Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хотын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнес клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр болсон. Фитнес, амралтын газрууд зөвлөмжөө дагууд явж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн.
Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдийн санал их ирж байгаа. Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах шийдвэр гаргах боломжгүй. УОК, холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.
Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангахгүй байна. Уг нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд ААН-үүдэд боломж олгосон. Харамсалтай нь ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхээс эхлээд, төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөхгүй байна. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй гэж үзлээ” гэв.