Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: “УИХ-ын найм дахь удаагийн сонгууль нь Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд болсон гэж СЕХ үзлээ. Хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор сонгуулийг зохион байгууллаа.
337 сум, 2070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж 37500 төрийн албан хаагч ажиллалаа. Шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан ажиллалаа. Санал хураалт дууссаны дараа 2,070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа.
13 нам, дөрвөн эвсэл, 102 бие даагч, нийт 604 нэр дэвшигч бүртгүүлж, сурталчилгааг хийн, дуусгалаа. Сонгууль амаргүй нөхцөлд болсон ч амжилттай хийлээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад 95.34 хувь нь саналаа өгсөн.
Монгол Улсын хэмжээнд 2 366 900 иргэн саналаа өгөх ёстойгоос 1 478 950 сонгогч буюу 73.65 хувь нь сонгуульд оролцон саналаа өглөө. Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа.
Хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэх гардуулах шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний үнэмлэхийг ирэх даваа гаригийн 10.00 цагт гардуулна” гэлээ.