учиртай нь барилгын салбар байна.

-Хэрвээ тэр үед төсөв тодотгох гэх мэтээр танхимаас тавьсан шийдлүүдийг ажил болгосон бол ажлын байруудаа хамгаалж чадах байсан уу?

-Чадахаар байсан. Аж ахуйн нэгжүүдээ дэмжээч, ажлын байраа хамгаалаач гээд тодорхой шийдлүүд санал болгосон ч Сангийн яам төсөв тодотгохгүйгээс эхлээд саад, тээг тавьсан л даа. Гэсэн хэр нь өнөөдөр огт өөр нам хүчнээс хэцүүдсэн эдийн засаг хүлээж авсан мэтээр яриад эхлэх юм. Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь бий болгосон хямрал шүү дээ. Энэ хүн хямралын үеийн эдийн засгийг удирдаж чадахгүй гэдгээ нотолчихсон. “Ковид-19” бол сүүлийн зуун жилд тохиогоогүй тахал. Ийм хүндрэлтэй үед хувийн хэвшил өөрөө өөрийгөө үнэхээр авч явж чадахгүй байна, төр засгаас бодитой дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг л бид тавьсан, одоо ч тийм хүсэлт тавьж байна. Бусад улс орон энэ асуудалд ямар тооцоотой, системтэй, эмх замбараатай хандаж байгаа билээ. Бид тэгж хандаж ажиллаач гэсэн хүсэлт л тавьсан. Өнгөрсөн цаг үед ийм явдал болж өнгөрчихөөд байхад гэнэт л саран дээрээс бууж ирсэн юм яриад сууж таарахгүй л дээ.

-Компаниудын үйл ажиллагаа, нөхцөл байдал ямаршуухан байна, яг одоо?

-Бид Монголбанктай хамтраад хамгийн сүүлийн үеийн судалгаа хийсэн. Арван компанийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндэрчихэж. Иргэдийн 53 хувь нь хэрэглээгээ хумьсан байна. Эрэлт багасчихаар эдийн засаг хумигддаг зүй тогтолтой.

-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал ярив, шинэ засагт ямар саналууд хүргүүлж байна вэ?

-Танхимын удирдах зөвлөлийн хурлаар олон асуудал ярилаа. Хувийн хэвшлийг боомжилж, үйл ажиллагаа явуулахад нь саад болсон олон асуудлыг цэгцлэх цаг болсон гэж танхимын Удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна. Жишээ нь, энэ олон тусгай зөвшөөрлүүдийг танаж, хасмаар байна. Энэ олон зөвшөөрөл лицензүүд хувийн хэвшлийг элгээр нь хэвтүүлж байгаа. Үйлдвэрийн байр барья гэхэд л байгаль орчны үнэлгээ гээд хоёр,гурван жилийг нь авчихдаг. Гэтэл бизнест цаг яаж үнэлэгддэг билээ. Тусгай зөвшөөрлийн шат дамжлага хүнд суртал бүрийн ард авлига цэцэглэж байдаг.

-Ажилгүйдэл хүнд асуудал болчихсон. энэ чиглэлээр төр засагт ямар санал шийдэл хүргэж байгаа вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувь нь ажилгүй болсон гэсэн сэтгэл эмзэглэм тоо бий. Сая болж өнгөрсөн сонгуулиар 600 гаруй нэр дэвшигч тал бүрд хүн цуглуулаад бужигналаа шүү дээ. Хөл хориог хэсэгчилж тавихад асуудал алга гэж бид харж байгаа. Тэр чигийн саналуудаа ч тавьсан. Лангуу түрээсэлдэг, хувиараа жижиг борлуулалт хийдэг маш олон хүн ажилгүй болчихсон байгаа. За тэгээд экспорт буурчихлаа , төсвийн орлого тасарчихлаа, төсвийн зарлага 1.1-ээр нэмэгдчихлээ гээд шүүмжлээд байвал асар олон зүйл бий. Энэ бүх асуудлаа анхааралтай ажиглаж, хямралын үеийн менежмэнтийг зөв хийх цаг болсон. Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдах юм шиг байна. Шинэ яаманд хийх ажил их байгаа. Сангийн яам нэлээд шийдэмгий, хямралын үеийн эдийн засгийн шоконд хариу өгч ажиллаж чадахуйц байх хэрэгтэй.

-Та түрүүн барилгаас бусад бүх салбар хүндэрсэн гэж ярилаа. нэлээд хүндэр-сэн гэвэл аль салбаруудыг онцлох вэ?

-Аялал жуулчлалтай холбоотой зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ гэх мэт салбарууд асар хүндэрсэн. Хөнгөн үйлдвэрийн салбар маш хүнд байгаа. Наад захын жишээ гэхэд л ноолуур байна. УИХ-ын баталснаар бол ноолуурын салбарыг 500 тэрбум төгрөгөөр дэмжих учиртай. Өнөөдөр тэр мөнгө хаана байгаа, яасан ийсэн нь мэдэгдэхгүй болчихлоо. Махны салбар хэцүүдсэн. Экспортыг нь зогсоогоод бараг жил шахуу болчихлоо.

-Махны холбооныхон экспортын баахан мах түгжчихлээ гэсэн асуудал хэлж байсан. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Одоо болтол юу ч шийдэж чадаагүй байгаа. Бид Засгийн газарт үндсэндээ долоон асуудал тавьж байна. Юуны өмнө үнэнтэй нүүр тулаад илүү ажил хэрэгч, мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлага үүсчихлээ. Эхний асуудал бол зээл. Банкуудыг мөнгөжүүлж хувийн хэвшлээ зээлээр дэмжих хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйгаа бодитойгоор дэмжмээр байна. Аж үйлдвэр боловсруулах салбараа бодитойгоор дэмжих эрэлт үүсчихлээ. Ийм үед гадаад худалдааг дэмжих зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ экспортыг дэмжих хэрэгтэй гэсэн үгийг давтамжтайгаар хэлсэн. Экспорт дээр хэлэх нэг зүйл бий. Гадаад худалдаа хариуцсан яам хэрэгтэй байна. Тэгж байж улс орнуудтай хийх гадаад худалдаагаа сайжруулж чадна. Ингэж байж эдийн засаг тэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хамгаалсан дорвитой алхам хийх зайлшгүй шаардлага үүсчихлээ. Ядаж л дэлхийд монголчуудын нүүрийг тахалж байгаа Оюу толгойгоо зөв ажиллуулж, зөв дэмжиж, зөв хамтармаар байна.

-Хүнсний салбараа додомдоод өгвөл экспортын бас нэг том салбар байх боломжтой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бүрэн нийлнэ. Хүнсний үйлдвэрлэлийн салбар бол маш том салбар. Ингээд харахаар ХХААХҮЯ бол хамгийн том яам. Бүх малчид, хүнсний ногоо, үр тариа улаанбуудай тариалагчид, хөнгөн хүнсний үйлдвэрүүд дээр нэмэх нь бүх жижиг худалдааныхан орж байгаа гээд та төсөөл дөө. Гэтэл энэ яам социализмаасаа салаагүй яваа. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуйд хувьсгал хийх шаардлага үүсчихсэн. Энэ чигийн яамыг шинэ залуу хүнээр удирдуулах хэрэгтэй. Яамны хажууд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан ажилладаг нь буруу жишиг. Иймэрхүү сангууд олон нийтийн хяналттай байж эрүүл, зөв ажиллана.

-Цар тахлын хоёр дахь давлагаа эхэлчихлээ, дор хаяж хагас жил үргэлжилнэ гэж ярьж байна. бусад улс орон энэ сорилтод яаж хандаж байна вэ?

-Бүгд л дор бүрдээ эдийн засагтаа анхаарч байна. Хятадын тудхайд экспорт нь буурсан учраас дотоодын зах зээлээ тэлэхийн тулд маш их бүтээн байгуулалт хийх гэж байна. Үүнийг нь бид өөрсдөдөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй.

-Наад зах нь нүүрс, зэсийн экспортдоо анхаарахаас эхлэх байх даа…?

-Тэгнэ.

АН-ын мөрийн хөтөлбөрт оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгана, уул уурхайн олон төслийг ашиглалтад оруулна гэсэн амлалтууд багтсан. Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахгүйгээр биелүүлэхэд хэцүү амлалтууд л даа. Гадны хөрөнгө оруулагчдын гол баромтер болсон оюу толгой төсөл дээр том шийдвэр гаргасан, гаргахад нь оролцсон хүмүүсийг улстөржиж шүүгээд байхаар яадаг юм бол доо?

-Ер нь бол улс төрийн шалтгаантай иймэрхүү асуудлууд гадаад орчинд маш сөрөг нөлөөтэй. Монголын эдийн засаг арав дахин өссөний суурь шалтгаан нь Оюу толгой шүү дээ. Оюу толгойг дагаж маш олон жуниор хөрөнгө оруулагч Монголд орж ирсэн. Маш олон компани орж ирсэн.Дээрээс нь маш олон банк санхүү, хууль эрх зүйн компаниуд орж ирсэн. Дэлхий даяар Монголыг сурталчилсан ганц том төсөл бол ерөөсөө Оюутолгой. Ийм том төсөлтэйгөө яаж зөв хамтрах тухайд л анхаарах хэрэгтэй. Өмнөх УИХ, Засгийн газрын шийдвэрүүд тухайн үеийнхээ нөхцөл байдал, хууль журамд үндэслээд гарсан нь тов тодорхой зүйл. Ганц л үнэн бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэжилнэ гэдэг гарцаагүй үнэн.

-Оюу толгойн асуудлаар одоо шүүгдэж байгаа хүмүүсийн дунд гэхэд л УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг гүйцэтгэсэн ганц хоёр хүн бий. Жишээ нь, Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр байна. Нэг нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, нөгөө нь “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалынхаа хүрээнд Ерөнхий сайдын даалгасны дагуу гарын үсэг зурсан. УИХ, Засгийн газраас гарсан шийдвэрийг зүгээр л ажлаа хийж явсан албан тушаалтанд нааж буруутгаж, шүүж яллах нь яаж ч бодсон буруу жишиг гэж харагдаад байх юм?

-УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хувь хүн дээр тохож, яллах гэж байгаа нь, нийгэмд буруугаар харагдуулах гэж оролдож яваа нь маш том сөрөг талтай. Нэгдүгээрт, гадны хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болно. Хоёрдугаарт, өнөө хожим хэн ч эдийн засгийг хөгжүүлэх ямар ч шийдвэр гаргах хүсэлгүй болно. УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ажлаа хийсэн хүнийг шүүж яллана гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Б.Бямбасайханыг буруутгаж байгаа зүйлийн тухайд ярья. Тухайн үед Оюу толгойн далд уурхай явуулах зайлшгүй шаардлага үүсчихсэн байсан. Эдийн засаг хямарсан, нүүрс зэсийн үнэ шалдаа унасан, тэтгэвэр тэтгэмжээ тавих эсэхдээ тулсан цаг байсан шүү дээ. Хэрвээ Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол эдийн засаг элгээрээ хэвтэх байсан. Өнөөдөр Оюу толгой шиг арван төсөл хөдөлж байж Монгол Улсын эдийн засаг батжина, тэлнэ, жинхэнэ утгаараа хөгжинө. Том төслөө хөдөлгөхийн төлөө зүтгэсэн хүмүүсээ ингэж шүүгээд буруутгаад байвал юун том төсөл болох байх даа.

-Б.Бямбасайхан нэг ярилцлагадаа “риотой яриа хэлэлцээнд орж тохирох асуудал өчнөөн бий. бид бүгдээрээ хамтарч рио Тинтотой хэлцэл хийж байж зөв шийдэлд хүрнэ. Тэгэхгүйгээр өөр зуураа толхилцоод байвал бидэнд л муу” гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. анхаарч харахаар л өнцөг санагдсан…?

-Мэдээж бидний гарааны нөхцөл өөр. “Рио Тинто” бол маш олон жилийн туршлагатай дэлхийн хэмжээний том тоглогч. Гэтэл Монгол Улс маань юу билээ. Бид эдийн засаг бизнесийн орчин бизнесийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд 130, 140 хавьцаа л яваа. Хуулиа өөрчлөх шинэчлэх, нөгөө талтайгаа ойлголцох эрх нь УИХ-д бий. Энэ мэт өнцөгт анхаарахгүйгээр ажлаа хийж явсан хүмүүсээ яллана гэдэг байж боломгүй зүйл. Хувийн хэвшлээ дэмжье, эдийн засгаа өсгөе, улс орноо хөгжүүлье гээд шийдэмгий алхам хийсэн хүмүүсээ нухчин дарсан, бодлогогүй алхам гэж харж байна. Өнгөрсөн парламентад тэр гэрээг өөрчлөх эрх нь байхад яагаад хөдлөөгүй юм бэ гэсэн асуулт тавих хэрэгтэй л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг гуйх ёстой, бид баялагтай улсын иргэд учраас гуйлгах учиртай гэсэн гэдийлт манай засаг төрийнхөнд их тод анзаарагдаад байдаг…?

-Дэлхий даяараа л өрсөлдөөн явагдаж байна. Хятад улс гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд маш олон ажил зохион байгуулж байна. Америк ч тэр гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд маш олон дэмжлэг санал болгож байгаа. Гэтэл бид үүний эсрэг алхаад хаа хүрэх вэ дээ. Ер нь эдийн засгийг тэлэх хоёрхон зам бий. Нэгдүгээрт, экспортыг байж болох хэмжээнд нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ хоёр алхмыг хийхгүйгээр бид өмнөө байгаа асуудлуудаа шийдэж чадахгүй.

-Б.Бямбасайханы хувьд МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч. Тэр утгаар нь танхимыг төлөөлөөд байр сууриа хэлэх үү?

-Өмнөх байр сууриа л хэлнэ дээ. Танхим бол төр хувийн хэвшлийн хооронд гүүр болдог байгууллага. Цаашдаа олон арван Оюу толгой байх ёстой гэж харж байгаа бол ингэж хандаж болохгүй. Хэрвээ асуудалд ингэж хандаад байх юм бол Монголыг тоож ирэх хүн олдохгүй. Бид энэ дэлхийн том эдийн засагт, интеграцид нэгдэхгүйгээр хөгжихгүй. Бямбасайханы хувьд Монголын хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах тал дээр өндөр мэдлэг боловсролтой, нийгмээ өөрчилье гэсэн чин хүсэлтэй залуу. Залуу үеийн зүрх зоригийг ийм байдлаар мохоож, хүсэл эрмэлзлийг нь мохоож болохгүй. Бид үүний эсрэг тэмцэх болно. Ер нь саалийн үнээгээ алж идчихээд дараа нь яаж хоолтой ундтай аж төрөх гээд байгаа юм гэж асуумаар байна. Хятад улс хүртэл хувийн хэвшил, ажлын байрыг хамгаалах, гадны хөрөнгө оруулалтыг татах, дотоод эдийн засгаа тэлэх гэх мэт дээр либерал бодлоготой ажиллаж байхад бид эсрэгээрээ 20,30 жилийн өмнөх нийгэм рүүгээ зүтгээд байж болохгүй шүү дээ.

Ц.бааСанСҮрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *