Categories
мэдээ нийгэм

О.Ариунтуяа: Беларусь, Казахстан, ОХУ, Украинд өнгөрсөн долоо хоногт өвчлөл нэмэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн хурлаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа шинэ коронавирусийн халдвар, нас баралтын хувь болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дөрөвдүгээр сарын 12-ноос хойш 4 долоо хоногийн турш Европын орнуудад халдвар тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа ч бүсийн зүүн хэсэг болон Беларусь, Казахстан, ОХУ, Украинд өнгөрсөн долоо хоногт өвчлөл нэмэгдсэн.

Сүүлийн 24 цагт өвчлөл

  • АНУ, Итали, Испанид 0.5-1 хувиар,
  • Англи улсад гурван хувиар
  • ОХУ-д зургаан хувиар нэмэгдлээ.
Дэлхийн хэмжээнд нас баралт одоогоор долоон хувь байгаа бол Франц улсад 19 хувь, Англид 15 хувь байна.

ДЭМБ-ын Европын бүсэд 1.6 сая халдвар авсан тохиолдол, 150 мянга гаруй хүн эндсэн нь нийт тохиолдлын 45, нас баралтын 60 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрээс 43 орон хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоож, иргэд нь гэрийн хорионд байна” гэв.

COVID-19-тэй холбоотойгоор Бельги, Болгар, Франц, Ирланд, ОХУ, Испани, Англи зэрэг олон оронд гэр бүлийн дундах болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгджээ. Энэ оны эхний дөрвөн сард өнгөрсөн жилтэй харьцуулахад хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 хувиар өсөж, нээлттэй утасны дуудлага тав дахин нэмэгдсэн талаар тэрбээр мөн мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор

  • Итали улсад утас залгахгүйгээр тусламж хүсэх аппликэйшн гаргасан
  • Бельги, Франц улсад зочид буудлаа хамгаалах байр болгож, архи, согтууруулах ундааны худалдааг хязгаарлах арга хэмжээг авч байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн гурван сарын туршлагадаа үндэслэн төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, таван зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал,

  1. Салбарууд болон хүн амын оролцоог ханган дайчлах
  2. Тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах замаар алаг цоог тохиолдол болон голомтыг шуурхай хязгаарлах
  3. Халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хөдөлгөөн хорих замаар хүн амын дундах халдварын тархалтыг багасгах
  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж нас баралтыг бууруулах
  5. Аюулгүй вакцин, эм хэрэгслийг боловсруулах зэрэг үндсэн таван чиглэлээр улс орнуудын нөхцөлд тохирсон арга зүйн болон ложистик тусламж үзүүлэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *