Categories
мэдээ цаг-үе

Монгол эрдэмтдийн бүтээсэн “Ковид 19” вирусын оношлуурын санхүүжилтийг Эмя-нд ард иргэдээс өгсөн хандиваар хийхээр болсон


Монгол эрдэмтэд коронавирусын оношлуур гарган авчээ. Энэ талаар тус судалгааны багийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригтой ярилцлаа.

-Монгол эрдэмтэд коронавирусын оношлуур гарган авсан тухай сайхан мэдээ дууллаа. Ажлын хэсэгт хичнээн эрдэмтэн мэргэжилтэн ажиллаж байна?

-Дэлхий дахинд тархсан коронавирусын халдвар өдрөөс өдөрт хурдацтайгаар нэмэгдэж байна. Өнөө өглөө авсан мэдээгээр дэлхий дахинд долоо хоногт нэг сая тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн байна. Халдвартай байна уу, үгүй юү гэдгийг оношлуураар л мэдэж байгаа учраас манай улсад төдийгүй дэлхий дахинд оношлуур маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм. Ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр сараас эхлэн судалгааныхаа ажлуудыг эхлүүлсэн. Гол хүн нь Германд Мюнхений их сургуулийн анагаахын сургуульд яг коронавирусын оношлуурын төсөл дээр ажиллаж байгаа Д.Нямбаяр гээд монгол эрдэмтэн хүн бий. Энэ хүн өөрөө манайхтай холбогдоод би энэ чиглэлээр ажилладаг, эх орондоо тусалмаар байна, эндээс заавар зааварчилгаагаа өгөөд ажиллая гээд надтай холбогдсон. Тэгээд хоёр сарын хугацаанд ямар боломж байна, яаж бүтээх үү гэдэг судалгаагаа гаргаад, төслөө бичээд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Эрүүл мэндийн сайдад танилцуулсан. Сайд зөвшөөрч, ер нь энэ чиглэлээр гадаадад ажилладаг эрдэмтэн залуучуудаа хайгаад хүч нэмэх санал тавь гэдэг үүрэг өгсөн. Тэгээд манай Нямбаяр “Миний хувьд яг энэ коронавирусын оношлуур дээр судалгаа хийж ажиллаж байна. Өөрт байгаа бүх мэддэг зүйлүүдээ дайчилна” гэсэн. Тэртэй тэргүй олон улсад ковидтой холбоотой бүх технологийн мэдээллүүд чөлөөтэй цацагдаж байгаа учир ямар, технологийн нууц алдагдсан гэдэг зүйл гарахгүй. Мал эмнэлгийн хүрээлэнгийн вирусологийн лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар гэдэг залууг Монгол талын төслийг удирдуулж ажиллахаар болсон. ХӨСҮТ-ийн лаборатори их ачаалалтай байгаа учраас тэнд туршилт хийж ажиллах боломж байхгүй байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори илүү аюулгүйн зэрэг өндөртэй лаборатори, хоёрдугаарт вирусологич нь бас манайдаа дээгүүр ордог доктор хүн учраас эндээ ажиллая гээд тогтсон. ХӨСҮТ тэндээ ажиллаж л байг, бид эндээ ажиллаад явж байна. Үндсэн хоёр эрдэмтэн нь гол ажлыг базаж байна.

-Оношлуурыг бүтээсэн процесс их сонин байна?

-Монголд лабораториудын түвшин ямар байна гэдгийг эхний ээлжинд үнэллээ. Дараа нь бүх төрлийн машинд таардаг оношлуур хэрэгтэй юм байна. Учир нь туршилтаар бидний ашиглах оношлуур манайд байгаа зарим машинд таарч байхад нөгөөд нь таардахгүй янз бүрийн бэрхшээлүүд гарч ирсэн. Тиймээс бүх төрлийн машинд таардаг оношлуур хэрэгтэй юм байна гээд хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Японд үйлдвэрлэсэн машинд ч таардаг, Хятадаас орж ирсэн машинд ч таардаг ийм нэг төрлийн оношлуур хийх хэрэгтэй юм байна гэдэг шаардлагад нийлүүлэхээр ажилласан. Хоёрдугаарт, хямдхан байх ёстой. Гуравдугаарт, тухайн цаг үедээ хамгийн сайн, мэдрэх чадвар өндөртэй байх хэрэгтэй гэсэн гурван гол зорилго тавьсан. Туршилт амжилттай болсон.

ДЭМБ-ийн албан ёсны вэб сайтад улс орнууд өөрсдийн гаргасан оношлууруудын талаар нээлттэй мэдээллээ тавьсан байгаа. Энэ мэдээллүүдийг тооцож үзээд ямар давуу болон сул тал байна гэдгийг судалж тэр дундаас хамгийн сүүлд гарсан АНУ-ын оношлуурын загварыг сонгоод судалж туршсан. Энэ оношлуурын код нь нээлттэй байгаа учраас дэлхийн бусад улс орнууд авч ашиглах бүрэн боломж нь нээлттэй. Гэхдээ Монголд тэр кодоор үйлдвэрлэх боломжгүй. Маш өндөр үйлдвэрлэлийн орчин шаардсан лаборатори шаардлагатай учраас тэр. Манайд ийм лабаротори байхгүй учраас Германы нэгэн биотехнологийн жижиг үйлдвэрт загвараа өгөөд үйлдвэрлүүлсэн байгаа. Тодруулбал, Рибонуклейн хүчин (РНХ) ялгах цомгийг дотооддоо хийх боломжгүй учир зардлаа бодсон ч загвараа өгөөд захиалаад үйлдвэрлүүлсэн нь дээр. Оношлуур маань үндсэндээ таван бүрдэл хэсэгтэй. Үүнээс хоёрыг нь худалдаж аваад, гурвыг нь өөрсдөө хийчихэж байна гэсэн. Вирус тээвэрлэх шингэнээ бид өөрсдөө Монголдоо 100 хувь хийж байна. Бас нөгөө нэг зүйл нь улс орнуудад үйлдвэрлэсэн оношлуурууд нь бүх төрлийн вирусын коронаг танидаг байгаад байна. Сарс, мэрсийн коронаг таньдаг байгаа нь алдах эсрдэл өндөр болгоод байгаа. Манайд бол хамгийн гол нь зөвхөн ковид 19 вирусын коронаг таньдаг оношлуур байх нь чухал гээд тийм бэлдцийг хийж байна. Германд ажиллаж байгаа залуугийнхаа хийсэн бэлдцийг нь Монгол руу авчраад байна. Тавдугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-аас захиалан авчирсан оношлуурын бүрдэл хэсгүүдийн эхний шатны баталгаажилтыг хийсэн. Уг баталгаажилтаар бэлдэц тээвэрлэлтийн явцад чанараа алдсан эсэх, ПГУ гээд машин дээр ажиллаж байгаа эсэх, таньж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулсан. Оношлуурын хоёр дахь шатны баталгаажилтыг зургадугаар сарын 04-ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэн дээр хийж амжилттай үр дүнг сонслоо.

-Хүн дээр туршсан уу?

-Хүн дээр турших гэхээр ХӨСҮТ рүү орж байж хийх болоод байна. ХӨҮСТ одоо хамгаалалт гарчихаад хүн нэвтрүүлэхгүй байгаа.Тэгэхээд албан бичиг өгөөд, маш өндөр вирустэй гарсан өвчтөний эерэг сорьц, дунд зэрэг агуулсан, бага зэрэг агуулсан сорьц, дээр нь вирус байхгүй, эрүүл гурван сорьц гээд нийтдээ зургаан сорьц дээр Мал эмнэлгийн хүрээлэн дээр туршилт хийхэд таньж байна. Гэхдээ ХӨСҮТ-өөс гарч байгаа сорьц ямар ч аюулгүй болсон, халдвар тарахгүй тийм сорьцууд байгаа учраас алдагдлаа гэж ойлгож болохгүй.

-Одоо дутуу юм байна уу?

-Одоо баталгаажилтын явцад хүнээс ковид-19 өвчний шинжилгээний сорьц авах стандарт арга зүй, заавар удирдамж боловсрон гарах юм. Одоо мөрдөж байгаа тогтсон аргуудаас гадна дэлхий нийтэд танигдсан шинэ аргуудыг (тухайлбал, хоолойн арчдас биш шүлснээс сорьц авах гэх мэт) нэвтрүүлэх боломжийг судална. Дараа нь ДЭМБ-ын вэб сайтад манай протокол тавигдана. Хэдийгээр Америкийн праймер пробын загвараар хийгдсэн ч Монголынх бусад орныхоос ялгаатай учир тавигдах боломжтой.

-Гаднаас оношлуур шууд худалдаад авчихвал өртөг өндөр байгаад байна уу?

-Бид өөр улсаас хандив тусламж гуйгаад, жишээ нь Хятадаас нэг оношлуур орж ирлээ гэхэд машиндаа тааруулах гэж заавал нэг нэмэлт зүйл хэрэг болно. Дахиад өөр орноос оношлуур авах гэхээр өмнөхөө салгах хэрэг гарна. Тиймээс эргээд Хятадаасаа л авна. Хандив өгч байгаа ч дараагийн удаад өөрийнхөө юмыг худалдах бодлого явж байдаг. Эрүүл мэндийн сайд ч энэ талаар их ярьсан. Дараагийн нэг асуудал нь санхүү, мөнгө их шаардлагатай байгаа.

Манай судалгаа шинжилгээний ажлын төсөв хамаагүй хямд өртөгтэй гэж дээр хэлсэн. Манай санхүүжилт уг нь Шинжлэх ухаан технологийн сан эсвэл улсын төсвөөс гарах ёстой. Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд хугацаа алдана. Шинжлэх ухаан технологийн сангаас бид санхүүжилт авахаар хөөцөлдөх хугацаа байхгүй байна. Тэгээд ЭМЯ-нд хүмүүсийн өгсөн хандиваар энэхүү оношлуурыг хийхээр боллоо. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад маш бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр бас оношлуурын түүхий эдүүдийн үнэ нэмэгдэх, ховордох гэх мэт олон асуудал гарч байгаа. Хэвлэлд байгаа мэдээгээр нэг хүнийг оношлох зардал манай улсад 110 000-165 000₮-ийн өртөгтэй байна. Шинээр бүтээсэн оношлуурын зардал энэ үнээс хоёр дахин хямд байх боломжтой.

-Оношлуурыг хэдэн ширхэг үйлдвэрлэхээр тооцоолсон байгаа вэ?

-Одоогоор 1200 орчим хүнийхийг захиалаад аваад ирсэн байгаа. ХӨСҮТ дээр стандарт арга зүйн ажил хийхдээ бид тэндээ 100 орчмыг нь зарцуулна. Үлдсэн 1000 орчмыг Дарханы лабораторид аваачиж өгнө. Тэнд сургалтыг нь давхар хийнэ. Одоогоор хамгийн эгзэгтэй цэг нь Дархан, Дорнод хоёр байгаа. Манай улс хамгаалалт, тусгаарлалт сайн хийж байгаа ч нэг хариуцлагагүй ажилтны улмаас ч юм уу, ямар нэг байдлаар вирус алдагдвал нэг хүн ойролцоогоор 12.5 хүнд халдвар тараана, тэрнээс 2.5 нь яг вирусээр өвдөнө гэсэн судалгаа байгаа. Хэрвээ муугаар бодоход вирусыг дотроо алдлаа гэхэд хүн бүрийг шинжилгээнд оруулах шаардлагатай болно. Оншлуур маш их хэрэгтэй болно. Монголд одоо ашиглаж байгаа оношлуур 6-7 ширхэг л байгаа. Сая Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдол гарсан. Тэндээс сорьц явуулахад үнэндээ гурав хонож байж ирсэн. Энэ явцад сорьцонд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Тээвэрлэгдэн ирэх явцдаа эерэг байсан сорьц задарч сөрөг болох эрсдэлтэй учраас алслагдсан орон нутагт оношлуур байх нь зайлшгүй шаардлагатай байна.

Дэлхий дахинд, ялангуяа, сүүлийн үед Европын Холбоо, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг хүн ам олонтой, хүчирхэг эдийн засагтай орнуудад уг вирусын халдвар эрчимтэй тархаж байгаа учир улс болгон оношлуурын нөөцөө бүрдүүлэх зорилгоор хэдийнэ өрсөлдөж эхэлсэн.Үүнээс үүдсэн оношлуурын хомсдол бий болж байна. Вирусын оношлуур хийхэд чухал хэрэгцээтэй РНХ ялгах цомог үйлдвэрлэдэг германы QIAGEN компанийг АНУ-ын Thermo Fisher Scientific компани худалдаж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд нь гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа боловч АНУ-д болон дэлхийд үүсээд байгаа эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйгээр барахгүй, дотоодын буюу ХБНГУ-ын хэрэгцээнд уг цомгоо нийлүүлэх боломжгүй байдалд хүрсэн байна. Шинээр бүтээсэн оношлуур нь “Хуурамч сөрөг” хариу гарахаас сэргийлэхэд чиглэсэн бүрдлүүдтэй учир шинжилгээг олон давтан хийх шаардлага гарахгүй юм. Бас богино хугацаанд хариу нь гарна. Манай улсад одоо ашиглаж байгаа оношлуурын хариу гарах хугацаа дунджаар таван цаг байгаа бол шинээр бүтээсэн оношлуурт нийтдээ хоёр цаг зарцуулна. Манай улсад ашиглаж байгаа бүх төрлийн ПГУ төхөөрөмжинд тохирно. Манай улсад Герман, Япон, Хятад улсын ПГУ төхөөрөмжүүд байна. Оношлуурын праймер проб болон урвалжууд эдгээрт өөр өөр байдаг. Шинээр бүтээсэн оношлуурыг нэмэлт тохиргоо шаардахгүйгээр эдгээрт бүгдэд нь ашиглах боломжтой гээд олон талаараа давуу байгаа.

М.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *