Categories
мэдээ цаг-үе

​ О.Амгаланбаатар: Монголд моделийн стандарт, үнэлгээг арай өөр түвшинд хүргэсэн хүн бол Д.Болормаа багш минь


КИНО ПРОДЮСЕРИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ХҮСЭЛ
НАДАД БИЙ

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатартай ярилцлаа.


-сүүлд “бэрүүд” усК-нд тоглосон шүү дээ. Олон ангит кинонд тоглох ямар байв?

-“UBS” телевизийн “Бэрүүд” олон ангит уран сайхны кинонд тоглосондоо их баяртай байгаа. Сайхан баг хамт олон бүрдэж, сайхан кино бүтээсэн. Миний хувьд нэг тийм бүтэлгүй, ажил төрөл гундуухан залуугийн дүрийг бүтээсэн л дээ. Киноны утга санаа бол ойлгомжтой. Хүмүүний амьдралд байдаг л зүйлүүд. Янз бүрийн шалтгаанаас үүссэн гэр бүлийн асуудал зөрчил, аз жаргалыг хөнгөн харуулсан кино.

-Цөөнгүй кинонд тоглочихлоо. Энэ хугацаанд нэлээн туршлага хуримтлуулсан биз?

-Таван кинонд тоглосон. Мэдээж хэрэг хийсэн ажил бүрээсээ туршлага хуримтлуулж яваа шүү.

-“Love and Sex” эротик кинонд тоглосон шүү дээ. Ийм төрлийн кинонд тоглох ямар байсан бэ. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Насанд хүрэгчдэд зориулсан кино манайд тэгж их гараад байдаггүй шүү дээ. Гэхдээ энэ төрлийн киног гаргах л хэрэгтэй. Харин ёс зүй, хэмжээг нь баримтлаад стандартын дагуу үзэгчдэд хүргэж болох юм билээ. Нийгэмд байдаг зүйлийг хэтэрхий хааж боохоор буруу тал руугаа буюу далд хэлбэрээр хөгждөг. Жишээлбэл цэнгээний газруудыг хаахаар буудал, орон гэрээрээ архи уугаад байгаатай адил. “Love and Sex” киног маань хүмүүс тодорхой хэмжээнд үзсэн л байх. Яахав, залуу уран бүтээлчид кино хийсэн учраас алдаж оносон зүйл бий бий. Хүмүүс нэг зүйлийг их асуудаг л даа. Кинон дээр гарч байгаа зүйлүүд жинхэнээсээ болдог уу гэж /инээв/. Кино гэдэг чинь дүрсний урлаг шүү дээ. Камерны өнцөг, дуу, шум гээд олон зүйлээр аргалж хийнэ. Харин дүрийн хувьд тоглоход хүндрэл байгаагүй.

-Аль дүрдээ илүү хайртай вэ гэсэн асуултад “олон хүүхэдтэй хүн алийг нь ч ялгадаггүй юм гэнэ лээ” гэж хариулсан байсан. Харин одоо нэг ийм л дүрд тоглохсон гэж боддог дүр бий юү?

-Би сөрөг талын дүрд тоглож үзье л гэж боддог.

-Яагаад?

-Чадвартай уран бүтээлч бол дүрээ эерэг ч сөрөг ч ялгамжтай маш нарийн гаргаад л ирдэг. Миний хувьд сөрөг дүр дээр ажиллаж үзэх юмсан гэсэн бодол байна. Сүүлд тийм киноны санал ирсэн. Ажлаас болоод орж чадаагүй.


-Үндсэн мэргэжил тань худалдаа эдийн засаг, маркетинг шүү дээ. ингэхэд яаж яваад урлагийн салбар луу орчихов?

-Би сайн сурдаг оюутан байсан. Математикийн олимпиад, эсээ бичлэг, эрдэм шинжилгээний уралдаанд оролцсон 200 гаруй медиаль ч бий. Төгсөхдөө ч хоёр гурван газраас ажлын санал авсан. Тэгсэн манай нөгөө ангид сурч байгаад гарсан Сувдаа билүү дээ нэг охин ээжтэйгээ ирээд гуйсан. Юу гэж гуйсан бэ гэхээр “Дипломоо түр хэрэглүүлээч, ерөнхий загвар нь хэрэгтэй байгаа юм аа, маргааш өгчихье” гэсэн. Тэгж авч яваад хоёр жил хэртэй алга болсон/инээв/. Тэр хугацаанд ажилд орох гэхээр диплом байхгүй. Диплом чинь гол баримт шүү дээ. Ингээд ажилгүй байсан хугацаанд өөрийгөө хөгжүүлэх боломж юу байна гэж хайсаар загварын дамжаанд явсан л даа. Тэндээс л миний урлагийн гараа эхэлсэн гэх үү дээ. Адармаатай байгаа биз /инээв/.

-Гэхдээ одоо үед тэгж итгээд дипломоо өгөөд явуулах хүн байх уу?

– Үгүй ээ. Би харин тийм гэнэн итгэмтгий талын хүн л дээ. Одоо ч гэсэн тийм хэвээрээ. Би зан араншингийн хувьд хүнд амархан итгэчихдэг сул талтай. Одоо гуч хүрчихээд итгэмтгий хээвээрээ л яваад байгаа юм даа.

-Дипломоо олж аваа юу?

-Авсан авсан. Нэг кафед үлдээгээд, барменд нь миний дугаарыг өгөөд явсан байна лээ.

-Гэхдээ тэр бүсгүй дипломыг чинь авч яваагүй байсан бол та моделийн агентлагт ороод цаашлаад кино урлагт орж олны танил болоо ч уу үгүй ч үү?

-Тийм шүү. Ер нь бодоход хувь тавилан, зурсан зураг гэж байдаг байх.

-Тэгэхээр “Монгол модель” агентлагаас урлагийн гараа тань эхэлсэн гэж хэлж болох нь ээ?

-Тийм шүү. Манай “Монгол модель” агентлагийн Д.Болормаа багш Монголд моделийн стандарт, үнэлгээг арай өөр түвшинд хүргэсэн гэж боддог. Энэ чинь хөдөлмөр юм шүү гэдгийг хүмүүст мэдүүлсэн, таниулсан. Үүнтэй хэн ч маргахгүй байх. 2009 онд анх энэ агентлагтаа орж байсан. Одоо ч байгаа. Одоо бодоход тухайн үед ч шоу тоглолт гээд ажил ихтэй байж. Тэр үеийн сайхан дурсамжууд их бий.

-Гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу. Айлын дунд хүү гэж дуулсан?

-Айлаас гурвуулаа. Дээрээ нэг ахтай, доороо нэг дүүтэй. Би багаасаа эмээ, өвөө дээрээ өсчихсөн. Эмээгийн хүүхэд гэж хэлж болно. Эмээдээ их эрх. Гэхдээ эрх байлаа гээд одооны хүүхдүүд шиг биш. Багаасаа тусад орсон. Ангийн хүүхдүүд намайг “ямар сонин хөгшин яриатай юм бэ” гэж шоолдог байлаа. Би чинь юм ярихаараа “хө” гэсэн үг хэрэглэнэ /инээв/. Сүүтэй цай ууж хамрын хөлс бурзайж л хүүхэд нас өнгөрсөн дөө.

-Нэг ярилцлагад “шууд суух хүнээ л олохсон” гэж ярьсан байсан. найз охинтой болсон уу?

-Одоохондоо найз охин алга. Би ямар ганц биеэрээ байгаад байя гэсэн бодолтой яваад байгаа биш. Сууя гээд хайгаад яваад байгаа ч биш. Хүмүүсийн хэлснээр нас явлаа хүнтэй суу гэснээр нь шууд таарсан хүнтэйгээ ханилах нь байж болохгүй шүү дээ. Ажлаа хийгээд амьдралаа хөөгөөд явж байтал болно биз дээ. Хувь тавилангаараа нэг хүн угтах байлгүй дээ.

-Нууц авьяас бий юү?

-Нууцсаад байх зүйлгүй дээ. Бүжигт их дуртай. Бүжиглэх гэж оролдсон. Олон оролдлогууд бүтэлгүйтсэн. Харин би юм бичих их дуртай. Багаасаа зохион бичлэг, эсээ бичих дуртай хүүхэд байлаа. Хоёрдугаар ангидаа “би кино хийдэг хүн болно” гэж бичсэн байдаг. Цагийн аясаар хичээл номоо хийгээд явсаар нэг мэдсэн кино урлагтай холбогдчихсон байсан. Кино урлагийн салбарт нэгэнт холбогдсон учраас өөрийн үндсэн мэргэжилтэйгээ уялдуулан продюсер хийж энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн бодолтой байгаа. Ингээд бодохоор энэ бүхэн тавилан л юм даа /инээв/.

-Зарим хүн хэл амнаас зугтаагаад ч тэр үү, цахим орчинг тэр бүр ашигладаггүй. Харин таны хувьд эсрэгээрээ юм уу даа?

-Яахав олны танил хүмүүс хаана ч ил цагаан байх ёстой болов уу. Нэг талаараа энэ нь амар байхгүй юу. Цаашаа нуугдаад бүгээд байхаар улам л хүний сонирхол татдаг байх. Надад нуугаад байх зүйл алга. Сайхан илэн далангүй, ил тод байх шиг амар юм хаа байх вэ дээ.

-Ирээдүйд ямар зорилго, төлөвлөгөөтэй байна. Цаашдын карьераа хэрхэн харж байна?

-Айхтар том биш жижигхэн бизнес эхлүүлэхээр зориод ажиллаж байна. Гутлын чиглэлээр брэнд үүсгэх маягтай жижигхэн бизнес эхлүүлж байгаа. Загвараа яаж гаргах, материал, хийц гэдгээс эхлээд ажил их. Энэ маань биеллээ олоод хөлжсөн цагт дахиад уулзахдаа дэлгэрэнгүй ярья.

-Та фэйсбүүкдээ нийгэмд нэлээн шүүмжлэлтэй хандсан зүйл бичдэг юм билээ. магадгүй нийгэмд залуусын оролцоо дутаад байгаа юм болов уу?

-Ер нь ямар ч зүйл зоосны хоёр тал шиг сайн муу талтай. Гэхдээ би сүүлийн үед юманд шүүмжлэлтэй хандахаас татгалздаг болсон. Манайхан цахим орчноор ямар айхтар сөрөг болчихсон юм бэ. Юмыг харддаг, сөргөөр хардаг, харлуулах гэж оролддог хүмүүс их болж. Мэдээж нийгмийн нөлөө бий л байх. Гэхдээ шинэ үеийн залуучууд ийм муухай үлгэр дуурайлтай байж болохгүй. Залуучууддаа нийгэмдээ оролцоотой эерэг байцгаая л гэж уриалах байна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *