Categories
мэдээ цаг-үе

Т.Энэрэл: Сайн жүжигчин болохын тулд хичээгээд, хөдөлмөрлөөд, хүсч мөрөөдөөд л амьдарч байна даа

Жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа.


-Та Д.Бямбасүрэн найруулагчийн “Алтан судал” уран сайхны кинонд тоглож, уг бүтээлээрээ Берлиний кино наадамд оролцсон. Өөрийнхөө дүрийн талаар тодотгож яриач?

-“Алтан судал” кинонд маш олон уран бүтээлч ажилласан. Түүн дотор миний хүндэлж, хайрлаж явдаг уран бүтээлч ч олон байлаа. Уг киноны гол дүр болох арван настай хүүгийн дүрд Дундговь аймагт сурдаг Б.Бат-Ирээдүй гэх авьяаслаг хүүхэд тоглосон. Би түүний ээжийнх нь дүрд тоглосон юм. Герман, Монголын хамтарсан уран бүтээл, Д.Бямбасүрэн найруулагчийн кино гэх утгаараа энэ дүр дээр ажиллахад маш их хариуцлага оногдсон. Хамтарч ажилласан хүмүүс маань маш сайн уран бүтээлчид байсан учраас тэднээс дутчихгүй юм сан, алдчихгүй байх юм сан гэж бодож, үзэгдэл болгон дээр хичээж ажилласан.

-“Алтан судал” киноны трейлерийг үзэхэд герман хэлтэй байх шиг байсан. Та уг кинонд тоглохдоо германаар ярьсан юм уу?

-Берлиний кино наадамд зориулж зөвхөн трейлерийг нь герман хэлээр хийсэн юм. Харин кино маань энэхүү наадмын үеэр гарахдаа монгол хэлээр үзэгчдэд хүрсэн. Би уг кинонд тоглохдоо эх хэлээрээ л ярьсан.

-Берлиний кино наадам таны уран бүтээлээ сойсон олон улсын хэд дэх кино наадам байсан бэ?

-Би азтай хүн шүү. 2018 онд Азийн хамгийн том кино наадам болох XXI удаагийн Шанхайн олон улсын кино наадамд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” киногоороо оролцож уг наадмын дээд шагнал болох “Best feature film” шагналыг хүртэж байлаа. Энэ жил 70 дахь удаагийн Берлиний кино наадамд Герман, Монголын хамтарсан “Алтан судал” киногоороо амжилттай оролцлоо. Сэтгэл өндөр байна.

-“Алтан судал” кино Монголын кино театруудаар хэзээнээс гарч эхлэх вэ?

-Уг нь ирэх намраас гарна гэсэн төлөвлөгөө байсан. Гэхдээ цаг үеийн байдлаас шалтгаалан хэзээ гарах нь тодорхойгүй байгаа.

-Та дуучин Э.Чинбаярын “Хайр амталсан өдрүүд” болон Болорцом, А.Хишигдалай нарын “Хайрын далавч” дууны клипэнд нөхрийнхөө хамт гэгээлэг дүр бүтээсэн. Та хоёрт хамтдаа кинонд тоглох төлөвлөгөө бий юү?

-Одоохондоо тийм төлөвлөгөө байхгүй л байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд хэрхэхийг мэдэхгүй. Ер нь нөхөртэйгөө хамт тоглосон клипүүддээ дуртай.

-Анхны уран бүтээл болох “Амилсан хайр” кинонд тоглохдоо хэрхэн догдолж байв, таныг алдартай жүжигчний ач охин болохоор найруулагч өндөр шаардлага тавьж байсан байх?

-“Амилсан хайр” киноны зураг авалтыг 2009 оны зун хийсэн санагдаж байна. Миний хамгийн анхны тоглосон кино, хамгийн анх цалин авч үзэж байсан. Ер нь анхны гэсэн олон дурсамж маань “Амилсан хайр” кинотой холбоотой байдаг болохоор тэр кинондоо хайртай. “Амилсан хайр” кинонд тоглох үед найруулагчдаа “Манай өвөө жүжигчин Б.Дашдаваа” гэж хэлээгүй байсан. СУИС-д орохдоо би тэр хүний ач охин гэж хэлэхээсээ ичдэг байлаа. Өөрийн гэсэн амжилтад хүрчихээд, хүмүүс намайг харах тодорхой өнцөгтэй болсны дараа л “Миний өвөө бол жүжигчин Б.Дашдаваа” гэж бахархалтайгаар хэлэхийг хүсдэг байсан.

-“Амилсан хайр” кинонд тоглосноос тань хойш арваннэгэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд жүжигчний ур чадварын хувьд хэр өсөж дэвжсэн бэ?

-Ур чадварын хувьд хэр өсөж дэвжсэнээ хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ хааяа тоглосон киногоо найман жилийн өмнөх кинотойгоо харьцуулахад арай дээр байсан ч юм шиг сэтгэгдэл төрөх тохиолдол байдаг л юм. Ер нь ур чадвар өссөн гэхээсээ илүү туршлага нэмэгдсэн гэх нь зөв байх.

-Хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойших хугацаанд уран бүтээлд тоглохдоо алдаа гаргах эрхгүй байдаг байх. Одоо уран бүтээлд тоглохдоо би алдаа гаргачих болов уу гэх айдастай байдаг уу?

-Би өөрийгөө хүмүүст яг хүлээн зөвшөөрөгдчихсөн жүжигчин гэж хэлж чадахгүй байх аа. Ямарваа нэгэн уран бүтээлд тоглохдоо би алдах эрхгүй шүү гэж айхаасаа илүүтэй тухайн дүрээ чин сэтгэлээсээ гаргахыг л хүсдэг. Хүн ямар ч ажлыг сэтгэл зүрхнээсээ хийж чадах юм бол хүний сэтгэл зүрхэнд хүрнэ гэсэн зарчмыг л баримталж ажилладаг даа.

-Та олны танил байхын дарамтыг хэр мэдэрдэг вэ?

-Би нэг их мэдрээгүй ээ. Ер нь хүмүүс намайг гадуур явж байхад “жүжигчин Энэрэл байна” гэж танихаасаа илүү би энэ хүнийг хаана харлаа, хүүе ээ чи чинь тэрний охин бил үү, эсвэл энэ хүнтэй өмнө нь хаана таарч байлаа гэж бодлогошроод, гайхаад л өнгөрөх нь элбэг байдаг. Будчихсан, гангалчихсан явж байвал “Өө энэ жүжигчин Энэрэл байна” гэж таньдаг л юм шиг байгаа юм. Хүмүүс хаа нэгтээ явж байхад маань таних юм бол эерэгээр л ханддаг даа.

-Анх жүжигчнээр сурч байхдаа “сайн жүжигчин” болно гэж боддог байсан уу?

-Би СУИС-д суралцаж, төгссөн.“Хүүхдүүд жүжигчний мэргэжлээр суралцахаар нэгдүгээр курст орж ирэхдээ Ардын жүжигчин байдаг, хоёрдугаар курстээ гавьяат жүжигчин, гуравдугаар курстээ Соёлын тэргүүний ажилтан болж, дөрөвдүгээр курстээ энгийн жүжигчин, төгсөхдөө чөлөөт уран бүтээлч болоод төгсдөг” гэж манай сургуулийнхан ярьдаг юм. Жүжигчний мэргэжил хөндлөнгөөс харахад амархан мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ мэргэжлийг ойлгоод, мэдрээд, энэ мэргэжлээр ажиллахад маш хэцүү санагддаг. Би одоо ч сайн жүжигчин болохын тулд хичээгээд, хөдөлмөрлөөд, хүсч мөрөөдөөд л амьдарч байна даа.

-Та “Монгол туургатан” театрт ажиллаж байхдаа “Гэгээн Муза” шагналыг гардаж байсан?

-СУИС-ийг хамт төгссөн найзуудтайгаа 2010 оны зургадугаар сарын 15-нд “Монгол туургатан” театрт жүжигчнээр ажилд орж байлаа. “Гэгээн Муза” шагналыг авах үедээ сургуулиа төгсөөд удаагүй байсан болохоор маш их баяртай байсан.

-Танд тоглохыг мөрөөддөг драмын жүжгийн дүр байдаг уу?

-Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байхдаа хэд хэдэн драмын жүжигт тоглосон. Би өөрт оногдсон дүрдээ маш сайн ажиллахыг л хичээдэг. Мөрөөдөж явдаг драмын жүжгийн дүр байхгүй ээ. Ихэнх жүжигчид “Ромео, Жульетта” жүжигт тоглохыг мөрөөддөг гэж ярьдаг. Би 2012 онд УГЗ Ч.Ганхуягийн найруулгаар тавьсан “Ромео, Жульетта” жүжигт Жульеттагийн дүрд тоглож байсан.

-Та ихэвчлэн гэгээн цайлган, эгэл даруухан, хайр татам дүрүүдэд тоглодог. Танд ассан, дүрэлзсэн, хэт задгай, эротик, муу охины дүрд тоглох санал ирдэг үү?

-Царай төрх, биеийн байдлаас болоод ч тэр үү надад дандаа эерэг дүр оногддог. Драмын жүжигт хэд хэдэн удаа эсрэг дүрд тоглож байсан. Харин дэлгэцийн уран бүтээлд эсрэг дүрийн ганц л санал ирж байсан. Тэр бол “Admin Z” кино юм. Тухайн үед эсрэг дүрд тоглохыг маш их хүсч байсан болохоор уг киноны саналыг дуртай хүлээж авсан. Энэ жил “Admin Z” киноны маань хоёрдугаар анги хийгдсэн. Удахгүй цаг сайхан болохоор кино театруудаар гарах байх аа.

-Танд хэр олон хөвгүүнээс хайрын захиа ирдэг байв?

-Хөвгүүдээс хайрын захиа авч байгаагүй ээ. Би арван жилдээ ч, их сургуульдаа ч даруухан хүүхдүүдийн тоонд ордог байсан.

-Хүүхдүүд тань хэр том болж байна даа, хүүхдүүдийнхээ өсөж, том болж буйг харахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би хоёр хүүтэй. Том хүү маань дөрвөн настай. Харин бага хүү маань арван сартай. Ер нь ээж байна гэдэг хамгийн хариуцлагатай, хамгийн ачаалалтай, хамгийн жаргалтай, хамгийн хүнд хэцүү. Ер нь хамгийн хамгийн л ажил байх. Би сайн ээж байхыг л хичээдэг. Аль болох хүүхдүүддээ цаг гаргахыг илүүд үздэг. Хүүхдүүд маань нүдэн дээр хурдан том болж байгааг харахаар “хөгширч байна даа” гэсэн мэдрэмж төрдөг шүү (инээв).

-Та уран бүтээлд тоглохынхоо өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Уран бүтээлд сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд ар гэрийнхээ асуудлыг зохицуулдаг. Тэгээд ар гэр, үр хүүхдүүддээ санаа зовохооргүй болсныхоо дараа дүр дээрээ ажиллаж, сэтгэл зүйгээ бэлтгэн, тайван ажиллахыг илүүд үздэг.

-Өөрийнхөө зан чанарыг тодорхойлж хэлээч?

-Шартай. Хүний аманд багтах дургүй учраас оногдсон ажлыг төгс төгөлдөр хийхийг хүсдэг. Сул тал маань өвчин даах чадваргүй. Бас их салан. Нэрээ их хичээдэг. Энэрэл гэх нэртэй болохоор ч тэр юм уу, бусдад сайхан сэтгэлээр хандах юмсан, тус хүргэчих юмсан гэх эрмэлзлээр дүүрэн амьдардаг даа.

-Та айлын дундах хүүхэд бил үү, бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Тийм ээ, айлын дундах хүүхэд. Нэг эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Миний бага нас аав ээжийнхээ хайранд өлгийдүүлж, зун нь лагерь гарч, өвөл нь хотдоо амьдарч гачигдсан дутагдсан зүйлгүй, энгийн, аз жаргалтайгаар өнгөрсөн.

-Ингэхэд та ер нь хэр эрх хүүхэд байсан бэ?

-Би өөрийгөө эрх гэж боддоггүй. Гэхдээ есөн жил айлын бага байхдаа эрхэлсэн л байх. Олон хүн надаас “чи эрх үү” гэж асуудаг. Би хэлгий юм шиг байгаа юм. Тийм болохоор л хүмүүс тэгж асуугаад байдаг байх гэж боддог.

-Дараагийн уран бүтээлийн тань төлөвлөгөө юу байгаа вэ?

-Одоогоор төлөвлөсөн уран бүтээл байхгүй. Яг одоо хамгийн том ажил маань бага хүүгээ хоёр нас хүртэл нь өөрийн гараар эрүүл саруул өсгөх л байна даа.

-Жүжигчин хүний үнэ цэнэ яг юу вэ?

-Би ур чадвар, царай зүс, стиль имиж гэж хэлэхгүй. Миний бодлоор жүжигчний хамгийн том үнэ цэнэ нь энэ мэргэжилдээ үнэнч, тууштай байх сэтгэл, урлагийн төлөө зүтгэх чин эрмэлзэл л юм болов уу гэж боддог. Хэчнээн авьяастай, ур чадвартай, хөөрхөн, стиль имижтэй байсан ч хэсэгхэн хугацаанд л энэ мэргэжлээр ажиллаж байгаад хаях юм бол дараа нь хэн ч биш болно.

-Таны бага насны мөрөөдөл юу байсан бэ. Тэрхүү мөрөөдлөө биелүүлж амжсан уу?

-Багаасаа л мөрөөдсөөр ирсэн. 17 настай байхдаа мөрөөдлөө бичдэг дэвтэртэй байлаа. Зарим нэгийг нь биелүүлсэн, зарим нь угаас хүүхдийн мөрөөдөл байсан учраас хэзээ ч биелэхгүй. Одоо ч би мөрөөдөхөө болиогүй л байгаа. Хэт дэврүүн зүйлсийг мөрөөддөг болохоор хүмүүст хэлэхээс ч ичдэг. Гэхдээ байнга мөрөөдлөө дотроо санаж, бодож тэндээ хүрэхийн тулд тэмүүлсээр л яваа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *