Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн дахинд 4 сая 982 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 94000 хүн шинээр өвчилжээ. Мөн ОХУ-д 9200 тохиолдол нэмэгдэж, нийт 2800 хүн нас барсан. Буриад, Эрхүү, Тувад тохиолдлууд нэмэгдэж байна. Орон нутгийн гал тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
264 дуудлага ирсэн ба өмнөх өдрөөс 80 гаруй дуудлагаар нэмэгдсэн. АНУ, Испани, Германи, ОХУ, Чех улсаас 17 хүн холбогдон зөвлөгөө авсан. Иргэд сайн дураар эргүүл хийж байгаа ба оройн цагаар залууст амны хаалтаа хийхийг шаардан ажилаж байгаа ахмад настан болох Баяндэлгэр, Оюунханд нартаа баярлалаа. ЗӨСҮТ-өөс Энэтхэгээс ирсэн 158 иргэний ачаа тээшийг ариутгасан.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
БНСУ-д өчигдөр шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн. Шөнийн клубээс эхтэй голомтот халдварыг хязгаарлаж чадсан ч Сөүлд халдварын шинэ голомт үүсч эмнэлгийн 4 сувилагч халдвартай болох нь тогтоогдон хавьтагч 600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Тус улсад 11110 тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ, Дарханд 247 шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарлаа. Нийт 140 тохиолдол бүртгэгдэж 26 эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87 хөнгөн, 27 нь хүндэвтэр байдалтай байна.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
– Энэтхэгээс ирсэн иргэдээс бүгдээс нь шинжилгээ авсан уу?
А.Амбасэлмаа: Энэтхэгээс 158 иргэн маань ирсэн. Бид шаардлагатай хүмүүсийнхээ шинжилгээг онгоцны буудал дээр аваад, хянаад, тусгаарлаад явсан. Ингээд өнөөдөр бүх хүний буюу 158 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ бол эхний шинжилгээ.
– ОХУ-д байгаа халдвар авсан оюутнуудаа авах боломжтой юу?
Д.Нарангэрэл: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу халдварт өвчтэй хүнийг тээвэрлэдэггүй. Халдвартай нь батлагдсан хүнийг ОХУ-ын тал ч явуулахгүй. Цэргийн сургуулийн оюутнуудыг авчрах үеэр халуурсан долоон оюутныг шинж тэмдэг илэрсэн гэж үзээд аваад үлдсэн. Энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг мөрдөж байгаагаа илэрхийлж буй хэлбэр. Оюутнуудын биеийн байдлыг тус улсын эрүүл мэндийн байгууллага хянаж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа.