Categories
мэдээ нийгэм

​О.ХАШ-ЭРДЭНЭ: Цар тахлын үеийн эрсдлийг эцэг эх, сурагч, сургууль хамтдаа үүрээд гарахаас аргагүй

Ерөнхий боловсролын “Нэст эдүкэйшн” ахлах сургуулийн гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Цар тахлаас болж сурагчид танхимаар хичээллэхгүй нэлээд хэдэн сар болчихлоо. Хувийн сургуулиуд төлбөрөө хөнгөлөхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Танай сургуулийг төлбөрийнхөө 30 хувийг ирэх хичээлийн шинэ жилд шилжүүлэх шийдвэр гарсан гэж сонслоо. Зардал багассантай холбоотойгоор ийм шийдвэр гаргав уу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-БСШУС-ын сайдын тушаалаар батлагдсан хөтөлбөрөөр энэ хичээлийн жил 33 долоо хоногтой.Нэг, хоёрдугаар улиралд 15 долоо хоног, гуравдугаар улиралд 1 долоо хоног, нийт 16 долоо хоног хичээллээд нэгдүгээр сараас хойш карантилсан. Зардал үйл ажиллагаа талаа бодвол сургуулиуд өнгөрсөн хугацаанд зогсоогүй, цахим сургалтаар хичээлээ үргэлжлүүлсэн. Тэр утгаараа урсгал зардал гардгаараа гараад явж байгаа. Гэхдээ цар тахлын үеийн эрсдлийг эцэг эх, сурагч, сургууль хамтдаа үүрээд гарахаас аргагүй. Өөрөөр хэлбэл аль нэг талдаа илүү ачаа үүрүүлэх нь ёс суртахууны хувьд буруу. Манай сургуулийн Удирдах зөвлөл ийм шалтгаанаар цогц арга хэмжээ баталлаа. Төгсөх ангийнхны хувьд төлбөрийн асуудал гол зүйл биш, хичээлээр авах ёстой агуулгаа бүрэн гүйцэд авах нь л чухал. Зуны хугацаанд цахимаар болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа үргэлжилнэ. Шаардлагатай бол ирэх есдүгээр сараас хойш ч хичээлийг нь танхимаар үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Дэвших ангийнхны хувьд өнөө жилийн төлбөрийн 30 хувийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх шийдвэр гаргалаа.Манай сургуулиас эцэг, эхчүүдээ дэмжиж чадах хамгийн дээд хэмжээ гэсэн үг. Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхдүүдийн тухайд үнэ төлбөргүй онлайн сургалтуудыг 2020-2021 оны хичээлийн жилээс өмнө явуулж, агуулгын хоцрогдолгүйгээр ирэх хичээлийн жилийг эхлүүлнэ.гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд IТ-гийн хичээлүүдээ онлайн контент болгохоор шийдлээ. Багшийн туслах аппликэйшн бидэнтэй хамтрахаар болсон. Энэ ажлаа удахгүй эхлүүлнэ.

-Тэгэхээр танайх сурагчдадаа заадаг хичээлээ цахим орчинд үнэ төлбөргүй байршуулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Гэгээрлийн салбарт ажилладаг учраас нийгэмд юу өгөх вэ гэж бодож ярилцсаны эцэст гаргасан шийдвэр байгаа юм. Ирэх хичээлийн жилд нэлээд хэдэн контент гаргачих байх. Манай сургууль түмэн инженер бэлдэнэ гэсэн малгай уриатай ажилладаг. Өөрсдөө түмэн хүүхэд сургана гэсэн үг биш л дээ. Арван мянган IT инженертэй Монгол болох нь бидний зорилго.

-Сургалтын төлбөрийнхөө 30 хувийг дараа жилд нь шилжүүлэх хөнгөлөлт үзүүлсэн анхны сургууль нь танайх болж байх шиг байна. Ер нь төлбөрөө хөнгөлсөн өөр сургуулиуд бий болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Одоогоор сонсогдсон мэдээ лав алга. Манай сургуулийн хувьд бусад хувийн сургуулиудаа “Цар тахлаас үүдсэн хямралыг хамтдаа давж гаръя. Эрсдлээ хуваацгаая” гэж уриалмаар байна.

-Тахлаас болж танхимаар хичээллэхээ больсноос хойш танай сургуулийн зардал багассан уу?

-Зардлын хувьд сургуулиудынхаа онцлогоос хамаараад янз бүр байгаа болов уу. Ер нь гол цөм хоёр зардал байдаг юм. Нэг нь багш нарын цалин. Нөгөө нь сургуулийн байртай хамаатай зардал. Өөрийн өмчийн байртай сургууль байлаа гэхэд зээлийн санхүүжилтээр барьсан байж таарна. Өөрөөр хэлбэл ийм сургуулиудад зээлийн төлбөр гэсэн том асуудал бий. Сая онцолсон хоёр төрлийн зардал өнгөрсөн хугацаанд буураагүй. Цахилгааны зардалд бага зэрэг өөрчлөлт гарсан байх. Гэхдээ цахилгааны төлбөр сургуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр зардал биш.

-Танай сургууль 21 аймаг, нийслэлийг хамарсан олимпиадын урьдчилан шалгаруулалтыг хийсэн. Финалын шатыг хэзээ зохион байгуулах вэ. Шалгарсан хүүхдүүд ямар хэлбэрээр өрсөлдөх бол?

-Олимпиад зохион байгуулж эхэлсэн маань хэд хэдэн шалтгаантай л даа. Ирж буй цахим ертөнцөд ирээдүй хойч үеэ уриалан дуудах нь энэ арга хэмжээний гол зорилго. Манайх наяад оны залуусын байгуулсан сургууль. Бид гадагшаа явъя гэж зорьж, харж явсан үеийнхэн. Гадагшаа явж сурч, ажиллах л сайхан гэсэн хүсэл тэмүүлэлтэй амьдарцгаасан. Олон ч хүн явсан. Гэхдээ эцэст нь Монголдоо байж Монголоо хөгжүүлнэ гэдгийг ухаарсан. Бид ийм зорилгоор сургуулиа байгуулсан юм. Монголд зарим нэг зүйл дэлхийн чиг хандлагаас өөр чиглэлд яваад байдаг зовлон бий. Наад захын тод жишээ нь IT-ийн боловсрол. Дэлхий нийтээрээ IT рүү явж байна. Ямар ч салбарын хүнIT-ийн суурь мэдлэгтэй байхаас аргагүй цаг үе ирж байгаа. Өөрөөр хэлбэл IT бол дараагийн англи хэл. Англи хэлгүй бол ертөнцөөс тасарна гэж ярьдаг байсан бол удахгүйIT буюу программчлалын хэлгүй бол нийгмээс таслагдахаар цаг үед бид амьдарч эхэлсэн. Гэтэл манайд IT-гийн чигээр их сургуульд элсэгчдийн тоо жил ирэх бүр буурсаар ирсэн тоо бий. Энэ жил анх удаа өөр тоо гарч байна. Эцэг, эх, сурагчдад “Нийгэм хаашаа яваад байгаа билээ” гэсэн эргэцүүлэл, цочроо өгсөн байх гэж найдаж байна. Олимпиадын маань эхний шат нь гурван хэсэгтэй. Эхний шатныэхний шалгаруулалтад 570 хүүхэд оролцсон. Хоёр дахь шалгаруулалтад 700, гурав дахь шалгаруулалтад 750 хүүхэд 21 аймаг, нийслэлээс оролцсон юм. IT-гийн олимпиадын хувьдэнэ бол маш том тоо. Гэхдээ нийт хүүхэддээ бодоход чамлахаар тоо. Цаашид энэ тоог өсгөхөөр зорьж байна.

-IТ-гийн олимпиадаа жил бүр зохион байгуулах нь ээ?

-Тэгнэ. Одоогийн байдлаар 6-12-дугаар ангийн шилдэг 90 хүүхдийг шалгаруулчихсан. Энэ хүүхдүүд маань 30 багт хуваагдаж финалын шатанд өрсөлдөнө. Уг нь тавдугаар сард гэж товлосон байсан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан болохоор хойшлохоор болж байна. Цахимаар биш, компьютер дээр ажиллах шаардлагатай болохоор өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан үед хугацааг нь товлохоос аргагүй.

-Хугацаа нь тодорхойгүй болчихсон гэсэн үг үү?

-Тэгж таарч байна. Гэхдээ олимпиадтай холбоотой үйл ажиллагаануудзогсохгүй. Зуны турш үргэлжилнэ.

-Танай сургууль зургадугаар ангидаа 18 хүүхдийг бүрэн тэтгэлэгээр сургахаар болсон гэв үү. Ахлах сургууль зургадугаар ангийн элсэлт авах болсон шалтгаан сонирхол татаж байна л даа…?

-Манай сургууль ахлах ангийн гурван жилийн хөтөлбөртэй. Маш сайн хөтөлбөр. Гэхдээбусад улстай харьцуулахад оройтоод байна.IТ-ийн хичээл хоёрдугаар ангиас ордог улс хүртэл байна шүү дээ. Бусад улсад уншиж сургаад л IT-ийн ойлголтыг өгч байхад манайх зургадугаар ангиас л хэрэглээний программ талаас зааж эхэлдэг.Эцэг, эхчүүд IT-г компьютер, принтер холбодог хүн гэж ойлгодог. Энэ ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. IT бол огт өөр зүйл. IТ-гийн сургуулиуд “Майкрософт”-ын программыг хэрэглэдэг хүнийг биш, тухайн программыг бичдэг хүмүүсийг бэлддэг гэж ойлгож болно. 10 мянган IT инженер бэлдэх уриалга маань яг нарийндаа 10 мянган бүтээгч бэлдье гэсэн утгатай. Хэрвээ тэгж чадвал манай ирээдүй үе гадагшаа явж ажиллах шаардлагагүй болно. Эсрэгээрээ бидний ажиллахыг хүсдэг том компаниудМонголд салбараа нээж эхэлнэ. Хүний нөөц нь бэлэн бол “Фэйсбүүк” Монголд салбараа нээх алсын мөрөөдөл биш. Зургадугаар ангийн шинэ хөтөлбөр гаргаж байгаагийн цаад шалтгаан нь энэ. Одоогоор бүртгэлээ явуулж байна. Шалгаруулалт маань хэдэн хэдэн үе шаттай үргэлжилнэ. Эхлээд цахимаар явагдана. Наймдугаар сард дүнгээ гаргана.. Хүүхдээ ирээдүйд бэлдэнэ гэж зорьж яваа бол сориод үзээрэй гэж эцэг, эхчүүдэдуриалмаар байна.

-Зургадугаар ангид тэтгэлэгтэй элсэх хүүхдүүдээс ямар шалгалт авах вэ?

-IQ, математикийн шалгалт авна. Сэтгэн бодох чадвар хүний бичгээр дамжиж гарч ирдэг учраас ороод ирснийх нь дараа бичгийн шалгалт авахаар төлөвлөсөн.

-Зургадугаар ангиасаа IТ үзсэн хүүхдүүд 12 дугаар анги төгсөхдөө хэр хэмжээний чадалтай, мэдлэгтэй болох вэ?

-Манай сургуулийг төгссөн хүүхдүүд IТ-гаар хаана ч ажиллах чадвар эзэмшинэ. Манай эцэг, эхчүүдэд хүүхдээ бие даалгах чадваргүй, бөөцийлдөг гэм бий. Их сургуулийнхаа төлбөрийг өөрөө төлөх чадвартай хүүхэд тун цөөхөн дөө. Өнөөдөр шинээр үүсч байгаа ажлын байрны 70 хувь нь IТ юм уу, IТ-тай холбоотой мэргэжил байна. Дундаж цалингийн хувьд ч программистууд хамгийн өндөр цалин авдаг. “Фэйсбүүк” зэрэг том компаниудын шинэ ажиллах хүчин шалгаруулж авдаг зардал нь нэг хүний 50 мянган ам.доллар, дундаж цалин 80 мянган ам.доллар байх жишээний.Өөрөөр хэлбэл IТ-гаар монгол компанид ажиллах хэмжээний чадвар эзэмшээд төгсөхөд л сурангаа ажиллаад төлбөрөө төлөөд явах бүрэн боломжтой. Дэлхийн хэмжээний компаниудад тавигдах шаардлагыг хангах нь бидний зорилго. Манай сурагчид ийм чадвар эзэмшээд төгсөнө.

-Танай сургууль ирэх есдүгээр сард хэд хэддүгээр ангид элсэлт авах вэ?

-6-11-р анги хүртэл элсэлт авна. 12-дугаар ангидэлсэлт авахгүй.

-Хүүхдүүдэд IТ гэхээр маш нарийн чадвар шаарддаг, хэрийн хүн төгс эзэмшиж чадахгүй зүйл гэсэн ойлголт нийтлэг байх шиг санагддаг. IТ-гаар сурах хэр хэцүү бол?

-Суурь ойлголтыг нь өгөөгүйгээс хүүхдүүд огт өөр ертөнцийн зүйл гэж хараад байдаг тал бий. Тэгж бодох хэрэггүй, үзсэн харсанзүйлээ сонсоод ойлгодог байхад л сурах зүйл. Монголчууд дасан зохицох чадвар өндөртэй хүмүүс. Нүүдэлчин ахуйгаас улбаатай дасан зохицох чадвар бүхий сэтгэхүйтэй. Программчлалд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь дасан зохицох чадвар. Хурдан хувьсч чадсан нь илүү хөгждөг онцлогтой салбар.

-Шалгалт, элсэлтийн талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

-Манай сургуулийн цахим хуудас nhs.edu.mn хандаж болно. 77994444, 77995555 гэсэн утсаар холбогдох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *