Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүтэй ярилцлаа.
-Цар тахал дэгдээд буй энэ үед иргэд ихэнх цагийг гэртээ, цахим орчинд өнгөрүүлж байна. Үүн дээр дөрөөлж цахим залилангийн тохиолдол өсөх хандлагатай байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хөл хорио тогтоосон үед иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдсэн. Олон нийтийн цахим сүлжээг ашиглах нь хэрэгтэй мэдээллээ солилцох, шаардлагатай мэдээллээ шуурхай олж авах зэрэг олон сайн талуудтай. Үүний хажуугаар иргэдийг залилж хохироох, бусдын алдар нэрийг гутаах, худал мэдээлэл тараах зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Дан ганц Монгол Улсад тулгамдсан асуудал биш. Цахим орчин нэвтэрсэн бүхий л улсад энэ төрлийн хэрэг зөрчлүүд гарч байгаа.
Мөрдөн байцаах албанаас санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал” арга хэмжээ зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгож нягтлах тусам аюулгүй гэх арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүнийг залилах төрлийн гэмт хэрэг, тэр дундаа цахим орчинд залилуулж байгаа иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байна.
-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн арга хэлбэрийн талаар сэрэмжлүүлэхгүй юү?
-Олон нийтийн сүлжээнд “Таны мөнгийг богино хугацаанд өсгөж өгнө, танд сайн чанарын барааг хямдралтай үнээр худалдаална, цахим сургалтад хамруулна” гэх мэт хүний хэрэгцээнд тулгуурлаж шаардлагатай байгаа зүйлийг санал болгож залилах тохиолдлууд байна.
Иргэд цар тахлын үед аюулгүй байдлаа хангаж гадуур явахгүй байгаа. Ийм үед царайг нь хараагүй, биечлэн очиж шалгахгүйгээр цахимаар бичсэн зүйлд нь итгээд мөнгөө шилжүүлж хохирч байна. Залилагч нар таны мөнгийг авсныхаа дараа цахим мөрөө устгаад алга болдог. Иргэд ингээд цагдаагийн байгууллагад ханддаг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд төвөгтэй.
-Шилжүүлсэн дансаар нь хөөгөөд илрүүлэхэд харин ч хялбар байдаг гэх ойлголт иргэдийн дунд байдаг.
-Дэлхий глобалчлагдаж байгаа. Интернэт сүлжээнд хил хязгаар гэж үгүй. Дэлхийн хаанаас ч таныг залилж магадгүй. Царайг нь ч хараагүй хаана байгааг нь мэдэхгүй байж дансны дугаар луу мөнгө шилжүүлчихдэг. Залилагч бусдын данс ашиглана, хуурамч данс ч ашиглана. Мөн гадаадын данс ч ашиглах эрсдэлтэй.
2020 он гарсаар цахим орчинд нийт 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 15 нь фэйсбүүк орчинд үйлдэгдсэн байна. Энд зөвхөн өндөр хохиролтой хэргүүдийн талаар ярьж байна. Үүний наана хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй хохиролтой олон хэргүүд Мөрдөн байцаах албан дээр шалгагдаж байна. 30-40 мянган төгрөг залилуулчихаад цагдаад хандалгүй орхидог тохиолдол бий.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энгийн арга хэлбэр нь юу вэ?
-Хэрэв танд гайхалтай боломж санал болгож байгаа бол сайн нягтлах нь зөв. Эдгээр хүмүүс таны хэрэгцээнд тулгуурлаж хууран мэхэлж байдаг гэдгийг дахин анхааруулъя. Юу ч хийхгүй сууж байгаад л мөнгөө хэд дахин ахиулаад авах боломж байна гэх мэтээр өгөөш бэлддэг. Манайхан ч цахим сүлжээний цаана хэнийг нь мэдэхгүй хүн рүү мөнгө шилжүүлчихдэг. Залилагч нар удаан хугацаанд харилцаа тогтоож таны итгэл төрүүлэхүйц бүхий л боломжуудыг ашиглаж эд хөрөнгийг тань авчихаад ул мөрөө устгаад зугтах эрсдэл хажууханд байна. Иргэд хэр сайн нягтална, төдий чинээ аюулгүй.
-Бусдын фэйсбүүкийн нууц үгийг хулгайлсан тохиолдол гарсан байна лээ. Хувийн мэдээллийг ямар арга хэлбэрээр хулгайлж байна вэ?
-Бид нар цахим орчинд өөрсдийнхөө найз нөхөрлөлийн хүрээнд мэдээлэл авч байдаг. Мэдээллүүдийн дунд төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл, сонжоонууд харагддаг. Эсвэл олны танил хүмүүсийг ноцтой үйлдэл гаргасан мэтээр худал гарчиг тавьсан тохиолдол байдаг шүү дээ. Хүмүүс түүнийг нь сонирхоод орчихдог. Энэ нь таныг хувийн мэдээллээ алдах эрсдэлд хүргэж байгаа юм. Та фишинг, хортой холбоос руу нэвтрэх юм бол нууц үг тань хулгайлагдах эрсдэлтэй. Фишинг сайтууд урд талдаа хандалт өндөртэй тэргүүлэх зэрэглэлийн сайтуудын нэр тавьчихсан байдаг. Гэхдээ төгсгөлийн домайн нэр нь өөр. Фишинг сайтуудын домайн info гэх зэрэг худлаа байх нь элбэг. Иргэд үүнийг анзаарахгүй нэвтэрснээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг.
Жишээ нь, фишинг холбоос руу нэвтрэхэд хэрэгтэй мэдээлэл нь гарч ирдэггүй. “Энэ дээр дарна уу” гэх холбоос байдаг. Энэ бүхэн таны нууц нэр хулгайлагдаж байна л гэсэн үг. Фэйсбүүкийнхээ нууц дугаарыг бусдад алдана гэдэг хувийн мэдээллээ бусдад алдаж байгаа юм. Ойр дотны хэн нэгэнтэй харилцсан мэдээлэл чинь тухайн хүний мэдэлд очно. Хэрэв сэжигтэй холбоос руу нэвтэрсэн бол нэн яаралтай нууц үгээ сольж хэвших хэрэгтэй.
Мөн цахим дахь хувийн мэдээллийг маань дураараа ашиглаж байна гэх гомдлыг иргэд гаргадаг. Та хувийн мэдээллээ цахимд нийтэлсэн бол таны хувийн мэдээлэл байхаа болино. Хэн нэгэн таны хувийн мэдээллийг хуулбарлаад авч байгаа. Иймээс пост оруулахдаа сайтар бодох хэрэгтэй. Өнөөдөр өөрийнхөө амьдралыг цахим орчинд хүүрнэдэг хүмүүс олон болсон. Тэр хүмүүс эрсдэлээ бодож л байгаа байх. Зарим нь санамсар болгоомжгүйгээс гэр бүл, ойр дотнынхон, орон байр, үнэт эдлэлийнхээ зургийг цахимд байршуулдаг. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд таныг халдлагын объектоороо сонгосон тохиолдолд таны цахим орчинд нийтэлсэн мэдээлэл олз болно гэсэн үг. Хувийн мэдээллээ байршуулах гэж байгаа бол эргэцүүлж бодохыг зөвлөж байна. Бусад хүн таны мэдээллийг хүлээж аваад таны эсрэг ямар ч байдлаар ашиглаж болно.
-Фэйсбүүкийнхээ нууц үг, хувийн мэдээллээ алдсан бол хаана хандах вэ?
-Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдлөө өгч шалгуулна. Хувь хүн цахим орчинд халдлагад өртөхгүй байх бүрэн боломжтой. Та цахим орчинд хувийн сахилга бат, хувийн ариун цэврээ сайтар хангаж чадвал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Хувийн ариун цэвэргүй замбараагүй, бохир байвал энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй. Хувийн ариун цэвэр гэдэг маань мэдээллийн эх сурвалжаа нягтлах, танихгүй хүнтэй найз болохоос татгалзах зэргийг л хамаатуулж ойлгож болно. Та сахилга баттай байвал гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлийг мэдрээд явах болно.
-Сүүлийн үед олны танил, улс төрд нэр нөлөөтэй эрхмүүд “Ц.Нямдоржийн цагдаа нар улстөрчийн заавар, захиалгаар ажиллаж байна” гэх ойлголтыг нийгэмд тараах боллоо. Цагдаагийн байгууллагын чиг үүргийн талаар тодруулахгүй юу. Үнэхээр Ц.Нямдорж сайд даалгавар өгч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?
-Улс төрд нөлөө бүхий болон олон нийтэд танигдсан эрхмүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомжоо мэдсээр байж цагдаагийн байгууллагын хуульд нийцсэн үйл ажиллагааг мушгин гуйвуулах гэсэн мэдээллүүдийг цацаад байна. Цагдаагийн байгууллагыг салбарын сайдаар нь овоглож, тэрний цагдаа, энэний цагдаа гэсэн нэр хоч өгч улс төр хийх гэсэн хандлага гэж харж байгаа. Албан тушаалтантай холбоотой хэрэг шалгах, хууль зөрчин жагсаал цуглаан хийж байгаа асуудалд цагдаагийн байгууллагаас шаардлага тавихад өмнөөс “Та нар хэний даалгавраар явж байна” гэх байдлаар хандах тохиолдол байна. Монгол Улс хуультай улс, хууль зөрчсөн аливаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба” гэж заасан. Мөн цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хэн хэрхэн оролцохыг ч хууль тогтоомжоор тодорхой зааглаж өгчихсөн байдаг. Манай улсад өдөрт олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр бүрт олон нийт төдийлөн анхаараад байдаггүй. Өдөрт л 1000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Тодотгон хэлбэл, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хараат бусаар явагддаг. Үүнд зөвхөн прокурорын байгууллага хяналт тавьдаг. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг шалгахад хөндлөнгөөс хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй, шалгаж байгаа хэргээ зөвхөн прокурорын байгууллагад танилцуулж прокуророос хяналт тавьж ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн яам бол цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавьдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох, мөрдөгч дур мэдэн аливаа үйл ажиллагаа явуулах юм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болно. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг энэ мэтээр харлуулах, сулруулах гэсэн худал мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Хэвлэл, мэдээллийн байгууллага ч гэсэн энэ мэт худал мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байхыг уриалж байна.