Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болдсайхан: ЭЕШ өгөх хүүхдүүдийн дунд бүх хувилбарыг будвал зөвийг нь уншина гэсэн цуу яриа байдаг. Энэ бол худлаа

Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-ЭЕШ-ын цагийн тооцоог ямар шалгуураар бодож гаргадаг вэ? Цагтаа амжсангүй гэх гомдол их гардаг?

-Шалгалтын цагтаа амжихгүй байх боломжгүй. Шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан олон улсын жишиг гэж бий. Ямар хэлбэрийн даалгаврыг хэчнээн минутад гүйцэтгэх вэ гэсэн тооцоололтой байдаг.

Жишээлбэл, сонгох хэлбэрийн даалгаврыг хүүхдүүд нэгээс хоёр минутад хийж гүйцэтгэх боломжтой. Харин харгалзуулах хэлбэрийн даалгаврыг дөрвөн минутад амжуулах боломжтой. Задгай хэсгийн бодлогын даалгаварт тухайн бодлого хэдэн үйлдэлтэйгээс хамаараад тус бүрт хугацааг нь тооцдог юм.

Шалгалтын цагтаа амжихгүй байгаа нь хувь хүний цаг хуваарилалтын асуудал. Цагаа зөв тэгш хуваарилж чадвал амжихгүй гэх шалтгаан байхгүй.

-Хүүхдүүд хариултын хуудсыг илүү, дутуу эсвэл бүдэг будсанаас болж засалтын төхөөрөмж уншдаггүй гэсэн. Үүн дээр та зөвлөгөө өгөхгүй юу?

-Мэдээж хэрэг илүү, дутуу, бүдэг будсан тохиолдолд төхөөрөмж уншихгүй. Хүүхдүүдийн дунд бүх хувилбарыг будвал зөвийг нь уншина гэх зэрэг буруу ойлголтууд байдаг. Энэ бол худлаа.

Хэрхэн зөв будах талаар шалгалтын материал дээр дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. Мөн БҮТ-ийн сайтад байрлах шалгалтын хуудас бөглөх заавартай танилцаж, хэвлэн авч, будах дасгал хийвэл зүгээр шүү.

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар материалууд бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт, бүртгэлийн хуудас. 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна.

Мөн цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны зургаадугаар сарын нэгнээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт) шалгалтад авч ирнэ.

Хэрвээ цахим үнэмлэхээ гээгдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх. Түүнээс гадна бүрэм дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлсэн байх шаардлагатай.

-“Халаас оноо” гэж бий юү?

-“Халаас оноо” өгнө гэсэн ойлголт байхгүй. Ер нь ийм оноо ч гэж байхгүй. Анхны дунджаас хамаараад 200-800-гийн хооронд хэмжээст оноо бодогддог. Тэгэхээр манай хүүхдүүдийн дунд 200 онооноос дээш авч байгаа учраас “Халаас оноо” байна гэж үзээд байдаг. Хамгийн доод талын оноо нь 200 гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд 100 оноо авах ёстой, 100 онооноос хэд авч байна вэ гэдэг чинь анхны дундаж оноо болох юм.


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРМААС

1. ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ www.eec.mn/article449 зарласан бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
2. Шалгуулагчид Та бүхэн шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичигдсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд арван минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

3. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

3.1. Бүртгэлийн хуудас (2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна)

3.2. Суудлын хуваарь;

3.3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ)

3.4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

4. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

5. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

6. Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө.

7. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас (цаашид шалгалтын материал гэх)-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.

8. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэх явцад бусдаас дэмжлэг тусламж авах, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулбал шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.

11. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулах, ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.


ШАЛГУУЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Шалгуулагч та даалгавраа амжилттай гүйцэтгэхэд туслах зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Шалгуулагч та ширээн дээр буй гэрээний хуудсыг уншиж, танилцаад гарын үсгээ зурна. Хэрэв зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу зөрөх гэх мэт зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу зааланд буй хянагч багшид мэдэгдэж протоколд тэмдэглүүлээрэй.

2. Шалгалтын материалын хуудасны бүрэн бүтэн байдал болон хэвлэлийн алдаатай эсэхийг сайтар нягтлаарай.

3. Хонх дуугарч шалгалтын товлосон цаг эхэлснээс хойш математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалтыг 100 минутад монгол хэл, англи хэл, орос хэл, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлүүдийн шалгалтыг 80 минутад багтаж даалгавраа гүйцэтгэн, хариултын хуудсыг бөглөнө. Шалгалтын заасан хугацаа дуусаж, хонх дуугармагц та бүхний гүйцэтгэсэн даалгаврыг баганан код наалган хурааж авна.

4. Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш шалгуулагчид хянагч багшаас шалгалтын сэдэвтэй холбоотой ямарваа нэгэн асуулт асууж, тайлбар авахгүй.

5. Хариултын хуудсыг БҮТ-өөс тарааж өгсөн балын харандаагаар бөглөнө. Зөвхөн хариултын хуудсан дээр хэрхэн хийсэн байдлаар шалгалтын үнэлгээг егөх учраас нямбай ажиллаарай. Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно.

6. Шалгалтын заал, танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэрэг зүйл авч орсон бол хураалгаарай.

7. Шалгуулагчид нь даалгавар гүйцэтгэж байх үедээ хоорондоо ярих, эргэж харах, харандаа дамжуулах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж бусдадаа саад болохыг хориглоно. Хэрэв та дээрх үйлдлүүдийг хийвэл таныг шалгалтын заалнаас гаргах болно гэдгийг анхаараарай.

8. Шалгалтын материал тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарч болохгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгалтын дэвтэр болон хариултын хуудсан дээрх хувилбараа тулган шалгуулагч бүр өөрийн гараар гэрээний хуудасны хувилбар тавих зайд гаргацтай, үнэн зөв, тод бичээрэй.

10. Шалгалтын хугацаа дуусахад та дугтуйнаас гарсан хос баганан кодын нэг хувийг нь хариултын хуудсан дээрх баганан код наах хэсэгт, нөгөө хувийг нь гэрээний хуудасны баганан код наах хэсэгт наана.

11. Хос баганан код дээрх бүртгэлийн дугаар таны гэрээний хуудасны бүртгэлийн дугаартай таарч байгаа эсэхийг нягтлан хараарай.

12. Шалгалт өгөх үедээ хариултын хуудасны санамж зааврыг маш уншиж танилцах, цагаа төлөвлөх, хариултаа бөглөхдөө тоот мөр алгасаж зөрүүлэхгүй байх.

13. Хянагч багшийн талаар шалгуулагчдаас гомдол санал байвал та бүхэн шалгалтын комиссын ахлагчид бичгээр уламжилж шийдвэрлүүлэх эрхтэй.

Та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор “шалгуулагчийн булан”-д нэвтэрч Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж аваарай. Мөн шалгуулагч та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *