Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа эдийн засагч З.Хайдарынхаас бэлтгэлээ. Тэрээр Д.Сүхбаатар жанжны дөч, БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны ач нь юм. Урьсан айл маань “Шинэ төгөл” хотхонд амьдардаг юм байна. Тэдний том өрөөний стенк дээр Д.Сүхбаатар жанжны болон С.Гончигсумлаа агсны зураг тодхон харагдана. Бид ширээний ард сууж түүний бага нас, нутаг усных нь дурсамжаар яриа хөөрөө дэлгэлээ.
Гэрийн эзний аавыг Г.Зориг гэдэг. Тэрээр хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны ганц хүү нь аж. Харин ээжийг нь Д.Сүхжаргалмаа гэдэг. Тэрээр Д.Сүхбаатар жанжны ганц хүүгийн том охиных (С.Наран) нь ууган охин аж. Тэрээр нэрт дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Дүгэрсүрэнтэй ханилж, таван хүүхэд төрүүлсний том охин нь Сүхжаргалмаа юм. Тэрээр “Ээжийн минь аав өвөөгөө энд дурдах хэрэгтэй. М.Дүгэрсүрэн өвөө минь социализмын үед олон жил Гадаад хэргийн яаманд сайдаар ажиллаж байсан. Улс орныхоо төлөө олон жил ажилласан хүн. Галсан аавыг амьд сэрүүнд нь бид очдог байсан л даа. Өвөө маань 1990-ээд оны эхэн үед нас барсан юм. Ээж маань Янжмаа эмээтэй нэлээн ойр өссөн юм билээ. Энэ талаарх дурсамжаа их ярина. Харин Д.Гончигсумлаа өвөө маань намайг 12 настай байхад бурхан болсон.
З.Хайдар дүүгийн хамт
Тэр хүртэл надад ямар дурсамж үлдсэн гэхээр өвөө маань айхавтар хөдөлмөрч хүн байсан санагддаг. Намайг үргэлж ийш тийшээ дагуулж явна. Тухайн үеийн мундаг хөгжмийн зохиолчид түүний шавь нар гэрт ирдэг байсныг санадаг юм. Одоо ингээд харахаар өвөө минь Монголын хөгжмийн хөгжилд ямар их хувь нэмэр оруулсныг илүү сайн ойлгож байна. Үнэхээр Монголын сонгодог хөгжим гэдэг бүхэл бүтэн урсгалыг санаачилж бий болгож явсан хүн шүү дээ. Түүний шавь нар гэхэд л мундаг хөгжмийн зохиолчид байсан. Түүний урлагт оруулсан хувь нэмрийг ярина гэвэл дуусахгүй юм болох байх. Харин энэ талаар хөгжмийн судлаач болоод Н.Жанцанноров гуай зэрэг хүмүүс илүү өнгөтэйгөөр ярьдаг хэмээн” инээмсэглэв. Түүний хоёр өвөө нь хоёулаа Баянхонгор аймгийн хүмүүс гэнэ. Тэрээр “Хоёр өвөөгийн залуу нас их хүнд байсан юм шиг байгаа юм. Аль аль нь багадаа ээж ааваасаа холдсон гэдэг. Хөдөө хамаатан садан нь бий юү гэхээр үгүй л гэдэг хариулттай” гэлээ. С.Гончигсумлаа агсан 1949 онд Москвагийн консерваторид сурч байхад нь гэрийн эзний аав нь Москва хотод мэндэлж байж. Г.Зориг гуай насаараа Монголын сэтгүүлчдийн салбарт ажиллаж, сүүлд Соёлын яаманд ажиллаж байсан гэнэ. Гэрийн эзэн эхээс гурвуулаа. Тэрээр нэг эгчтэй, нэг дүүтэй. Эгч нь социологийн мэргэжилтэй бол дүү нь бизнес менежмэнтээр сургуулиа төгсөж одоо хүний эрхийн жендерийн чиглэлээр ажилладаг байна. Би Орос-Монголын хамтарсан 3 дугаар дунд сургуулийг төгссөн. Багадаа маш их ном уншдаг хүүхэд байлаа. Нэг талаас сургуулиас ном уншихыг их даалгаж байсан. Тэр үед ямар ч технологи, интернэт гэх зүйлгүй байсан. Дараа нь СЭЗДС-ийг 2000 онд бакалаврын, 2003 онд магистрын зэрэгтэй тус тус төгссөн юм. Миний мэргэжил бол банк санхүү. Миний эмээ /С.Гончигсумлаа агсны эхнэр/ тосгоны хүн байсан. Намайг жаахан байхад тосгоны аж амьдрал, ахуй талаар их өнгөтөөр ярьж өгдөг байв. Нэгэн өдөр фермтэй болох мөрөөдлийг төрүүлж үүнээс улбаалаад мал аж ахуй фермерт юу хэрэгтэй талаар өөрийнхөө хэмжээнд судалж үзээд овоо их хөрөнгө оруулалт шаардагддаг эд юм байна гэж ойлгосон. Тэгээд мөнгө олохын тулд ямар мэдлэгтэй байх ёстойг судалснаар эдийн засгийн чиглэлээр сурах нь зөв юм гэх дээр бат зогссон юм. Эдийн засаг нь өөрөө өргөн хүрээтэй тул юун дээр төвлөрөх вэ гэсэн асуулттай тулгарсан. Ээжийн маань төрсөн дүү банкны мэргэжилтэй хүн. Тэр ч үүднээс ахыгаа харж байгаад л банкны мэргэжлээр сурахаар шийдсэн” гэв.
З.Хайдар ээж, аав, гэр бүлийн хамт
Банкны реформын талаар ямар бодолтой явдаг тухайд асуухад 1990-ээд онд банкны реформ хийгдсэн. Нэг шатлалтай системээс хоёр шаттай систем рүү шилжсэнээр банкны салбарт өрсөлдөөн үүссэн. Банкны салбар бусад бизнесийн салбарууд дотроос хамгийн их зохицуулалттай хамгийн хатуу хяналт шалгалттай салбаруудын нэг. Маш өндөр хариуцлагатай. Ажлынхаа шугамаар гадаадын олон улсаар явж тэр орнуудын банкны салбартай нь тодорхой хэмжээнд танилцаж явлаа. Манайд банкны салбарт сайн хөгжсөн зүйл олон байгаа. Бусад улс орнуудаас түрүүлж нэвтрүүлсэн олон үйлчилгээ бий. Мэдээж засч сайжруулах ч олон зүйл бий. Гадны банк оруулж ирэх тал дээр миний хувьд бодохдоо Оюу толгой, Таван толгой зэрэг маш их санхүүжилт шаардсан мега төслүүдийг санхүүжүүлэхээр л орж ирэх байх. Тэрнээс хэн нэгэн иргэнд зээл өгөх гэж орж ирэхгүй болов уу” хэмээн мэргэжилтэйгээ холбоотой хэсэгхэн хууч хөөрөв. Тэрээр банк санхүүгийн салбарт 1999 оноос хойш ажиллажээ. Энэ хугацаанд Монголд ч, гадаадад ч ажилласан байна. Одоо гэрийн эзэн сүүлийн дөрвөн жил МастерКарт олон улсын төлбөр тооцоо, технологийн компанийн Монгол дахь зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. МастерКарт компанитай хамтран ажилладаг арилжааны банкуудтай түлхүү хамтарч ажилладаг гэнэ лээ. Мөн Лаос улсын анхны хувийн арилжааны банкинд ажиллаж байсан аж. Тэрээр “Уухай” хөдөлгөөний гишүүн юм. Бидний яриа улс төрийн сэдэв рүү халилаа. Миний өвөг дээдэс Д.Сүхбаатар жанжнаас эхлээд М.Дүгэрсүрэн, С.Гончигсумлаа өвөө нар гээд яалт ч үгүй улс төрийн зүтгэлтнүүд. Надаас улс төрд орох сонирхол байна уу гэж хүмүүс үе үе асуудаг л даа. Төрийн ажил хийгдэж байгаа байдал, үр дүнг харахаар заримдаа өөрөө дотор нь ороод ажиллачихмаар санагдах үе байдаг. “Уухай” хөдөлгөөний зарим залуус маань сонгуульд нэр дэвшихээр шийдсэн. Харин зарим нь бусдыгаа дэмжье ч гэсэн хүмүүс байна. Нэр дэвших тухай бодохдоо юуны түрүүнд хариуцлагын тухай боддог. Төрийн ажил гэдэг бусдын төлөө ажиллахыг хэлдэг. Өөрийн буюу хувийн эрх ашгаа үргэлж хойш нь тавина гэсэн үг. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, яамдын дарга, мэргэжилтэн, цагдаа, эмч, сувилагч ч бай төрийн албанд ажиллаж буй хүмүүст хамааралтай зүйл. Эрх мэдэл бол маш аюултай зүйл л дээ. Эрх мэдэл хүмүүсийг хэрхэн өөрчилдгийг бид сүүлийн 30 жилийн турш сайн харлаа. Иймд эрх мэдлийг өгөх, авах ажил буюу сонгууль маш чухал зүйл тул сонгуулийн насны бүх сонгогчид энэ ажилдаа туйлын хариуцлагатайгаар хандах ёстой. Сонгуулийн тогтолцооны тухайд пропорциональ тогтолцоог бусдаас илүүд үздэг. Учир нь хүнтэй хариуцлага тооцох хэцүү, дөрвөн жил сонгогдоод юу хийсэн нь тодорхой бус хүмүүс их байсныг бид зөндөө харлаа. Нам бол институци, байгууллага. Намтай сонгуульд оролцох замаар хариуцлага тооцох илүү амар. УИХ-ын гишүүд нь ажил амьдралын арвин туршлагатай, алсын хараатай, ёс зүйн хэмжээнд бусдад үлгэр дуурайл болсон хүмүүс байх ёстой гэж боддог” хэмээв.
Тэрээр үргэлжлүүлэн “Харин энэ тэнд нэр дэвших гэж буй хуульч, эдийн засагч нар УИХ гэхээс илүүтэйгээр ЗГ, яамд, агентлагуудад ажиллавал илүү их зүйл бүтээх боломжтой гэж хардаг. Гэвч бид УИХ-аас эхэлж өөрчлөлт шинэчлэлийг хийх хэрэгтэй тул УИХ-д аль болох шинэ хүмүүсийг сонгох нь зөв байх гэж боддог. Сайн ажиллаж амжилтад хүрнэ гэдэг нь нэг хүний идэвх зүтгэл биш шүү дээ. Үргэлж багаараа амжилтад хүрдэг. Төрийн албанд очлоо гэхэд өөрийнхөө багийг бүрдүүлэхгүй бол хэцүү. Нэр дэвших гэж байгаа хүмүүс үүнийг сайн ойлгоосой гэж хүсдэг” гэлээ. Түүнчлэн нэр дэвшихээр шийдсэн бизнес эрхлэгчдэд санал өгөхгүй гэдгийг тодотгов. Яагаад гэвэл бизнес эрхлэгчид (тэр тусмаа томоохон бизнес босгож чадсан) ямар ч тохиолдолд хувийн эрх ашгаа бодно. Тийм хүмүүс улс төрд, төрийн ажилд шаардлагагүй, тэд одоо хийж буй ажлаа л сайн хийж явах нь энэ улсад илүү хэрэгтэй” хэмээн нэмж хэллээ.
Гэрийн эзэгтэйг Б.Өнөржаргал гэдэг. Тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт хөтөлбөрийн санхүүжилт, захиргааны албанд ажилладаг. Бизнесийн менежмэнтээр их сургуулиа дүүргэсэн аж. Гэр бүлийн хоёр гал голомтоо бадраагаад ес дэх жилтэйгээ золгож байгаа аж. Тэд гурван охинтой. Хоёр том нь сургуульд сурдаг бол бага нь цэцэрлэгийн насных юм байна. Гэрийн эзэн сагсан бөмбөгт нугасгүй гэнэ. Тэрээр олон жил сагсан бөмбөг тоглож спортын мастер цолтой аж. Тэрээр чөлөөт цагаараа спорт сонирхох, үе үе найзуудтайгаа хөдөө загасанд явах дуртай. Зун цагт харин зуслангийн байшиндаа мод ургуулдаг гэнэ. Гэрийн эзэн одоо хүүхдүүдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг дөө. Өөртөө зориулж байгаа цаг багасч байна шүү дээ хэмээн бага охиноо өргөж өвөр дээрээ суулгалаа. Хоёр охины маань хичээл өдөр бүр онлайнаар орж байгаа. Би хадаас шиг хажууд нь сууж хичээлийг нь хийлгэнэ. Хүүхдийн хүмүүжлийн тухайд нэн тэргүүнд хүнлэг байх ёстойг сургахыг хичээдэг. Хүнд заавал байх ёстой нийтлэг зан чанарыг эзэмшүүлэхийн төлөө чармайдаг. Тэр ч утгаараа бид хоёр охидуудынхаа дэргэд маш зөв байж үлгэр дуурайл болохыг хичээдэг. Гэр бүлийн харилцаанд хамгийн чухал зүйл хүндэтгэл, тэвчээр. Бид хоёрын хувьд маргалдаж байсан тохиолдол маш ховор. Хүүхдүүдийнхээ дэргэд бүр тийм зүйл гаргадаггүй” гэсэн юм.
Гэрийн эзэн өвөөгийнхөө талаар дурсангаа яг биднээс хөгжмөөр дагнасан хүн одоохондоо алга. Харин би дотроо гурван хүүхэд маань хөгжмийн авьяастай байгаасай гэж мөрөөддөг хэмээн инээмсэглэв. Аав маань харин өөр шүү. Хөгжмийн зэмсэг эзэмшчихсэн. 1970-аад оны сүүлээр Баянмонгол чуулгад хөгжим тоглодог, дуулдаг байсан. Урлагийн суурьтай хүн. Харамсалтай нь надад тийм ур чадвар байхгүй хэмээлээ. Гэрийн эзэн нүүрний баясгалантай хүн юм. Тэрээр аливаа зүйл ярьсныхаа дараа үргэлж инээмсэглэх аж. Өвөөгийн маань архивт нот, хэрэглэж байсан төгөлдөр хуур нь байранд нь байгаа. Бидний өв л гэсэн үг. Өвөөг нас бархад маш олон зүйлийг аав маань хөгжим бүжгийн консерваторид хандивлаж байсан. Маш олон пянз, ном байсан санагддаг. Цөөхөн хэдэн зүйл үлдсэн. Хамгийн том зүйл нь төгөлдөр хуур нь байна даа. Нотнууд нь хэвлэмэл болон өөрийнх нь гараар бичсэн ч байгаа. Хоёр өвөө маань маш том номын цуглуулгатай байсан. Ихэнх нь орос хэл дээр. Тэрээр номын шүүгээгээ заан “Энэ цөөхөн хэсэг нь. Хэд хэд хуваагдчихсан байгаа. Маш том номын сан бий” хэмээн хэлэв.
Бид дэлхий нийтэд цар тахлаас үүсч буй нөхцөл байдлын талаар ч хүүрнээд амжлаа. Тэрээр эдийн засагч хүн учраас цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн нөхцөл байдлын талаар түлхүү сонсож, уншиж байгаа аж. Монгол Улсын эдийн засаг нэг л зүйлсээс хамааралтай. Тэр нь манай урд хөрш. Урд хөрш маань бидний тухай ямар бодлого баримтална бид тэрний үр дүнг амсана. Манай улсын хувьд үр ашиггүй зардлаа танах хэрэгтэй гэж харж байгаа. Мэдээж сайхан цаг үе ирнэ. Манай эдийн засаг хэтэрхий өндөр хэрэглээтэй. Шаардлагагүй, хэрэглээ өндөр, үр ашиггүй зардал их гаргадаг гэсэн үг. Энэ бүхнээ залруулах, сайруулах, хэмнэх хэрэгтэй. Өдөр тутмын хэрэглээ ч бараг эргэж харах шаардлагатай байна шүү дээ” хэмээв.
С.Гончигсумлаа агсан хүү Г.Зоригийн хамт
Хамгийн тод санагдаж байгаа нэг дурсамжаа хуваалцахад хэмээн С.Гончигсумлаа агсны талаар ярьж эхэллээ. Өвөөгийн маань мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан хөгжим судлаач Энэбиш гуай өвөөгийн товч намтар, ноот, түүхэн баримт болон фото зураг багтаасан ном туурвисан. Будгийн үнэр нь бүрэн гүйцэд гараагүй цөөн хэдэн ном миний гар дээр байгаа. Харамсалтай нь өвөөгийн маань хөгжмийн авьяас надад өвлөгдөн ирсэнгүй. Гэлээ ч надад Монголын соёл урлагийн салбартай зах цухаас нь танилцах боломж 15 жилийн өмнө олгогдсон юм. 2005 оны жилийн намар миний бие Хөгжим бүжгийн коллеж (эдүгээ Хөгжмийн Консерватори) дээр очиж өвөөгийн маань мэндэлсний 90 жилийн ойг хэрхэн тэмдэглэх, зохион байгуулах талаар сургуулийн удирдлагуудтай уулзсан юм. Тэр уулзалтын үр дүнд “Жаргаах Зүрхэн” дууны цомог, төгөлдөр хуур, чавхдаст хөгжмийн улсын уралдаан, үе үеийн урлагийн салбарын зүтгэлтнүүдийн оролцсон ТВ нэвтрүүлэг болон хэдэн зуун оролцогч, үзэгч нартай гала концерт зэрэг арга хэмжээ амжилттай явагдсан, хийгдсэн. Гала концертын талаар нэмж дурсъя. Улсын дуурь бүжгийн театрын тайзнаа тэр өдөр нэгэн зэрэг дөрвөн найрал хөгжим (оркестрын) гарсан түүхтэй. Тухайлбал, дуурь бүжгийн театрын, улсын филармонийн, бүх цэргийн дуу бүжгийн чуулгынх ба хөгжим бүжгийн сургуулийнх. Н.Жанцанноров гуай концерт хөтлөгчөөр оролцож олон сонирхолтой түүхэн үйл явдлын тухай ярьж өгсөн. Гавьяатуудын зэрэгцээ залуу уран бүтээлчид амжилттай оролцсон. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг бол Г.Хайдав гуай тайзнаа “Ээждээ” дууг дуулсан явдал. Тэр үед нас нь 80 гарчихсан, хоолой нь өвдөөд сөөсөн ч тэрээр би заавал дуулна гэж нүдэн дээрээ нулимстайгаа дуулсныг үзэгчид босоогоороо алга ташиж хүндэтгэл үзүүлсэн. Харамсалтай нэгэн зүйл бол Б.Зангад гуай оролцоогүй явдал. Уул нь концертын хөтөлбөрийн дагуу дуулах байсан ч хамгийн сүүлийн мөчид алдарт дуучин маань арга хэмжээнд ирээгүй. Тухайн үед (концерт явагдаж буй үеэр) хөгжим бүжгийнхэн түүнийг өвдчихсөн тул оролцсонгүй гэж надад хэлсэн. Үзэгчид ч гайхсан байдалтай харагдаж байв. Сүүлд нь концерт зохион байгуулагчдын зүгээс түүнийг албан ёсоор уриагүй тул тэрээр оролцоогүй гэдгийг мэдэж авсан. Урлагийн салбарын нарийн ширийн нь нюансыг би мэддэг байсан бол ч мэдээж урилга явуулах байсан. Концертонд оролцъё гээд маш олон хүн (хэнийг ч албан ёсоор уриагүй) ирж гуйж байгааг Хөгжим бүжгийнхэн надад хэлж байсан тул оролцуулахаар сонгосон бүх хүмүүс нь асуудалгүй оролцоно хэмээх гэнэн бодол надад төрж байсан түүхтэй (дашрамд хэлэхэд хэнийг оролцуулах талаар эцсийн шийдвэрийг Хөгжим бүжгийнхэн гаргаж байв. Би санхүү, маркетингийн асуудлуудыг хариуцсан түүхтэй). Концерт үнэхээр сайхан болсон. Концертын дараа цомхон хүрээнд хүлээн авалт хийж оролцогчид болон зохион байгуулагч нарт гэр бүлийн зүгээс талархлаа илэрхийлэв. Г.Хайдав гуай тэр үеэр хэдэн сайхан дууг дуулж өгсөн. Арга хэмжээний үеэр ч, дараа нь ч өвөөгийн маань бүтээж үлдээсэн соёлын өвийн цар хүрээ, хэмжээ нь хэмжээлшгүй том гэдгийг бодитоор ойлгосон. Өдгөө залуучууд бид өвөг дээдэс, өвөө эмээ, аав ээж нарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртэж буй хүмүүс. Бид үүнд үргэлж талархаж тэднээс илүү биш юмаа гэхэд дутахааргүй хэмжээнд тэвчээртэйгээр энэ улсынхаа төлөө хөдөлмөрлөх ёстой” гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Б.НОМИН-ЭРДЭНЭ
One reply on “Д.Сүхбаатар жанжны дөч, С.Гончигсумлаа агсны ач хүү З.Хайдарынх”
Снтгүүлч охин “тэрээр” гэдэг үгнийхээ хэрэглээг цөөлөх хэрэгтэй юм байна. Хөөрхий муу эмээ баба Женягаа ёстой тосгоны хүн байсан гэхээс өөрөөр дурссангүй дээ. Гомдоно доо.