Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Орхон голын хөвөөнд өссөн Орхон сумын 1995 оны төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан” буланд энэ удаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын арван жилийн 1995 оны төгсөлтийнхөн зочноор уригдан оролцлоо. Тус төгсөлтийнхөн “А”, “Б” бүлэг гэж хуваагдахаас илүүтэйгээр төгсөлтөөрөө нэгэн цул болж нэгдэж ирсэн амь нэгтэй ангийнхан гэдгээрээ онцлог юм. Н.Батбаяр, А.Энхболд, С.Мөнхчулуун гурав цэцэрлэгийн найзууд. 1985 онд найзууд сургуулийн босго алхахаар боллоо. Тэдний туйлын хүсэл нь нэг ангид орох.

Ингээд хүүхдүүдийг жагсаагаад нэг, хоёроор тоолуулж бүлэгт хуваахад гурван найз урдаа нэг нэг хүүхэд зогсоон тоолж багахан заль хэрэглэх аятай санасандаа хүрсэн байна. За тэгээд үүнээс хойш ангийн ч тэр, төгсөлтийнхний ч тэр дурсамж, паян энэ гурван найзаас салахгүй. Тухайн үед нэгдүгээр ангид 60 гаруй хүүхэд элсэн орж байсан ч нийгмийн шилжилтийн үе, амьдралын шаардлагаас хамаарч 10 дугаар ангиа 28 хүүхэд төгсчээ. Гэхдээ төгсөх ангийн хонхны баяр дээр 60 хүүхэд бүгд оролцож сургуулиа дүүргэж байсан нандин дурсамжтай аж. Цэцэрлэг, эцэг эхийн халамжаас сургуулийн ширээнд суусан бяцхан сурагч нарыг хөтлөн амьдралтай танилцуулж ирээдүйн гарааг нь тавьж өгсөн ачтан бол бага ангийн багш Доржжавын Уранжаргал юм.

Мөн О.Болдбаатар, Калара, Адъяасүрэн, Д.Бямбаа, Ё.Бямбасүрэн багш нар байна. Боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт Д.Уранжаргал багш өдгөө Орхон аймагт багшилж байгаа аж. Ангийн хэсэг нөхөд багш руугаа утас цохив. “Байна уу. Сайн байна уу багшаа, би байна” гэх хариуд “Байна. За сайн уу. Сахилгагүй шар Батаа юу” хэмээн Д.Уранжаргал багш утсаа аван хэлж байна. Тэрээр “Та нар минь миний багш мэргэжлээр төгсөөд бие дааж авсан анхны анги учраас хэзээ ч мартдагддаггүй. Багш хүн олон мянган шавьтай болохоороо хооронд нь бишгүй л сольж холино. Гэхдээ та нарыг бол зүс царай, үйл хөдлөлөөр чинь андахгүй шүү дээ. Багш нь та нараараа бахархаж хайрлаж явдаг шүү. Нэг нэгэндээ их сайхан түшигтэй явдаг. Цаашдаа ч нэгэндээ дэм тустай, хань түшиг болж байгаарай” хэмээн багш сурагчдын холбоо өндөрлөв. Ангийнхан “Манай Уранжаргал багш биднийг сургуульд ч, амьдралд ч маш сайн чиглүүлж өгсөн” гэв. Үнэхээр ч уг төгсөлтийн С.Чулуунтуяа, Р.Энхтуяа, А.Энхболд, Б.Мэндбаяр, П.Баярмаа, С.Мөнхчулуун нар сурлагаараа сургуульдаа тэргүүлдэг тэргүүний сурагчид ихтэй анги байв. Харин спортоор ангиараа жигд манлайлагч байлаа. Учир нь дунд ангийн багшаар гар бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, шигшээ багийн холбон тоглогч Ё.Бямбасүрэн ажиллаж байжээ. Тийм дээ ч спорт зааланд ихэнх чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Сургуулийн спорт, тэмцээн уралдаанд уг төгсөлтийнхөн ахлах ангийнхныгаа ч гаргаадаггүй чадварлаг байж. Урлагаар ч мөн тэргүүний сурагч их. Тухайлбал, Сангийн аж ахуйн дарга А.Энхболд хүү хоёр ч удаа сургуулийнхаа бүжгийн аварга болж байжээ.

Түүний ээж Б.Сармандах урлагийн хүн бөгөөд “Адуучин” бүжгийг өвөрмөц байдлаар дэглэж өгч байсантай холбоотой гэнэ. Харин Н.Батбаяр Өсвөрийн уртын дуу дуулаачдын улсын уралдаанд сум, цаашлаад аймгаас шалгарч оролцож “Найрамдал” зусланд 30 хоног амарч байсан удаатай. А.Энхболд өдгөө төрийн албан хаагч болж нэг хэсэг УТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан бол Н.Батбаяр “ETV” телевизийн шилдэг зураглаачдын нэг болжээ. Мөн төгсөлтийнхнөөс Р.Энхтуяа БНСУ-д гэр бүлийн хамт амьдран суугаа бол А.Баянмөнх Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин Г.Мөнхтөмөр, Батбаатар, сумын аварга малчин С.Амарбаясгалан, нягтлан бодогч П.Баярмаа, хувиараа бизнес эрхлэгч Б.Хайдав зэрэг олон хүүхдийг энд онцлох байна. Уг төгсөлтийнхөн газар тариалан, мал аж ахуйн, бизнесийн салбарт ихэвчлэн ажиллаж буй. Өдгөө орон нутаг, улс эх орондоо өөр өөрсдийн ажил хөдөлмөр, мэдлэг оюунаараа хувь нэмрээ оруулж явна. Угаас Орхон сум олон жилийн өмнөөс газар тариалангийн үр шимээр Монголыг тэжээдэг байсан өгөөж баян нутаг билээ.

Манай зочдыг сурагч ахуйд Орхон сумын ард иргэд мал аж ахуй, газар тариалан түлхүү эрхэлдэг байсан болоод ч тэр үү намрын ургац хураалтад дайчлагдах, хонины ноос хяргаж тушаах, зурам агнаж арьс тушаах зэрэг ажилд гар бие оролцож явжээ. Ангийн охин П.Баярмаагийн өвөө Раш тухайн үед анх мах, ноосны чиглэлийн “Орхон хонь” үржүүлж Төрийн соёрхол хүртэж байсан түүхтэй юм байна. Ер нь сурагчдын амьдрал газар тариалан, Орхон голтой салшгүй холбоотой юм. Орхон голын хөвөөнд л өнжсөндөө бага нас минь гэж ангийн хүүхдүүд дуу нэгтэй дурсах аж. Нэг удаа Б.Хайдав дотуур өмдөө магтаж “Даалимбаар урласан дотуур өмд минь урагддаг ч үгүй, усанд урсдаг ч үгүй” хэмээн усан дээр тавьж нөхдөдөө маазарч зогсоод толгойгоо савандаад эргэхдээ савангаа дотуур өмдөн дээрээ тавьсан нь жин дааж усны ёроол руу алга болж.

Хамт байсан ангийнхан нь охид, хөвгүүдгүй шоолж хамаг хувцсыг нь аваад зугтчихжээ. Өдрийн гэгээнээр гол дагасан олон хүнээс ичээд мань хашир уснаас гарч чадахгүй тав, зургаан цаг голын усанд зогсож хөглөсөн түүхтэй. Устай холбоотой өөр нэг дурсамж гэвэл Н.Батбаяр 2015 онд Ламын гэгээний 375 жилийн ойгоор Баянхонгорт ажлаар явахдаа Түйн голд урссан хүүхдийг аварчээ. Энэ хүүхэд түүний уснаас аварсан тав дахь амь гэнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагджээ. Ангийнхан нь түүнийг “Манай Батаа аргагүй л Орхон голын хөвөөнд өссөн хүүхэд мөн байгаа биз” хэмээн магтана.

А.Энхболд “Манай ангийнхан Орхон голын урсгал шиг дөлгөөн, тайван, сэтгэл сайхантай улс. Нутаг усныхаа аяыг нутгийн зон нь дуурайдаг гэж зүгээр ч нэг үг биш байх шүү” хэмээн ярив. Б.Хайдав “Манай төгсөлтийнхөн их хөдөлгөөнтэй. Юм юманд л авьяастай байсан. Бүх талаараа манлайлагч байсан. Тухайн үед шатсан уурын зууханд орж зодоон цохион хийнэ. Гарч ирээд шалбархай дээрээ шороо түрхчихээд л явна. Хэнд ч хэлэхгүй. Шороо нь ч эко байж. Одоо бол шороо түрхвэл халдвар орж бөөн юм болох байлгүй” хэмээн инээв. Харин П.Баярмаа “Манай ангийнхан манайд их цугларна. Захиа занаа их бичнэ. Би зуучлагч хийхийг яана. Хөвгүүд нэг захиагаа хуулж хэдэн янзаар бичээд л өгнө. Доторх үг нь адилхан. Осолдолгүй нэр нь өөр. Тэгээд хоорондоо хольж хутгалдаж бөөн бужигнаан үүсдэгсэн” хэмээн хөвгүүдээ цаашлуулж хөхөрнө.

Ийн хүүхэд ахуй насныхаа дурсамжийг хуваалцаж нэг нэгэн рүүгээ утас цохиж, хөгтэй явдлыг нь сануулж инээлдэнэ. Энэ мэтчилэн тэдний хөгтэй, хөгжилтэй сайхан дурсамжууд барамгүй. Өнөө жил тус төгсөлтийнхний 25 жилийн ой тохиож байгаа учир нэлээд ажил төлөвлөсөн бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *