Categories
мэдээ цаг-үе

Удам залгасан бөхийн заяа буюу Өлзийсайханы Эрдэнэ-Очир

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй Монголын домогт хүчтэнүүд

Хуучны сайхан бөхчүүдтэй бас ч гэж ойр дотно байж мэндтэй устай явж, яриа хөөрөөг нь сонсож дуулж иржээ. Ахмад бөхчүүдийн яриа тэдний хууч, жудаг ёс нэг тийм сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Үндсэндээ домогт хүчтэнүүдийн “он жилүүдийн туульс” бөхийг хүндэтгэх бодлыг төрүүлдэг л дээ. Харин энэ цаг үед ид барилдаж байгаа залуусаар миний бие монгол бөхийн агуу ертөнцийг тодорхойлох гээд тодорхойлж чаддаггүй. Ер нь тийм боломжгүй мэт санагддаг. Увсын Сүхбаатарын Мөнхбат аваргаас бусад нь нэг л жудаг журамгүй, ашиг хонжоо, авцаа өгөөний сэжүүртэй, дээр нь атаа хорслын юм цухалзаад байдаг шиг. Харин монгол бөхийн ертөнцийг өөрсдийнхөө туулж ирсэн замналаар бүтээж, бүрэн бүтэн болгож өгсөн хүчит их аварга, арслан, алдар цуут бөхчүүдийн гавьяаг бид мартах учиргүй л болов уу. Эл бүхнийг тодотгосны учир удам залгасан домогт хүчтэн Өлзийсайханы Эрдэнэ-Очир арслангийн тухай өгүүлэх гэж байна. Бөхийн түүхэнд аваргын дайтай хэдэн арслан төрсний нэг нь Эрдэнэ-Очир гуай. Тэрхүү “аваргын дайтай” гэж бардам хэлэгддэг хүчтэнүүдийн бараа сүрийг харж, уулзаж учирч явсан байх юм. Булганы Хишиг-Өндөрийн тавдугаар ангийн сурагч ахуйд минь алдарт “Тэмээ өргөдөг” Жамъяндорж гуай ирж, тэрхүү домог цуутай арсланг сонирхон сонжиж суусан минь санаанд тод байна. Төрийн наадамд гурван ч удаа үзүүрлэж ёстой нөгөө аварга цолны үзүүрээс атгаад алдсан Пүрэвийн Дагвасүрэн гуайтай олон ч удаа уулзжээ. Хулгар Дэндэв гэж Завханы Идэрийн алдарт бөх “Хүүхээ, Дагвасүрэн арслан хаана байна” гэж өөрөөс нь асуухад сүрдэхдээ “бөхийн асарт байгаа байх аа” гэж худал хэлснээ ярих дуртай байсан. “Хулгар Дэндэв гуайн дэргэд би жаахан хүүхэд шиг харагдаж байгаа юм. Тэрээр намайг дээд талдаа суулгаж, би заан цолтой хүн, миний хүү бол арслан цолтой бөх. Ах захаа чи бодоод байх шиг байна. Гэхдээ монгол бөхийн эрэмбэ гэж том юм бий, тиймээс би цолыг тань хүндэтгэж доор чинь суух учиртай” гэж хэлж билээ” хэмээн Дагвасүрэн гуай хэлдэг. Хурц арслан Бадамсэрээжид гуайнд очиж өвгөнтэй ярих мөн ч сайхан. 90 гараад явж байгаа гэхэд ануухнаараа, ухаан бодол цэлмэг сайхнаараа байж билээ. Эд бол аваргын дайтай арслангууд. Одоо Мижиддорж гуай, Сосорбарам гуай хоёр ханайж байна даа.

Одоогоос яг арван жилийн өмнө Эрдэнэ-Очир гуайнд очсон. Баянзүрх хайрхныхаа хормой бэлд, Туулын хөвөө, Гачууртын аман дахь зусланд нь гэргий хүүхдээ дагуулж очоод бүтэн өдрийн туршид ханатлаа хуучилсан сан. Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан гэж мөн л улсын арслан цолтой бөх байсныг хүмүүс бараг л мэднэ дээ. Өлзийсайхан арслан Дорнодын хүн байсан, тиймээс бөхийн ном сударт “Дорнодын уужим тал монгол бөхийн түүхийг бүтээхэд ихээхэн том байр эзэлдэг. Даншиг долоон хошууны наадмын магнайнууд төрсөн, байгаль хүн хоёр нь зохицсон бие биенээ дэмжиж тэтгэж, өсөж өндийлгөдөг нутаг” гэж бичигддэг талтай. Даншиг наадмын олон бөхчүүд Дорнодын талаас төржээ. Сүүлд хувьсгал ялснаас хойших жилүүдэд Дорнодын “хумбан хар” буюу Тамжавын Балсан, “Баргын” хэмээн алдаршсан Манлайбаатарын удам Шагдарын Гилэг, “гулзгай” хэмээх Учралын Дамчаа гээд төрийн наадмын түрүү үзүүрт зоолттой зогсож асан, хэдэн лут арслан төрсний дотор Хасын Өлзийсайхан зүй ёсоор бичигддэг. Тэрээр 1908 онд Дорнодын Халх гол суманд төрсөн, Халхын голоос ирж Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө зодоглосон хүчтэн юм. Дөчин нэгэн онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор алдарт Буур Жамъян аваргаар найм давж алдарт Түвдэндорж аваргатай үлдэж үзүүрлэн арслан цолыг хүртжээ. Тэгвэл түүний хүү Эрдэнэ-Очир тавин долоон оны наадамд улсад анх зодоглосон жилээ ааваараа дөрөв давж улмаар их бууны ангийн Дашням гэж залуугаар тав давж 21 насандаа улсын начин цолны босго алхжээ. Бээжин аварга, “хулгар” Дамдиндорж заан, Нагнайдорж, “ноёны бөх” Жоржооны Жигмэддорж гээд өнөө үед домог мэт яригддаг бөхчүүд нэг оны начингууд гэсэн.

Эрдэнэ-Очир арслан бол домогт хоёр Мөнхтэй нэгэн зэрэг монгол бөхийн дэвжээнд гарч ирсэн нэг бодлын азтай, нөгөө бодлын азгүй бөх. Баянмөнх аваргыг ид үед Эрдэнэ-Очир гуай л унагаж байсан юм гэдэг. Жаран гурван оны наадмын зургаагийн даваанд Эрдэнэ-Очир Баянмөнх хоёр тунаж барилдаад Эрдэнэ-Очир нь давжээ. Баянмөнхөөр зургаа давсан тэрээр долоогийн даваанд Мөнхбаттай тунах нь мэдээж. Ингээд Мөнхбат аварга давж, тэр жилийн наадмын түрүү бөхөөр шалгаран улсын наадмын анхны түрүүгээ авч байсан ийм л түүх бичигддэг. “Хоёр Мөнх”-ийн Мөнхбат нь түрүүлж, Баянмөнх нь Гялдангийн Цоодол арслангаар 19 насандаа тав давж улсын цолны босго алхахад Эрдэнэ-Очир гуай зургаа, долоогийн даваанд хүч үзэж байсан нь сонин. Арслан яг ид үедээ Баянмөнхөд дөрөв, Мөнхбатад дөрөв, Дамдин аваргад гурван удаа өвдөг шороодсон. Хэрвээ энэ гурав байгаагүй бол 11 удаа төрийн наадамд түрүүлэх байсан гэх тооцоог бөхчүүд гаргасан байдаг. Баянаа аварга барилдаж эхэлснээсээ хойш Мөнхбатад хамгийн олон буюу 97, Эрдэнэ-Очир арсланд 96 удаа унасан гэх тооцоог гаргасан тухай өвгөн арслан сонирхуулж байж билээ. Тэгэхээр Баянаагийн өдрийн тэмдэглэлийн “хар” дэвтэрт хамгийн олонтаа дурдагдаж бичигдсэн хүмүүс Мөнхбат, Эрдэнэ-Очир хоёр юм.

Төр хурхын амралтын хойхно байх Хавтгайн өвөлжөөнд 1936 онд төрсөн хүчит арслан аавынхаа зодгийг бүсэлж яваад хаяснаа ихэд харамсангуй хэлснийг нь би мартдаггүй. Хорь орчим настай залуу Баянзүрх уулын өвөрт болсон наадамд барилдаад буцахдаа аавынхаа зодог шуудгийг, монгол гутлынх нь боолттой хамт бүсэлж яваад хаячихжээ. “Агсамхан морьтой явж байв. Морь маань үе үе шуугиад л. Тэр хооронд хаячихгүй юу. Уул нь миний хойно манай нутгийн хүмүүс явж байсан. Тэд мэдээж олсон л доо. Харин надад өгөөгүй юм. Аав минь гутлынхаа боолтод их харамсаж билээ. Төрийн наадамд ид барилдаж байхдаа сайн мориор авч байсан гэдэг. Би ер нь аавынхаа үнэтэй цээтэй юмыг хаяж үрэгдүүлсэн хүн байгаа юм. Төв аймгийн Эрдэнэсантын Зундуй гэж хүнд манан хөөргийг нь гуйгаад байхаар нь өгчихөөд сүүлд нь бас харамсаж л байлаа” гээд хүд хүд инээж суусан.

Хуучны бөхийн ном бүтээл, оноо дансанд арсланг Төв аймгийн Баянзүрх сумын харьяат гэж цоллож байсан. Баянзүрх сум нь тарснаас нэг болохоор Сэргэлэн, нөгөө болохоор Эрдэнэ гэж дуудуулж байж. Зарим үед Налайхын бөх ч гэж зарлуулж явсан удаатай. Энийг ер нь нэг тийш нь болгохгүй бол сүүлдээ олон газрын дунд тэлэгдээд, харьяал ч үгүй болж мэдэх нь гээд албан ёсоор Эрдэнэ сумаар овоглосон байдаг. Тэрээр яалт ч үгүй “Армийн таван халуун”-ы нэг юм. “Том Санжаа гуай, Эрдэнэ-Очир арслан, Зундуй заан, манай аав энэ хэд чинь нэг оны цэргүүд. Ямар сайндаа тэр үед бөхчүүдийн дунд “Армийн таван халуун” гэсэн нэршил гарч байхав. Эрдэнэ-Очир арслан, Санжаа заан, Зундуй заан, жижиг Санжаа гуай, аав энэ тав шүү дээ” гэж Цэрэн аваргын охин Даваасүрэн хэлж байсан бол Зундуй заан “Бид таваас бөхчүүд бэргэдэг, таарахаасаа халширдаг байлаа. Тэр үед одоогийнх нь сайхан залуу шалгаруулах тэмцээн энээ тэрээ гэж байсан биш. Хэрвээ байсан бол Цэрэн аварга хамгийн түрүүнд шалгарна. Халхын сайхан Юндэн гэдэг чинь дүрээрээ байсан юм. За тэгээд манай Эрдэнэ-Очир зоолттой орно” гэж хэлсэн удаатай. Эрдэнэ-Очир гуай, тэмээ өргөдөг Жамъяндорж, том Санжаа заан энэ хэдийн бяр тэнхээний талаар ёстой домог шиг л юм яригддаг. Сосорбарам арслан нэгэнтээ “Эрдэнэ-Очир ойгүй бяртай, энгүй хүчтэй бөх л дөө. Ж.Мөнхбат бид мэт нь бяраар түүнээс дутуу ч гэсэн мань эрээс илүү хурдтай барилддаг байсан тулдаа түүнд хав бариулалгүй бужигнуулж байж, хийг нь тааруулж хаядаг байв. Түүнээс биш хав бариулчих юм бол өнгөрөх нь тэр. Монгол Улсад авто тээвэр үүсч хөгжсөний 50 жилийн ой ойртоод ирэхэд бааз нь Долгорсүрэн зааныг ажлаас нь чөлөөлж, бэлтгэлд гаргасан хэрнээ адилхан жолооч Ө.Эрдэнэ-Очирыг харьж яваа хүн наадамд түрүүлж чадахгүй гэж бодсон ч юм уу ажлаас нь чөлөөлж бэлтгэлд гаргаагүй юм билээ.Тэр үед Долгорсүрэн заан цэл залуу бяр нь амтагдаж ид барилдаж байсан үе. Адилхан жолооч хоёр бөхийг ялгасанд Эрдэнэ-Очирын дургүй хүрч залуу зааныг хаяж, баазынхаа дарга нарт ямар бөх гэдгээ харуулъя гэж дотроо шаралхаж явсан юм шиг байгаа юм. Ойн баяр наадам болж тэрбээр Долгорсүрэнтэй үзүүрт үлдлээ дээ. Нутгийн юм болохоор давчихаасай гэж бодоод дээлийнх нь захыг мушгиж суулаа. Тэгсэн юу болсон гэж санана аа. Эрдэнэ-Очир хав барьцнаас давуулж гуядахдаа Долгорсүрэнгийн шуудагны гадар, дотрыг ширээстэй нь өм татаж гартаа атгаад хоцорсон байж билээ. Олон эгнээ ширээстэй зодгийг өм цөм тасдах нь бүү хэл даавууны ам цуулах амаргүй шүү дээ. Эрдэнэ-Очир тэгж харьж яваа насандаа идэр залуу хүчтэй заан Долгорсүрэнг хаясныг нүдээрээ хараагүй бол итгэхийн аргагүй юм болсон. Цаадах чинь номхон дөлгөөн мөртлөө бас чиг аатай золиг шүү. Өөрт нь аятайхан хэлэлгүй амлачихвал шаралхаад хэмхчээд хаячих шахдаг юм. Шөвгийн наймд юм уу дөрөвт үлдсэн үед нь цолны эрэмбээр Ж.Мөнхбат амлахад шаралхаад сүрхий ууртай амьтан гарна л даа. Мөнхбат аварга түүнийг амлачихаад гарсан хойноо засуулынхаа араар нуугдчихна. Эрдэнэ-Очир засуулынхаа дэргэд хэсэг зогссоноо дорхноо тайвшраад ир нь дарагдчихна. Тэр үед нь Ж.Мөнхбат эвтэйхэн хөдөлгөж байгаад хаячихдаг байлаа. Жараад онд Эрдэнэ-Очир чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, хүнд жингийн бөх байлаа. Намайг чөлөөтөөр барилд гэж манай Хөдөө аж ахуйн дээд сургуулийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч гавьяат багш Ишдорж шаардсаар байгаад түүнтэй барилдуулдаг юм байна. Эрдэнэ-Очир намайг давуулаад шидэхэд нь мост хийж унах гэж байж хүзүүндээ юм оруулчихаад олон хоног зовж зүгээр болгож билээ. Ямар азаар тэр их хүчтэн хүзүүг минь хугалчихаагүй юм бэ гэж одоо болтол бодож явдаг юм. Үнэхээр нэг ер бусын бяртай бөх төдийгүй тунчиг гүндүүгүй, илүү дутуу зангүй, хор шар, атаа жөтөөгүй, тусч сайхан сэтгэлтэй жинхэнэ эр хүн” гэж дурссан байдаг. Сосорбарам арслангийн эл дурсамж дурдатгал, баримт сэлтээс Эрдэнэ-Очир арслан гэж ямархан бөх байсан нь төвөггүй мэдрэгдэнэ. Тэмээ өргөдөг Жамъяндорж гуайтай тэр жил манай П.Хашчулуун уулзаж хөөрөлдөхдөө “Эрдэнэ-Очир арслан та хоёр бие биенийхээ бяртайг гайхдаг. Ер нь ингэхэд та хоёрын хэн нь илүү бяртай юм бэ дээ” гэж тулган асууж л дээ. Тэгэхэд “тэмээ өргөдөг” нь “Эрдэнэ-Очир бид хоёр чинь яах аргагүй нэг үеийнхэн. Барилдааны тал дээр өгөө аваатай явж ирсэн. Цаадахтай чинь ширүүн хурц барилдана гэвэл дийлдэхгүй. Жижигхэн юмаар, “догшин морины толгойд хүрэх гэж байгаа юм илж, аргалж барилдвал би хаядаг байсан. Би өөрийгөө илүү гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан Эрдэнэ-Очирыг Түвдэндорж аваргаас илүү бяртай байсан гэдгийг би харин хэлнэ. Намайг болохоор Сосорбарам, Дагвасүрэн энэ хэд “Ээ, энэ тэмээ өргөдөг хэцүү шүү. Мангартуулж байж хаяхгүй бол амаргүй л гэдэг. Хамгийн амаргүй хүн чинь Эрдэнэ-Очир байлаа” гэж наашаа ч үгүй цаашаа ч үгүй хэлсэн л байдаг юм.

“Таныг чинь нэг суурин дээр арван литр ус уусан гэх яриа байдаг даа” хэмээн арсланг өдөхөд “Тэр чинь ийм учиртай юм гээд” тодорхой ярьж хэлж өгсөн. 1967 онд юм байна. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгт болжээ. Манай хүн +100 килограммд хүч үзэхээр очоод байж. Тэгтэл жин нь хүрдэггүй, 92 килограмм 500 граммаас хэтэрдэггүй гэнэ. 95 килограмм хүрч байж +100ё кг-д барилдах учиртай. Жингийнхээ хүнтэй яриад барилдахаар болж. Тэгтэл Ираны тамирчид гомдол мэдүүлснээр асуудал үүсчээ. Хэдхэн цагийн дараа жин үзнэ, хэрвээ жиндээ хүрэхгүй бол хасна болоод явчихаж. Тэгээд л мань хүн сандрахдаа 10 литр уус уучихсан гэж байгаа.

“Азийн аваргын дэвжээнд

Арван литр ус залгилж

Далаараа биш элгээрээ

Төрийнхөө далбаа руу мөлхсөн

Төв аймгийн харьяатан

Эцгээсээ бусдыг тонгорсон

Эрдэнэ-Очир гавьяатан” хэмээн Цэндийн Чимиддорж найрагч элэглэн бичсэн нь ийм учиртай. Түүхий ус уусан түүхээсээ залгуулаад Дамдин аварга, Цэрэн аварга тэр гурав Дамбадаржаагийн тэнд нэг авдар “градустай ус”-ыг завилж суугаад нэг суудал дээр сулласнаа сонирхуулж л байсан. Ийм л нэг даанчиг гүндүүгүй цөлх сайхан монгол эр байв. Өлзийсайхан арслангийн аав, Эрдэнэ-Очир гуайн өвөө нь Хас-Очир гэж даншгийн арслан цолтой бөх байсан гэдэг. Гурван үеийн хүчит арслан, дээд удамд нь ч бөхийн заяа байдаг юм гэсэн. Үнэхээр бөхийн халуун голомтыг зуун зуунаар улбаалж ирсэн алтан хэлхээний үргэлжлэл байлаа. “Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслан Лүнгийн товчоон дээр надтай таарч гарын минь булчинг барьж үзээд Өлзийсайханы хагаст ч хүрэхгүй юм байна голж билээ. Тэгэхээр миний аав ид үедээ онцгой бяртай бөх байжээ” гэж арслан маань ааваараа бахархдаг сан. Далан зургаан онд 40 насандаа улсын арслан цолыг хүртэж ясны бөх гэдгээ тунхагласан юм. Энэ цаг үед бараа дүрийг нь харж, яриа хөөрөөг нь сонссон тэнгэртэй сайхан бөхийн нэг Эрдэнэ-Очир арслангийн тухай хууч үүгээр дуусахгүй ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *