Улсын II төв эмнэлэг “COVID-19” өвчин дотоодод бүртгэгдсэн тохиолдолд өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлах 100 ор бэлджээ. Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболд ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Эрсдэлийг бууруулах үүднээс үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн асуумж авч, 17.00 цагаас хойш эргэлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа бөгөөд шаардлагатай эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, ЭМЯ-нд хүргүүлж, эрчимт эмчилгээний 50 ор бэлджээ. Дотоодод халдвар тархсан тохиолдолд тус эмнэлгийг 6-12 цагийн дотор бүрэн чөлөөлж, нийт 280 ор гаргах боломжтой аж.