ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 259 мянган хүн өвчилж, 371 мянган хүн өвчний улмаас нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 128 мянган хүн шинээр халдвар авчээ.
Манай улсад өчигдөр дөрвөн хүн шинээр ажиглалтад орсон бол 39 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 156 дуудлага ирж, иргэдээс коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан. Ихэнх дуудлага нь амралтын газруудад амны хаалт зүүхгүй байгааг анхааруулсан байна. Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасныг зайлшгүй дагах хэрэгтэй байна” гэв.