Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Сонгогчдын итгэлийг авч чадаагүйдээ уучлал хүсч байна

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдээлсэн юм. Тэрээр “Сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарсан. Тэрийг сонгуулийн эрх бүхий байгууллага болох хууль, цагдаагийн байгууллагууд шалгаж, тогтоох байх. АН энэ сонгуульд төлөвлөж байсан хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс АН-ын үндсэн дүрмийн хүрээнд намын даргын хувьд би хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгсөн. Энэ талаараа үндсэн дүрэмд заасны дагуу холбогдох газарт нь өргөдлөө шилжүүлсэн байгаа. Сонгуулийн дүн Сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг харууллаа. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн санал авч, 62 суудал авсан. 50 хувь хүрээгүй. Өмнөх 2016 оны сонгуульд ч гэсэн 40 гаруй хувийн саналаар 65 суудал авч байсан. Сонгуулийн маань шууд төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж үзэж байгаа. АН 24.5 хувийн саналаар 11 суудал авсан бол бусад нам эвсэл, бие даагчид 30.6 хувийн саналаар гурван суудал авсан. Энэ нь ардчиллын төлөөллийн зарчим хангагдахгүй байгааг харуулж байна. Цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж, нэг нам, нэг бодлогын хэмжээний улс төрийн хүчин болж, сонгуульд оролцох шаардлагатайг харуулж байна. Ардчиллын төлөөх намууд цаашид нэгдэж, нягтарч, эвслээс илүү нэг нам болж, үзэл баримтлалаараа нэгдэх хэрэгтэй. АН-ыг тэргүүлж сонгуульд оролцсоны хувьд надад алдаа оноо олон байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа олж, нэг баг болж ажиллаж чадаагүй. Энэ нь сонгуулийн маш том боломжийг алдсан гэж харж байгаа. Монголын нийгэм эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, идэвхтэй сөрөг хүчний байр суурийг хангаж ажиллаж чадаагүй. Сонгогчдын итгэлийг авч чадаагүйд уучлал хүсэж байна.

Цаашид АН 200 мянга гаруй сонгогчийн итгэлийг хүлээж, үндэсний хэмжээний эрх баригч нам болохын тулд хичээл зүтгэл гаргах болно. Ардчилсан хүчний намууд нийлээд 55-56 хувийн санал авах боломжтой байсан.

Цаашид АН-ын удирдлагууд энэ тал дээр анхаарч, ажиллаж чадна гэж итгэж байна.

АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд тамга, дүрмийг АН-ын дэд дарга Ц.Туваанд түр шилжүүлж байна. Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгууль, сунгааг амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. 200 мянган гишүүнээс нэгдмэл удирдлагаар хангаж чадаагүйд хүлцэл өчье” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


шударга болж чадав уу?

-Хяналтын шатанд ноцтой зөрчил гараагүй байна. Ер нь хар машины тооллогод мэргэжлийн түвшинд хяналт тавих шаардлагатай гэж харж байгаа.

Энэ тал дээр эргэлзэж, тээнэгэлзсэн сонгогчид олон байна.

-Сонгогдсон нэр дэвшигчдээс хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа хүн байгаа юу. Шүүхийн шийдвэрээр АН суудал нэмэх боломж бий юү?

-Сонгуулийн явцад прокурор цагдаагийн түвшинд шалгагдаад шүүх рүү шилжсэн тохиолдлууд бий.

Өвөрхангай аймаг, Чингэлтэй дүүрэгт асуудал гарсан. Хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй учраас бид хэлэх боломжгүй. Хууль шүүхийн байгууллага тогтоосны дараа асуудал яригдах байх.

-Ардчилсан нам шинэчлэл хийж чадаагүй нь сонгуульд ялагдсан гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Манай намд шинэчлэл хийгдэж байгаа. Үр дүн нь яваандаа мэдрэгдэх байх. Олон үзэл баримтлалыг нэг туган дор нэгтгэх нь хичээл зүтгэл шаардсан ажил байлаа.

-АН-ын даргыг хэзээ сонгох вэ?

-АН-ын даргын сунгаа гурван сарын хугацаанд үргэлжилнэ гэлээ.

Б.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *