Categories
мэдээ цаг-үе

Старт-ап хөгжүүлэгч ангийнхан

Бид энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү эдийн засгийн анги хамт олныг урьж оролцууллаа. Энэ анги 27-уулаа буюу 21 охин, зургаан хөвгүүнтэй. Ангийнхан 2017 онд МУИС-д элсжээ. Одоо тус анги хамт олон А.Энхбат багшийн удирдлага дор суралцаж байна. Ангийн багш А.Энхбат нь Сангийн яам болон томоохон байгууллагуудад олон жил ажиллаж байсан туршлагатай аж. 2016 оноос МУИС-д үндсэн багшаар ажиллаж байгаа. Ангийн даргыг Д.Минжинсор гэдэг. Тэрээр анги хамт олноо удирдан чиглүүлж нэг баг болгоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Энэ анги хамт олныг Г.Мэргэн, О.Мөнхнасан, Н.Анударь, Ү.Батмагнай, Ц.Баянжаргал, Л.Болдбаатар, Э.Бурмаа, А.Гантүлхүүр, М.Дүүрэнжаргал, Э.Дүүрэнсайхан, Т.Ичинноров, Б.Мишээлт, Б.Мөнхсаран, Б.Нарангоо, Х.Нямгэрэл, З.Санчир, Г.Сувдаа, Б.Сэлэнгэ, Х.Тэмүүлэн, З.Хосбаяр, А.Хүслэн, О.Цалгиун, А.Чимэдсүрэн, Б.Чүлтэмсүрэн, А.Энхбаяр, П.Энхжин нар бүрдүүлж байна.

Ангийнхан өөрсдийн эзэмшиж буй мэргэжилдээ 100 хувь сэтгэл хангалуун байдаг гэнэ. Тэд төгсөөд хаана ажиллахаа эртнээс төлөвлөжээ. Сангийн яам, татварын газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, гааль, улсын аудит зэрэг газруудад ажиллах боломж бидэнд бий учраас хичээл зүтгэл их гаргадаг гэж байв. Түүнчлэн энэ ангийнхан төрийн байгууллагад ажиллаж, нийгэмд ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлж байлаа. Ангийнхан нэг баг болж аливаа тэмцээнд идэвх хичээл зүтгэлтэй, санал нэгтэй оролцдог гэдгээ тодотгосон юм.

Ангийн хөвгүүн Ү.Батмагнай хэлэхдээ “Би “NUM Start up” гэх клубийг санаачилж ангийн хэсэг нөхөдтэйгөө хамтран байгуулж байлаа. Үүний дараа олон үйл ажиллагаа хамтарч зохион байгуулж байсан. Бид нэг ангид элсэж орохоосоо өмнө бие биенийгээ мэддэг болчихсон байсан л даа. Учир нь клубээ нэгдүгээр курстээ нээж байсан юм. Тэгтэл нэг клубийн хүүхдүүд нэг анги болоод ороод ирчихсэн байсан” гэлээ.

Клубээ хэрхэн нээсэн талаар тэрээр үргэлжлүүлэн “Намайг МИУС-т элсэж орж ирэхэд оюутны хөгжлийн байгууллага нь ихэвчлэн нэг төрлийн байгууллага байсан гэж хэлж болно. Нэг бол илтгэл мэтгэлцээн, спорт урлагийн гэх мэт клубүүд л үйл ажиллагаа явуулдаг. Харин бизнесийн сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб байгаагүй. Би тэр чиглэлээр илүү сонирхолтой болохоор хичээлийнхээ хажуугаар сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Жишээ нь, бизнесээ дөнгөж эхэлж байгаа залуус яах ёстойг хамтдаа ярилцаж, хөгжиж, мэдээлэл солилцож суралцдаг оюутны байгууллага нээхийг зорьсон. Анх клуб маань миний төсөөлснөөс илүү бодит болсон л доо. Бид санал нэгтэй аливаа зүйлд хандаж, олон сонирхолтой ажил хийсэн. Хичээлээс гадуурх чөлөөт цагаараа МУИС-ийн оюутнуудад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулсан. Саяхан МУИС-ийн албан ёсны клуб болж МУИС-аас зохион байгуулж байгаа бизнесийн чиглэлийн үйл ажиллагаануудад идэвхтэй хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа” хэмээлээ.

Энэ ангийнхны дийлэнх нь өөрсдийн старт ап, гарааны бизнесүүдээ эхлүүлээд явж байгаа гэнэ.

Ангийн хөвгүүн Г.Мэргэн нь саяхан “Сэхүүс” компани байгуулж, Winner аппликэйшн гаргаж байгаа аж. Энэ апплейкшн нь чөлөөт цагийг хэрхэн өнгөрөөж байгаа талаар бичлэг оруулах, тоглоом тоглох, хоорондоо холбогдох боломжтой юм байна.

Ангийн хэсэг бүлэг хүүхдүүд хамтарч үл хөдлөхийн чиглэлийн хөрөнгө удирдлагын REIX компанийг ч үүсгэн байгуулаад амжиж. Ангийнхан жигдэрч амжаагүй олон старт-апууд байгаа талаар ч хэлж байв.

Мөн хөрөнгийн зах зээл, старт-апын чиглэлээр ангийнхаа хүүхдүүдтэй хамтран сургалт явуулдаг талаараа хэлж байв. Бид санхүүгийн оюутнууд. Тэр утгаараа бодит арилжаа хөрөнгө оруулалт хийхэд ямар ур чадвар хэрэгтэй гэдгийг судалж мэдэж сурсан. Энэ мэдээлэл мэдлэгээрээ хувьцаанаас хэрхэн ашиг олох, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох талаар хүмүүст заадаг. Мэдээж оюутнууд иймэрхүү зүйл хийгээд ирэхээр эхний ээлжинд хүмүүс үл итгэсэн байдлаар хандаж байсан. Анх бол луйвар хийх гэж байгаа хүн шиг л харж байсан хэмээн инээлдэв.

Хамт олон болоход тулгардаг эхний асуудал нэг нэгнийгээ ойлгох, баг хамт олон болж ажиллах байдаг юм билээ. Энэ тал бидэнд хүндрэл гарч л байлаа. Тэгсэн ч бид маш нийтэч хамт олон. Бид мэргэжил нэгтэйгээс гадна, хүсэл сонирхол хийж байгаа зүйл ижил болохоор өдөр шөнөгүй хамт хөгжиж сурч явна хэмээн тэд ярилаа.

Б.МЯГМАРБОЛОР

М.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *