Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Д.Баттулга: “Монгол Улсын баатрууд” төслийн гол зорилго нь хүүхэд залуучуудын эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх юм

Монгол Улсын түүхийн хуудаснаа түүхэн гавьяа байгуулсан агуу баатрууд олон бий.Цөөн хэд нь зурагтын дэлгэцэнд мөнхөрсөн байхад зарим нь ард түмний дунд амнаас ам дамжин яригдаж ирсэн. Гэхдээ он цаг улирах тусам түүх бүдгэрсээр. Тэгвэл түүхэн баатруудыг ирээдүй хойчдоо таниулах үүднээс “Монгол Улсын баатрууд” төслийг “Мандуул медиа интертаймент” ХХК-ийн захирал Д.Баттулга санаачлан эхлүүлжээ. Ингээд түүнтэй энэхүү төслийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-“Монгол Улсын баатрууд” төслийг хэрэгжүүлэх санаа хэрхэн төрсөн бэ. Яагаад заавал энэ сэдвийг барьж авсан бэ?
-Өнөөгийн нийгэмд хамгийн чухал зүйл бол хүүхэд залуучуудад эх оронч сэтгэлгээг суулгаж төлөвшүүлэх явдал гэж би хувьдаа хардаг. Би хүүхэд байхдаа Монгол Улсын баатар Магсарын Жанчив гэж холбоочин хүний талаар сонсож байсан юм. Тэр хүн холбооны утсыг шүдээрээ зууж бусад нөхдөө ар талынхантайгаа холбоо бариулж байсан гэх түүхийг сонсоод их гайхаж билээ. Амьдрал ч үзэж амжаагүй залуу насаа тэгж золиослох ямар хэрэг байсан юм бэ, юуны тулд гэх бодол төрж өмнөөс нь нулимс цийлэгнэдэг байлаа. Гэхдээ тэр цагаас эхлэн эх оронч хүн гэж үүнийг л хэлдэг юм байна гэж ойлгож энэ сэдэвт их дурласан. Өнөөдрийг хүртэл дотроо бодож төсөөлсөн зүйлээ гаргах боломж гараагүй явсаар өдийг хүрсэн. “Монгол Улсын баатрууд” төслийн гол зорилго бол хүүхэд залуучуудыг өнгөрсөн түүхтэй ойртуулж, тэр гайхамшигт баатруудын амьдрал, хийсэн гавьяагаар дамжуулж эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх явдал юм.

-Төсөл эхний байдлаар цуврал зурагт ном хэлбэрээр уншигчдад хүрэх юм байна. Яагаад заавал комик төрлийг сонгосон юм бэ?
-Дэлхий нийтийн сонирхлын төвд буй “Хүн аалз”, “Төмөр хүн” гээд баатрууд бүгд зурагт ном буюу комик хэлбэрээр байсан. Эдгээр комикийн баатрууд хөгжсөөр байгаад өнөөдөр дэлхий хэмжээний баатрууд болчихоод байгаа юм. Хүүхдүүд “баатар”-ыг нисдэг, ид шидтэй, хэмжээлшгүй хүчтэй гэж ойлгодог. Гэтэл Монгол Улсын баатрууд хийсвэр зүйл биш. Жинхэнэ бодит, бидний дунд амьдарч ирсэн бодит хүмүүс юм. Миний үеийн залуучууд ч гэсэн энэ баатруудыг мэдэхгүй байна. Сүүлд яалт ч үгүй Э.Бат-Үүл баатар болсон. Сүхбаатар, Гүррагчаа, Хатанбаатар Магсаржав, Түвдэнгийн Бор гэдгээс цааш мэдэхгүй байна. Өөр өчнөөн баатар бий. Эдгээр эх орончдоос баатар цол хүртээгүй нь олон боловч баатар болсон ч яруу алдраа сонсож чадалгүй амь үрэгдсэн нь ч мөн цөөнгүй байдаг. Гэхдээ баатрууд бүгд л эх орныхоо төлөө, хэн ч биш хорвоод мэндлээ ч үгүй байсан ирээдүй хойч бидний төлөө өөрийн амь биеэ зориулсан нь гайхамшигтай. Тиймээс эдгээр баатруудыг бид хэзээ ч мартах учиргүй. Харин ч бид хүүхэд залуучуудад таниулах, үйл хэрэг гавьяаг нь үүрд мөнхлөх ажлыг хийх ёстой гэж бодож байна. Одоо хэдийгээр дайн байлдаангүй энхийн цаг ч гэлээ янз бүрийн л гадны нөлөө, бодлого яригдддаг. Тиймээс бид буу зэвсэг бариад учиргүй тулалдахгүй ч сэтгэл зүрхэндээ эх орноо гэсэн сэтгэлтэй, эх түүхээ мэддэг байх ёстой.
-Төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаасаа танилцуулахгүй. Монгол Улсын хэмжээнд хэчнээн баатар байдаг юм байна?
-1936 онд анх БНМАУ-ын баатраар Шагдарын Гонгор гэж хүн болж байсан юм билээ. Тэрнээс хойш нийтдээ 59 баатар цолтой хүн байсан. 2014 онд Пунцагийн Шагдарсүрэн гэдэг хүн баатар цол хүртсэн байсан. Нийт 59 хүнээс хуучнаар ЗХУ-ын иргэн 18 хүн байдаг юм байна. Эдгээр хүмүүсийг хасаад үлдсэн 41 хүн дээр Ардын хувьсгал ялснаас хойших үеийн Сүхбаатар жанжин зэрэг 12 баатар нэмэгдэж байна. Эдгээр баатрууд бол тухайн үедээ Хиагт, Нийслэл, баруун хилийг чөлөөлөх зэрэг томоохон тулаануудад оролцож яваад гавьяа байгуулж баатар цол авсан түүхэн гавьяатай хүмүүс юм.
-Баатруудын тухай өгүүлэх комикс ном маань хэчнээн цуврал гарах бол. Хүүхэд залуучууд маань комиксыг хэдэн цуврал байх бол, дараагийн цувралд юу өгүүлэх бол гэж тэсч ядан хүлээдэг шүү дээ?
-Одоогоор нийт 53 баатрын 39 цуврал болох төлөвлөөгтэй байна. Хамгийн эхний цувралын ажлууд хийгдчихсэн явж байна.
-Эхний цуврал хэн гэдэг баатраар эхлэх бол гэдэг нь их сонирхол татаж байна шүү?
-“Монгол Улсын баатрууд” төслийн эхний цуврал Сүхбаатар жанжны тухай ном байх болно. Цуврал хоёр нь Монгол Улсын анхны нисгэгч Дэмбэрэл, гуравт Хатанбаатар Магсаржав гэсэн дарааллаар явагдана. Эхний цуврал гарахаас өмнө тухайн баатруудын үр хойч, гэр бүлийнхэн эсвэл судлаачидтай подкаст хийгээд явахаар төлөвлөж байна. Ингэснээр ном, сонинд төдийлөн дурдагдаагүй түүхэн явдлыг холбогдох хүмүүсээр аман яриа хэлбэрээр олж авч номондоо тусгахын тулд ойрын үед цуврал подкаст хийхээр төлөвлөж байгаа.
-Цувралын эхний ном хэзээнээс уншигчдын гарт хүрэх вэ?
-Эхний тав, зургаан цувралыг бэлэн болгочихоод уншигчдадаа хүргэж эхэлнэ гэж бодож байна. Ингэхдээ долоо, долоо хоногийн давтамжтайгаар гаргаад дуусгана гэж бодож байна. Уншигчдын дунд хүлээлт үүсгэхгүйн тулд шүү дээ. Төслийн хэрэгжих хугацаа наймдугаар сарын 1-нээс анхны цувралаа худалдаанд гаргаад хамгийн сүүлийн цувралыг ирэх 2021 оны тавдугаар сарын 18-нд гарахаар төлөвлөөд байгаа. Тэгэхээр төсөл маань жилийн хугацаанд үргэлжлэх юм. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бас төлөвлөөд байна.
-Ялангуяа түүхэн цуврал ном бүтээж байгаа гэдэг утгаараа чамгүй ажиллагаа шаардах байх. Төслийн үйл явцад учирч буй хүндрэл бэрхшээл юу байна?
-Цаг хугацаа маш их шаардагдаж байна. Үүнийхээ хэрээр санхүүгийн хүндрэл тулгарч байна. Дэлхий нийтээрээ цар тахал гээд манай улсад ч бас чамгүй удаашрах хандлага байна. Бид зохиол болон зургийн ажил дээр баг бүрдүүлээд ажиллаж байна. Мөн комиксоор дамжуулж хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл, хэл ярианы боловсрол олгох гэж байгаа учраас найруулга зүй, хэл шинжлэл тал дээр маш их анхаарч байна.
Тиймээс Хэл шинжлэлийн хүрээлэнтэй бид хамтарч ажиллахаар ярилцаад байна. Мөн цуврал номоо аль болох олон хүүхдэд хүргэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудад хандах, Боловсролын яамны зүгээс хамтын ажиллагааны дэмжлэг маш их хэрэгтэй байна. Бид хамтарч ажиллах талаар яаманд хүсэлт тавих бодолтой байна. Учир нь энэ бол Монгол Улсын түүхэн баатрууд юм. Ирээдүйд үлдэх зүйл юм. Бид аль нэг нам эвсэлтэй холбохыг хүсэхгүй байна. Тиймээс үнэхээр хүүхэд залуучуудын оюунд хөрөнгө оруулах хүсэлтэй, манай төсөл дээр хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх хувь хүн алба байгууллага бүрт нээлттэй гэдгийг хэлмээр байна. Би номынхоо зорилтот бүлэг болох хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзаж ярилцаж үзсэн. Санааг маань маш сайхан хүлээж авсан. Үнэхээр энэ цувралыг гараад эхэлбэл бид ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт номоо уншингаа баатруудынхаа талаар ойлголттой болмоор байна гэж байсан. Үнэхээр бидний түүхэнд жинхэнэ баатрууд байсан юм аа. Бидний өвөө, эмээтэй зэрэгцээд нэг агаараар амьсгалж, нэг голын ус ууж, нэг хөрсөнд хамт гишгэж явсан бодит баатрууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд залуучууд энэ номоор дамжуулж тухайн баатруудын амьдрал, үйл хэрэг, гавьяаг мэдэж авснаар баатар гэдэг үгийн цаад мөн чанарыг ойлгож авах юм. Ингэснээр ирээдүйд эх орноо хэзээ ч худалдахгүй сэтгэл зүрхтэй эх орон ч иргэн болж төлөвших гол суурь болж өгөхөөрөө цуврал номын ач холбогдол оршино.
-Төслийн хүрээнд өөр ямар ажлууд хийгдэх вэ?
-Мэдээж төслийн хүрээнд цувралаа номоо гаргасны дараа бүрэн хэмжээний кино хийх, анимейшн хийх, гадны зах зээлд гаргах гээд маш олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мөн энэ хүрээнд орон нутгийн хүүхэд залуучуудад номынхоо талаар танилцуулга, уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. Мөн тодорхой хэмжээний хувийг англи хэл дээр хэвлүүлэх бодол байна.
Энэхүү төсөлтэй холбоотой мэдээллийг 99002284 дугаараас авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *