1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан, Увс, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Баянхонгор, Говь-Алтай,Өвөрхангай аймгийн зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн ззарим газраар бага зэргийн бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 8-13 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудийн нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4, 5-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 2 дугаар гудамжинд “Шинэ-Өглөө” ХХК-ийн 15×20 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 09:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 09:33 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Задгай”-д иргэн Э-ийн “Акуа” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:19 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг-Арслантын хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.31-ний өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар мөн өдрийн 18:50 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт 6 га ойн талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Харлан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ 05.27-ны өдрийн 19:00 цагт сураггүй болсон тул тус аймаг дахь Цагдаагийн газар “Харгал” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг 05.30-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. 05.28-29-ний өдрүүдэд Цагдаагийн байгууллага , ар гэрээс эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хилийн 0286 дугаар анги, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 2 бүлэгт хуваагдан: 1 дүгээр бүлэг “Харгал” нуураар завьтай 15 км урсаж, 5 метрийн гүнд 6 удаа шубалт хийж, 2 дугаар бүлэг “Харгал” нуурын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 06.01-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 18 дугаар байрны 9 давхар байрны 6 дугаар давхрын тагтаас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:30 цагт очиход тус байрны иргэн Б /33 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын тагтаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ Туул голын усанд тус дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 11:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:40 цагт очиж “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР