“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө. Дадлага сургуулийн хүрээнд “Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дууриалган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг хийнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.