Categories
мэдээ цаг-үе

Чинжаалын нууц

ӨГҮҮЛЛЭГ-ТУУРЬ

Хутганы хүйтэн мөр хүзүүн дээгүүр нь хайрахад өвгөн давхийн сэрэв. Хүйтэн цуст хар эрээн могой хүзүүг нь даган гулсаж зүрхэн тушаа нь очсоноо цээж рүү нь огцомхон хатгаад орчихлоо гэж зүүдэлснийг хэлэх үү зүрх нь пил пил цохилно. Унтаа, сэрүүнээ ч үл ялгах өвгөн хүндэрсэн зовхио дааж ядан нээвэл хүргэн Байбулат нь хүзүүнд нь хутга тулган зогсжээ.

Өвгөн хутганы ирнээс эмээсэнгүй. Мөрнөөс нь ч айсангүй. Харин хар эрээн могойн арьсаар бүрсэн ишийг нь харуут ухаан алдан орон дээрээсээ ойчиж, чулуун шалан дээр түгхийн унав. Байбулат амандаа “Бааштай муу төгцөг вэ” гэж хасгаар хараан, өвгөнийг өндийлгөн орон дээр тавихдаа хятад таавчигтай хөлөөрөө Монголын газрын зураг, төрийн далбааг сөөлжүүлэн шахсан шалны пялтааг пад падхийлгэн дэвслэх аж.

Үүрийн харанхуйгаар ухаан алдсан өвгөн морин цагийн үед сэхээ оров. Тэр болтол хөдөлгөөнгүй хэвтсэн бие нь хөшиж, хөдлөхөөс ч дургүй хүрмээр хөндүүр оргино. Өвгөн тохилог цэмцгэр байшингийн хойморт гүнгэрваанд залсан хөгшнийхөө хөрөг, шинэхэн хадаг нөмрүүлэн тавьсан охиныхоо зураг хоёроос уучлал гуйх мэт дальдрангуй ширтлээ. Охиных нь гэрэлт хар нүд амьдын цогоор мишилзэх шиг болсноо хацрыг нь даган эрихин бөөрөн чинээ хар нулимс урсах шиг санагдлаа.

Өвгөн хөндүүрлэн буй гүрээгээ хуруугаараа илж үзэв. Жаахан цус шүүрээд хатсаны ором татан гүвдрүүтжээ. Байбулат гаднаас орж ирэн ор руу нь дөхсөнөө дэрэн дээр нь тавьсан нөгөө могойн арьсаар бүрсэн иштэй чинжаалыг аваад үзүүрийг хоолойд нь тулгаж:

-Муу жилчиг чиний охины дөчин ес хоног дууссан. Маргааш чамайг Батсүмбэрийн асрамж руу ачуулна. Мэдэв үү чи гэж хоолойгоо шахан цахиртуулснаа:

-Өвөг дээдсийн минь үнсийг хийсгэсэн нүглээ наминчлаад тэнд наян насныхаа найрыг нижгэр сайхан тэмдэглээрэй чи! гэж дуугаа өндөрсгөн заналтай хэлэв…

Өвгөн хүргэнийхээ зангасан хутгыг хэлгүй мэт таг дуугүй ширтэн, гал цоггүй нүдэнд нь дүүрэн нулимс мэлтэгнэх ажээ. Хадам, хүргэн хоёрыг ийнхүү эв түнжин хагараад байх үеэр үүдний гишгүүр пижигнүүлсээр гаднаас гурван хөвүүн гүйлдэн орж ирэв. Өвгөний цийлгэр мэлмийн аяганаа мэлтэгнэн байсан нулимс сул асгарах сувд шиг өөрийн мэдэлгүй бөмбөрөн хацар шанааг нь даган урслаа. Байбулатын зэрлэг балмад байдлыг харсан гурван хүү том өрөө рүү дамждаг гал тогооны хаалган дээр зогтусан эзгүй хээр талын хүн чулууд адил нэгэн хэвд цутгагдсан мэт хөшжээ.

Байбулат хүүхдүүдээ хүйтэн харцаар хянгардан хадуурдах мэт ширвэсхийн хараад:

-Үхэр халхын зулбасга та нар юугаан гөлрөн ширтээв. Үхэж буй өвөөгөө бас өмөөрөх санаатай юу. Та нар миний хасаг хэлээр ганц ч үг ганхийдэггүй биз дээ. Санаа муутай үхэр Монголын тугалууд аа! гэж бахардан хашгичих нь солио галзуу, согтуу балай нэгэн гэлтэй. Тэрээр архи дарс амссан нь үгүй, харин ч эрүүлээс эрүүл, саруулаас саруул байгаа нь тэр ажгу. Байбулат могойн арьсан бүрүүлт иш бүхий ган чинжаалаар хүүхдүүдээ занган чичилж:

-Үхсэн эхийнхээ зовлогыг зулгаахдаа таарсан зулбасгууд хэмээн заналхийлэхэд арван гурваных нь агт араа л дөнгөж ургасан ууган хүү нь мэлмэртэл уйлан:

-Аав аа гээд Монгол орны газрын зураг, төрийн сүлдтэй чулуун шалыг өвдгөөрөө түгхийтэл цохилон сөхрөөд өгөв.Наймтай, тавтай дүү нар нь ч ахынхаа мөрийг түшин гашуун хар нулимсыг зовлонгийн эрээн дээс мэт мушгируулан томж уйлав аа. Байбулат сүүлийн нэг сарын хугацаанд энэ муу ёрлосон шалыг Налайхын тоосгоны үйлдвэрийн хятад ажилчинтай орой үдшийн цагаар хамсран шахаж, өвгөнийг хэрдээ нүд үзүүрлэн харь этгээдтэй үг нэгсгэн шивэр авир гэх болсон билээ. Байбулат цээжиндээ бадрах уур омгийн хар утаат улаан галыг амаараа маналзуулж:

-Үхэр монголчуудын гал голомт үүрд тасраг, үнсээр хийсэг гэж хахир муухай дуугаар хашгиран ухасхийж гүнгэрваан дотор мишилзэн тормойх гэрэлт-эхийн жаазтай зургийг гарган ирж сийчиж гарав.

Өдий болтол үхсэн мэт хөнжил дотроо хөшиж хэвтсэн өтөл буурай өвгөн хэрзгэр цээжээ хэржигнүүлэн өндийж:

-Хүү минь бурхныг бодож тайвшир. Миний хүү сэтгэлээ барь. Нүгэлт муу аавыгаа өршөө. Цөс шиг гашуун хувь тавилангийн өмнө аав нь гагц буруутай болохоос миний хүү, миний хүүгийн хөвүүдийн хэн нь ч буруугүй гэж хөгшин сөнгө банхрынх шиг хоолойгоор дуугаа сөөнгөтүүлэн егрүүлвэй. Жилийгаач эхнэрийнхээ зургийг зомгол мэт үйслэн залтасласан Байбулат хэргийн эзэн хутгыг өвгөний хөлд шидэн амнаасаа цагаан хөөс цахруулж:

-Би чам шиг улаан алуурчны хүү байлаа юу. Чи миний хадам ч байтугай эцэг биш. эцгийг минь хөнөөсөн бузар алуурчин чамайг би ухаан орсон цагаасаа өдий болтол үзэн ядаж, уушгинд улаан гал маналзавч утааг нь хамраараа гаргахгүй гэж тэвчиж ирлээ. Чамайг хөнөөж, цусан өшөөгөө авах гэж зориглож ирсэн ч цэвдэг хүйтэн чамаас биш цэцгээс бодилсон мэт охины чинь энгүй сайхан, ижилгүй зөөлөнд татагдаж эцгийн өшийг авах байтал элдүүр ханасан нэхий шиг зөөлөрч идэгдлээ. Одоо би тэвчиж чадахгүй. Чамайг улаан гараараа багалзуурдахаас өмнө үхлээ тэсэж ядан хүлээх асрамжийн газраа бараад, зөнөг минь. Үхсэнээс үлдсэн хасаг, халхын энэ хэдэн эрлийзийг би хүний зэрэгт хүргэж л таараа. Усгал зөөлөн, уяхан халуун ижийн минь ч аминд хүрсэн энэ хүйтэн мэсээ аваад орон гэрээс минь даруйхан зайлаад өг. Нүднээс минь л далдарч байвал газрын гаваар орсон ч яахав. Ээ, Аллах тэнгэр минь! гэж толгойн үсээ үгтээн үгтээн, шүдээ хажигнатал хавиран хавирсаар байв л.

Өвгөн удтал дуугүй суув. Цээжинд нь уй гунигийн өтгөн манан хүүшилжээ. Хүний амьдрал гэж энэ хүйтэн чинжаалын иш шиг алаг булагхан ажээ. Хэндээн гэж гуньж, хэндээ ч гэж туних вэ. Өвгөний хөлд хэвтэх энэ хүйтэн мэс хүний хэл мэддэг сэн бол хэчнээн гунигт түүх өгүүлэх байсан бол оо?Өвгөн хутгыг тонгойн авч харцаараа хуйг нь хайхад ууган ач Жанибек нь хуучин мэлхий ширээн дээрээс дөхүүлж өгөв. Эрхбилэгт үргэлж мөнхөд өнөөдрийнх шиг үлгэн салган өвгөн ч явсангүй. Өнөөдрийн эл эх мадаггүй хэрүүл тэмцэл, хэл амны бай болох учир шалтгаан могойн арьсан бүрүүлт чинжаалтай яах аргагүй холбоотой юм. Алив амьтан хийгээд хүмүүний амин насны утсан чинээ судсан булгийг энэ л хутга тасалж байсан гэвэл өс, өшийн цусан бэхээр өчнөөн гунигт түүх бичигдээ биз ээ. Могойн арьсан бүрүүлтийг Бадам торгууд дээлтэй төрсөн дүү Эрхбилэгтэд тэртээ нэгэн цагт өгөхдөө хив торго шиг зөөлөн самбай хадаг дээр тавин, үзүүр ирийг нь малын цагаан сүүгээр ариулан, ган тулганд дүрэлзэх галын дээгүүр хурайлан гардаж билээ. Тэр үед энэ хутганд хүний санаа сэтгэл ширвээдүүлэм хар эрээн могойн арьсан бүрүүл ч үгүй байсан ажаам.

Хар багаас өнчин өссөн Эрхбилэгт хүүг Налайхын уурхайд хятад, торгууд, хасаг, монгол ажилчидтай мөр зэрэгцэн нүхээр гэр болгож, хүрзээр хань хийж явахад Бадам хэмээх нүдэнд дулаахан хүдэр чийрэг хүрэн бор эр сэтгэл татан ахан дүүгийн ёсоор найрсаг тахимдуу хандах болсон сон. Анх таван жингийн хүрзээ даахгүй шахам байсан хүүтэй нэг гарын атгасан хурууд шигхамтран ажиллаж, гэрээр бичиг үсэг хэлтлүүлсний хойно эр бяр, ухаан жигдрэх насанд нь танил хурандаадаа захин Хязгаарын цэргийн сургуульд хилчин дарга болгохоор суулгасан нь хүмүүний нэгэн насны аж төрлийн харгуйг тэгшилж өгсөн ариун явдал байлаа.

Бадам Шинжаан буюу Чин сэтгэлт шинэ торгуудуудын Ачит бэйсийн хошуунд утаат дулаан монгол гэрт эхийн хэвлийгээс унаж, уураг халуун ангир юуг нь хөхөж хүмүүн болсон гэнэм. Толгойгоо цагаан цууямбуугаар шаламлан ороосон торгууд Бадам хувь заяаны эрхээр дүү нь болж учирсан Эрхбилэгтэд өөрийн аж төрлийн алаг булагхан намтар цэдигийг хааяадаа хуучлах. Нүүрэндээ ов тов бор сэвхтэйгээс ч болсон уу олонд Цоохор хэмээгдсэн Бадам “Манайх мал малын захтай ч олноос онцгой баян ч байсангүй, сэгсрээд өмсөх дээлтэй, сэлгээд унах дэлттэй борог бүрэгдүү аж төрөлтэй айл байлаа. Шар нохой жил (1898 он) ор орлож, огтоно сүүллэхэд богтос шаантын бор шөлөнд угааж өлгийдөхдөө аав минь “ам бөх бол амь бөх” байхыг ч билгэдсэн үү “Бат-Ам” гэж зүүн чихэнд минь шивнэсэн гэж муу эжий минь хуучилдаг сан. Шинжаанд сургуульд ороход хятад багш нэрийг минь дуудаж чадахгүй “Бадам” гэснээр Баясгалангийн хүү нэрээ олсон. Аав “эрдэмтэй хүний дуудсан нэрээр дуудуулж яв” гэсэн. Бадамлянхуа цэцэг гэдэг чинь үндсэндээ нангиад, цаст Түвд, монгол гурван хэлээр цэцэг гэсэн үг юм билээ. Миний нэр чинь бас хасгаар гүль болчихно. Аавын өгсөн нэр ингэж л “цэцэглээд” байгаа юм даа” гэж дэнгийн гэрэлд хүүрнэсэн сэн. Бадам ер нь адал сонин амьдралтай хүн. Хятадын Гоминданы армид гурван жил алба хаахдаа маузерь, винтовоор мэргэн буудагч үнэмлэхээр шагнуулж, бас ч үгүй хасаг, хятадаар ярихдаа гаргууд тул цээжиндээ гэгээтэй, цэцэндээ мэлмийтэй гэгдэн шагшигдаж явсан ч гэх. Халхын голын дайны утаа замхарсан жил торгууд Бадам төрсөн дүү Очироо дагуулан ирж Бүгд найрамдах Монгол Ард Улсын иргэн болж, Налайхын уурхайд хөлс хүчээ нэмж явахдаа дээлтэй төрсөн дүү эрхбилэгтээ олж авсан ажгу. Ямартаа ч тэр унасан хүлэгтээ дөрөө зөөлөн, ханилсан хүндээ өр нимгэн нэг байж дээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *