“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.
“ …26 |1936| оны дундуур уран сайхны улс төрийн зөвлөлөөс… улс хувьсгалын 15 жилийн ойд зориулж зарласан уран зохиол, яруу найруулгын уралдаанд хот хөдөөгийн 17 авьяастан оролцсоноос нэгдүгээр зэрэгт орсон Т.Нацагдорж, Цэвэгмид, Пэрлээ, даржаа нарт “ардын уран зохиолч” цол олгожээ…” гээд сонин баримтууд уншлаа, цаашаа ч бас бидний машид сайн мэддэг зохиолчдын нэрс гарч байна…
-Энэ бол Монголын уран зохиолын түүхнээ бага Нацагдорж гэж алдаршин үлдсэн Т.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан бичсэн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаярын Уран сайхны Зөвлөлийн “Ардын уран зохиолч” Төмөрийн Нацагдорж өгүүллийн хэсэг л дээ. Ер нь их сонирхолтой өгүүлэл. Манай сэтгүүл гарсан цагаасаа л зохиолчдынхоо ойн жилд зориулсан ийм эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг мэргэжлийн судлаач, эрдэмтдээр бичүүлэн нийтэлдэг юм. Энэ жил гэхэд л олон зохиолчдын ой тохионо. Хаврын дугаартаа бид Л.Ванганы тухай тавьсан, мэндэлсний 100 жил нь энэ онд тохиож байгаа энэ аугаа хүний тухай Зохиолчдын байгууллагууд ер нь дуугарсангүй. “Улирал ба Зохиолч” сэтгүүл энэ жил мэндэлсний 100, 90 жил нь тохиож байгаа уран зохиолын нэрт шүүмжлэгч нар болох Г.Жамсранжав, Ц.Хасбаатарын нарын тухай тавина. Энэ жил бас шог зохиолч Ж.Барамсайн 70, яруу найрагч, 80-аад оныхны нэртэй төлөөлөгч С.Батмөнхийн маань 60 жил бас тохионо… Энэ мэтчилэн нэрлэвэл зохиолчдын олон ой бий…
-Зохиолчдын мэндэлсний ой гэснээс, ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх жил тохионо. Дээр ч бас улс хувьсгалын 15 ойд зориулсан уран зохиолын уралдааны тухай сонирхолтой баримт хэллээ.
-За чи ёстой чухал санаа хэллээ дээ, төр засгаас ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулж уран зохиолын уралдаан зарлаасай, төрөл бүр дээр нь зарлаасай, сайхан уламжлал ч бий шүү дээ, “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн” романууд ийм л уралдаанаас төрсөн шүү дээ, “Есөн эрдэнийн эх орон” найраглал ч энэ л уралдаанаас төрсөн байдаг, С. Пүрэвийн “Уулын намар”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” зэрэг туужууд ч бас ийм л уралдаанаас гарчээ, Олон сайхан дуунууд ч бий… Жүжиг, өгүүллэгүүд ч бас бий…
-Зохиолчдынхоо урмыг бадрааж, онгодыг нь дуудсан томоос том бай шагналтай уран зохиолын уралдаан төр засгаас зарлах байлгүй дээ.
-Ерөөл орших болтугай…Тэгвэл шилдэг бүтээлийнх нь дээжсээс уншигчдадаа хүргэхэд хуудсаа харамгүй зориулна даа. Ер нь шилдгийн шилдэг туурвилаар л дугаар бүрээ бэлтгэх гэж сэтгүүлийн хамт олон минь хичээдэг юм. Энэ дугаарт гэхэд л 1901 онд уран зохиолын анхны Нобелийн шагналыг хүртсэн Францын яруу найрагч Сюлли Прюдомын намтар, шүлгүүдээс нь орууллаа. Бэлтгэж ирүүлсэн хүн нь Францад амьдрагч, орчуулагч Ш.Майцэцэг. Гадаадад суугаа оюунлаг Монголчууд сэтгүүлийг минь дэмжихийн зэрэгцээ уран бүтээл, орчуулгаасаа ирүүлж байдагт уншигчид минь баяртай байдаг. “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг” буланд мөн л Францад амьдарч, Монголын уран зохиолоо Францын уншигчдад хүргэж байгаа, авьяаслаг залуу орчуулагч Р.Мөнхзулын орчуулгаар нэрт яруу найрагч Поль Элуарын шүлэг орсон. Туркийн зохиолч Азиз Несины “Бид бүгд залуудаа яруу найраг шохоорхдог байсан…” өгүүллэг ч бас сонирхолтой шүү.
-Хорин зургаа дахь дугаарт хэд хэдэн шинэ булан шинээр нээгджээ. бас сэтгүүлийн шилэн дээр 26 гэсэн тоо тавигдчихаж…
-Чи овоо гярхай юм. Ер нь уншигчид минь ажигласан байх, тийм шүү, гурвын гурван шинэ булан нээгдсэн. Эхнийх нь “ Сонгодог уран зураг” булан. Энэ буланг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэн байнга хөтлөх юм. Хамгийн эхний бичвэр нь: “Алтан даашинзтай бүсгүй”.Түүний уран зургийн тухай эсээнүүд танин мэдэхүйн өвөрмөц гаргалгаатай, эгэл энгийн өгүүлэмжтэй, зураг бүтсэн түүхээр аялуулах өөрийн гэх зам зөрөгтэй, уншигчийг мөнөөх уран зургийн эд эс болтол нь татах увдистай, яруу сайхны таашаал цэнгэлийг эдлүүлэх тарнитай байдаг. Хоёр дахь булан нь “Аавын тухай дуун” булан. Энэ буланг чиний “Аавын нөмөр” дурсамжаар эхэлсэндээ баяртай байна. Чамд баярлалаа. Хүн бүрийн сэтгэл дотор аавын тухай дуун насан туршид нь эгшиглэж амьдрахуйн утга тарнийг шившиж байдгийг эгэл энгийн хэрнээ тод яруугаар бичсэн шүү, Чи. “Өдрийн сонин”-оос “Аавын нөмөр”-ийг уншиж суугаад булангийн нэрээ олсон. Одоогооор гэхэд л зохиолчдоос “Аавын тухай дуун” буланд хэд хэдэн бичвэр ирээд байна. Уг нь ирэх дугаартаа “Ээжийн тухай эгшиглэн” булангаа эхэлье гэж бодсон юм, аа. Тэгсэн “Аавын тухай дуун” тасрахгүй бололтой. Гурав дахь нь “Зориулалт шүлэг” булан. Зохиолч, яруу найрагчдын бие биедээ зориулж бичсэн шүлгүүд орж байх юм. Анхных нь яруу найрагч Г.Бадамын До.Цэнджав, Ц.Чимиддорж нарт бичсэн шүлгүүд оров шүү. Хавтасны шил дээрээ дугаараа тавьж эхэлсэн, анхнаасаа л тавьдаг байж гэж бид хожимдон гэмшицгээсэн. Гэмшил бол ариусал. Номын сан дотор ирийсэн 25 дугаараа хараад л ар шил дээр нь дугаар байх хэрэгтэй юм байна гэж бодсон л доо…Одоо цаашдаа ар шилэн дээр нь дугаар тавигдаад явна. Захиалга олшроод, хэвлэлтийн зардлаасаа илүү мөнгө олоод, баян болохоороо эхний хорин таван дугаараа цөөн хувь хэвлүүлж, шилэн дээр нь тоогоо гүйцээж тавина даа.
-Тууж, өгүүллэг, яруу найраг, онол, судлал, шүүмж, монгол туургатны яруу найраг, захидал,сүүтэй дөрөө гээд уламжлалт байнгын булангууд бүгд байна, эдгээрээс онцолбол?
-Аль бүхнийг онцлолтой билээ… М.Цэдэндорж найрагчаас Ло.Нямаад бичсэн захидал байна, Б.Ренчин, Д.Пүрэвдорж, Д.Урианхай, Х.Байыт нарын шүлгүүдийг бол онцолно шүү. Яруу найрагч Ч.Пүрэвдоржийн “Короногийн хоригдол” бүлэг шүлгүүд тун сонирхолтой. Уран зохиолын шинжээч Г.Батсуурийн шинэ шүүмжийг орхиж үл болмуй… “Савдгийн хараал” шинэ туужийг уншаарай…. Дугаарын онцлох зохиолчоороо Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөрийг, онцлох номоороо Худалдааны гавьяат ажилтан, зохиолч, доктор, профессор А.Шагдарсүрэнгийн “Далдугаар зөрлөг” гурван ботийг онцоллоо…
-Танд баярлалаа…
Төгсгөлд нь нэг мэдээлэл хэлье. “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн гуравдугаар улирлын захиалга эх орон даяар эхэлж байгааг дуулгая.