БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Делогийн шинэ үе (хэрэг) 1990 оноос хойш. Нийгэм нээлттэй, төр ардчилсан тогтолцоотой, хүний эрх, эрх чөлөө хуулиар баталгаажиж, эдийн засаг зах зээлийн харилцаанд орж, нэг намын ноёрхол унаж, олон ургалч үзэл ердийн норм болохтой зэрэгцэн олон жил тогтож ирсэн дело хэрэг тэс өөр шинжийг олон нүүр царай нь өөрчлөгдлөө. Дело хүмүүсийн хувийн өс хонзонгоо тайлах таатай орчин болж өргөжив. Улс төрийн бүлэглэлүүдийн харилцан толхилцлын хэрэгслэл болов. Сонгуулийн өрсөлдөөний гол зэвсэг болов. Хөрөнгө мөнгө булаацалдахад ашиглагддаг багаж болов. Бүрэн нээлттэй болсон мэдээллийн хэрэгслэл хуучны Намын хянан шалгах, Дотоод яам, намын хороод үүрийн үүргийг орлох болов. Харилцааны гол дамжуулах холбоос нь мөнгө. Иргэншээгүй нийгмийн гишүүдийн үнэн нүүр царай ил боллоо. Шоронгийн дэглэмээс гэнэт мултарч нар үзсэн зэрлэгшсэн хүн сүрэг!
Отгонбаярын дело (хэрэг) 1990. Нийгэм нээлттэй болохтой зэрэгцээд хэн ч үл таних прокурорын ажилтан Л.Отгонбаяр, хэн ч сонсоогүй Дугархорлоогийн амиа алдсан хэрэг нийгмийг тэр чигээр нь донсолголоо. Ардчиллын төлөөх жагсаал цуглаан огт танихгүй Отгонбаяр гэгч эмэгтэйг яллах ажиллагаа болж хувирав. Жагсагчид Отгонбаярыг шийтгэхийг шаардсан уриа лоозон барьсан байсан нь гэрэл зурагт олон янзаар үлджээ. Магадгүй тэрхүү Отгонбаяр гэх прокурорын ажилтан хүүхэн тухайн үедээ буруу шийдвэр гаргасан ч байж болно, зөв шийдсэн ч байж болох. Үүнийг өнөөдөр ч аль нэг тал руу нь эцэслэн шийдсэн юм байхгүй. Юутай ч дараагийн мөрдөгчид Дугархорлоог амиа егүүтгэсэн байна, иймээс хэрэгт холбогдон шоронд суугаа хүмүүс хэлмэгдэж гэж тогтоосон. Зөв буруу алин ч байлаа гээд аль 1982 онд болоод өнгөрсөн хэрэг нь Улсын прокурор, дээд шүүх, нөлөө бүхий сонин, намын төв хорооны зарим удирдлагууд нийлж шинэчлэн өөрчлөгдөж буй улс төрд хамгийн нөлөөтэй болон босч ирж байсан Б.Чимидийн эсрэг хийсэн явуулга болон эргэсэн нь харагддаг. Отгонбаярыг шийтгээгүй боловч тэр аймшигт дуулианы үеэр Намын төв хороонд ажиллаж байсан нөхөр нь нас барсан. Хүн амины хэргээр шийтгэгдэн шоронд сууж байсан хэрэгтнүүдийг гэнэт сулласан. Харин тэд гарч ирүүтээ Чимидийг огцруулах шаардлага тавин тухайн үед моодонд ороод байсан суулт, өлсгөлөн зарласан. Хэрэв үнэхээр шоронд сууж байсан этгээдүүд хүн алаагүй юм бол жинхэнэ алуурчин олдоогүй, олохыг ч оролдоогүй, амиа хорлосон гэж үзээд цэглэсэн. Тун удахгүй болсон анхны сонгуулиар энэ дуулианыг түгээхэд идэвхтэй оролцсон хүмүүс Ардын их хурлын депутат болсон нь цааш цаашид жишиг болон тогтсон.
Алт диллерийн дело (хэрэг) 1988-1992. Монгол Улс ганцхан банктай, валютын нөөц нь цэвэршүүлээгүй дөрвөн тонн орчим алттай байлаа. Тун өчүүхэн хатуу валютаа диллерийн гүйлгээгээр хамгаалж алдагдлаас сэргийлэх арга хэмжээ авахыг 1988 онд Улс төрийн товчооноос үүрэгджээ. Диллерийн гүйлгээ хийх багаж нь телетайп. Эхний хэдэн гүйлгээ амжилттай болсон тул хэд хэдэн ажилтныг тус бүр 100 доллараар шагнасан. Монгол Улс бүхий л валютын гүйлгээгээ Британид байрладаг ЗХУ-ын “Москва народный банк”-аар хийдэг байлаа. Ингэсээр 1990 онтой золгов. Валютын нөөц байхгүй учир дөрвөн тонн алтаа Англид аваачиж цэвэршүүлэн баталгаажуулжээ. Гэвч алтны нөөц Москва народныйгоор ороод алга болсон бололтой. Тэр үед ЗХУКНамын хоёр мянга гаруй тонн алт ч алдагдаад одоо болтол олдоогүй.
Алтны нөөц алдагсан нь үнэндээ диллерийн гүйлгээтэй огт холбоогүй боловч буруутныг олох ажиллагаа улс даяар өрнөж энэ хайгуулд бараг бүх хүн оролцов. Шинээр байгуулагдсан Монголын Үндэсний дэвшил намын дэд дарга Д.Сүх-Эрдэнэ банкинд ажилладаг, англи хэлтэйн хувьд диллерийн гүйлгээ хийж байсан нь ихээхэн олз боллоо. Ингээд эхлээд Сүх-Эрдэнэ, араас нь МҮДН, тэрний араас шинэ ардчилсан намууд, тэгээд ерөөс ардчиллыг дэмжигчид хамрагдан буруутнаар тодров. Диллер гэдгийг хөзрийн мөрийтэй тоглоом маягтай ойлгуулсан, тэгж ойлгосон ард түмэн ч 1992 оны сонгуулиар УИХ-ын нийт 76 суудлын 71-ийг нь МАХН-д өглөө. Энэ нь бас хойш хойшдыг “сайн” жишиг болж үлдсэн юм. Харин банкууд дараагийн шинэ зуун гартал ерөөс диллерийн гүйлгээ хийгээгүй. Байцаах шалтгаар Сүх-Эрдэнийг хэдэн хоног шоронд суулгасан. Сонгууль өнгөрсний дараа эрх баригчид энэ асуудлыг дахиж сөхөөгүй.
Сүрэнхорын хээр азарганы дело (хэрэг) 1991. Хэнтий аймгийн уяач Сүрэнхорын хурдан хээр азарга улс даяар алдаршлаа. Олон наадамд түрүү авсан тэр азарга Ардын хувьсгалын 70 жилийн наадамд бас өнгөлжээ. Буцаж явахад нь харанхуй шөнө нэг машин гай болж мөнөөх алдартай азаргыг онож мөргөн үхүүлжээ. Улс даяар шуугиан болж, Өндөрхаан хотод олон нийтийн эсэргүүцлийн цуглаан боллоо. Зурагт радио, араас нь сонин сэтгүүлүүд дуу өндөрлөн мөнөөх машины жолоочийг олж хүнд хатуугаар цээрлүүлэхийг шаардана. Азарганы үхэл улс төрийн шоу болж хувирав. Жолооч залуу албаар онож дайраагүй нь тодорхой. Гэвч түүнийг шүүхээр оруулан долоон жилийн шоронгийн ял өгөв. Энэ бол олон түмний хийрхэлд тохируулж хуулиас гадуур оноосон шүүхийн анхны тохиолдол байлаа. Энэ мөн шүүхийн нэг жишиг болов. Олон түмэн, мэдээллийн хэрэгслийн дуу хоолойд тохируулж ял өгдөг жишиг ингэж буй болсон.
20 дугаар тогтоолын дело (хэрэг) 1990. Монгол төгрөгийг 1925 оноос ЗХУ-д, тодруулбал Ленинградад хэвлэх болжээ. Эхэндээ Монголын банкийг зөвлөлтүүд толгойлж байснаа үүнийгээ монголчуудад шилжүүлэн өгсөн боловч хяналт Кремлийн гарт байв. 1936 онд Зөвлөлтийн армийн том анги Монголд ирж суурьшихад Бүрэн эрхт төлөөлөгч Мироновоос Сталинд явуулсан нууц цахилгаанд “Манай цэргийн ангиуд БНМАУ-д орж ирээд байрлаж төвхнөхтэй холбогдон Москвагаас шилжүүлэх монгол төгрөг ихээхэн шаардлагатай байна… Монголбанкны нөөц улс орон даяар цацагдсан нийтдээ 7 сая төгрөг байгаа ба Улаанбаатарт ердөө 2 300 мянган төгрөг байна… Монголбанкны захиалсан 5 сая төгрөг дээр нэмэлт 10 сая төгрөгийг үйлдэх ажилд нэн даруй орохыг Госзнакт үүрэг болгохыг та бүхнээс хүсье. Хэвлэсэн мөнгийг нааш бидэнд яаралтай ирүүлэх талаар шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн ба энэ нь даруй хэрэгжсэн юм. Ингээд хонь 50 мөнгө, бүдүүн шар 10 төгрөгний үнэтэй байснаа тун удалгүй булан цай албаны үнээр 10 төгрөг, дамын үнээр 150 төгрөг болжээ. 1969 онд Монголд суурьшихаар Зөвлөлтийн 80-100 мянган цэрэг орж ирснээс хойш Монголбанк төгрөгийн хяналтаа бүрэн алджээ. 1990 онд төгрөгөө хянахын тулд ханшийг нь зориудаар хоёр дахин унагах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Энэ үед Зөвлөлтийн цэрэг Монголоос бүрэн гарч дуусаагүй, тэдний гар дээр хичнээн төгрөг байгаа нь мэдэгддэггүй байлаа. Шинэ дэвсгэрт хэвлүүлэх валют бас байхгүй. Иймээс хожим монголчуудын хадгаламжийг нөхөж өгөхөөр тооцоолон ханш унагах 20 дугаар нууц тогтоол гаргах болсноо Улсын бага хуралд хаалттай танилцуулжээ. Тогтоол хэрэгжсэний дараа УБХ-ын гишүүд биенийгээ хэрэгт холбогдуулан ханш унахыг мэдэнгүүтээ хадгаламжиндаа хөдөлгөөн хийсэн, худалдан авалт хийсэн гэх мэтээр харилцан гүтгэлцлээ. Сайтар шалгасны эцэст Ардчилсан намаас сонгогдсон гишүүн Дамдин бусдаас мянган төгрөг зээлж аваад магнетофон худалдан авсан нь илэрчээ. Ардчилсан намын бүлэг хуралдан Дамдинг УБХ-ын гишүүнээс татгалзахыг шахан шаардаж нэг үгэндээ хөөсөн байна.
Абекс Моламын дело (хэрэг) 1992-95. Ерөнхий сайд Жасрай, Шадар сайд Пүрэвдорж, Хөгжлийн газрын дарга Улаан, Үйлдвэр худалдааны сайд Цогт дөрөв Засгийн газрын хуралдаанаар оруулалгүй, өөр хэнд ч мэдэгдэлгүйгээр Партнершиф Эгриймэнт буюу түншлэлийн гэрээг Хундакар Халид Ахмэд Хоссейн гэгчтэй байгуулжээ. Гэрээний утга санаа нь Монголын эдийн засгийн бүх гол салбаруудад менежмэнт хийх онцгой эрхийг АНУ-ын гэгдэх Ай Би И Экс группэд 99 жилийн хугацаагаар олгожээ. Энэхүү гол салбарт нь алт, зэс, газрын тос, төмрийн хүдэр, цайр, ховор элементийн олдворлолт ба үйлдвэрлэл, малын мах, ноос, ноолуур нэхий боловсруулалт, тээврийн хэрэгсэл, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, зочид буудал жуулчлал зэргийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, ойрын нэлээд хэдэн жилд Монголд үйлдвэрлэж болох бүх салбар хүрээг үлдээлгүй хамарчээ. Гэтэл өнөөх бенгаль эр нь Нью Жэрсид ганц жижиг дэлгүүртэй луйварчин болох нь хоёр жилийн дараа мэдэгдсэн юм. Хоссейн гэрээгээ барин олон орноор явж онц эрх дархаа харуулан Монгол руу худалдаа арилжаа хийх гэсэн сонирхолтой хүмүүсийг олж татвар хурааж гарсан байна. Өөрийгөө Монголын шадар сайд болсон ч гэж танилцуулдаг болж. Хоссейний онцгой эрхийнхээ дагуу сонгон авч зөвшөөрөн Монгол руу явуулсан компани пүүсүүдтэй Улаан угтан авч хэлэлцээр хийдэг хүн болов. Гэвч ганц ч төсөл хэрэгжиж эхлэх болов уу гэсэн найдлага хоёр жилийн дотор огтоос харагдсангүй. Ингэсээр 1995 онд өнөөх нууц гэрээ Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн гарт оржээ. Сонин хэвлэлээр шуугин амтай болгон хэлэлцээд эхлэхийн цагт хамаг хэргийг нөхөд нь хөөрхий Пүрэвдорж руу чихэн түүнийг уралдан муулцгаав. Салбар гэрээнүүдэд гарын үсэг зурсан “хам хэрэгтэй” Улаан асуудал өөрт нь огт хамаагүйг зүйл бүрээр баталж, шадар сайдын тушаал өөрт нь бурхны зарлигаас чанга дуулддагийг бусдадаа итгүүлэх гэж их л хөлс хүчээ шавхлаа. Хэрэг шүүх цагдаагаар оролгүй хамаг хэргийг Пүрэвдоржид үүрүүлээд өнгөрсөн.
Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.
2020.4.25