Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ 2018 онд “ФС Улаанбаатар” клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан байдаг.Тэрээр “ФС Улаанбаатар” клубт тоглохоор Эрдэнэт дэх байраа зарж, эхнэрийнхээ хувийн бизнесийг нь заруулан гэр бүлээрээ хот руу ирсэн аж. Гэвч өнөөг хүртэлх хугацаанд“ФС Улаанбаатар” клуб нь гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчлийг удаа дараа гаргасан байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Танд “ФС Улаанбаатар” клубийн удирдлагууд хэрхэн хандсан юм бэ?
-Би 2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “ФС Улаанбаатар” клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Гэрээнд “Тамирчны хүсэлтээр клуб нь өөрийн спонсор, ивээн тэтгэгч байгууллагад зуучилан тамирчныг ажлын байраар хангахаар тохиролцов” гэж заасан байдаг. Клубийн эзэн маань том корпорацийн өв залгамжлагч хүн байсан учраас анх амлалтад нь итгээд л ирж байсан. Гэхдээ ер нь бол намайг хулхидсан. Клубийн эзэд хөлбөмбөгийн төлөө үнэхээр сайн зүтгэж байгаа. Хэн ч ашиг олохгүй зүйлд мөнгөө зараад байхыг хүсэхгүй. Гэхдээ “ФС Улаанбаатар” клубын удирдлагууд чадахгүй юмаа амлаад миний амьдралаар тоглосон. Би Эрдэнэтэд байхдаа хангалттай сайхан амьдарч байлаа. 2018 оны дөрөвдүгээр сард Эрдэнэтэд хийж байсан ажлаасаа гарчихсан. Намайг хотод ирэнгүүт шууд мэргэжлээр чинь ажилд оруулна гэж амласан юм. Би санхүүгийн мэргэжилтэй. Анх “ФС Улаанбаатар” клубийн менежер С.Нямдаваа хотоос Эрдэнэт рүү зорьж очоод надаар гэрээнд гарын үсэг зуруулсан юм. Би тэр хүний сэтгэлийг нь тухайн үед маш их хүндэлж байсан. “Яасан гоё юм бэ, энэ баг үнэхээр л намайг авахыг хүсч байгаа юм байна” л гэж бодсон.С. Нямдаваа “Чамайг хотод ирэхээр чинь Төрийн банкинд хүний нөөцийн албанд юм уу эдийн засагчаар ажилд оруулчихна. Чи санаа зоволтгүй. Эхнэрийг чинь бас чамтай дүйцэхүйц ажилд оруулчихна. Б.Гантигийн аав нь “Шунхлай” группийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан. Бүр болохгүй бол чамайг “Шунхлай” юмуу “АПУ” компанид ажилд оруулчихна аа” гэж надад хэлсэн юм. Би итгээд л ирсэн. Гэтэл амласан ажлын байрандаа намайг оруулаагүй, эхнэрийг маань ч ажилд оруулаагүй. 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд “Шунхлай” группийн охин компани “GSB Capital” Банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагчаар намайг ажилд оруулсан. Бараг найман сарын дараа. Гэвч төдийлөн болж өгөхгүй л байлаа.“Намайг яагаад Банк бус санхүүгийн байгууллагад оруулчихав аа. Та нар амласнаа биелүүлээч ээ” гэхэд “Чи эндээ түр ажиллаж бай. Зургаан сарын дараа гэхэд “Шунхлай” групп рүү татчихна шүү дээ” гэж хэлсэн. Би хүлээсэн. Тэгээд долоон сарын дараа “За больё, та нар угаасаа худлаа хэлсэн юм байна” гэж хэлээд тэр ажлаасаа гарсан. Улмаар өөрөө ажил хайгаад одоогийн ажиллаж буй “Хаан Банк”-ндаа орсон доо.
-Та Эрдэнэтэд байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан гэл үү?
-Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орох маш хэцүү. Би мэргэжлийн хүн биш учраас сургалтад хамрагдаад засварчинаар ажилд орсон. “Эрдэнэт үйлдвэр”-т жил таван сар ажилласан. Ер нь бол сайн ажиллаж байсан л даа. Манай хуучин багийнхан “Өө Мөнх-Эрдэнэ байраар тоглож байгаа шүү дээ бас мэргэжлээр нь ажилд оруулж байгаа” гээд хамт ажиллаж байсан найзуудад маань хэлчихсэн байдаг. Гэвч би ажилд ч ороогүй, байр ч байхгүй. Танилуудтайгаа тааралдахаараа ичээд хэлэх үг олддоггүй байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ээс гараад ББСБ-д орно гэдэг чинь ичмээр зүйл шүү дээ.
-Та “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарснаасаа хойш “GSB Capital” ББСБ-д ажилд орох хүртэлх найм орчим сарын хугацаанд ямар нэгэн ажил хийж байв уу?
-Огт ажил хийгээгүй. “ФС Улаанбаатар” клуб надад сарын цалин болох нэг сая төгрөгөө өгч байсан. Гэвч тухайн үед би ажилгүй, сар болгон 600 мянган төгрөгний зээл төлдөг байлаа. Тиймээс цалингаараа зээлээ л төлдөг байсан даа. Уг нь хотод ирээд л эхнэртэйгээ хоёулаа ажилд орчихно, тэгээд бүх юм сайхан болно гэж бодсон юм. Амьдрал хэцүүдээд, нэг л болж өгөхгүй байсан. Тиймээс 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр “ФС Улаанбаатар” клубийн ерөнхийлөгч Б.Гантигт “гэрээгээ цуцалъя” гэх утга бүхий өргөдөл бичиж байсан. Гэвч надад ямар ч хариу өгөөгүй. Ажилд оруулна гэж амласан яасан бэ гэхэд клубийн удирдлагууд “Чи битгий санаа зов” гэх байдлаар надад ханддаг байлаа. Клубийн менежерт “Би Эрдэнэт дэх байраа зараад, эхнэрийнхээ хувийн бизнесийг заруулаад бүх юмаа золиослоод ирсэн шүү дээ, миний асуудлыг хэзээ шийдэж өгөх юм бэ” гэж зөндөө л хэлж байсан. Тэгэх болгонд надтай “за, бусад тамирчид ч бас чамтай адилхан л асуудалтай байна шүү дээ” гэх байдлаар ханддаг байлаа.Би Эрдэнэтэд суурин амьдралтай байсан учраас “ФС Улаанбаатар” клубт ирэхдээ байраа зараад, ажлаасаа гараад, хүүхдээ цэцэрлэгээс нь гаргаад, эхнэрийнхээ хувийн бизнесийг нь заруулаад бүх зүйлээ золиосолж ирсэн.Тиймээс миний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Ноднин “ФС Улаанбаатар” клубийн захирлаар В.Чинбаатарыг томилсон. Би түүнд “Гэрээнийхээ дагуу өгнө гэсэн юмаа өгөөч ээ, эхнэрийг маань ажилд оруулна гэсэн амлалтаа биелүүлээч ээ” гэж хэлсэн. Гэтэл өөдөөс “Одоо Гантиг гэж хүн байхгүй. Гантиг чамд амлалт өгөөд түүнийгээ биелүүлээгүй явчихсан. Одооноос би энэ клубийн захирлаар томилогдсон учраас бүх юм шинээр эхэлж байгаа. Би чамд юу ч өгч чадахгүй ээ” гэсэн.
-Та яагаад “Хангарьд” клуб рүү буцаад зээлээр явах болчихов?
-Гуравдугаар сарын 16-нд солилцоо наймааны цонх хаагдах байсан ч гуравдугаар 13-нд клубийн удирдлагууд надтай уулзсан. Тэгээд надад “Чи “Хангарьд” клубээс ирсэн юм чинь “Хангарьд” руугаа л яв” гэсэн шаардлагыг тулгасан. Би уг нь Д.Төрбат, Н.Наранболд нартай хамт “Атлетик 220” клубт тоглох хүсэлтэй байсан юм. Тэгээд клубынхээ удирдлагуудад “Би найзуудтайгаа хамт тогломоор байна. “Атлетик 220” клуб надад санал тавьсан” гэж хэлсэн. Гэтэл урдаас “Чамайг өөр клуб руу явуулахгүй. Чамайг зарна” гэх маягаар надтай ярьсан. Монголд хөлбөмбөгийн тамирчин үнэтэй зарагдана гэдэг маш хэцүү шүү дээ. Харин “Хангарьд” руу үнэгүй явуулна гэхээр нь “За тэгвэл би гэрээгээ цуцлаад “Хангарьд” руугаа явъя” гэсэн чинь “Үгүй ээ, зээлээр явуулна” гэсэн. Жил бүрийн гуравдугаар сарын 16-нд солилцоо наймааны цонх хаагддаг. Ирэх жилийн дөрөвдүгээр сарын 6-нд миний гэрээ дуусна. Тэгэхээр 20 хоногоороо барьцаалаад намайг клубтээ үлдээх сонирхолтой байх шиг байгаа юм. Би энэ улиралд багтааж албан ёсоор Монголын хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргана.
-Та түрүүн байрны тухай цухас дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-“Шилдэг нэг тамирчнаа нэг өрөө байраар шагнана” гэж намайг ирэхийн өмнөх жил амласан юм билээ. Тэр үед итали дасгалжуулагч ирчихсэн ажиллаж байсан, клуб маань ч сайн амжилттай тоглож байлаа. Үндэсний дээд лигийн дундуур клубийн менежер“Ер нь Бэрэн группээс хоёр ч байр өгөх боломжтой гэж яригдаж байна шүү” гэж хэлсэн. Хүн л юм хойно, Эрдэнэт дэх байраа зараад бүх зүйлээ золиослоод ирсэн учраас хамаг чадлаараа хичээгээд байр авахыг л хүснэ биз дээ. Гэвч улирал дуусахад байрны талаар дурсах ч үгүй алга болсон. Дараа нь “Байр яасан бэ” гэхэд урдаас “мэдэхгүй ээ” гэж хариулсан. Уг нь би тэр шилдэг нэг тамирчин нь байж чадна гэж итгээд “ФС Улаанбаатар” клубт ирсэн юм. Гэвч бидний хэнд нь ч байр өгөөгүй.
-Гэрээний биелэлтэд сэтгэл дундуур байх өөр ямар шалтгаан байв?
-“Клуб нь тамирчинд гэрээ байгуулсаны нэг удаагийн урамшуулал болох дөрвөн сая төгрөгийг ажлын 2-3 өдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор бэлнээр, эсвэл дансаар өгөхөөр тохиролцов. Клуб нь тус үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд, уг гэрээг нийтэд нь хүчингүйд тооцно” гэж гэрээнд заасан байдаг. Гэвч уг урамшууллаа гэрээнд заасан хугацаанд өгөөгүй. Клубийн зүгээс уг урамшууллаа дөрөвдүгээр сарын 17-нд олгосон байдаг. Тэгээд гэрээн дээр заасан хугацааг “дөрөвдүгээр сарын 18-ны дотор“ болгоод гараараа засчихсан байсан. Ер нь клуб гэрээнийхээ нөхцөлийг анхнаасаа л биелүүлээгүй.
-Таныг “ФС Улаанбаатар” клубт ирсэн эхний улиралд танай баг Үндэсний дээд лигт хоёрдугаар байрт орсон. Тухайн улирлын төгсгөлд ямар нэгэн нэмэлт урамшууллыг тамирчдадаа олгосон уу?
-Хэрвээ “ФС Улаанбаатар” клуб Үндэсний дээд лигт түрүүлбэл дөрвөн сая төгрөг, хоёрдугаар байрт орвол гурван сая төгрөг, гуравдугаар байрт орвол хоёр сая төгрөгийн урамшуулал олгоно гэж аман байдлаар ярьсан байдаг. Гэтэл үүнийг гэрээндээ тусгаагүй. 2018 онд баг маань Үндэсний дээд лигт хоёрдугаар байранд орсон хэдий ч урамшуулал гэж нэг төгрөг ч аваагүй.
-Эдгээр асуудлууд таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би маш их сэтгэлээр унасан. Иймэрхүү асуудлууд нь гэр бүлийн харилцаанд хүртэл сэв суулгадаг юм билээ. Ноднин эхнэр бид хоёр таван сар тусдаа амьдарсан. Эхнэрийн маань ах Д.Түвшинбаатар гэдэг хүн бий. Д.Түвшинбаатар ах бид хоёрыг байрандаа амьдруулдаг. Бид хоёроос нэг ч удаа байрны түрээс авч байгаагүй. Хэрвээ тэр ах маань байгаагүй бол хэцүү л байх байсан болов уу.
-Та түрүүн “ФС Улаанбаатар” клубтэй гэрээ байгуулахад “эхнэрийг чинь бас чамтай дүйцэхүйц ажилд оруулчихна” гэж клубийн менежер С.Нямдаваа хэлсэн гэлээ. Энэ талаар гэрээнд тусгасан байдаг уу?
-Би гэрээ байгуулахдаа эхнэртэй минь хамт ажилд оруулна гэсэн биз дээ “эхнэр” гэдэг үгийг гэрээнд тусгахгүй юм уу гэхэд “Ээ Мөнх-Эрдэнэ ээ, чи юу яриад байгаа юм бэ, “Шунхлай” групп шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би итгээд л гэрээнд гарын үсгээ зурсан юм. Гэтэл эхнэрийг маань бас л “GSB Capital” ББСБ-д теллерээр ажиллуулах гээд байсан. Бид хоёрыг амласан ажилдаа оруулаад өгчих өө, сайн ажиллана гэхэд ажиллуулаагүй. Эхнэр маань Эрдэнэтэд байхдаа гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг лангуутай байсан. Тиймээс Д.Түвшинбаатар ахаас нэлээд хэдэн сая төгрөг зээлж аваад дахиад л бүхнийг шинээр эхлүүлсэн. Клубийн удирдлагууд тамирчныхаа асуудлыг ерөөсөө ойлгохгүй юм билээ. Хэлээд л байдаг, сүүлдээ олон ярихаар улиг болчихдог. “Энэ нөхөр ингэж л байдаг юм“ гэсэн янзтай ханддаг болсон. “ФС Улаанбаатар” клуб надтай гэрээгээ хийсэн учир өөрсдийн зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Харин миний хотод ирээд яаж амьдрах нь тэдэнд огт хамаагүй асуудал байсан. Мөн өөрсдөө гэрээгээ биелүүлээгүй байж намайг “чи гэрээтэй хүн, аливаа зүйл албан ёсны байх ёстой” гэх утгаар ярьдаг байлаа. Дахиж ийм зүйл битгий давтагдаасай. Залуу тамирчдад миний алдаа сургамж болоосой гэх үүднээс энэ бүгдийг би ярилаа.
У.ЧИНЗОРИГ