Categories
мэдээ цаг-үе

Л.Амартуяа: Танхимаар давтлага өгөх хугацаанд сурагч юун дээр алдаад байгааг нь хэлж өгч, илүү ойрхон ажиллана

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу энэ сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаар болсон билээ. Энэ дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд буюу анги тус бүрт арваас хэтрэхгүй сурагч давтлага авахаар болсон. Мөн өчигдрөөс эхлэн сургалтын төвүүдийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу үе шаттай нээхээр болсон юм. Ингээд сургалтын төвүүд болон ерөнхий боловсролын сургуулиуд хэрхэн үйл ажиллагаа явуулж эхлэх талаар сурвалжилснаа хүргэе. Эхлээд “Эрдмийн ундраа цогцолбор 77 дугаар ахлах сургууль”-ийг зорилоо. Сургуулийн ойр орчимд эл хуль байсан ч дотогш ороход багш нар нэг хоёроороо коридороор алхаж харагдана. тус сургуулийн ахлах менежер л.амартуяатай уулзаж ярилцсан юм. тэрээр “Танхимаар давтлага өгөх шийдвэр гарсанд эцэг эхчүүд, сурагч, баш нар баяртай байна. Одоо бид халдваргүйжилт болон анги танхимын ширээ сандлыг цэгцлэх бэлтгэл ажлаа хийхээр анги удирдсан багш нараа хэсэг хэсгээр нь дуудчихаад байна. Үүнээс гадна халуун хэмжих төхөөрөмж, маск, гар ариутгалын зүйлсээ эхнээс нь бэлдээд ажиллаж байна” гэж өгүүлснээр яриагаа эхэлсэн.

-Сурагчид нэгдүгээр сараас хойш танхимаар хичээллэсэнгүй шүү дээ. Тэгэхээр хичээлээ түргэн нөхөхийн тулд юун дээр анхаарч ажиллах гэж байна вэ?

-Бид элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх тусдаа төлөвлөгөө гаргасан. өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээс Баянгол дүүргийн хэмжээнд, сургуулийн хэмжээнд гээд хоёр онлайн сорилго авсан. ер нь танхимаар давтлага өгөх шийдвэр гаргасанд их баяртай байна. Одоо гол анхаарах зүйл бол хүүхэд юун дээр алдаад байна түүн дээр нь түлхүү ажиллана. Өмнөх сорилгын анализ дээр суурилаад хүүхдүүдэд танхимын сургалтаа илүү үр өгөөжтэй хүргэнэ. Үүнээс гадна бид 18-наас 22-ны хооронд дахин цаасаар сорилго авахаар төлөвлөж байна.

-Сорилго шалгалтуудад хүүхдүүдийн оролцоо, авч байгаа дүн ямар байна вэ?

-Манай сургуулийн хүүхдүүдийн оролцоо сайн байгаа. Дүнгийн хувьд ч гэсэн муугүй. Одоо дахин шалгалтыг цаасаар аваад хооронд нь харьцуулаад сургалтаа явуулах гэж байна. Энэ хоёр дүн маань хоорондоо хол зөрүүтэй гарахгүй л бол багш нар, эцэг эх, хүүхдүүд маань хичээж ажиллаж байгаа юм байна гэдэг дүгнэлтийг хийнэ.

-Танхимаар өгөх давтлагыг хэдээс хэдэн цагийн хугацаатай явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Урьд нь манай хичээл 80 минутаар хичээллэдэг байсан. Одоо 40-60 минутаар, эсвэл цаанаас гаргаж өгсөн хугацаагаар хичээллэнэ. Ер нь аль болох удаан цагаар хүүхдэд ачаалал өгөхгүй, дархлааг нь унагаахгүй байх тал дээр анхаарч байна. Нэг хүүхэд гурваас дөрвөн хичээл сонгосон учраас цаг төлөвлөлтийн тал дээр ч төлөвлөгөөтэй ажиллана.

-Сурагчдын цай хоолны тал дээр ямар зохицуулалт хийх гэж байна?

-Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хичээллэх учраас цайны газраа хэрхэн яаж ажиллуулах вэ гэдгийг захиралтайгаа ярилцаад бичээд л сууж байна даа. Ер нь цайны газартаа аль болох хүүхдийн дархлааг дэмжсэн илчлэг чанартай хоол гаргах байх.

-Энэ жил хүүхдүүд ямар хичээлээр түлхүү ЭЕШ өгч байна вэ?

– Хүүхдүүд янз бүр байна. орос хэл, газар зүй гэсэн хоёр хичээлийг нэг нэг хүүхэд сонгосон байсан. Гэтэл нийгмийн ухааныг 198 хүүхдээс 128 хүүхэд сонгочихсон байна. Тэгэхээр мэдээж хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжил эзэмших нь олонх байх.

-Хаврын улирлын хичээлийг элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахгүй гэсэн мэдээ байсан?

-Бидэнд яг тийм мэдээлэл ирээгүй. Ер нь телевизийн хичээлийг өчнөөн мөнгө санхүү, цаг зав гаргаад хийж байгаа учраас оруулахгүй байх гэсэн үндэслэл байхгүй. Тийм учраас телевизийн хичээлийн үр өгөөжийг цаг тухай бүрт нь дүгнээд л явж байна.

-Хүүхдүүд хувиараа ЭЕШ-аа хэр их бэлдэж байгаа болоо?

-Янз бүр л байна. 198-уулаа сайн бэлдэж байгаа гэж яг хэлэхгүй. Цахим хичээлээс гадна гадуур сургалтад суух, хувийн багштай хүүхдүүд ч бий. Гэхдээ манай сургуулийн хүүхдүүд сурлагаараа сайн.

-Ер нь энэ хаврын хичээл цахимаар орсон шүү дээ. Энэ нь ЭЕШ-ын дүнд нөлөөлөх үү?

-Мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлнө. Ер нь үлдсэн хугацаанд хүүхдүүддээ бүрэн хүрч ажиллах уу гэдгээс их зүйл шалтгаална. Юм хийдэг хүнд хугацаа их байна.


СУРАГЧ Б.МЯНГАНБАЯР: ТАНХИМААР ДАВТЛАГА ОРНО ГЭДЭГ ЦАХИМААР ХИЧЭЭЛ ҮЗЭХЭЭС ОНДОО

Мөн бид “Эрдмийн Ундраа цогцолбор ахлах 77-дугаар сургууль”-ийн арван хоёрдугаар ангийн сурагч Б.Мянганбаяраас цахим хичээлийн талаар тодрууллаа. Тэрээр “Би маркетингийн чиглэлээр СЭЗДС-д орно гэсэн төлөвлөгөөтэй англи хэл, математик гэсэн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байна. Ер нь өнгөрсөн зун мэргэжлээ сонгоод шалгалтдаа өнгөрсөн хоёрдугаар сараас яг сууж бэлдэж эхэлсэн. Сорилго шалгалтуудаа өгөхөд англи хэлний хичээл дээрээ сайн оноо авч байгаа. Матемикийн хичээлдээ жаахан муу. Гэхдээ бэлдэх явцад оноо дээшилж л байна. Удахгүй танхимаар давтлагууд явна гэсэн. Тэгэхээр мэдээж хэрэг цахимаар хичээл үзэхээс ондоо. Багштайгаа тулж харьцаад илүү мэдлэг авах байх. Гэрээр хичээлээ үзэх боломжтой ч дүүгээ хардаг учраас заримдаа хичээл тасалдах тохиолдол бий. Телевизийн хичээлээ үзэж амжаагүй бол “и контент” гэсэн сайтаас нөхөж үзэж болно. Ер нь коронавирусийн энэ үеийг боломж гэж харж байгаа шүү. Дулаан орсон цагаас хойш өглөө гүйж, дасгал хийж эхэлсэн. Үүнээс гадна интернэтээр нь IELTS-ийн сонсох дасгалыг тогтмол хийж ЭЕШ-дээ бэлдэж байна. Одоо танхимын сургалт орохоор тэрийгээ багшдаа шалгуулаад илүү үр өгөөжтэй байна байх” гэлээ.


Г.ШҮР-ЭРДЭНЭ: ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТБОЛ ДУНД СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛОО ХАНГАЛТТАЙ ЭЗЭМШСЭН ҮҮ, ҮГҮЙ ЮҮ ЭСЭХ Л ШАЛГУУР

Цаашлаад бид хорооллын эцэст байшрилтай “Yeti school of English” сургалтын төвийг зорилоо. Биднийг сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Г.Шүр-Эрдэнэ угтсан юм. Багш “Yeti school of English” сургалтын төв бол сараар бус жилийн хугацаатайгаар бүх насныханд IELTS, TOEFL-ийн сургалт явуулдаг онцлогтой. Шинэ төрлийн корона вирус гарснаас хойш бүх хичээлээ онлайнаар зааж байна” гэж тэрээр суралцагчиддаа хичээл заахын хажуугаар хуучиллаа. Цонхны наагуур найм, есөн ширээ сандал эгнүүлэн тавьсан энэ өрөөнд хоёр хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэхээр ирсэн байлаа. Тэд маск зүүчихсэн биенээсээ хол суух бөгөөд багшийнхаа өгсөн материал дээр хичээнгүйлэн ажиллаж харагдана. Бас хааяа нэг биенээсээ хариултуудаа асууж шалгацгаана.

Ингээд Г.Шүр-Эрдэнэ багштай сургалтын төвийн цаашдын үйл ажиллагааны талаар ярилцсанаа хүргэе.


-онлайн хичээлээ орж байгаа байх. Хэдэн хүүхэд онлайнаар сургалтад хамрагдаж байна вэ?

-Манайх жилийн хугацаатай сургалт явуулдгаараа бусад сургалтын төвүүдээс онцлогтой. Одоогийн байдлаар онлайн сургалтад суудаг хүүхдүүд маань нэг хоёр зүйл асуух гэж хааяа ирдэг. Хэдий өнөөдөр танхимын сургалт нээгдсэн ч гэсэн тэдгээр хүүхдүүдийн дүү нар нь цэцэрлэгт явахгүй ар гэрийн ажил гээд ирээд суух боломжгүй. Хөл хорионы үеэр дам дамаараа дамжиж дадлага авсан. Энд нэг сонин зүйлийг хэлэхэд арваннэгдүгээр сарын эхээр манай сургалтын төвийн хүүхдүүд ихэнх нь ханиад хүрч өвдөөд сургалт ороогүй. Удалгүй би ч өвдсөн. Ингээд он гараад нэгдүгээр сараар жигдрээд орох гэтэл коронавирус гээд хөл хорио тогтоосон.

-Цаашид танхимын сургалтаа ямар байдлаар явуулах гэж байна вэ?

-Одоо гурван өдрийн онлайн, гурван өдрийн танхимын сургалт гэсэн системээр ажиллана. Өнгөрсөн хугацаанд онлайнаар хичээллэх нь үр дүнтэй байгаа нь мэдрэгдсэн. Өнгөрсөн хугацаанд онлайн хөтөлбөрөө ч бүрэн боловсруулаад дуусчихлаа. Сургалтын тоног төхөөрөмжийн хувьд халуун хэмжүүр бэлдчихсэн. Сурагч хоорондын зайг нэг метр 50 см байх нөхцөлийг нь ч мөн хангасан. Халдваргүйжүүлэлтийн хувьд одоогоор дүүрэг хорооноос нэг ч хүн ирж санаа тавьсангүй. Өөрсдөө цэвэрлэгээ хийсэн гэсэн үг. Сургалтын төв нэг хичээл дуусаад дараагийн хичээл эхэлтэл 30 минут завсарладаг тийм учраас хангалттай агаар оруулчихаж байгаа.

-Сургалтын хөтөлбөрт ямар нэгэн шинэ зүйл нэмэгдэж байгаа юу?

-Сургалтын төвийн хүүхдүүдэд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авч эхэлнэ. Үнэндээ арван таван хүүхэд сургалтад суулаа гэхэд гурав нь л гадаад явдаг. Гэтэл бүгд адилхан хичээл үзэж байгаа хэрнээ яагаад адилхан явахгүй байна. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүйтэй шууд хамааралтай учраас мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарч ажиллана.

-Одоогоор танай онлайн сургалтад хэчнээн хүүхэд хамрагдаж байгаа вэ. Цаашлаад энэ хүүхдүүдээ танхимаар хичээллүүлэх үү?

-Жилийн сургалтад ойролцоогоор 40 хүүхэд хамрагдаж байгаа. Хүүхдүүд IELTS, TOEFL шалгалтад бэлдэх гэж түлхүү ирдэг. Мөн үүнийхээ хажуугаар элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа хүүхдүүд ч бий. Гэхдээ одоогоор хүүхдүүд нэлээн идэвхгүй байна. Ер нь ямарваа нэгэн зүйлийг эхлэхэд суурь хэрэгтэй шүү дээ. Монголчуудын хувьд цахим боловсрол руу шууд ороход хамгийн наад зах нь хэрэглээний асуудал яригдана. Компьютергүй хүүхдүүд цөөнгүй бий. Түүнээс гадна гар утсаар хичээлээ хийж байна. Энэ нь боломжтой ч гэсэн хүүхдэд үлдэц байхгүй. Саяхан цахимаар шалгалт авахад 100-70-тай л хийж байна. Ер нь монгол хүүхдүүд бие даах чадвар муу. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд насны онцлогтой байна. Дээрээс нь ерөнхий сургалтын систем нь зогсчихсон учраас боловсролын төвд яг нөгөө зогсонги байдлаараа хандаж байна. Дэлхий нийтээр хэзээ хөл хорио тавигдахыг мэдэхгүй байгаа учраас маргаашийн IELTS, TOEFL-ийн шалгалтын төлөө хичээж байгаа цөөхөн л хүүхэд байна.

-Хаврын улирлын хичээл танхимаар ороогүй шүү дээ. Тэгэхээр ЭЕШ бэлдэж байгаа хүүхдүүдийн түвшин муу байна уу. Энэ ер нь дүн оноонд хэр нөлөөлөх бол?

-Айхавтар муу бол биш. Миний хувьд энэ сүртэй нөлөөлөхгүй гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр элсэлтийн ерөнхий шалгалт зөвхөн 10-12 ангид үзсэн хичээлээр шалгадаггүй. Зургадугаар ангиас хойших хичээлээр шалгадаг. Ерөөсөө суурь мэдлэгийг л шалгадаг шүү дээ. Үүний зэрэгцээ Монголын боловсролын салбар харьцангуй. Бага боловсролыг сайн олгодог. Бүгд уншаад, бичээд, бодоод сурчихаж байна. Харин дунд ангийн багш нар хүүхдүүдийг хаядаг. Үүний зэрэгцээ эцэг эх ч хайхардаггүй. Ингээд хүүхэд бие дааж эхэлнэ. Дүүгээ харна, сургуульдаа явна. Эцэст нь дунд ангидаа физик, математик, түүх, нийгэм гээд хөрснийхөө хичээлийг аваагүй учраас ахлах ангидаа бараг 70 хувь нь шахуу идэвхгүй болдог. Түүнээсээ болоод бүтэлгүй хайр дурлалд учрах асуудлууд гардаг. Ер нь бол элсэлтийн ерөнхий шалгалт өөрөө дунд шатны түвшин буюу дунд сургуулийн боловсролоо хангалттай эзэмшсэн үү эсэх л шалгуур.

-ЭЕШ өгөх сурагчдыг богино хугацаанд хэрхэн бэлдүүлэх гэж байна вэ?

-Багш хүүхдийнхээ нүд рүү харж заадаг л даа. Тэгж байж илүү ойлгуулдаг. Над шиг олон жил болсон багш нар дахин дахин хэлдэг. Одоо танхимаар орж эхэлж байгаа учраас илүү үр өгөөжтэй заана.

-“Yeti school of English” сургалтын давуу тал нь сайн сурч байгаа хүүхдээ гадаадын тэтгэлэгтэй сургууль руу явуулдаг. Тэгэхээр одоо яг гадагшаа явж сурна гэсэн бодол эрмэлзэлтэй хүүхдүүд хэр их ирж байна вэ?

-Одоогийн байдлаар ийм кэйс алга. Бүгд унтаахай байна. Намар бэлтгэгдээд оноогоо авчихаад сургуульдаа хандчихсан хүүхдүүд ч сураггүй байна. Уг нь сургуулиас нь урилга нэг хоёроороо ирж л байна. Вирусээс болоод маш олон хориг тавьсан, айдастай байгаа учраас явах боломж алга.

-Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь зогсонги байсан учраас одоо сургалтаа эхлүүлэхэд эдийн засгийн тал дээр хүндрэлтэй байгаа байх?

-Онлайнаар авч байгаа сургалт одоо авах гэж байгаа танхимын сургалт өнөөдрийн зардлыг нөхөхгүй шүү дээ. Манайх сарын нэг сая төгрөгний түрээстэй. Үүнээс гадна тог, дулаан, ус, интернэтийн зардал 500 мянган төгрөг болдог.

-Өнгөрсөн хугацаанд баар, ресторануудыг нээж хаасан ч сургалтын төвүүд хаалттай байсан. үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь эдийн засгаа бодоход хаах шаардлага байгаагүй. Нэг зүлийг хэлэхэд арваннэгдүгээр сард 110 мянган хүн уушгины хатгаа тусч 480 хүн нас барсан. Түүний 70 хувь нь 0-5 насны хүүхдүүд байхад эрүүл мэндийн сайд яагаад чимээгүй байгаад байсан юм бэ. Японд уушгины хатгалгаагаар 500 хүн нас барахад онцгой байдал зарлаж байна. Сурвалжлагч нарынх нь зай нэг метр 50 см байна. Гэтэл яагаад Монголд Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийхэд нэг микрофон тавиад алсын зайнаас контентоо хувааж болохгүй байгаа юм. Яахав хоолны газруудыг нээчихэж байна. Гэхдээ өглөө гэрээсээ гарахдаа хоолоо бэлдээд гарах боломжтой шүү дээ. Үүнээс гадна дэлхийд гэр бүлийн хүчирхийллийн түвшин нэмэгдчихсэн байна. Энэ асуудал ердөө архинаас хамааралтай. Дэлхий дээр 5000 хүн архинаас болж нас бардаг. Энэ тоо тэгж их стресстүүлээд байгаа юм бол яагаад архиныхаа дэлгүүр, үйлдвэрүүдийг хаахгүй байгаа юм.

Мөн бид Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ-ын мэргэжилтэн Б.Болдсайхантай холбогдож тодруулахад тэрээр “Өнөөдрийн байдлаар цөөн тоогоор сургалт явуулахыг Засгийн газар онцгой комисс зөвшөөрөл олгоод хэрэгжихээр болж байна. Үүнтэй холбоотой зөвлөмжүүдийг аймаг нийслэлийн боловсролын газруудад хүргэсэн. Жишээлбэл, танхимын сургалт хэрхэн зохион байгуулагдах, хэрхэн ажиллах талаар зөвлөмжүүд БСШУСЯ-аар дамжаад бүх сургуулиудад хүрэх байх” гэсэн юм.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *