Хамгийн олон мал сүрэгтэй хоёр аймгийн нэг болох Хөвсгөлд “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж байна. Говьсүмбэр аймагт амжилттай туршигдаж, үр өгөөж нь тод томруун гарч байгаа тул тус хөтөлбөрийг Хөвсгөл аймагт салбарлуулан хэрэгжүүлэх ажлыг Х.Эрдэнэбаатар удирдан авч явж байгаа аж. Түүнтэй уулзаж, “Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар сурвалжлахаар хоймор нутгийг зорилоо. Хөдөөд коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нягт нямбай байна. Хот хоорондын автобусанд зорчиж байгаа бүх хүн маск зүүж, аймаг руу ороход халуунаа хэмжүүлэв. Мөн гараа ариутгах зэргээр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдөж явлаа.
Мөрөн хотод найртай сайхан хавар болж байна. Биднийг тосон авсан Х.Эрдэнэбаатар Мөрөнгийн унаган хүү аж. Тэрбээр “Чинээлэг малчин” хөтөлбөрийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирлаас гадна Ардчилсан намын ҮБХны гишүүн болохыг энд дурдах нь зүйтэй болов уу. Бидний гол зорилго дээрх хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх шаардлага, шалтгааны тухай тодруулахыг зорьсон юм. Үүнээс гадна цаг үеийн сэдвээ ч сурвалжлав. Аян замын тоосноос салж, хэсэг тухлаад Мөрөнгийн хүнс, барааны захыг зорьлоо. Өмнөх жилүүдтэй харьцуулахад зах нам гүм байна. Үүнд коронавирусийн дуулиан нөлөөлсөн гэхээс илүү ноолууртай холбоотой болохыг худалдаачид хэлж байв. Өөрөөр хэлбэл, салбарын сайд ноолуурыг 100 мянган төгрөгөөр л борлуулаарай хэмээн хэлсэн тул малчдын дунд хүлээлт үүсч, ноолуураа борлуулахаа харзнажээ. Түүнээс биш өдийд ноолуураа тушаасан малчид банкны зээлээ дарж, худалдан авалт хийх зэргээр аймгийн төв рүү орж ирээд зах дээр түм бужигнаж байдаг гэнэ. Зах дээр бичиг хэргийн худалдаа эрхэлдэг Н.Гэрэлчулуун сард 60 мянган төгрөгийн татвар төлдөг байна. Хичээл амарсан тул борлуулалт эрс буурч, өдөрт 1520 мянган төгрөгийн орлоготой байгааг хэлэв. Түүнчлэн, сард 160 мянган төгрөгийн түрээс төлж цайны газар ажиллуулдаг хоёр бүсгүй өдөрт 30 хүрэхгүй мянган төгрөгийн хоол борлуулж байгааг ярилаа. Ер нь хөвсгөлчүүд, тэр дундаа Мөрөн хотын иргэдийн өмнө тулгамдсан хамгийн том бэрхшээл бол ажилгүйдэл аж. Иймээс ихэнх залуус гэр бүлээ орхиод урагш явж нүүрс тээвэр хийх, эсвэл хот хүрээ орж барилга болон бусад ажилд орох, цаашлаад Солонгосыг зорихыг илүүд үздэг аж. Үүнээс болж гэр бүл салалт нэмэгдэж, хамгийн олон өрх толгойлсон эхтэй аймгаар Хөвсгөл тодроод байна.
Аялал жуулчлалын бүс нутаг тул үйлчилгээний салбарт ихээхэн ажлын байр шингээдэг болов уу гэтэл үгүй юм. Мөн аймгийн төвд сарын 350 мянган төгрөгийн цалин боломжийн хэмээн үнэлэгддэг юм билээ. Ийм цалингаар гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээг ч бүрэн хангаж хүрэхгүй. Тиймээс Монголоос Солонгос руу хошуурдагийн адил Хөвсгөлөөс нийслэл, бусад орон нутаг руу ажил хийхээр гэр бүл, үр хүүхдээ үлдээгээд явж байгаа нь арга ч үгүй юм хэмээн бодогдов.Хөвсгөл аймгийн хамгийн том ажил олгогч нь төр. Энэ ам бүлд багтаж ажил, орлоготой байхыг ихэнх хүн хүсч, мөрөөдөж байна.
Х.Эрдэнэбаатарын хамт зарим сумын хэд хэдэн малчин өрхөөр орлоо. Хөвсгөл аргагүй Монголын Швейцарь юм. Хөвч ой, уудам хөндий, цөн түрэх гол горхи, алсад хөхрөх уулсыг хараад өөрийн эрхгүй сэтгэл сэргэж, тунгалаг агаар нь цээж дүүргэх аж. Зам зуур Х.Эрдэнэбаатар хэмээх хувь хүний талаар сонирхсоноо товч сийрүүлье. Тэрбээр анх Чех улсад ажиллахаар очиж, автомашины эд ангийн үйлдвэрт шөнийн ээлжинд томилогдон, гагнуур хийх зэргээр таван “цаас” хураахын сацуу хэл сурч, тус улсын хууль эрх зүйн орчинг судалж эхэлсэн байна. Хэл сураагүй, хууль эрх зүйг нь мэдэхгүй монголчууд ажлаасаа чөлөө авах, визээ сунгуулах зэрэг олон зүйл дээр гар мухарддаг байжээ. Харин Х.Эрдэнэбаатар энэ тухай сүрхий мэдлэгтэй болж, хэл ус ч сайжирснаар олон монгол хүний аврал болох нь тэр. Байнгын хичээл зүтгэлийн үрээр Чех улсад бизнес эрхлэх боломжийг олж харж, мөнгөн гуйвуулгын компаниа байгуулж дэлхийн олон оронд салбарлуулан өргөжүүлж чаджээ. “Мониполо” хэмээх нэрийг Европт ажиллаж амьдарч байгаа монгол хүн болгон дуулсан биз ээ. Хамгийн гол нь бизнес эрхлэхэд төрийн чөдөр тушаа, хүнд суртал байхгүй нь залуу хүний хүсэл зоригоор компаниа өсөн дэвжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн тухай хэлэв. Тийм ч учраас Х.Эрдэнэбаатар бизнесийн салбар дахь төрийн оролцоог хазаарлаж, улстөрчдийн төсвийн мөнгөөр дамжуулж хулгай хийдэг байдлыг таслан зогсоох хүсэлтэй явдаг юм билээ. Энэ бол эр зориг шаардсан мөрөөдөл юм. Төсөв хуваарилах нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийгээд байна, бизнесийг хянах нэрийдлээр авлига аваад байна хэмээн босч ирсэн нэгэнд өнөөгийн эрх баригчид таатай хандахгүй нь лавтай.
“Чинээлэг малчин” руу эргэн оръё. Уг хөтөлбөрийг нутагтаа хэрэгжүүлэх болсон гол санаа нь хөдөөд мөнгө үлдэж байж хөгжил ирнэ гэсэн итгэл үнэмшил дээр нь суурилжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдын орлого эрс өсөөд зогсохгүй бэлчээрийн даацыг зохистой түвшинд аваачихад чухал нөлөөтэйг хэлж байв. Баянзүрх сумын малчин С.Мянганбаяр “Миний мал маллаж байсан 1970, 1980-аад оны үед ургамал, ус унд өөр байлаа. Малын тоо толгой ч цөөн байсан юм. Баянзүрх сум гэхэд 90 гаруй мянган толгой малтай байлаа. Одоо хэдэн зуун мянган толгой малтай болсон. Түүний дотор хонь, ямаа ихэнх хувийг эзэлж байна. Сүүлийн 10-аад жил бэлчээрийн талхлалт, цөлжилт маш эрчимтэй явагдаж байна. Гардаг ус булаг нь алга болж байна. Нарийн, тэжээл авдаг өвс нь муудлаа. Мал идэхгүй хогийн ургамал их ургах болжээ” хэмээн ярив. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд “Хонь” дэд хөтөлбөрийг эхэлж хэрэгжүүлнэ. Хөвсгөл аймаг 6 сая 40 мянган толгой малтайгаас 3 сая орчим нь хонь, тэр дотор 1.7 сая нь эр суваа мал аж. Өөрөөр хэлбэл, 1.7 сая эр хонь үрждэггүй, үнэ цэнэ нь өсөхгүй бэлчээр талхлаад явж байна гэсэн үг. Тэгвэл Х.Эрдэнэбаатарын бизнес загвар буюу шийдлийг тодруулъя. Үүний тулд 300 хонь дээр жишээ татъя.
Хөвсгөлийн малчин айлуудын мал сүргийн тоог дунджаар аваад үзэхэд нэг айл 300 орчим тоо толгой хоньтой байгаа аж. Үүний тал нь эр, тал нь төллөх мал байгаа юм. Төллөх мал ойлгомжтой. Өсөж үржинэ, өгөөжөө өгнө. Харин үлдсэн 150 эр мал тав хүртэл жил бэлчээр талхлаад бэлчиж байдаг. Өнөөдөр 150 мянган төгрөгийн үнэтэй төлөг ирэх жил, дараагийн 23 жилд ч үнэ нь өсдөггүй. Харин малчин хүнээс хөлс хүч, цаг зав, бензин тос, бусад зардал гарсаар байдаг. Иймд 4-5 жил хариулж, цаг зав, зардал мөнгөө зориулсан ч үнэ нь өсдөггүй эр малаа цөөлье гэж байгаа аж. Харин сүргийн бүтцээ төллөх эм малаар бүрдүүлье. Ингээд хавар малаа эрт төллүүлж, гарсан хургыг эхний 23 сард тусгай тэжээлээр тэжээх, битүү хөнгөлгөөний аргаар орой засах, үүлдэр угсааг сайжруулах зэрэг 4-5 аргачлалыг хэрэгжүүлснээр намар хурга дунджаар 25 кг татахад борлуулна. Ингээд богино эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын хонин сүргээс авах орлого 45 дахин өсөх боломжтой юм байна. Бүр тодруулбал, одоо уламжлалт сүргийн бүтэцтэй 300 хоньтой айлын хувьд жилд сайндаа л 80 хонь заазалдаг. Нэг бүрийг нь 100 мянган төгрөгөөр борлуулдаг гэвэл жилд 8 сая төгрөгийн орлого олж байна. Харин сүргийн бүтцээ өөрчилж (мэдээж Цагаан сарын ууцны хонь гэх зэргээр 5-10 эр мал үлдээнэ), 300 эм хониос бүрдүүлснээр хавар 300 төл авч, зохих аргачлалын дагуу бойжуулснаар намар 25 кг татсан хургыг нэг бүрийг нь 150 мянган төгрөгөөр борлуулахад 45 сая төгрөгийн орлого орж байна. Ингэснээр хавар төллөсөн малаа өвөл онд оруулах гэж зовохгүй, чанар сайжирснаар малын тоо толгой буурч бэлчээрийн даац тэнцвэртэй болох зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Өвсний гарц, шим тэжээл буурч зуд турхан нэмэгдэхийн хэрээр малын тоо бус чанарт анхаарах шаардлагатай болсныг малчид хэлж байна. Тухайлбал, ШинэИдэр суманд 1000т малчин цол авсан ч тэр өвлөө 600 гаруй малаа зудад алдаж, 300хан малтай үлдсэн өрх ч байв. Тиймээс төр мянгат малчин хэмээн өргөмжилж малчдыг тооны араас хөөцөлдүүлдэг байдлаа болих хэрэгтэй гэсэн юм. Үүний оронд махаа борлуулах зах зээлийг нь нээгээд өгчих, тэр цагт цөөн малаар элбэг сайхан амьдрах боломжтой хэмээж байв. Хөвсгөлийн урд гурван суманд өвөлжилт хүнд байжээ. Х.Эрдэнэбаатар Жаргалант суманд 50 гаруй мянган мал хорогдсон тухай хэлсэн. Мөн Галт сум 40 мянга гэх зэргээр асар их мал хорогдсон байна. Тэгвэл 50 мянган малыг дунджилж 150 мянган төгрөгөөр тооцоход 7-8 тэрбум төгрөгийн хохирол малчид амссан байна. Хэрэв энэ тооны малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан бол мөн тооны ашиг малчдын халаасанд орох байв. Иймээс малчдад гадаад зах зээлийг нээж өгөх ёстой, нийслэлийн 1.5 сая хүнд хямд мах идүүлэхийн тулд малчдыг золиосолдог байдлыг арилгах хэрэгтэй хэмээн Х.Эрдэнэбаатар ярьж байлаа.
Уг сурвалжлагаар ноолууртай холбоотой асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй нь. Уулзсан хүн болгон төвөөс ирсэн сэтгүүлч хэмээн ноолуурын талаар асууж сурах. Бүгд л хүлээлтийн байдалд орж, 105 мянган төгрөгөөр хэзээ ирж авахыг харуулдаж сууна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум эрчим үүлдэрийн хар ямаагаар алдартай. Тус сум нийт 350 гаруй мянган малтайгаас 60-аад хувь нь ямаа аж. Энэ ямааны ноолуур чанарын үзүүлэлтээрээ Монгол Улсад хоёрт эрэмбэлэгддэг. Тус сумын нэгдүгээр багийн малчин Д.Хүрэлбаатар ямаагаа самнаж шуудайлан хадгалж байгаа тухайгаа ярив.Ч.Улаан сайд 100 мянган төгрөгөөс доош оруулж өгч болохгүй хэмээн хэлэхээс өмнө ченж нар энэ жил ноолуурын ханш 70 гаруй мянган төгрөгт тогтоно хэмээн ханш хэлж байжээ. Харин одоо сумын төв дээр 4050 мянган төгрөгийн ханштай байгаа гэсэн сураг гарсан ч яг авч байгаа ченжгүй болжээ. Д.Хүрэлбаатар гуай ч 100 мянган төгрөгөөр өгнө гэсэн итгэлтэй байна лээ. Гол нь хурдхан авчихвал банкны зээлээ төлж, бусад зардлаа хаах хэрэгтэй байгааг хэлж, холбогдох дарга нарт нь уламжилж өгөхийг хүсэв.
Сурвалжлагын туршид Х.Эрдэнэбаатар хэд хэдэн удаа манай нутаг сайхан байгаа биз хэмээн асууж, малчин түмэн, хүн зон нь өндөр орлоготой, ажил төрөлтэй болчихвол байгаль эхийнхээ энэ их үзэсгэлэн дунд жаргаж суухаас яахав хэмээж байсан юм.
Г.БАТЗОРИГ