Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.
COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, Бразил зэрэг улс тэргүүлж байна. Өчигдөр ОХУ-д 10,600 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 188 мянган орчим болжээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “БНСУ-ын Сөүл хотын Итавон дүүргийн шөнийн клубээс голомтот халдвар гарсан байж болзошгүй талаар тус улс Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.
COVID-19-ийн халдвартай хүн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байх үедээ тавдугаар сарын 2-ны өдөр Итавон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлжээ. Уг тохиолдлоос одоогоор 15 хүнд халдвар дамжсан нь тогтоогдсон.
Дөрвөн цагийн хугацаанд хоёр дэлгүүр, таван баар, клубээр үйлчлүүлсэн тухайн иргэний зам мөрийг гаргаж, олон нийтэд зарлан тэдгээр байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөмж болгосон.
Тухайн тохиолдлын үйлчлүүлсэн газруудад нийтдээ 1,500 гаруй хүн үйлчлүүлсэн бөгөөд төлбөр хийсэн карт хэрэгслээр нь хайн илрүүлэх ажиллагааг эрчимтэй хийгдэж байгаа юм.
Үүнээс улбаалан тус улсад үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудыг нэг сарын хугацаанд зогсоохыг эрх баригчид зөвлөмж болгосон” гэлээ.
Судалгааны үр дүн:
Хонг Конгийн нэгэн судалгаа “Lancet” сэтгүүлд хэвлэгдсэнийг тэрбээр мөн мэдээлэв. Тодруулбал судалгааны үр дүнд вирусийн эсрэг үйлдэлтэй гурван эмийг дархлаа дэмжих эмтэй комбинаци болгон хэрэглэхэд эдгэрэлт түргэн байжээ.