Categories
мэдээ нийгэм улс-төр

НББСШУБХ: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.14) хуралдаан 14 цаг 44 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийжээ. Монгол Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу 8.1.25 дахь заалтын дугаарыг 8.1.24 болгон өөрчилсөн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагчаас хариулт авлаа.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг байгуулагдсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн асуудлыг хоёр удаа хэлэлцэн, үйл ажиллагааг хэвийн болгох чиглэл өгсөн гэдгийг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг бүрэн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад шаардагдах 12 тэрбум төгрөгийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Энэ жилдээ эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бүрдүүлснээр бүрэн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна. Санхүүжилтийн дутуу хэсгийг холбогдох яамнаас бүрэн шийдвэрлэжээ. Тус эмнэлэг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тасгуудаа нээн, хэвийн үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байгаа гэв. Засгийн газрын 2020 оны 38 дугаар тогтоолоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ зохицуулалтын дагуу холбогдох асуудлууд шийдэгдэнэ гэдгийг тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм улс-төр

НББСШУБХ: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав.

Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй таван санал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асууж, Д.Сарангэрэл сайдаас хариулт авлаа. Хэлэлцэж буй төслөөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт оруулахаар тусгасан байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа цахимжиж байгаа бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх үүднээс салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад буйг Эрүүл мэндийн сайд хэлсэн. Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, ийнхүү бүх шатандаа цахим үйлчилгээг нэвтрүүлснээр Засгийн газрын “Хур” системд холбогдох замаар үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах юм байна. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгаад байгаа гэв. Аль ч шатны эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэсэн тэдгээр нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөх, иргэдэд дахин дахин шинжилгээ, тусгай төхөөрөмжийн өндөр үнэтэй оношлогоо хийлгэх шаардлагагүй болох юм байна. Хэлэлцэж буй хуулийн төслөөр өрхийн эрүүл мэндийн төвүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ иргэдэд чиглэсэн олон төрлийн зохицуулалт бий гэлээ. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Д.Сарангэрэл сайд тайлбарласан.

Дараа нь ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн мхүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг” гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг мөн хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь дэмжлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн 16.19, мөн зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус хасахыг гишүүдийн олон дэмжсэн юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 44.1.6 дахь заалтыг “44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;” гэж өөрчлөн найруулахыг 76.9 хувийн саналаар дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийн 1/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийг тус тус хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *