Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Шампейн нар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярив. Сайд нар энэ оны 2 дугаар сард Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены Бага хуралд оролцох үеэрээ уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсоноо тэмдэглэхийн сацуу энэ уулзалтаас хойших хэдхэн сарын дотор дэлхий дахинаа шинэ коронавирусийн цар тахал дэгдэж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгт төсөөлж байгаагүй сорилт авчирсныг, үүнийг даван туулахад хамтран ажиллахын чухлыг онцлон ярилцав.
Сайд Д.Цогтбаатар цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, цаашид ийм өргөн цар хүрээтэй аюултай тулгарахад улс орнууд хамтран ажиллахад бэлэн байх ёстойг үйл явдал харуулж байна гээд энэ тухайд Монгол Улс зарим санаачилга гаргаж ажиллаж байгааг дурдав. Тэрбээр ДЭМБ-ын ивээл дор Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн алба бий болгох санал дэвшүүлснээ танилцуулж, цар тахлын дараах дэлхий ертөнцөд эрүүл мэндийн аюулгүй байдлын итгэлцэл чухал болно гэв.
Канадын сайд цар тахлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хүч чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгтэй санал нийлж байна гээд хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрбээр канадын тал эдийн засгаа сэргээх, олон улсын түвшинд хүнсний хямрал, нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, ажил орлоготой байлгахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Канад нь “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ихээхэн чармайлт тавьж, олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа юм.
Сайд нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, цар тахлын дараах үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцлаа.