Материаллаг тусламж
Монголын ард түмэн ялалтын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, хийж бүтээсэн бүхнээ бэлгийн цуваа болгон зөвлөлтийн Улаан армид илгээж байв. 1941 оны 11 дүгээр сард Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэр хоршооллын ажилчдын илүү цагаар ажиллаж үйлдвэрлэсэн 15000 цэргийн өвлийн хувцас14,600 ноосон цамц, 440 нэхий хөнжил зэргийг ЗХУ-д илгээсэн нь монголчуудын бэлгийн анхдугаар удаагийн цуваа байв. Түүнд мөн 3000 ширхэг хувийн бэлэг багтжээ. ЗСБНХУ-ын ГХАК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.А.Соболевоос 1941 оны 10 дугаар сарын 31-нд Улаан армийн Ар талын газрын дарга А.В.Хрулевт өгсөн заавраас үзвэл бэлгийг Куйбышев хотод илгээсэн аж. Тухайн үедээ бэлгийн зүйлийн үнийг тооцон гаргаж байсан бөгөөд Оросын эх сурвалжид эхний цувааны үнийг 1.813.515 хэмээн зааж, ЗХУ-ын Улсын банкинд бэлнээр 587 мянган төгрөгийг шилжүүлсэн гэжээ.
…“Фронтод туслагтун!” хэмээсэн төр засгийнхаа уриалгыг хэрэгжүүлэхийн төлөө Монголын малчин ард, ажилчид, оюутан сэхээтэн, цэрэг дайчид, бэлгийн зүйлсийг үйлдвэрлэх, бэлтгэх, хүргэх асуудлыг хариуцсан яам газрууд, эрвийх дэрвийхээрээ ажилласны үрээр бэлгийн хоёрдугаар удаагийн цуваа 1942 оны 2 дугаар сард бэлэн болж, 38 вагон хувцас хэрэглэл, хүнсний зүйлийг ЗХУ-д илгээжээ. Цуваанд эсгий гутал 2750 хос, дах 2706, дулаан хантааз 4100, богино нэхий дээл 1320, бээлий 6290 хос, гэрийн эсгий 4500, суран бүс 2000, савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцаснаас гадна мах 148,1 тн, хиам 8 тн, боовны зүйл 10 тн, тос 4,5 тн, архи 8000 литр, папирос тамхи 5.5 сая ширхэг, мөн лаазтай сүү, чихэр зэрэг 7.187.140 төгрөгийн үнэ бүхий зүйл багтжээ. (БНМАУ, Зөвлөлт эх орны дайны үед. Баримт бичгийн эмхтгэл. (Эмхтгэсэн Н.Сэр-Оджав). УБ., 1954. тал 68.)
Цувааг БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан тэргүүлж, бүрэлдэхүүнд Бэлэглэлийн Төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ, сэхээтэн, ажилчин, малчин, мөн зөвлөлтийн ажилтан, ажилчдын төлөөлөгчид оролцжээ. Цувааг Баруун фронтын 49 дүгээр армийн их буугийн болон буучийн дивизүүдийн анги нэгтгэлүүдэд гардуулж, монгол түмний эртний танил, фронт командлагч Г.К.Жуковтай уулзжээ.
Октябрийн хувьсгалын ойг тохиолдуулан Улаан армид илгээсэн бэлгийн гуравдугаар удаагийн цуваа 1942 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлжээ. 236 вагоноос бүрдсэн уг цуваанд: богино нэхий дээл 30115, үстэй хантааз 31090, ноосон цамц 2290, үстэй бээлий 31257, дах 3050, нэхий хөнжил 2011, савхин дээл 150, цэрэг бүс 33300, цаначны малгай 900; төрөл бүрийн гутал 40683 (эсгий гутал 30500, торгон савхин гутал 150, ажлын савхин гутал З00, үстэй сөөхий, цагаан ултай гутал 2575, эмнэлгийн шаахай 7158 хос); гэр 150, гэрийн эсгий 2428, эмээл 600, эдийн саван 50600 кг, цаг, хутга, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875 зэрэг эд зүйл; мах 316 тн, зээрийн мах 26758 ширхэг, тос 92 тн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900 кг, печень боовны зүйл 70400 кг, цагаан архи 480 хайрцаг зэрэг хүнсний зүйл багтжээ. Ширхгийн зүйл, зээр, архийг оруулалгүйгээр гагц хүнс 613 тонн болжээ. Түүнчлэн 22176 ширхэг хувийн бэлэг дагалджээ. (БНМАУ, Зөвлөлт Эх орны дайны үед., тал 69.) Энэ удаагийн бэлгийн зүйлс нь тухайн үеийн ханшаар 9.252.340 төгрөг болсон бөгөөд дайны үед явуулсан цуваануудаас томд тооцогдоно. Цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид нарын ахалсан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн хэсэг төлөөлөгчид Төв, Баруун, Волхов ба Калинины фронтуудад гардуулан өгчээ.
Фронтод зориулсан хөрөнгө хуримтлуулах ажил эрчимжиж, 1942 оны 12 дугаар сарын 1-ээс 1943 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд манай ард түмэн 8,3 сая төгрөгийг Бэлэглэлийн фондод оруулсны дүнд Улаан армийн 25 жилийн ойд зориулсан бэлгийн дөрөвдүгээр удаагийн цуваа 1943 оны 3 дугаар сарын 1-нд ЗХУ-ыг зорьжээ. Энэхүү цуваанд: төрөл бүрийн гутал 28500 хос (эсгий, савхин гутал тус бүр 12000, ботинк 3000, нисэгчийн гутал 500, шаахай 1000 хос); шинель 10000, хөвөнтэй өмд цамц 3066, цэрэг бүс 10500, морин цэргийн эмээл 1000, эсгий гэр 38, унадаг дугуй 628 цэргийн зэрэг хувцас хэрэглэл; хүнсний ба ахуйн зүйлс (цөцгийн тос 68 тн, хиам 80 тн, чихэр боовны зүйл 65 тн, улаан архи 33 торх, эдийн саван 30 тн), зээр 16745, зэрлэг гахай 715, ятуу 18985, зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин, хутга, тамхи зэргийг оролцуулсан нийтийн бэлэг 132 ширхэг, хувийн бэлэг 16973 ширхэг тус тус багтсан байв.(БНМАУ, Зөвлөлт Эх орны дайны үед., тал 86-87) Бэлгийн цувааг МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Бүх Цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн нарын удирдсан хоёр хэсэг төлөөлөгчид Баруун фронтын 20, 61 дүгээр армийн дивиз, хороод, Москвагийн ойролцоох алсын нислэгийн хүнд бөмбөгдөгч онгоцны Гвардийн 1 дүгээр дивиз, Төв фронтын танкийн армийн зарим анги нэгтгэлүүдэд гардуулжээ.
1943 оны 11 дүгээр сарын эхээр БНМАУ-аас бэлгийн тав дахь удаагийн цувааг илгээв. 32 вагоноос бүрдэх уг цуваанд: цэргийн богино нэхий дээл, шинель үстэй хантааз тус бүр 1200 ширхэг, эсгий болон савхин гутал, үстэй бээлий тус бүр 1200 хос; хүнсний зүйл: үхэр, хонины мах 58 тн, зээрийн мах 44 тн, гахайн мах 15,6 тн, хиам 15,9 тн, цөцгийн тос 15,6 тн, нарийн боов 13,1 тн болохоос гадна 4000 орчим ширхэг хувийн бэлэг багтжээ.(ГХАТ. ф.2, хн.68, тал 1-2.) “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан тус бэлгийг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав тэргүүтэй төлөөлөгчид хүргэжээ.
Ардын хувьсгалын 23 жилийн ойг угтан хөрөнгө хуралдуулах ажлын хүрээнд 1944 оны 5 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд нийт 9,8 сая төгрөг амлагдсанаас Төв комиссын дансанд 8.810.784 төгрөг орж, хувийн бэлэглэлд 674.001 төгрөг цуглан иржээ.( МУҮТА. ТБТ. ф.1, д.3, хн.241, тал 159.) Энэхүү хөрөнгөөр бэлтгэсэн бэлгийн зургаадугаар удаагийн цувааны 102 вагоныг Наушкаас, 25 вагоныг Чойбалсан станцаас хөдөлгөжээ.
Энэ удаагийн бэлэгт: цэрэг нэхий дээл 20000, цэрэг бүс 22000, шинель 2000, ямаан дах 1010, үстэй хөнжил 870, хүзүүний ороолт 2000, ноосон бээлий 2486, сүлжмэл цамц, бээлий, ороолт, оймс 4920; эсгий гутал 31000, савхин гутал 1600, эмнэлгийн шаахай 3000 хос, гэр 6, эсгий 5408; малын ба гахайн мах 158 тн, хиам, шар тос, чанамал жимс нийт 80 шахам тн, хөлдөөсөн зээр 14424, шувуу 2364, эдийн саван, махор тамхи 83 гаруй тн зэрэг 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн,12460 ширхэг хувийн бэлэг багтсан нь 8 сая төгрөгөөр үнэлэгджээ.(МУҮТА. ТБТ. ф.1, д.3, хн.326, тал 4-5.) Мөн тээвэрлэлтийн боломжоос шалтгаалан 9000 зээр, 20 тонн гахайн мах хүлээгдэж, цугласан хөрөнгөнөөс үлдсэн 4 сая төгрөгийн 2 саяыг танкийн бригад ба нисэх онгоцны эскадрилийн хангалтад зориулах болжээ.( МУҮТА. ТБТ. ф.1, д.3, хн.241, тал 159.) Бэлгийг БНМАУ-аас ЗСБНХУ-д суусан элчин төлөөлөгч Ж.Самбуу Москва хотноо Украины 1 дүгээр фронтын анги нэгтгэлүүдийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ.
Монголын ард түмний удаа дараагийн бэлэг Москвагийн дэргэдэх ялалт, дайны явцад үндсэн эргэлт гаргасан Сталинградын тулалдаан, дайсан этгээдийг зөвлөлтийн нутгаас үлдэн хөөж, бүх фронтоор давших эхлэлийг тавьсан Курскийн тулаан, Дорнот Европын улс орнуудыг чөлөөлж, фашист Германыг бут цохисон 1944-1945 оны чөлөөлөх байлдаан зэрэг Улаан армийн гол гол ялалтын үед янз бүрийн фронтод хүрч очиж байснаараа онцлог болно. (Ерөнхий редактор С.Чулуун, Эмхтгэгчид: Н.Хишигт, Ч.Дашдаваа, Ч.Болд, Ч.Баасанжаргал. Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө. 2015.УБ., )