Categories
мэдээ нийгэм

​​БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас шинэ мэдээлэл гаргажээ

БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас МЭДЭГДЭЛ гаргажээ | iSee.mnБНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас шинэ мэдээлэл гаргав. Тус мэдээлэлд “БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, хилийн чанадад буй нутаг буцах хүсэлтэй 11313 иргэнийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан аваад байна.

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцны 5 удаагийн нислэгээр 1272 гаруй иргэн нутаг буцлаа. Зургадугаар сарын 26-ны байдлаар 2623 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн авсан. Өргөдөл гаргасан иргэдийн 230 буюу 9 хувийг өндөр настан, 584 буюу 22 хувийг 0-18 насны хүүхэд, 123 буюу 5 хувийг жирэмсэн эх, 183 буюу 7 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн 1425 буюу 54 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж буй билээ.

Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг сонгохдоо УОК-ын зүгээс тавьсан үндсэн таван шалгуурыг баримталж ирсэн ч эдгээр шалгуурт хамрагдахгүй бусад иргэдийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан сүүлийн үед үйлдэгдэж буй нислэгүүдэд түлхүү хамруулах чиглэл баримталж байна. БНСУ-д манай улсын иргэд олноор оршин суудагтай холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өндөр байдаг тул тусгай үүргийн нислэгүүдийг Сөүл хот руу үйлдэх давтамжийг өндөр байлгаж, нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд долдугаар сарын эхний хагаст дөрвөн удаагийн нислэгийг тус хот руу хийхээр төлөвлөж байна.

ЭСЯ-нд хандан шаардлага хүргүүлж буй иргэн бүрийг үйлдэх нислэгүүдэд хамруулах баталгааг УОК-ын Шуурхай штаб гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь, БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэн ЭСЯ-нд хандан бүртгүүлснээс хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэд байгаа тул аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болох юм.

УОК-ын Шуурхай штабаас Сөүл хот руу үйлдэх нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулахдаа өргөдөл өгсөн он цагийн дараалал, хүндэтгэх шалтгаантай иргэдийн асуудлыг чухалчлан авч үзэх болохыг мэдэгдсэн.

Түүнчлэн шинэ төрлийн коронавируст цар тахалтай холбоотойгоор мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хилийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг цаашид хэрхэн бууруулах асуудлаар УОК-оос тодорхой шийдвэр гараагүй байгаа.

Гэвч УОК-ын Шуурхай штабын зүгээс нийт ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэн улс орнуудыг эрсдлийн түвшингээр нь ангилж, бага эрсдэлтэй бүс нутгаас ирэх иргэдийг татан авах, тусгаарлах горимыг шинэчлэх асуудлыг судалж, ойрын хугацаанд УОК-т саналаа танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байна” гэжээ.

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *