Хиймэл оюун (англ. Artificial Intelligence, AI) нь компьютерийн программ хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дуурайлгасан эсвэл бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно. Ихэнх хиймэл оюун судлаачид болон ном зохиолд судалгааны энэ чиглэлийг тодорхойлохдоо “ухаалаг агент бүтээх шинжлэх ухааны судалгаа” гэсэн байдаг. Энд ухаалаг агент гэдэг нь “орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем”-юм байна. Анх “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, “ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан” гэж тодорхойлжээ. Маш товчоор хиймэл оюун ухаан гэдэг нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм.
Шинэ зуун гарснаар хүн төрөлхтний хиймэл оюун ухааны талаарх бие даасан судалгаанууд нийтлэгдэж, робот анх удаа иргэншил олж авсан нь хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байлаа. Мөн хиймэл оюун ухаан хөгжсөнөөр олон ажил мэргэжлүүд алга болж бүр ажил мэргэжил гэх ойлголт өөрөө өөрчлөгдөхөд хүрээд байна. Хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн робот хүмүүсийн өдөр тутмын амьдралд оролцож эхэлснээр, хүмүүсийн амьдралын хэв маяг сайн сайхан тал руугаа бүр мөсөн өөрчлөгдөнө. Бас хиймэл оюун ухааны хөгжил эрчимжих тусам роботууд дэлхий нийтийн асуудлуудыг зохицуулдаг болж хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх болно гэсэн эсрэг үзэл ч гараад байгаа юм.
Бүр 1943 онд Варен Маккул болон Волтер Витс нарын хэвлүүлсэн “A Logical Calculus of Ideas Immanent in Nervous Activity-Мэдрэлийн үйл ажиллагааны үр дүн болох бодлыг тооцоолон, хиймлээр гаргах арга”нийтлэлийг хамгийн анхны хиймэл оюун ухааны нийтлэл хэмээн үздэг байна. Энэхүү нийтлэл нь тархийг тооцоолох төхөөрөмжөөр орлуулж болно гэдгийг онолын түвшинд баталсан аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлсэн билээ. Английн математикч Алан Тюринг 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан. Тэрээр машин бүтээхээс илүү компьютерийн программчлалаар ХО буюу AI-г судлах нь хамгийн сайн гэдгийг анх шийджээ. 1950 оны сүүлээр AI-г олон хүн судлах болсон бөгөөд ихэнх нь компьютер программчлалыг ашигладаг болсон байлаа.
2016 оны 12 дугаар сард Цагаан ордны эдийн засгийн зөвлөхүүд болон судлаачид хамтран “Хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөөлөл, ирээдүйд АНУ-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийж, үр дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Уг судалгаанд:
Хиймэл оюун ухааны дэвшлийг аж үйлдвэрт нэвтрүүлснээр бүтээмж их хэмжээгээр нэмэгдэж байна Цаашлаад үйлдвэрлэлд ажилладаг, биеийн хүчний ажил хийдэг нийгмийн бүлэг болоод боловсрол өндөртэй мэргэжилтний цалингийн зөрүү нэмэгдэх хандлагатай байна. Том хэмжээний зөөврийн машинаар тээвэр хийдэг салбарынхан ирэх 10 жилд бүх машинаа автоматжуулахаар зэхэж байгаа нь 3.8 сая хүний ажлын байрыг программчилсан машин булаахаар заналхийлж байгаа хэрэг юм. Түүнчлэн ресторан, зөөврийн машин, офисын бичиг хэргийн ажилтан гэх мэт ажлын байранд өөрчлөлт орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нийт ажлын байрны есөн хувийг эзэлж байна. Карл Фрей болон Майкл Осбоурн нарын 2013 онд хийсэн судалгаагаар Америкийн нийт ажлын байрны 47 хувь автоматжуулалтад орох аюул тулгараад байна гэжээ. Түүнчлэн “Accenture”-аас гаргасан тайланд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна гэснийг ч дурдсан байжээ.
Үнэхээр ч өнөөдөр хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбарт хүний хүч шаардагддаг, хар бор ажлуудыг робот болон зориулалтын автомат дамжлагат системээр зохицуулж байна. Ингэснээр ажилчны даатгал, үйлдвэрийн осол, осолд орсон хүнд өгөх төлбөр гэх мэт олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болоод байгаа юм. Мөн 2012 онд Гүүгл компанид Deep Learning-ийн хоёрхон судалгааны баг байсан бол 2016 онд тус компани үүнтэй холбоотой 1000 гаран төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ технологийг хэрэглээнд нэвтрүүлснээр Гүүглийн хөрвүүлэг хийх технологи (Google translate), хүний дуу авиа таних төхөөрөмж (Android Phone, Cortana), зураг таних технологи (Google driverless car, Youtube) зэрэг нь гайхалтай өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд цаашид улам бүр боловсронгуй болох нь дамжиггүй юм. Гүүглийнхэн 2014 онд Их Британийн “Deep Mind” гэх хиймэл оюун ухааны технологийн компанийг 500 сая доллараар худалдан авч, тархины богино хугацааны ой санамж, сэтгэхүйг хуулбарлах чадвартай технологийг ашиглах болж өнгөрсөн арваннэгдүгээр сараас “A.I. first” гэх уриа дэвшүүлээд байгаа билээ.
Аж үйлдвэрт иймэрхүү зүйл болж байгаа юм байна. Тэгвэл бусад салбарт өнөөдөр юу болж байгаа юм бол.
Өнөөдөр дэлхийд алдаршаад буй хиймэл оюун ухаануудын нэг “IBM Watson” өөртэй нь ижил технологи хөгжих нь ямар сөрөг үр дагавар учруулж болох тухай өгүүлэх “Morgan” нэртэй киноны трэйлэр/богино видео өгүүлэмж/-ийг бүтээжээ. Үүний өмнө эрдэмтэд түүнд 100 гаруй аймшгийн киноны трэйлэрийг үзүүлж сургасан бөгөөд өмнө нь хүн хийвэл бараг сар орчмын хугацаа шаардагддаг байсан ажлыг өнөө хиймэл оюун ухаан чинь ердөө 24 цагт хийж дуусгасан аж. “Watson” нийт зургаан минут үргэлжлэх 10 гаруй хэсгийг киноноос тасалж трэйлэрт оруулахаар бэлтгэсэн бөгөөд үүн дээр нь хүмүүс ажиллан дарааллыг нь л зохицуулсан аж. Хиймэл оюун ухааны бүтээсэн энэхүү трейлэрийг үзсэн хүн болгон маш эвгүй сэтгэгдэлтэй үлдсэн гэдэг.
Өнөөдөр хөгжмийн урсгалуудын ихэнх дуугаралтыг компьютер гаргадаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ компьютер өөрөө бие дааж хөгжмийн нот бичиж, дуу бүтээсэн түүх байхгүй. Тэгвэл Парис дахь “Sony”-гийн багийнхан “Flow Machine” нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хоёр ч поп дуу гаргасан гэнэ. Тэд янз бүрийн төрөл жанрын 13 мянга гаруй хөгжмийг роботод сонсгож сургасны дараа ийм үр дүнд хүрчээ. Гэхдээ энэ нь тэр 100 хувь бие дааж дуу гаргасан гэсэн үг биш. Хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг гарган, найруулга, дуугаралт болон бусад тохируулгын ажлыг нь харин “Flow Machine “хийсэн аж. “Daddy’s Car” нэртэй дуу нь л гэхэд The Beatles-ийн стилиэр бичигдсэн дуу юм.
Японы утга зохиолын хамгийн алдартай шагналуудын нэг Хоши Шинчитэй холбоотой хамгийн онцлох мэдээ нь хиймэл оюун ухааны бичсэн богино хэмжээний өгүүллэг эхний шатнуудын бүх шалгаруулалтыг давсан явдал болов. Хакодатегийн их сургуулийн судлаачдын хиймэл оюун ухаантай хамтран бичсэн “The Day A Computer Writes a Novel” буюу “Компьютер өгүүллэг бичсэн өдөр” нэртэй бүтээл уг шалгаруулалтын эцсийн шатанд хүрсэн нь энэ аж. Тус багийн судлаачид зарим үг болон өгүүлбэрийн сонголт болон дарааллыг тодорхойлж, эцсийн найруулга болон өрнөлийг компьютер хийжээ. Гэхдээ энэ зохиол сүүлчийн шатанд хүрсэн ганц нь болохоос биш тэмцээнд оролцсон өөр олон ижил төрлийн бүтээлийн нэг юм. Энэ жилийн шалгаруулалтанд орсон 1450 зохиолын 11 нь ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухааны оролцоотой байжээ.
Нөгөө талаас нэрт эрдэмтэн Стефен Хокинг BBC-д өгсөн ярилцлагандаа “хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ” гэснийг санахад илүүдэхгүй. Үүнийгээ тэрээр “Тэр (A.I.) өөрийгөө тасралтгүй сайжруулах чадвартай. Тиймээс биологийн бүтээгдэхүүн болох удаан хөгжилтэй хүмүүс түүнтэй өрсөлдөж чадахгүй, богино хугацаанд ялагдах болно” гэсэн билээ. Мөн тэрээр Хятадын нийслэлд болсон Хөдөлгөөнт интернэтийн дэлхийн бага хурлын салбар видео хурлын үеэр Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтний соёл иргэншлийг сөнөөн устгах шалтгаан болж магадгүй. “Хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтөнд эерэг сайн зүйлүүдийг авчрах ч бас хамгийн аймшигтай хүчин зүйл болж болзошгүй юм. Хиймэл оюун ухааны учруулж болох аюулыг бид ухаарч ойлгох ёстой” хэмээн онцолсон аж. С.Хокингийн үзэж байгаагаар, нэн шинэ технологиуд нь хүнийг эцэстээ чадавхийн доройтолд оруулж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй ямар ч арчаагүй нэгэн болгох аюултай юм. Байгалийн хувьсал, амьд үлдэхийн төлөө тэмцэл явагдаж буй нөхцөлд энэ нь найдвартай үхэл мөхөл гэсэн үг. Гэхдээ хиймэл оюун ухааныг чадварлагаар ашиглах юм бол дэлхийн асуудлуудын ихэнхийг нь шийдэх чадвартай гэж эрдэмтэн тэмдэглэн тэмдэглээд “Дашрамд хэлэхэд энэ бүхэн заавал болно гэж би үзэхгүй байна” хэмээн С.Хокинг үгээ төгсгөсөн байна.
Bloomberg” болон Оксфордын их сургуулиас гаргасан ойрын ирээдүйд робот буюу хиймэл оюун ухаанаар орлуулагдах боломжтой 700 ажлын байрны жагсаалтын судалгаа тун удахгүй ахин шинэчлэгдэнэ гэнэ. Зээлийн эдийн засагч, ресепшн, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд зэрэг ажлын байрууд дээр удахгүй зохиолчид, хөгжмийн мэргэжилтнүүд, эвлүүлэгчид очсон байхад гайхах зүйл үгүй аж. Гэхдээ мэргэжлийн хүмүүс огт айж сандрах хэрэггүй юм байна. Учир нь ямар ч мэргэжилд элит хэсэг гэж байдаг аж. Энэ нь та үнэхээр сайн сэтгүүлч, хуульч, багш, тогооч, жолооч бүр бие хамгаалагч байсан ч ажлаасаа халагдахгүй харин ч цалин нэмэгдэх юм байна. Учир нь хиймэл оюун ухааны хийсэн юмыг нарийн мэргэшсэн хүмүүс л хянаж бас сайжруулан чиглүүлэхээс өөр аргагүй ажээ.
Г.АМАРСАНАА