“Нэг анги” булангийн энэ удаагийн зочноор Монголын анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын сурч байсан Булган аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн 1992 оны төгсөлт 10а ангийнхныг урьлаа. 10а ангийнхан 1982 онд анх сургуулийн босго алхан оржээ. Анх Г.Оюун багштай 1а болон Д.Цэцгээ багштай 1б гэсэн хоёр бүлэг байсан бөгөөд наймдугаар ангийг Ж.Даваасүрэн, Г.Алимаа багш нар төгссөн байна. Улмаар 1992 онд хоёр ангийг нийлж 10а болоход нь Б.Галя багш удирдан төгсгөж амьдрал хэмээх их далай руу хөтлөн оруулсан дурсамж саяхан мэт санагдана. Бага ангидаа хэдий хоёр бүлэг байсан ч цөөхөн хүүхэдтэй учир нэг анги мэт ижилдэн дасч, их л дотно нөхөрлөдөг байж. Тиймээс анги дэвших тусам нэгэн цул болж хамтдаа хичээл сурлага, тэмцээн уралдаан, спортын наадам, урлагийн тэмцээнд ихэвчлэн тэргүүлдэг болжээ. Үүний нэг тод жишээ бол хоёрдугаар ангид байхдаа “Уриа” хамтлаг байгуулан дуу, шүлэг, жүжиг бэлдэн багшийнхаа оролцоогүйгээр өөрсдөө Булганы цэцэрлэгүүд болон хорооллын айлуудаар явж хүүхэд хөгшдөд концерт тоглож өгдөг байж. Мөн аймгийн төвийн байшингууд дээр хүмүүсийн сараачсан зүйлсийг шохойдож арилган, сургууль дээрээ сурагч нөхөрлөл байгуулан ангиудаар явж ариун цэвэр шалгадаг, бага ангийн дүү нарынхаа хичээлийг давтуулдаг байв. Сурлага, урлаг спортын олон тэмцээн уралдаанд сургуульдаа төдийгүй аймаг улсдаа амжилт гаргаж байжээ. Тухайлбал, зургадугаар ангидаа монгол хэл, бичгийн улсын олимпиадад ангиараа III байр, есдүгээр ангидаа орос хэл, бичгийн улсын XI олимпиадад ангиараа мөн III байр эзэлж аймаг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явсан нь түүх болон үлджээ. Түүнчлэн Э.Сундуй, Д.Хосбулаг, Ц.Тэмүүлэн, Ч.Мөнхөө, Д.Алтанзагас, Р.Ариунбилэг, Д.Лхагвасүрэн, Ч.Төмөрбаатар, Б.Баярмаа нар анги хамт олон, сургууль, аймгаа төлөөлөн математик, хими, физик, орос хэл, цана, тэшүүр, хөнгөн атлетикийн аймаг, улсын олон тэмцээн уралдаан, олимпиадад амжилттай оролцдог байжээ. Тэр үед сургууль, анги танхим маань их л өнгөлөг, багш нар маань маш чадварлаг, хичээл номын зэрэгцээ урлаг, спорт, нийгмийн маш олон гоё арга хэмжээ байнга зохиогддог, ёстой л эрдэм ажил буцалсан их өргөө байсан даа хэмээн ангийнхан дурсана.
Он жил өнгөрч, хүмүүний амьдрал өөрчлөгдсөн ч багын дурсамж сэтгэлээс хэзээ ч гардаггүй, эргээд санахад өчигдөрхөн юм шиг л тодхон байдаг. Энэ дурсамжуудын нэгээхэн хэсэг бол яахын аргагүй тухайн үеийн намрын ургацын ажилд оролцох билээ. 10а ангийнхан зургадугаар ангиасаа намрын ажилд явж, тариа хураалт, төмс хураалт, барилга барихад хүртэл ажиллаж байв. Хишиг-Өндөр сумын дэлгүүрийн барилгыг барихад хүртэл оролцож байсан гэнэ. Хамтдаа намрын ажилд явна гэдэг сурагчдын хүсэн хүлээдэг ажил байв. Есдүгээр ангид ордог 1990 оны намар бид Бүрэгхангай суманд төмс хураалтанд явлаа. Үйлчлэх хөдөлмөрийн багшаар шинэ төгсөж ирсэн Оюунчимэг гэж залуухан багш болон түүхийн Дашцэрэн багш сурагчдыг удирдаж явжээ. Дашцэрэн багш сурагчдад олон сонирхолтой түүх ярьж өгнө. Төмс хураалтад өдөрт тэдэн шуудай гээд норм тогтооно. Нэг хөвгүүн нэг охин нийлж нэг баг болоод уралдана. Гэрээсээ авчирсан боов боорцог, ногоо голдуу шөлтэй хоолоо идээд, өдөржин ажилласан ч ядрахыг мэдэхгүй оройжин инээлдэж тоглодог балчир насныхаа тухай ярьцгаана. Дашцэрэн багш үг үсэг холбож ярьж хүүхдүүдийг хөгжөөнө. Төмсний талбай дээр ажиллаж байхад “Амыг нь онгойлгоод үзэхэд, аргагүй том төмс байвал аваад ирцгээ хүүхдүүд ээ!” гэх юмуу, эсвэл орой майхныхаа урд гал түлээд сууж байхад “Урдаасаа салхитай байхад учиргүй гал өрдөөд боль наадахаа” гэж хөгжөөнө. Сурагч О.Бат-Эрдэнэ нэг өглөө түрүүлж босч цай чанах жижүүртэй, цайгаа чанаад майхны гадаа сууж байтал, багш нь “Болсон уу цай?” гээд хашгиртал О.Бат-Эрдэнэ багшийнхаа ярианы өнгөнд тааруулан “Болоогүй байна цай” гэж хашгирахыг сонсоод майханд байсан хүүхдүүд нирхийтэл инээлдсэн нь одоо ч мартагддаггүй байна. Хаа нэг бороотой өдрөөр нэг их дуу хуур гээд байдаггүй Лхагвасүрэн гитар даран
“Суусрын гүйдэл салхинд шанхаар наадан сэвэлзээд
Суурь хөлгөн асрын шашдир цэцэг дэрвээ юү
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгуулан өнгийн цэцэг дэрвээ юу” гээд дуулахад охид хөнгөн гунигтай сонсон суух нь одоо ч тодхон хэмээн ангийн хөвгүүд нь дурсах. За тэгээд намрын ажлаа дуусгаад харих үед Д.Бат-Эрдэнэ хэзээний шооч зангаар “Охид оо, та нарын наад хацрын сайр сар болсон ч арилахгүй гэж мөрийцье” хэмээн бөөн инээдэм болгоно. Бас ажлын хөлс гэж хэдэн төгрөг аваад Боко буюу Болорын ээжийн ажилладаг ресторан руу гүйж том улаан боорцог аваад идчихнэ. 10а ангийнхан намар, өвлийн спартакиадад их идэвхтэй, зохион байгуулалттай оролцоно оо. Дээгүүр ч байр эзэлнэ. Манай Төөмөө (Төмөрбаатар), Баярмаа, Оёко (Оюунтуяа), Эрдэнэбаяр, Бадингоо (Батмөнх), Хосоо (Хосбулаг), Жанчив, Загасаа, Мөнхөө нар маань цана, тэшүүр, хөнгөн атлетикийн ганцаарчилсан төрлүүдэд оролцоно.
Хосоо тэшүүрээр, Баярмаа цанаар улсын чанартай олон тэмцээнд амжилттай оролцсон байна. Түүний зэрэгцээ сурагчид Ачуутын голынхоо урд уулан дээр амралтын өдөр бүр л цана чаргаар гулгана, цасаар байлдаж тоглоно.
Сурагчдыг долдугаар ангид ордог жил буюу 1989 онд Халхын голын ялалтын 50 жилийн ой болж, улс даяар өргөн арга хэмжээ болж. Үүнтэй холбоотойгоор
Орос хэлний баяр болох гээд ангиараа Б.Галя багштайгаа шаргуу бэлдэв. Гэтэл нэг өдөр Тулгаа (Баттулга) гэнэт шалан дээр подхийтэл ухаан алдаад уначихаж. Хэт их ачаалалттай бэлдсэн нь тэр байж. Хүүхэд болохоор ядрахаа ч мэдээгүй биз. Тэр жил ангиараа Халхын голын дайнд оролцсон, Булганд амьдардаг ахмад дайчин Шаравжамц гэдэг өвөөд тусалж хүүхэд бүр нэг, нэг төгрөг нийлүүлэн гурил, будаа, сахар, тос гэх мэт хүнс авчээ. Ингээд ангиараа гэрт нь очиж, хөвгүүд түлээг нь хөрөөдөж хагалаад, охидууд олон жил ганц биеэрээ амьдарч утаа угаарт идэгдсэн бор гэрийг нь цэмцийтэл угааж цэвэрлэн өгчээ. Өвөө их л баярлан хоймрынхоо авдарнаас Халхын голын дайнд оролцож байсан гэсэн үнэмлэх, өөрийнхөө болон бурхан болсон охиныхоо зургийг үзүүлэн, дайнд оролцож явсан тухайгаа хуучилж өгч байжээ. Мөн энэ жил зочид буудлын арын сааданд, тэр үед дөнгөж баригдаад байсан баатруудын хөшөөний яг дэргэд таван хошуу хэлбэртэй цэцгийн мандал байгуулан, хаанаас ч юм олсон сумны хонгионууд, цэргийн малгай, усны сав гэх мэт зүйлсээр баяжуулан ангидаа Халх голын дайны тухай танин мэдэхүйн түүхэн булан байгуулан, төв сааданд Булганы бүх ахмад дайчдыг урьж авчран хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байсан зураг нь одоо ч байдаг аж. Хамгийн гол нь энэ бүхнийг бид ямар ч багшийн шахалт шаардлагаар биш, өөрсдөө санаачлан зохион байгуулдаг байсан нь нөгөө талаас сургууль багш нарын маань биднийг багаас нь идэвх санаачилгатай, чадвартай, биеэ даасан хүүхдүүд болгож хүмүүжүүлж байсны ач гавьяа юм шүү хэмээн ярьцгаана. Ангиараа хот явж үзэхээр өөрсдөө хөдөлмөрлөж мөнгө олжээ. Ингээд 1991 оны хавар Улаанбаатар хотод ангиараа аялж мөрөөдлөө биелүүлжээ. ПАЗ автобусыг хөлсөлж аваад Б.Галя багштайгаа Улаанбаатар хотод ирж. Улаанбаатарт ирээд Зайсан толгой, Сүхбаатарын талбай гэх мэт хотын бүх л сайхан газруудыг үзэж кино театрт кино үзэн, Залуучуудын холбоон дээр тухайн үеийн хит болж байсан “Харанга” хамтлагийнтай уулзалт хийн, зургаа хамт авахуулсан нь сурагчдын хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан аялал болжээ. 1992 оны хавар сургуулиа төгссөнөөс хойш өөр өөрийн амьдралын зам мөрөөр жигүүрлэж явсан хэдий ч ижилдэн дассан нэг ангийнхан гэдэг нэг насны нөхөрлөл учир өнөө ч уулзахаараа биесээ багын хочоор нь дуудаж, инээж хөөрдөг гэнэн томоогүй зан нь хэвээрээ ажээ. Одоо уг ангийнхан Д.Лхагвасүрэн, С.Жанчив, М.Тунгалаг, Д.Хосбулаг, Л.Ганчимэг, Б.Баттулга, Д.Батхүрэл, Ч.Мөнхөө, Н.Хонгорзул, М.Болормаа, М.Сүнжидмаа, Л.Дэжид, Д.Пүрвээ нар маань Булган нутгийнхаа голомтыг манан аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Харин Б.Баярмаа, Д.Сувдаа хоёр Өвөрхангай аймагт, Ц.Саранчимэг, Ш.Бат-Эрдэнэ нар Эрдэнэт хотод, Ц.Цэцэгсайхан Сэлэнгэ аймагт, Энх. Ганзоригт Өмнөговь аймагт, Б.Үүрдмөнх Дархан-Уул аймагт, Н.Ганчимэг (АНУ), Ц.Тэмүүлэн (АНУ), Э.Сундуй (Африк), Н.Түвшинбаяр (Испани) нар гадаадад амьдарч байгаа аж. Д.Болор, Д.Бат-Эрдэнэ, Ч.Төмөрбаатар, Ц.Төмөрчөдөр, Д.Доржпүрэв, Р.Ариунбилэг, Д.Алтанзагас, Г.Хишигдэлгэр, Б.Алимаа, Г.Цэнджав, Ц.Эрдэнэсайхан, О.Бат-Эрдэнэ, М.Золзаяа, Д.Оюунтуяа, Д.Батмөнх, С.Отгонбаяр, О.Уянга, Д.Эрдэнэбаяр, Н.Буянзаяа, Энэ.Ганзориг нар Улаанбаатар хотод хань ижил, үр хүүхэд, ажил албатай түвшин сайхан амьдарцгааж байна. Тус ангийнхан 2017 онд төгсөлтийнхөө 25 жилийн ойг Булган аймгийн төвийн сургуулиудын 1992 оны нийт төгсөгчдийн нэгдсэн уулзалт болгон тэмдэглэхдээ хамтын хүчээр Булган хотдоо “Сургууль төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг санаачилжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнөөдөр үе үеийн төгсөгчдийн хүчээр өргөжин дэвжиж, цэцэрлэгт нь хүүхэд залуусын очих дуртай газар болжээ.