“Шинэ Монгол”-ын Наранбаяр хэмээн танигдсан эрхмийнхээс бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Биднийг гэрт нь ороход эхнэр нь угтаж, ширээнд урилаа.
Наранбаярынх “Шинэ Монгол” сургуулийн урдхан талын байранд амьдардаг юм байна. Бид ширээний ард сууж гэрийн эзний бага нас, нутаг усных нь дурсамжаар яриа хөөрөө дэлгэлээ.
Гэрийн эзний аавыг Г.Пүрэвсүрэн, ээжийг нь Т.Туяамаа гэдэг. Аав нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул бол ээж нь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул аж. Гэрийн эзний аав нь клиникийн профессор хүн. Ээж нь ч мөн адил эмч мэргэжилтэй юм байна. Ээж нь Сүхбаатар аймгийн Онгон сум хуучнаар Дарьганга хошууны дархан Ёндонгийн зээ охин гэнэ. Гэрийн эзэн эцэг эхээс дөрвүүлээ. Том ах П.Нямбаяр нь холбооны инженер, эмэгтэй дүү П.Содцэцэг нь олон улсын харилцааны мэргэжилтэй. Бага дүү П.Отгонбаяр программ хангамжийн инженер мэргэжилтэй гэнэ. Гэрийн эзэн Төрийн захиргаа, олон улсын харилцаа мэргэжилтэй. 2015 онд МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор, 2007 онд Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр, 2000 онд МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр хамгаалжээ.
“Аав ээж хоёр маань их сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгалд хуваарилагдан очиход би ээжийнхээ гэдсэнд байсан гэдэг. Ээж ажлаар Улаанбаатарт ирэхэд онгоцонд өвдөж сандаргасан юм билээ. Онгоцноос буумагц Нисэхийн гал командын машинд суулган Улсын хоёрдугаарт төрөх эмнэлэгт хүргэснээр би төрсөн гэдэг” хэмээн инээмсэглэлээ.
“Би дунд сургуулиа 13 дугаар сургуулийг төгсөөд 1994 онд одоогийн МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн япон хэлний ангид элсэж орсон юм. Гуравдугаар курстээ Япон руу мэргэжил дээшлүүлэгч оюутнаар явсан. Ингээд Токиогийн гадаад судлалын их сургуульд сурсан. Эргэж ирээд их сургуулиа төгсөөд Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн дээ” хэмээн хуучлав.
“Шинэ Монгол” сургуультай хэрхэн холбогдсон талаар нь асуухад “2012 онд Японд Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш намайг Шинэ Монголд ирж ажиллахгүй биз гэхэд нь би шууд л тэгье гэж хариулсан. Ингээд 2020 оны хоёрдугаар сар хүртэл Шинэ Монгол сургуульдаа ажиллалаа. Шинэ Монгол сургуультай холбогдсон гэвэл бүр 2006 оноос л доо. Тэр үед энэ сургуульдаа ирж лекц уншдаг байлаа. 2010 онд би Шинэ Монгол сургуулийн 10 жилийн ойн баримтат киноны зохиолыг бичиж, кино болгосон нь Галаа багш бид хоёрын харилцааг улам ойртуулсан” хэмээн хуучиллаа.
П.Наранбаяр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Туул гэдэг. Хүүг нь Н.Амарсанаа, охиныг нь Н.Ирмүүнсанаа гэдэг. Гэрийн эзэгтэй мөн адил МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ. Том хүү нь энэ жил ЕБС-иа төгсөж ЭЕШ-аа өгч байгаа гэнэ. Харин охин нь Шинэ Монгол сургуулийн зургадугаар ангид сурдаг байна.
Гэрийн эзэгтэй ширээнд сууж бидний яриа тэдний хэрхэн танилцсан талаар үргэлжиллээ. Тэрбээр “Токиогийн олон улсын харилцааны дээд сургуульд судлаач оюутнаар суралцаж байхдаа Наранбаяртай танилцаж байсан. Бид хоёр нэг сургууль гэдгээ Японд очоод мэдсэн л дээ. Нас чацуу ч би долоон настайдаа сургуульд орчихсон болохоор нэг курсээр илүү яваад байсан. Ингээд 1998 онд бид хоёр үерхэж эхэлсэн” хэмээн хуучлав.
Гэр бүлийн хоёр гал голомтоо бадраагаад 22 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Гэр бүлийн хоёр хамтарч орчуулга их хийдэг байж.
Гэрийн эзэгтэй “Yu language Ulaanbaatar” япон хэлний сургалтын төвийн захирлаар ажилладаг юм байна. Энэхүү сургалтын төв зургаан жилийн өмнөөс Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Токиод төвтэй япон хэлний сургалтын төвийн Улаанбаатар дахь албан ёсны салбар гэнэ. Энэхүү сургалтын төв нь Японд ямар дүрэм журам заах аргаар үйл ажиллагаа явуулдаг тэр л дүрэм журам, заах арга барилаар япон хэлийг хөгжилтэй аргаар яриа, сонсголд суурилж заадгаараа давуу талтайг дурдаж байв.
Гэрийн эзэгтэй “Манай сургалтын төв “Боловсрол” телевизтэй хамтраад алсын зайн сургалтыг хийж байсан. 1990, 2000-аад оны үед нийгэм эдийн засгийн байдал нэлээд хүнд байлаа. Гадаадад хэлний бэлтгэлд суралцахад асар үнэтэй байсан. 2000-2010 он хүртэл япон хэл сурах хүмүүсийн тоо асар багассан. Энэ нь япон компани манай улсад хангалттай орж ирээгүй байсантай ч холбоотой. Харин сүүлийн жилүүдэд япон хэл сурах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. 2019 он гарснаас хойш Японд дадлагажигчаар ажиллах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж түүнтэй холбоотойгоор япон хэл сурах хүмүүсийн хүрээ улам илүү тэлсэн. Гэвч дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын улмаас сургалтын төвүүд хүндхэн байна л даа. Өнгөрсөн тавдугаар сараас сургалтын төвүүдийг нээх зөвшөөрөл гарсан ч хязгаарлалт их тогтоосон. Манай сургалтын төв энэ жил давхардсан тоогоор 624 хүнд хичээл заасан байна. Миний бодлоор манай сургалтын төв Япон, монгол төвийн дараа орчих болов уу гэж боддог” хэмээн инээмсэглэлээ.
Yu language Ulaanbaatar сургалтын төвийг зорьж ирэх хүмүүсийн тоо их байдаг гэнэ. Сонсголд суурилж япон хэл заадаг нь уг сургалтын төвийн онцлог аж. “Хүн сонсоод ойлгодог болчихвол баярладаг. Үгээр илэрхийлбэл бүр их баярладаг. Бага насны хүүхдүүдэд хэл заана гэдэг хэцүү. Эх хэлээ сайн мэдээгүй байдаг. Тэгэхээр чихийг нь онгойлгоод дуртай дууг нь сонсгох, киног нь үзүүлэхэд хэл сургахад илүү үр дүнтэй. Дэлхий дахинд анимэ үздэг залуучуудын тоо маш их байдаг. Анимэ үздэг залуучууд япон хэлийг хурдан сурдаг” хэмээн гэрийн эзэгтэй нэмж хэлэв.
Тэрээр ханийнхаа талаар “Миний хань төрийн албанд олон жил ажилласан. Санаандгүй тохиолдлоор хувийн сектор лүү орчихсон. Энэ хугацаандаа боловсролын салбарт болох, болохгүй олон зүйлийг тал талаас нь харсан байх. Эхнэр хүний хувьд улс төрд орохыг нь дэмжээд явж байна даа” гэсэн юм.
П.Наранбаяр энэ удаагийн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, 23479 хүний санал авч гурваар гарч ирсэн юм. Тэрээр сонгуульд зориулж “Нүсэр бус төсөр” хэмээн ном гаргаж түүгээрээ уриалж оролцсон юм. Наранбаяр Нүсэр бус төсөр” гэсэн нь учиртай. Төсөрт энгийн оршиж, энгийн агуу чанарыг агуулдаг. Улс орны хөгжлийн суурь зарчмыг бид ингэж тодорхойлсноор олон ээдрээтэй асуудлыг хөвөрдөн тайлах боломжтой болно гэж ярив.
Тэрээр “Энэ жил УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшлээ. Томсгосон тойрог гэх онцлог байна. 21-хэн хоногт иргэдэд хүрч ажиллах ёстой. 110 мянга гаруй сонгогчтой тойрогт тэр бүр хүмүүстэй уулзаж явах ямар ч боломжгүй юм байна лээ. Өөрийгөө таниулахад нэлээд цаг хугацаа алдсан. Мажоритари тогтолцоо нам гэдэг институцийг их сулруулдаг. Эрх баригч намын тоглоомоор бүгд тоглосон гэсэн үг. Нэгдүгээрт, эрх баригч нам танигдчихсан. Цар тахлыг дотооддоо алдаагүй гэдэг оноо авчихсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Хэд хэдэн уурхайг улсын болгоод авчихсан. Хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа юм л даа. Энэ сонгуулийн тогтолцоо маш их хэмжээний саналыг гээгдүүлдэг. Мажоратори тогтолцооны алдаатай тал нь энэ. 51 хувийн саналыг авчихвал 49 хувь нь үхэж байдаг л байхгүй юу. Баянзүрх дүүрэгт надад өгсөн хүмүүсийн санал үхчихэж байгаа юм. Анхнаасаа тойрог хуваарилалтад хүн амын тоог огт харгалзаагүй. Хүмүүс өөрсдөө хүртэл сонгуулийн үр дүнг гайхаад байгаа юм. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажиг.
ХҮН-аас Т.Доржханд Их хурлын гишүүн боллоо. Нэлээд жинтэй дуугарах гишүүн гэж харж байгаа” гэлээ.
Сонгуулийн маргааш хүмүүстэй гар бариад уулзаад явж байсан тухайгаа ярихдаа “Би 23500 хүний саналыг авчихсан юм чинь талархал илэрхийлж, уучлал гуйх ёстой гэж бодсон. Хүмүүс сонгууль дуусчихсан шүү дээ гээд гайхаад байна лээ. Гэхдээ их таатай хүлээж авч байсан. Хоёрдугаарт, энэ миний барьдаг зарчим. Улс төр, төрийн эрх мэдэл гэдэг ард түмнээсээ төрж гарч байх ёстой. Өөр хаанаас ч биш. Дээр нь нэмээд төрийн өндөр босго гэж байж болохгүй. Хажууд дэргэд байх ёстой” хэмээн хуучиллаа.
П.Наранбаярыг боловсролын салбарын хүн гэж хардаг. Тэр ч утгаараа түүнийг Шинэ Монголын Наранбаяр гэхээр анддаггүй. Тэрээр Төрийн захиргааны чиглэлээр, Олон улсын харилцааны чиглэлээр, Байгаль орчин, Орчуулга болон бусад чиглэлээр олон бүтээл туурвил, ном зохиол орчуулж гаргаж байжээ.
Боловсролын салбараас улс төр лүү орох шалтгаан болон өнөөгийн боловсролын салбарын талаар бид үргэлжлүүлэн хууч хөөрлөө.
Наранбаяр “Өнөөдөр боловсролыг зүгээр л эзэнгүйдүүлчихлээ. Ажил хийсэн сайд байсангүй. Авлигажиж дуусч байна. Төрийн үйлчилгээний албанд авлига өгч ордог нь бараг л хүн болгоны өмнө ил байдаг нууц болчихлоо. Авлига нүүрлэчихсэн газарт жилээс жилд боловсролын чанар унаж байна. Хөтөлбөрөө шинэчлэх нэрээр замбараагүй байдал үүсгэж байна. Сүүлийн таван жилд анхныхаа төлөвлөсөн зүйлээрээ нэг ч явсангүй. Тэр бүр нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Жилээс жилд багш нар ядуурч байна. Багш нар 2018 онд ажил хаясан шүү дээ. Энэ бол 1994 оноос хойш гарсан анхны ажил хаялт. Маш том дохио өгөөд байгаа юм. Тэгэхэд олигтой зүйл юу ч хийгээгүй. Угтаа боловсролын сайд хийх ёстой байсан.
Өнөөдөр боловсролд итгэлцэл дутчихаад байгаа юм. Сургуульд нь эцэг эх нь итгэдэггүй. Чанар муутай, багш нь чадал муутай гээд бодчихсон. Багш нар болохоор эцэг эхчүүд зан харьцаа муутай, биднийг ойлгодоггүй гэдэг үл итгэлцэл нүүрлэчихээд байхад дуугай суугаад байдаг яам байж болох уу. Боловсролын шинэчлэл эндээс эхлэх ёстой. Багшийг бэлдэх тогтолцоо үндсэндээ суларчихлаа. Зөвхөн МУБИС багш бэлддэг. Энэ нь чанарыг үнэхээр унагасан. Сайн сургуулиуд дээр яаралтай байгалийн ухааны багшийг бэлдэх шаардлага бий. Гэтэл МУИС гэхэд мэргэжлээ сонгож орохоо больчихсон. Хоёрдугаар курсээсээ мэргэжлээ сонгохоор физик, химийг нь сонгодог хүн байхгүй. Монгол Улс чадварлаг физик, хими, математикийн багшаар удахгүй дутна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад нүдэн балай чихэн дүлий явж байна. Үнэндээ ЭЕШ-аар сул оноотой хүүхдүүд багш болж ирсэн нь нууц биш. Харин хэдэн жилийн өмнө МУБИС дээр 800 оноотой хүүхдүүдийг тэтгэлэг өгч сургасан явдал оновчтой байлаа. Эндээс нэг ч гэсэн гялтайх багш гарч ирсэн. Даанч тоо нь цөөхөн. Өнөөдөр 5,10,15 жил багшилсан хүмүүс багшлах хүчний цөм болдог байхгүй юү. Гэтэл 10 дах жилээсээ боловсролын салбараас гараад өөр ажил эрхэлж байгаа хүмүүс их. Энэ чинь л хамгийн аюултай зүйл. Тэгэхээр нөгөө л чанар муутай төгссөн залуу багш нарын эгнээ нь эзлээд боловсролыг муу тойрог руу эргүүлэг рүү нь оруулаад байгаа юм. Би бүгдийг нь хэлж байгаа юм биш. Энэ бүгдийг нэн яаралтай засахын тулд ЭЕШ-аар өндөр оноо авсан оюутнуудад Монгол Улсын хамгийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй, цалинтай шууд сургах хэрэгтэй. Төгсөж гараад багшийн ажил хийсэн тохиолдолд тэр хүний тэтгэлгийг 100 хувь чөлөөлнө. Багшаар ажиллаагүй тохиолдолд эргүүлж 100 хувь тэтгэлэгээ нөхөж авдаг тогтолцоо хэрэгтэй байна. Өнөөдөр хөшөө дурсгалд мөнгө зарцуулж байснаас багшдаа зориулчихвал тэс өөр байхгүй юу” гэсэн юм.
Үргэлжлүүлэн хувийн сургууль улсын сургуулийн ялгаа их гүнзгийрч байгаа тухай яриа дэлгэв. Гэрийн эзэн “Сэтгэл зовоож байгаа асуудал. Хувийн сургуульд хандлага нь зөв багш нар их байгаа нь үнэн. Энэ бүхэн удирдлагаасаа их шалтгаалж байна. Үнэндээ хувийн сургууль хэд дахин өндөр цалин өгдөг нь гэдэг худлаа ш дээ. Яаж хувийн сургууль өөрөө өөрийгөө авч явах юм. Хувийн сургуулийн зардал маш их. Нэг заал барихад бараг тэрбум дөхнө. Тэгж байж хүүхдэд таатай орчин бүрдэх ёстой. Эцэг эхийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн мөнгө эргээд хүүхдэд нь хөрөнгө оруулалт болж шингэж байгаа юм. Шинэ Монгол, Логирфм сургуулийн заалыг нь үзээд явахад л энэ бүхэн харагдана. Хөгжмийн өрөөг нь ч гэсэн харах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын сургуулиуд маш их сайжирсан” хэмээв.
Сүүлийн үед гэрийн эзэн “Сайн сургуулийг таны дэргэд” нэртэй ТББ байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэрээр энэ тухайгаа “Энэ миний сонгуулийн нэг уриа байсан юм. Энэ уриагаа өөрийнхөө чадал хэмжээнд хэрэгжүүлье гэх үүднээс “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ байгуулчихлаа. ТББ маань Боловсролын тэгш хүртээмж, цахим сургалт, сургуулийн менежмэнтийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулна. Сонгуулийн үеэр миний байнга хэлж байсан зүйл бол хотын захын тосгоны хөдөөний хүүхэд ч гэсэн хотын шилдэг багшийн хичээлийг үнэ төлбөргүй харах боломжтой. Танхимын сургалт бол 20 дугаар зууны шилдэг систем. 21 зуунд ч үүний давуу талыг бүрэн үгүйсгэж болохгүй. Цахим орчин, цахим агуулга хөгжиж байна гэдэг танхимийн сургалтыг илүү үр дүнтэй болоход чиглэсэн байх ёстой” хэмээснээр бидний яриа өндөрлөлөө.