Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчыг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ хүлээн авахаар зөвхөн транзитаар ирж байгаа зорчигчдыг хүлээн авна.
- Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч
- Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч
- Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.
Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь бага насны хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнийг авчирна гэж ойлгож болно. УОК-д ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа. Тиймээс ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад аль нь хуурамч вэ гэдгийг тогтоогоод явж байна” гэв.