Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

gol-us-6r0dug62irxyue2rbn3vj86lntcdy3635vau7jyypfk-6visi70l3ouivzu33u4a98a0p64ulbi47vwrgqvy4ow.jpg

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дах жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэндөрвөн иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгааллаа.

Улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар усны ослоор 39 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *