Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.
Өчигдөр улсын хэмжээнд гурван лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд дөрвөн тохиолдол илэрч, баталгаажсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 140 боллоо. Үүнээс 24 хүн эмчлэгдэн, дараагийн ажиглалт руу шилжсэн байна.
Түүнчлэн Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын хотуудад өвчний тархалт нэмэгдэж байгаа учир Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий зэрэг хил залгаа аймгийн иргэдийг бэлэн байдлаа хангаж, амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэргийг онцгойлон анхааруулсан юм.
Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулав.
-Гадаадад халдвар авсан иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Гадаадад халдвар авсан 30 гаруй монгол хүн байгаа. Үүнээс Шдедэд байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд, сэхээн амьдруулах тасагт уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэсэн мэдээлэлтэй байна. Бусад 10 гаруй хүний биеийн байдал хөнгөн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байгаа.
-Шинээр батлагдсан тохиолдлууд хэзээ, хаанаас ирсэн бэ?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Батлагдсан 140 тохиолдлыг тусгаарлан эмчилж байна. Эхний удаад ОХУ-аас татаж авсан 340 гаруй курсантад шинжилгээ хийхэд 57-оос нь халдвар илэрсэн.
Өчигдөр илэрсэн нэг тохиолдол нь ойр хавьтлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан.
Дараагаар нь ОХУ-аас 400 орчим оюутан, зорчигчийг татан оруулсан. Тэднээс
- 119 хүнийг Орхон,
- 135 хүнийг Дархан-Уул,
- Сэлэнгэд 20-иод хүнийг
- Төв аймагт 132 хүнийг тусгаарлаад байгаа.
Орхон аймагт тусгаарлагдсан 119 хүний шинжилгээг Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид хийхэд хоёр тохиолдол батлагдсан. Дархан-Уул аймагт мөн нэг тохиолдол батлагдлаа. Тэд гурвуулаа оюутан.
Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт байгаа хүмүүсийн шинжилгээг Дархан-Уулын салбар лабораторид хийж, хариуг нь ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа юм.
Өмнө нь Төв аймагт илэрсэн 37 тохиолдлын 80 хувь нь оюутан. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас хойд хилээр орж ирсэн зорчигчдоос 40 хүнд нь коронавирусийн халдвар илэрсэн.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 116 хүн дээр 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Халдварын сэргийлэлт, хяналтын горимыг хатуу баримталж, халдвартай хүнийг өөр газруудад байлгахгүйгээр голомтыг цомхотгохын тулд зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэх зорилтыг тавьсан. Иймд хоёр аймагт батлагдсан гурван тохиолдлоо ХӨСҮТ-д зөөвөрлөн авчирна.
Халдварын сэргийлэлт хяналт, эрүүл мэндийн ажилтныг халдвараас хамгаалах нь бидний эн тэргүүний зорилт болж байна.
Тасагт байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмч, асрагч, сувилагч нар бие биедээ хяналт тавина. Хувцас хэрэглэлийг зөв, тайван өмсөж, тайлах хэрэгтэй. Үүнд камерын хяналтыг давхар тавьж байгаа.
Олон өвчтөнтэй уулзах тусам халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Өвчлөл батлагдахын хэрээр халдвар тарах эрсдэл нэмэгдэнэ. Энэ эрсдлийг гадагшаа алдахгүйн тулд ХӨСҮТ-д 250 орондоо багтсан арга хэмжээгээ авна.
Цаашид ХӨСҮТ-д бэлдсэн 250 орноос давбал хэрэглэх 1,000 ор бэлдсэн.
Өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн үед хэрхэн ажиллах, кластер хэлбэрээр голомтолж гарвал яаж ажиллах, мөн цар тахлын хэмжээнд гарвал яах вэ гэдэг төлөвлөлтийн хүрээнд ажиллаж байна. Энэ дагуу зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлыг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.
Дэлхийн улс орнууд коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
Тэрбээр дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улсууд тэргүүлж байгааг хэллээ.
АНУ-д
Нийт халдвар авсан хүний тоо 1.4 сая байгаагаас 89 мянга гаруй хүн нас барж, 280 мянган хүн эдгэрсэн. Одоогийн байдлаар тус улсад 1.1 сая хүн идэвхтэй халдвартай байна.
Халдварын тархалт Нью Жерси, Мессури, Айдоха мужид буурч байгаа бол Өмнөд Дакота, Арканзас, Мейнд халдвар өсөх хандлагатай байна. Халдварын тохиолдлын бодит тоо Нью-Йорк, Нью Жерси, Иллинойз, Массачусет, Калифорни муж улсуудад хамгийн өндөр байгаа.
Халдварын голомтын цөм Нью-Йорк мужид 350 мянган батлагдсан тохиолдол, 28 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн.
БНЭУ-д
Энэтхэгт нийт халдвар авсан хүний тоо 95,900 гаруй байгаагаас 3,000 гаруй хүн нас барж, 30 мянган хүн эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар 58 мянган хүн идэвхтэй халдвартай байна. Үүнтэй холбогдуулан тус улсад хөл хориог дахин 14 хоногоор сунгаж байгаа.
Халдварын тархалт Момбай, Шинэ Дели, Чиннай зэрэг газар өндөр байгаа бөгөөд дотоодын зорчих хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна.
Сингапурт
Гадаад ажилчдын дотуур байрнаас голомттой халдварын шинэ тохиолдол 682-оор нэмэгдсэн байна.
БНСУ-д
БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр шөнийн клубүүдээс гаралтай халдвар есөн шинэ тохиолдлоор нэмэгдэж, 170 болсон байна. Үүнээс гадна тус улсад зургаан тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 11,065 болсон.
ХБНГУ-д
Өчигдөр 583 шинэ тохиолдол, 33 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан 174 мянга гаруй хүн байгаагаас 153 мянга гаруй хүн эдгэрч, 7,914 хүн нас барсан. Герман улсын халдварлалтын индекс долоо хоногийн дунджаар 0.87 байсан байна.
-ОХУ-аас курсантуудыг авчрах үед халдвартай эсэхийг шинжилсэн байна уу?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -ОХУ-д халдвар цар тахлын хэмжээнд маш өндөр тархсан.
Өвчний нууц үед хөнгөн балархай хэлбэрээр байхад хүнд мэдэгдэхгүй. ОХУ-аас курсантуудыг тээвэрлэн ирэх үед эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн долоон хүүхдийг ирүүлээгүй, аваад үлдсэн байсан.
Монгол руу явуулсан оюутнуудад ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан. Халдвар авсан нь мэдэгдээгүй үедээ энэ хүүхдүүд ирсэн гэсэн үг.
Ирсэн хойно нь шинжилгээ авахад илэрсэн.
-ХӨСҮТ-өөс бусад эмнэлэгт коронавирусийг эмчлэх үү?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Бусад эмнэлэгт коронавирусийг эмчилнэ. ЭМЯ-наас сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан.
ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: –ОХУ болон бусад орноос үүргийн онгоцоор ирж байгаа монгол хүмүүст тандалт судалгаа хийж, ХӨСҮТ-д тусгаарлахад хожуу үе дээрээ буюу гурав дах шинжилгээнээс халдвар илэрч байгаа.
ОХУ-д суралцдаг оюутнуудын ээж, аав нь ЭСЯ, УОК-оос мэдээлэл авч байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа. Өдөрт сургуулиас нь гурван удаа хоол өгч, өглөө бүр эмч үзэж байгаа тул ар гэрийнхэн нь сандарч тэвдэлтгүй.
Мөн ОХУ-аас Монголдоо ирж байгаа оюутнуудыг буруутгах, өвчин авчрах гэж байна хэмээн олон нийтийн сүлжээнд муулах, доромжлох хандлага гарч байгаа юм байна.
Дэлхий дахинд цар тахал гарсан. Хэн ч өвдөх эрсдэлтэй байгаа тул хүний газар өвдсөн хүүхдүүдээ бүү доромжилж, гутаарай гэж хүсье.