Эх дэлхий өөрөө амар амгалангийн туйл юм. Голын урсгал, модны найгаан, цэцэгсийн анхилам үнэр, өнгө төрхөө гайхуулсан ан амьтдыг юутай ч зүйрлэшгүй.
Хатаж, гандсан мод, ширгэж дууссан гол мөрөн, ховордсон амьтдыг яагаад үл хайрлан хороосоор байна вэ?
Иргэн бүр байгаль орчноо хамгаалах журамт үүрэгтэй. Та ч бас…
Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн гал түймэр их гарч байна. Энэ нь хэн нэгний буруутай үйлдлээс ч болдог. Жишээ нь, хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдчихлаа, муу хувцасаа шатааж байгаад, халуун үнснээс болоод гэх хариуцлагагүй зүйлс ярьдаг.
Мөн хууль бусаар мод бэлтгэх, ан агнах, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн ургамал бэлтгэх зэрэг үйлдэл гарч байна. Гэвч энэ мэт гэмт хэрэг, зөрчлүүдийг харсан хэрнээ чимээгүй өнгөрөх явдал гарсаар байна. Та өвөг дээдсээсээ ямар байгаль дэлхий авч үлдсэн түүнийгээ үр хүүхэд, хойч үедээ сайжруулж өгдөггүй юмаа гэхэд тэр хэвээр нь үлдээж өгөөрэй.
Цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж байна.
Хамгийн гол нь байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй. Жишээ татахад, хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний ой сав газрыг сүйтгэх, гол горхи ширгэх, ой модыг огтлох, унагааж байна. Энэ үйл ажиллагааны улмаас гол, горхи ширгэж цөлжилт явагддаг. Усыг эргүүлэн нөхөж чадахгүй учраас хор хөнөөлийг тооцох боломжгүй юм. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, мод бүгд харилцан уялдаатай оршиж байдаг.
Та хэн нэгний хууль бус, аюултай үйлдлийг харсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх, өөрөө шаардлага тавих ч эрхтэй. Таны хэлсэн үг, тавьсан зөв шаардлага бүр хэр үнэ цэнэтэйг та мэдэх үү?
Өвөг дээдсээс хүлээн авсан онгон тагшин байгаль, эх дэлхийгээ хойч үедээ энэ хэвээр нь үлдээе.
“Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна”