Намын XVIII хурлын үеэр Ю.Цэдэнбал даргын хамт
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, оёдолчин Ёндонгийн Норовсүрэнтэй ярилцлаа.
-Та Дундговь аймгийн Адаацаг сумын хүн байх аа?
-Би Дундговийн Адаацаг сумын Ар урт бригадын Дэл гэдэг газар төрсөн юм. 1949 онд төрсөн.
-Та хэдэн настайдаа Хөдөлмөрийн баатар болсон юм бэ?
-32 настайдаа Хөдөлмөрийн баатар болж байлаа. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор.
-1981 он байх нь ээ?
-1981 оны долдугаар сарын 9-ний өдөр Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан.
-Хөдөлмөрийн баатар болоход хангадаг болзол гэж маш том даваа байдаг. 32-хон насандаа ийм цол авсан гэхээр богино хугацаанд маш шаргуу, өндөр бүтээлтэй, чанартай ажиллаж шүү?
-1970 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт ажилчнаар орж байлаа. 1200 гаруй шижигнэсэн залуусын дунд шинэ ажилчин болж орсон доо. Анх би хотод өөр ажлаар орж ирсэн байсан юм. Тэгтэл нэг өдөр араажаваар (радиогоор) оёдолчин Цэвэгийн Амгалан гэдэг лут хүний тухай яриад байхгүй юу. АИХ-ын депутат, Савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин хүн гэнэ. Тэр нэвтрүүлгийг сонсоод “Энэ хүн шиг үйлдвэрт оёдолчин болвол ямар вэ” гэж бодлоо. Их гоё нэвтрүүлэг байсан, сэтгүүлчид та нарын хийсэн нэвтрүүлэг, бичсэн нийтлэл хүнд ингэж хүрдэг байхгүй юу. “Үйлдвэрийн цехэд нууранд хөвсөн хун шиг бүсгүйчүүд ар араасаа эгнэж суугаад юм оёно…цэцэг алагласан газар шиг бүсгүйчүүд суугаад тийм сайхан…” гэж яриад байхаар нь л “Ерөөсөө оёдолчин болъё” гэж шийдсэн.
Тэгээд би Савхин эдлэлийн нэгдүгээр үйлдвэрийн 13-ын Б тасагт оёдолчноор ажилд орсон. Манай тасаг савхин дээл оёдог байлаа. Бусад тасаг савхин цамц, савхин малгай, савхин цүнх гээд янз янзын савхин бүтээгдэхүүн гаргана.
Тэр үед савхин дээлийг ах, дүү социалист орнуудад экспортолдог байсан. Дотооддоо гаргадаггүй байлаа. Бидний хийсэн бүтээгдэхүүнийг сар тутам вагон ачаад экспортод гаргана. Эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэж социалист орнуудад байлаа шүү дээ. Тэр зөвлөлөөс гаргасан графикийн дагуу сарын эцсээр бэлэн зогссон вагонд оёсон бүтээгдэхүүнээ ачуулна. Вагоныг огт зогсоож болохгүй. Тийм хатуу хяналт дор ажиллана. Хамгийн гол нь гологдол гаргаж болохгүй. Түрүүчийн оёсон хүнийхээ юмыг дараачийн дамжлагын хүн нь шалгана. Би тасагтаа олигтойхон ажиллачих юмсан гэж их мэрийнэ. Говийн хүүхэн, юманд зоримгийг хэлэх үү. Аав, ээж минь юм хийлгээд сургачихсан, оёдол заалгачихсан байсан болохоор эв дүйтэй. Намайг Үйлдвэрчний эвлэлийн XI хурлын төлөөлөгч Буянхишиг гэж хүнд дагалдангаар өгсөн. Багш маань намхавтар, бор хүүхэн байлаа. Их ажилсаг. Хамрынх нь үзүүрт хөлс нь бурзайчихаад л ажиллаад байдаг хүн байж билээ. Дээл оёход нарийн хос, өргөн хос гэж оёдол бий. Багш маань нарийн хосыг оёно. Би өргөн хос оёно. Ингээд би 1975 онд дээл, цамцны бүх дамжлагын оёдол, ажиллагааг сурчихсан юм. Халаас гаргах, нүх гаргахаас эхлүүлээд бүх оёдлын дамжлагад мэргэшчихсэн. Тэгээд л “Үүнээс илүү ажиллаад үзвэл яах бол” гэж бодогдлоо. Өнөө миний араажаваар сонссон Ц.Амгалан гэж хүн манай нөгөө ээлжинд ажиллана. Би үйлдвэр, нам, олон нийтийн байгууллагадаа хэллээ л дээ. Тэр Ц.Амгалан гэж хүнтэй уралдаад үзвэл ямар вэ гэж санал тавилаа. Тэгтэл үйлдвэрийн захиргаа, нам олон нийтийн байгууллагынхан халуунаар хүлээн авч “Зөв. Үйлдвэрийн тасаг болгонд олон Амгалан шиг оёдолчин байхын хэрээр манай үйлдвэрийн ажил улам сайн явна” гээд тасаг болгоноос нэг нэг хүнийг онцлоод уралдуулав аа. Би үйлдвэрт гурван дамжлага дээр ажилладаг байлаа. Нүх оёдог дамжлага, өргөн хос оёдог дамжлага, захны дамжлага дээр. Би V таван жилийнхээ төлөвлөгөөг хамгийн түрүүнд биелүүлчихсэн юм. Бүх дамжлага дээр ажилладаг болохоор ямар нэгэн байдлаар ажилдаа ирээгүй, чөлөө авсан хүмүүсийн ажлыг давхар хийдэг байсан л даа. Тэглээ ч шахуу үүрэг авсныг ч хэлэх үү. Би ч хүүхэд шуухад олонтой л байсан. Ээж, аав хоёр маань хүүхдүүдийг минь өсгөсөн болохоор ар гэртээ санаа зовох зүйлгүй байлаа.
Зүүн гар талаас Хөдөлмөрийн баатар нэхмэлчин Ш.Цэрэнжаргал, Хөдөлмөрийн баатар оёдолчин Н.Дугуйцагаан, Хөдөлмөрийн баатар оёдолчин Ё.Норовсүрэн
Уралдаан маань тасаг хооронд байснаа үйлдвэрийн хэмжээнд болж өргөжлөө. Тэгснээ нэгдлийн хэмжээнд болж, тэгээд социалист уралдаан гэдэг юм өрнөсөн дөө.
Ингээд хөдөлмөрийн баатар, алдарт оёдолчин Ц.Амгалантай нэг дор ажиллаж, амжилтад нь хүрэх гэрээ байгуулж “Тэргүүний сайчуудтай эн зэрэгцэх” хөдөлгөөн санаачилж амласан үүрэг, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж V, VI таван жилд 21 жил есөн сарын ажил хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 99.8 хувийг чанарын дээд зэрэгт тушаалаа. Энэ санаачилга амжилтаараа Монголын Үйлдвэрчний төв зөвлөлийн нэрэмжит шагналаар шагнагдлаа. Бас Ардын их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хурал, Прагад болсон дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр хүртэл оролцсон. Ингэж л би Хөдөлмөрийн баатар болсон доо.
-Ажилчин болоод 11 жилийн дараа Хөдөлмөрийн баатар болжээ?
-Би баатар болно гэдгээ мэдээгүй. Нэг минут гэлтгүй, нэг секунд бидэнд чухал байдаг байлаа. Сэтгүүлчид, сурвалжлагчид ирж ярилцлага авна гэхээр “Яана аа, хамаг цаг өнгөрчих вий” гэж боддог байлаа даа. Секундын нарийн тооцоотойгоор бүхнээ төлөвлөнө. Босохдоо тийм юмаа барьж аваачна. Суухдаа тийм юмаа авчирна гэж нэг үйлдлээр хоёр ажил амжуулна. Хөдөлмөрийн баатар болоход хамт олны дэмжлэг их байсаан. Урмаар тэтгэнэ. Үйлдвэрийнхээ төлөө зүтгэнэ. Хамгийн гол нь “Экспортын төлөвлөгөөгөө биелүүлнэ” гэдэг том зорилготой. Энэ төлөвлөгөөг огт зогсоож болохгүй, ах дүү социалист орнуудад гаргадаг учраас.
-Оёдол дундаас савхи оёход маш хэцүү. Ур чадвар шаарддаг ажил л даа. Оёход төвөгтэй материал шүү?
-Савхины оёо хэцүү. Эхлээд бид чинь хатуу савхи оёдог байлаа. Манай савхи боловсруулалт тийм байлаа. Хатуу савхи үйлдвэрлэнэ. Оросын том, хүнд хар хайч барина. Савхины нугалаа, давхарласан хэсгийг алхаар балбаж байгаад оёно. Тэгээд л гар хуруу ийм л болдог байхгүй юу (Гараа харуулав.сурв).
-Гарын тань үеүд томорчээ?
-Тийм, ингээд энд тэндгүй яс ургачихдаг юм. Яахав дээ, энэ чинь мэргэжлээс шалтгаалах өвчин. Савхийг нэг муруй оёчихвол нүх нь хэзээ ч аньдаггүй байхгүй юу. Даавууны нүх аньдаг. Тиймээс маш их хариуцлага шаарддаг ажил. Гадаад дотоодын зочдод үзэж харуулдаг гол үйлдвэр нь манай Савхин эдлэлийн үйлдвэр байлаа. Бараг л улс орныхоо нүүр царай нь болдог байсан даа.
-Савхин хувцас гэдэг бол маш ховор эд бараа байлаа шүү дээ, тэр үед?
-Манай үйлдвэрээс тусгай цохолтоор худалдан авдаг байсан шүү дээ. Монгол савхи чинь солонгос савхиас өөр. Монгол савхи бүлээн, дулаан байдаг юм. Солонгос савхи хулдаас шиг хайраад байдаг.
Манай үйлдвэр улсын хэмжээний уралдаанд гурван удаа түрүүлээд Алтангадас одонгоор шагнуулж байлаа. Үйлдвэрийн дарга маань Хандмаа. Хамт олноо сайхан удирдана. Манай үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар тав төрсөн. Амгалан, Цэнд-Аюуш, Эрдэнэчимэг, Ганчимэг бид тав.
-Та тэгээд үйлдвэртээ үргэлжлүүлж ажилласан уу?
-Тэгэлгүй яахав, ажилласан. 1985 онд юм, Нэгдлийн Намын хорооны дарга Хүрлээ дуудаад “Чи сургуульд орох саналтай юу. Чи бод, чиний нас чинь ахиад ирнэ. Чамайг мастер, цехийн даргаар томилох саналтай байна. Мэргэжлийн боловсон хүчин болгоно. Энэ жил Намын дээд сургуульд дөрвөн жилийн үндсэн анги нээгдэж байна. Тэнд шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэж байна. Би чинь тэгэхэд зургаан хүүхэд төрүүлчихсэн байсныг хэлэх үү, яадаг юм билээ гэж эргэлзээд нөхөртөө хэлсэн чинь “Шалгалтыг нь өгөөд үзэхгүй юу” гэлээ. Шалгалт өгсөн чинь тэнцээд 1985 онд Намын дээд сургуульд ороод 1989 онд төгсөөд Шевретийн үйлдвэрт Намын дарга, Боловсон хүчний тасгийн эрхлэгчээр ирж байлаа. Тэгээд ажиллаж байтал 1991 онд өмч хувьчлал эхэллээ. Удсангүй ч эхчүүдийг тэтгэвэрт гарга гэдэг Хотын захиргааны шийдвэр гарч биднийг чинь “Тэтгэврээ тогтоолго” гэж шахаад манай үйлдвэрээс 36 настай хүн тэтгэвэрт гарч байлаа шүү дээ. Дэндүү харамсмаар байгаа биз дээ. Би ч бас тэгээд тэтгэвэртээ гарч байлаа.
-41 настайдаа тэтгэвэртээ гарчээ?
-Тэгсэн шүү дээ. Тэрний дараагаар ёстой хувиараа юм хийж эхэлсэн дээ (инээв).
-Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс хэр уулзалддаг вэ?
-Уулзахаа байсаан. Шевретийн үйлдвэр, Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудыг хүлээж авдаг албан газар гэж байдаггүй юм.
-Та үйлдвэрт оёдолчин байхдаа 2-4 хүний ажлыг зэрэг хийж байжээ. Бас хажуугаар нь зургаан хүүхэд төрүүлсэн байх юм. Тэгтэл одоо бүсгүйчүүд ганц хүүхдэдээ түүртээд байна гэж ярьдаг?
-(Инээв). Сүүлд Намын сургуульд орохын өмнөхөн төрөхдөө ихэр хүүхэд төрүүлсэн. Үйлдвэрт ажилладаг байхдаа дөрвөн л хүүхэдтэй байсан байхгүй юу. Би ч хүүхдүүдээ тааруухан л хардаг байсан байх даа. Хүүхэд төрүүлээд л 45 хоногийн дараа ажилдаа ордог байлаа. Ээж маань байсан, нөхрийн дүү нар, манай дүү нар хөдөөнөөс ирнэ. Манайд баахан л оюутан байдаг байлаа. Хоёр өрөө байранд дүүрэн л улсууд байдаг байж дээ. Тэгж байна гэж ер боддог ч үгүй байжээ. Байх л ёстой юм шиг боддог байжээ. Одоо бол би ад үзэх байх аа (инээв).
Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал. 1981 он. Прага хот. С.Удвал даргын хамт
-“Одооны залуус их өөр болжээ. Бидний үед ийм байгаагүй” гэдэг энэ үгийг аль ч үеийн ахмадууд хэлдэг. Бүр 1000 гаруй жилийн тэртээ ингэж ярьж байсан гэдэг?
-Би социализмын үеийг муу хэлэхгүй. Үнэхээрийн гуйлгачингүй байлаа. Тэр ч бүү хэл шорон оронгоос ирсэн улсуудыг бидэнд хариуцуулж өгдөг байлаа. Нийгэмшүүл гэж. Надад ч тэр архи уугаад болохоо байчихсан хүүхнийг даалгаад өгч байлаа. Тэрэнтэйгээ тулж ажиллана. Тэрийгээ архи уулгахгүй, ажил хийлгэхийн төлөө хичээнэ. Тэр үед шорон оронгоос гарсан улсуудыг хаядаггүй байлаа. Үйлдвэрүүдэд хариуцуулаад өгчихдөг байсан юм. Хүн бүрт ажиллаж байгаа үйлдвэрээ гэсэн сэтгэл, үйлдвэрээ сайхан авч явахсан гэсэн эрмэлзэл харагддаг байлаа. Ямар сайндаа манай үйлдвэрийн нэгэн ахмад хүн архи уугаад согтчихож. Нэлээд согтоод гудамжинд явж байж. Манайхан таараад “Та зүгээр үү. Гэр рүүгээ явж чадах уу” гэсэн чинь “Би ерөөсөө гудамжинд унаж болохгүй шүү. Үйлдвэрийн нэр гарна” гээд “Би зүгээр зүгээр, ингээд явчихна” гээд явчихсан гэдэг юм. Тэгж л ажиллаж буй үйлдвэр, хамт олныхоо нэр хүндийн төлөө санаа тавьдаг байж.
-Тухайн үед бүх нийтээрээ бямба гаригт хагас ажилладаг болохоор “Хагас сайн өдөр” гэж нэрлэдэг байлаа. Ер нь л их хөдөлмөрлөдөг байжээ?
-Бид чинь зургаан өдөрт нь ажиллана. Хагас сайн өдөр хагас ажилладаг ч эвлэлийн дугуйлан, намын дугуйлан, лекц, сонсголд сууна. Тэр бүгдийг тасалж болохгүй. Тасалбал уралдааны дүнгээс хасчихна. Бүгдийг тэгш гүйцэтгэдэг байлаа. Тэр чанараараа хүмүүсийг нийгэмшүүлдэг байжээ гэж боддог юм. Гуйлгачин, ядуусгүй, нийгэм нь жигд байжээ.
-Та бүхний үед залхуу, ажилгүй хэвтэж байгаа хүмүүсийг бусад нь нүд үзүүрлэдэг. Хөдөлмөрөөс хойш суусан хүнийг шүүмжилдэг цаг байсан шүү дээ?
-Сайхан байлаа. Сургууль төгслөө, ажил нь бэлэн. Манай хүүхдүүд бүгд сургууль төгсөөд ажилд орсон. Ямар ч мэргэжлээр төгссөн бай улс ажлын байрыг нь гаргаад өгчихдөг байлаа шүү дээ. Одоо гурван дээд сургууль төгсөөд ажилгүй суугаа хүн байж л байна.
Бид чинь шавь сургана. Сургууль төгссөн хүүхдүүд гүйгээд ороод ирнэ. Сурга гэнэ. Би 50 гаруй шавьтай байлаа. Тэдний чинь байх нь байна, гарах нь гарна. Шавь нар багшдаа их тусална аа.
-Шинэ ажилтан орж ирэхээр загнаад зандраад, дээрэлхээд байх нь элбэг. Та шинэ ажилчдыг хэрхэн сургаж авдаг байв?
-Амьдрал нь ямар юм, ажил хийх боломжтой байна уу, үгүй юү. Бас найз нөхөд нь, нийлж байгаа хүмүүс нь ямархуу юм. Ар гэрт нь гачигдал зовлон гарна, тэр олон хүн дотор өвчтэй зовлонтой хүн ч гарна. Уйтгар гуниг тохиолдох үе ч байна. Тэр бүгдийг нарийн анзаарна. Тэр болгонд тасгийн хамт олон нь бүгд санаа тавина. Ахмадууд нь чадахгүй байгаа хүндээ заагаад туслаад өгнө шүү дээ. Түүнээс биш “Энэ муу чадахгүй” гэж ерөөсөө хэлэхгүй. Хөөрхөн шавь нартайгаа ажиллах сайхаан. Социалист хөдөлмөрийн бри-гад гэж бий. Би чинь Бригадын дарга. Бригаддаа авсан бүх хүндээ анхаарал тавина. Хөгшин, залуу гэлтгүй бүх насныхан байна. Тэтгэвэртээ гарчихсан настай хүн ч ажилладаг байлаа. 70 гарсан Мядаг гэж авгай байдаг л байсан сан. Бригад л бол бригад. Хамт олон болж бүрэлдэнэ. За тэгээд сарын эцэс болохоор ажил дээрээ хонож өнжих ч шаардлага гарна. Вагон сул зогсоож болохгүй, вагон цагтаа хөдлөх ёстой гэнэ. Цагийг нарийн ашиглана даа. Секундын төлөө явдаг байлаа. Секунд бол урт хугацаа шүү. Их юм хийчихнэ шүү. Минут бол том хугацаа.