2018 оны хавар. Хэнтий аймаг Чингис хотын Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн эрдмийн баярын өдөр. Тэр өдөр нар ээсэн, сэвэлзүүр салхитай үлгэрийн мэт өдөр байж билээ. Төгсөлтийн баяраараа манай ангийнхан өглөөнөөс орой хүртэл догдлон баяр, гуниг бидний харцанд ээлжлэн тодорсон юм. Заримын маань нүдэнд нулимс цийлэгнэн өнгөрсөн арванаа дурсан санагалзан нэг нэгэндээ хичнээн ээнэгшэн дотноссоноо тэгэхэд анзаарч билээ. Арван жилдээ нэгнийгээ үздэггүй байсан хүүхдүүд хүртэл гар гараасаа хөтлөлцөн танхим руу орцгоосон гэхээр 10 жилийн үерхэл нөхөрлөл ямар сайхныг харуулах мэт. Сургуулийн талбайд үсээ хоёр боож, тууз зүүн бусдын хайрыг татсан охидууд, дүрэмт хувцас өмсөж, сүрчиг үнэртүүлсэн хөвгүүдээ харан зогсож байсан минь саяхан мэт. Сургуулиасаа автобусанд сууж хонхны баярын гэгээхэн нэгэн өдрийг бид хамт өнгөрүүлсэн. Автобусанд “Мөнгөн хонхны дуу”, “Арван жилийн дурсамж”, “Арав дахь хавраа үдье” гэх сэтгэлд нэг л дотно дуунууд эгшиглэж, бид ч дуулсан дуундаа уяран хөөрч явсан. Хонхны баярын орой хөтлөлцөж алхаад нэгнийгээ урин бүжиглэж, тэр нандин цаг хугацаа, хайр халамж, үнэ цэнэтэй нөхөрлөл бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлджээ. Хэнтий аймгийн Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийг 2018 онд төгссөн 12Е ангийнхан бол бид. Хамт өнгөрүүлсэн цаг мөчдөө сайн, муугаа үзэлцэж, уйлахдаа уйлж, инээхдээ инээж олон олон баяр, гунигтай цаг мөчийг хуваалцсан хамт олон. Инээд хөөрөөр дүүрэн 19 охин, энгүй авьяасаар бялхсан 18 хөвгүүнтэй бид насаараа биесээ үгүйлэх нэг ангийхан.
БИД ХЭНТИЙ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ХОЁРДУГААР БАЙРЫН ШАГНАЛТ АНГИЙНХАН
Сэтгэлд хамгийн ойр дурсамж гэж бий. Миний хувьд одоохондоо 10 жилийнхэнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжууд сэтгэлийн минь утсыг хөнддөг. 2017 оны зуны эхэн сар. Инээд цалгисан залуус бид Хэнтий аймгийн Мөрөн суманд аялахаар шийдэж хувцсаа цүнхэндээ баглаж аваад аялалдаа гарсан юм. Энэ аялал эхлэлээсээ л ер бусын байлаа. Ер нь аялах явцад төсөөлж байгаагүй зүйлүүд ар араасаа өрнөсөн юм. Хорхог хийх гэж ангийн хэдэн хөвгүүд янз бүрээр үзэж байгаад л 40-ийн бидондоо хийгээд авсан. Ингээд хорхог гартал нэлээд хугацаа өнгөрнө л дөө. Тэгээд бөөнөөрөө энэ хооронд аяллынхаа чилээг гаргах санаатай уул руу алхлаа. Байгалийнх нь үзэсгэлэнтэйг хэлэх үү. Хаднаас хад дамжин хөгжилтэй зүйлс ярьсаар явж байтал нэг маань хадан хавцал руу халтираад л унахад бүгд л амь насаа хайхран гүйж нэгнийгээ аварсан. 11 жил хамт байсан гэсэндээ нэг нэгнээ гэсэн сэтгэл зүрхтэй энэрэнгүй зан чанар хайр халамж бидэнд байдаг гэдгийг ухаарч улам л дотноссон доо. Энэ бичвэрийг бичиж суух цаг дор ангийн дарга Э.Дэлгэр-Эрдэнэ маань залгалаа. Утсаа аваад ярьтал Сайн уу найз минь гэлээ. Би ч учир явдлаа хэлтэл “Уншигч болон ангийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе. Бүтэн 12 жил нэгнийгээ гэсэн сэтгэл зүрх нэгтэй хамт олон байж ирээдүйг бүтээлцсэн та нартаа баярлалаа. Ангийхандаа бүгдэд нь амжилт хүсч, ирээдүйн улс орныхоо төлөө сайн боловсон хүчин болж, ажил мэргэжилдээ үнэнч байгаарай” гэлээ. Мөн тэрээр багш нарын талаар ярьсан юм. “А-Я-г хүртэл алдаагүй бичихийг заасан арван жилийн ачит багш минь бол Хэнтий аймгийн Алтан гадас одонт Хэрлэн нэгдүгээр сургуулийн математикийн багш Л.Доржханд. Хэний хүчинд хэн болсноо хэзээ ч бүү март гэдэг шүү дээ. Бидний одоо ирээдүйд гаргаж байгаа амжилт бүхэн таны минь ач гавьяа. Манай анги чадварлаг авьяаслаг, улс бүсийн хэмжээнд гаргасан амжилт, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн бүтээсэн зүйл ихтэй. 2018 оны Хэнтий аймгийн аварга шалгаруулах математикийн олимпиадын хоёр дугаар байрын шагналт улс бүс аймгийн тэмцээнд амжилттай оролцдог нэгэн гэр бүл” гэсэн юм.
ЭЕШ-АА ХАМТ БЭЛДЭЖ, ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН КИНО ҮЗДЭГ АНГИЙНХАН
Хонхны баярын дараачаас бидний хамгийн том даваа ЭЕШ байв. Бидний амьдрал шийдэгдэх маш чухал үе л дээ. Математик геометр, хими, биологи гээд л хичээлээр ангийн хүүхэд бүр өөр өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу шалгалтаа өгөхөөр болсон. Өглөө эртээ гэгч нь нэг газар бөөнөөрөө цуглаад хичээлээ давтаж байгаад гэр гэр рүүгээ сална. Спортын төрлөөр явах хэд нь өглөө эрт босоод гүйцгээнэ.
Тэгээд л хөлс нь урссан хэдэн хөвгүүд хүрээд ирнэ. Ингээд л бөөнөөрөө сууж байгаад давтлагаа хийнэ шүү дээ. Уншсан номынхоо дугаар, агуулгыг бичицгээж, хэр олон ном уншсан нь бусдыг дооёолно. Сургууль дээр формтой л таардаг ангийнхан маань сургуулиа төгссөн гэсэн шиг элдэв өнгийн хувцас өмсөж ирнэ. Хичээл дээрээ өмсөж ирээд загнуулдаг байсан хувцсаа одоо ч хүссэнээрээ өмсөж байна даа. Гэхдээ сурагчийн формоо одоо хүртэл санагалзана. Ангиараа ЭЕШ-даа бэлдчихээд кино их үзнэ. Тэр дундаа Зөвлөлтийн үеийн голдуу кино үзнэ. Эсвэл нэг нэгэндээ Монгол, Оросын голдуухан яруу найрагчдын шүлэг уншиж сонирхуулна. Түүнчлэн, Р.Чойном зэрэг яруу найрагчдын “хориотой” гэгддэг байсан шүлгээс нэг нэгэндээ уншиж, тэр үеийн түүхийг нь ам уралдан ярьцгаана. Тэдний шүлгийг ангайтал чагнаад цээжилчихсэн байдаг байж билээ.
…Өө хэлбэл би өнгөгүй хүн
Өвөртөө би мөнгөгүй хүн
Тэгэвч би зүрхтэй хүн
Түүнд дурлах эрхтэй хүн… гэхчлэн шүлгийн мөрүүд одоо ч шууд орж ирж байна.
Энэ мэт сайхан дурсамжтай шалгалтдаа бэлдсэн бид ангиараа ЭЕШ-аа өгцгөөж, нэг цул хамт олон байсны хүчинд бүгд л хүссэн сургуульдаа өдгөө оржээ.
Дуу дуулж, гитар тоглон шөнийн харанхуйд сэвэлзүүр салхинд нүүрээ илбүүлэн ангийнхныхаа тухай бодолд автан суух юутай сайхан байдаг гээч. Ангийнхныхаа талаар бодоход энэ мэт олон сайхан дурсамж сэргэдэг юм.
Манай ангийнхны хувьд ажил амьдралын гараа нь дөнгөж эхэлж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам мөр, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь манай ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад л явж байна даа.
Та бүхнийг хүндэтгэсэн О.ЦЭГМИД