Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Б.Сангисүрэн: Ууланд гарсан түймрийг унтраахад хүн хүч хамгаас хэрэгтэй байдаг юм байна

Өнгөрсөн ням гаригт Арцатын аманд түймэр дэгдсэн. Түймрийг унтраахад иргэд газар дээр нь ажиллаж хувь нэмрээ оруулсан. Тэр дундаа “Сүлд” спорт хорооны дарга улсын аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Б.Сангисүрэн аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ, Б.Хашбат нарын бөхчүүд бусдыг уриалж ажилласан юм. Бид Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэнтэй ярилцлаа.


-Арцатын аманд гарсан түймрийн үеэр иргэд очиж ус зөөж буй бичлэг цахим орчинд тархаад буй нь коронавирусийн халдвар олон нийтийг айдаст автуулаад буй энэ цаг үед нийгэмд эерэг хандлага түгээгээд байна. Таны хувьд түймэр дээр очиж ажилласан шүү дээ. Очиход ямар орчин таныг угтав?

-Хөвсгөлийн аймгийн хурц арслан Б.Баттүвшин бид хоёр дотно нөхөрлөдөг юм. Найз маань хөдөөнөөс орж ирж байхдаа түймэр гарч байгааг харсан юм билээ. Над руу утастахад нь далайд дусал нэмэр гээд ойр тойрны хүмүүсээ уриалаад Арцатын ам руу очсон. Миний хувьд өмнө нь түймэрт ажиллаж үзээгүй л дээ. Газар дээр очиход битүү утаатай, угаар үнэртээд л жаахан ойртоход л халуу төөнөж гутлын ул хайлчих гээд амаргүй байдаг юм билээ.

Түймэр ч машин техник очих боломжгүй бараг уулынхаа хяр дээр гарсан байсан. Гал командын машин дээш жаахан өгсөөд л цааш явах боломжгүй болсон тул шланкаар ус зөөж байсан. Энэ үед ус зөөхөд энгийн хүмүүсийн оролцоо чухал байдаг юм билээ. Цугларсан залуус алхам алхмын зайтай алдалж зогсоод л канистартай ус дамжуулаад л дээш нь зөөж байгаа юм. Сүүлдээ хүрз, жоотуу барьсан хүмүүс нь дээшээ очиж цурманд оруулсан.

Илүү олон хүн цугласан бол түймрийг хоёр талаас нь зэрэг ус зөөгөөд богино хугацаанд газар авахуулахгүйгээр унтраах боломж байдаг юм билээ. Түймэр гарсан газарт эмэгтэй хүмүүс хүртэл очиж тусалж ус зөөлцөж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа.

Эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй залуус халуу төөнөсөн нурман дээгүүр канистартай ус үүрээд алхаж байгааг харахад сайхан л байсан. Эх оронч үзэл тэндээс харагдаж байгаа юм.

-Таныхаар эх оронч үзэл юунаас эхэлдэг юм бэ?

-Энгийн зүйлээс л эхэлнэ гэж боддог юм. Татсан тамхины ишээ машиныхаа цонхоор хаяхгүй байх нь л эх орноо гэсэн сэтгэл шүү дээ. Хаа нэгтээ дутуу татсан тамхины ишээ хаяж байгаа залуус харагддаг л юм. Тухай бүрт нь шаардлага тавьдаг. Зарим нь ч буруугаа ухамсарладаг. Өөдөөс уцаарлах нь ч бас бий.

Өчигдрийн тухайд Pаjero клубийн залуус сэтгэл гаргаж байгаа нь сайхан санагдсан шүү. Түймрийг хурдхан л унтраахын төлөө машин тэргээ ч хайрлахгүй зүтгэж байна лээ. Сүүлд харанхуй болоход Онцгойгийн алба хаагчид чиглэл өгч энгийн иргэдийг цурамнаас гаргаж өөрсдөө орсон. Угаартаад унах эрсдэлтэй гэж үзсэн байх. Цурам руу орсон хүмүүсийг доош буулгахад Pаjero клубийн залуус зөөж байна лээ.

Ер нь ийм осол гамшгийн үед иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллавал зөв юм шиг санагдсан. Монгол залуус нэгдээд зүтгэвэл юуны ч ард гарна гэдэг жишээг түймэр дээр цугласан залуус харууллаа.

Мөн тэр хавийн барилгын компаниуд том машинаар ус зөөж тус дэм болж байна лээ.

-Таны хувьд хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж очсон бэ?

-Очиход гал командын аврагч нар зохион байгуулж аюулгүй ажиллагааг хангадаг юм билээ. Хувцсаараа л гөвөөд л унтраах ухааны юм төсөөлж очсон. Өөр юм билээ.

-Одоо хоёулаа бөхийн талаар ярилцъя л даа. Нэгдүгээр курсээ төгссөн зунаа л аймгийнхаа наадамд түрүүлж байсан гэсэн. Тухайн наадмын талаар хуучлахгүй юу?

-Өвөрхангайн наадамд залуу бөхчүүд одтой барилддаг. Сүүлд Б.Лхагвадорж гэж 17-той залуу түрүүлж аймгийн арслан болсон. Миний хувьд 20 настайдаа очиж барилдаад түрүүлж байлаа. Тэр жил миний хувьд хатгаа тусаад, тохойгоо мултлаад их барцадтай байсан юм. Сүүлд бэлтгэл хийж байгаад хавиргаа хугалаад наадмын бэлтгэлд гаралгүй хөдөө гэртээ очоод хэвтчихсэн.

Тэр зун нутагт маань ган болсон. Айлууд гүний худгаас ховоо татаж мал хуйгаа усалж байсан юм. Би ч ховоо татаж л малаа усална. Хөршийнхөө мал хуйг ч услаад өгчихнө. Сар гаруй ховоо татахад ч бие чангараад ирсэн. Наадам дөхөх тусам л бөхийн сургуулийн оюутанд юм юм бодогдоно биз дээ. Ингээд Уянга сумынхаа наадамд зодоглож түрүүлчхээд удалгүй аймгийнхаа наадамд зодоглосон. Наадмын бэлтгэлээс буугаад ирсэн бөхчүүд ч бие хаа нь тэгширчихсэн сүрдмээр харагдаж билээ.

-Шийдвэрлэх даваануудад тунаж барилдаж байсан шүү дээ. Хийсэн барилдаануудынхаа талаар ярихгүй юу?

-Гурвын давааны төгсгөлд аймгийн арслан Т.Мягмарсүрэн, Б.Батдорж, Д.Болдбаатар бид дөрөв сумын заан цолтой тунаж үлдсэн. Давааны төгсгөлд үлдсэн сумын заанууд оноолтоор барилддаг дүрэмтэй. Харин тэр наадмаар ам авсан. Т.Мягмарсүрэн намайг амласан юм. Ах Б.Сосорбарам маань намайг дасгалжуулж байлаа. “Нөгөө хоёртой нь барилдвал чамд эвгүй. Мягмарсүрэнг чи амархан хаяна, сугадаад дайр” л гэж байна. Гараад сугадаж дайраад л мордоод давчихлаа. Ах руу ирэхэд инээчихсэн сэтгэл хангалуун сууж байна. Их ч зориг орсон доо. Сүүлд тунаж үлдсэн заанууд бүгд аймгийн наадамдаа түрүүлсэн байдаг. Батдоржийг тэр жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэж байсан санагддаг юм. Харин Болдбаатар аймгийн цэргийн цолтнуудын барилдаанд зургаа даваад үзчихсэн мундаг заан очиж барилдаж байсан.

-Начин цолны даваанд хурц арслан Д.Цэвэлсодномтой тунаж барилдсан санагдаж байна. Хүнд барилдаан болсон байх?

-Цэвэлсодном сугадаж мушгидаг. Би сугадаж дайрдаг дархан мэхтэй. Хэн түрүүлж сугадсан нь давна гэсэн тооцоотой барилдсан. Гараад өрөхөд л Цэвэлээ сугадаж мушгиад миний ард гарчихсан, дээш нь өргөж байна. Сандраад л савардсан чинь далбаанаас нь атгаад авчихлаа. Хөлөө тавиад зүтгэчихсэн. Сая нэг сэрэхэд дээр нь хэвтэж байсан. Цэнгэлдэх шуугиад л би ч их баярласан. Цол авчхаар чинь тайвширчихдаг юм билээ. Дараагийн даваанд Говь-Алтайн улсын начин С.Багахүүтэй тунасан. Өвөрхангайн бөхчүүд ч “нутгийн наадмаа алдаж болохгүй” гэж хурцлаад л тал талаас зөвлөж байгаа юм. Багахүү начинг дан золгооноос мордож дайраад хаяж байлаа. Үзүүр түрүүнд аймгийн заан Пүрэвчулуун гэж найзтайгаа барилдаад дайраад л хаяж байсан. Бодох санах юмгүй, зоригтой барилддаг байж дээ. Пүрэвчулуун ч дархан аварга А.Сүхбатын шавь болчихсон ховоо татаж байгаад ирсэн миний хажууд хав дөрвөлжин зузаан харагдаж байсан юм.

-Залуу арсланг Тарагт сумынхан хэрхэн хүлээж авч байв?

-Арслан болчихоод төрсөн нутаг руугаа мөн ч их яарсан даа. Аймгийн наадамд түрүүлчхээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд барилдах гээд шөнө нь л хот руу гараад хүрээд ирсэн. Энд ирээд барилдаандаа огт төвлөрөөгүй ээ. Ах нар, нутгийнхан маань яаж хүлээж авах бол, аав ээж маань яаж байгаа бол гээд толгойд их юм эргэлдэж байсан. Эргээд бодоход мөн ч сайхан цаг үе юм даа.

-Шинэ аймгийн арслан улсын наадмын дэвжээнд ямар амжилттай барилдсан билээ?

-Хоёрын даваанд Сүхбаатарын улсын начин Б.Батжаргалтай оноолт таардаг юм. Тухайн үед хоёулаа аймгийн арслан. Би бодох юмгүй сугадаад л дайрсан. Өнөөх маань давуулж гуядаад би биеэрээ дээр нь туссан л даа. Гэтэл Батжаргал маань хар хурдаараа тугруу гүйчихсэн. Би ч бага зэрэг эргэлзээд л маргалдалгүйгээр тахимаа өгчихсөн. Тэр үед ч наадмын хоёрын даваа биш, шинэ арслан нутаг руугаа очих нь сонин байсан л даа. Аав ээж рүүгээ их яарсан.

-Таны оюутан ангийнхны ихэнх нь цолд хүрсэн мундаг бөхчүүд шүү дээ. Ангийнхныхаа талаар ярихгүй юу?

-Манай ангиас Г.Ганжад, Ш.Дарханбат бид гурав улсын цол хүртсэн. Аймгийн хурц арслан Б.Баттүвшин аймгийн арслан Г.Ганцоож, Б.Тайван гээд сайн бөхчүүд манай ангиас төрсөн байдаг. Хэн хэндээ унахгүй гээд бэлтгэлээ улам чамбайруулна. Бие биенээ хурцлаад л бүгд сайжирсан.

-Таны хувьд 2011 онд 90 жилийн ойгоор тунаж барилдаад улсын начин цол хүртэж байсан шүү дээ. Начны даваанд гарахын өмнө нутгийн ах нараасаа гар амар даваа горьдож байв уу?

-Надад горьдох хүн байгаагүй ээ. До.Ганхуяг ах тухайн үед өөрөө түрүүлэх хэмжээнд барилдаж байсан. Б.Сайнбаяр зааны тухайд бас л дээгүүр даваанд хүч үзэх бүрэн боломжтой байсан шүү дээ. Хэн нэгэнд найдаагүй. Начин болдог наадмаар улсын начин М.Жамьяанпүрэв ах зөвлөгөө өгч нөмөр нөөлөг болж байлаа.

-Улсын начин цолны даваанд Булганы А.Отгонбаатар арслантай барилдахаар гарахад тань юу зөвлөж байв?

-“Яарч болохгүй. Золгооноос барилдахад л хаяна” гэж байсан. Төлөвлөж байснаараа барилдаад л давсан даа. Отгонбаатарын тухайд өмнө нь начны даваанд хэд хэд барилдаад үзчихсэн. Бага зэрэг нервтэй барилдсан байх.

-Харцага цолны даваанд Ч.Санжаадамба аваргатай тунаж барилдсан шүү дээ. Та хоёр барьц сонгох гэж цаг орчим болсон. Наадамчдыг их чилээсэн. Аварга яагаад барьцаа өгөхгүй удаад байсан юм бэ?

-Санжаадамба бид цол хүртвэл тунаж барилдана гэсэн тооцоо наадмын өмнө байсан л даа. Тооцоолж байснаар ч болсон. Барилдаан удаашраад шоо шидэхэд миний талд буусан. Барьц авах гэж их ч удсан. Намайг барьц сонгох үеэр засуулууд “Болно” гээд холдоход нь хөнтөрч татаад хөндөлсүүлээд ирсэн. Санжаа аварга ч “Хүүе Сангиа байж байгаарай, байж байгаарай” гэхэд нь барьцаа задалчихаж байсан. Тэр барилдаанаа үргэлжлүүлээд давчихгүй дээ гэсэн бодол хааяа төрдөг л юм. Багш нартаа ч сүүлд их загнуулсан. Харцага болох хувь заяатай байсан бол хаячих байсан байх л гэж одоо боддог юм. Начин болох л байсан юм байлгүй дээ. Сүүлд нь тэврэлдээд бие биедээ амжилт хүсээд салсан. Ер нь хүнд цээжтэй бяртай хүнээс барьц сонгоход хэцүү юм билээ.

-Үндэсний бөхөөр хичээллээд амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө олж авсан бэ?

-Спорт хүнийг зөв төлөвшүүлдэг. Хүлээцтэй, хүнийг хүндэтгэдэг чанарыг би монгол үндэсний бөхөөс олж авсан. Миний хувьд ажлын талбарт хэнтэй ч арга эвээ олоод хамтраад ажиллаад явчихдаг. Ийм чанар өдөр тутмын амьдралд л хэрэг болдог шүү дээ.

-Допингийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Эсрэг байр суурьтай байдаг. Манайхан ч наадмын дараа шинжилгээний хариу ирэх үеэр бужигнаад л чимээгүй болчих юм. Наадмын өмнө зарим нэг хэрэлээд байх магадлалтай бөхчүүдийг шинжилгээнд хамруулж байх нь зөв л дөө. МҮБХ-оо монгол бөхөө аварч үлдэхийн тулд Допингийн эсрэг үндэсний төвтэй нягт хамтарч ажилламаар санагддаг юм. Мэргэжлийн эмч нар бол хэн допинг хэрэглэж байгааг гаднаас шинж тэмдгийг нь хараад л мэддэг юм байна лээ. Наадмын өмнө сэжигтэй улсыг шинжилгээнд хамруулаад л эерэг гарвал наадмаар барилдуулахгүй байх арга хэмжээ аваад байвал энэ олон бөхчүүдийн эрх ашиг хохирохгүй биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *