Categories
мэдээ нийгэм

Өөрөөсөө илүүчилж өрөөлд буюу далайд дусал нэмэр

РОТАРИ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮҮСЭЛ, ЗОРИЛГО, МӨН ЧАНАР

1905 оны хавар Чикаго хотын нударган баячуудын нэгэн болох Пол Харрис3 найзтайгаа “буу халж” суугаад нэгэн чухал тохиролцоонд хүрчээ. Тухайн цаг үе ямар байв. Хөгшин Европоос үүдэлтэй Дэлхийн 1 дүгээр дайны гал дүрэлзэж, түүний хор хөнөөл ямар байхыг төсөөлөх хэн боловч амь амьдралаа хэрхэн авч явах, хөрөнгө мөнгөө юунд зарцуулах гэх мэтийг бодож эргэцүүлэх шаардлагатай байлаа. Чухам үүний учир тэр дөрвөн эр хаяагаар багтаж ядсан хөрөнгөө амьд ахуйдаа өөрсөддөө хэрэг болохыг адартаа үлдээж, бусдыг нь ядуус болон өлсгөлөн, өвчин тахалд нэрвэгдэгсэд, дайны хөл үймээнд өртөгсдөд зориулах гэсэн өгөөмөр нинжин сэтгэл гаргацгаажээ. Тэд эхний ээлжинд үйлчилгээгээ оршин буй жижиг хот, тосгоны ард иргэдэд үзүүлж буян болсоннь олон түмний талархлыг хүлээж, улмаар үйл ажиллагаагаа иргэний нийгэмд хүргэдэг дэлхийн анхны байгууллага болох Олон улсын Ротарийн хөдөлгөөн болгож чадсан түүхэн гавъяатай.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс оронд 36000 ротари клуб байгуулагдан 1.2 сая илүү гишүүдийг эгнээндээ нэгтгэн урагшилж байна. Ротарийн бэлэг тэмдэг нь эргэлдэж буй хүрдний дүрс байдаг. Энэ утгаараа Ротарийн зарчимд клубын бүх удирдлага болон бусад холбогдох албан тушаалыг гишүүд жил бүр ээлжлэн хашиж ирсэн ба тэр зарчмыг аль ч клуб эдүгээг хүртэл баримталж ирсэн явдал энэхүү нэгдэл, хөдөлгөөний хамгийн ардчилалтай байгууллага болохыг илтгэх буйзаа.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Олон улсын ротари нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1. Энх тайвныг бэхжүүлэх. Өнөөдөр 50 орчим сая хүн зэвсэгт мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэн өөр улсад толгой хоргодон амьдарч байна. Дэлхийн ротаричууд Энх тайвны төвөөрөө дамжуулан жилд 100 гаруй энх тайвны төлөөх арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг.

2. Халдварт өвчинтэй тэмцэх. Ротаричууд ДОХ/ХДХВ, саа болон хумхаа зэрэг халдварт өвчнүүдийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх боловсролыг олон түмэнд түгээж байдаг. Энэ чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн дийлэнх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай газруудыг ажиллах хүчин, тоног төхөөрөмжөөр хангахад чиглэгдэж байгаа юм.

3. Цэвэр усаар хангах. Дэлхий даяар 2.5 тэрбум хүн ундны ус, шаардлагатай ариун цэврийн байгууламжгүй амьдарч байна. Өдөрт 3000 илүү хүүхэд бохир, чанаргүй ус хэрэглэснээс болж суулгалт өвчнөөр нас бардаг аж. Ротаричуудын хэрэгжүүлдэг төслүүд нь бүс нутгийн хүн амыг цэвэр усаар хангах, ариун цэврийн системийг хөгжүүлэхэд чиглэгддэг бөгөөд ус болон эрүүл ахуйн холбогдолтой судалгаануудыг санхүүжүүлдэг болно.

4. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах. Жил бүр 0-5 насны 7 сая гаруй хүүхэд хүнс, тэжээлийн дутагдал, шаардлага хангахгүй эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн тусламж тааруу зэрэг шалтгаануудаас болж нас барж байна. Энэ сөрөг үзүүлэлтүүдийг багасгахын тулд ротаричууд хүүхдийн дархлаа сайжруулах эм бэлдмэлээр хангах, эмнэлгийн анхан шатны туламж үзүүлэхэд бэлтгэгдсэн хүмүүсээр хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүс нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн чадваржуулах замаар эрүүл мэндийн хөгжлийн тогтвортой байдлыг ханган ажилладаг.

5. Боловсролыг дэмжих. Дэлхий даяар бага насны 70-аад сая хүүхэд сургуульд суралцах боломжгүй байгаагаас гадна 775 сая илүү хүн бичиг үсэгт тайлагдаагүй байна. Ротаричууд бүс нутгийн ард иргэдэд анхан шатны боловсрол олгох, боловсролын салбар дахь хүйсийн ялгааг багасгах, насанд хүрэгчдийг бичиг үсэгтэй болгох нөхцөлөөр хангах зорилготой ажиллаж байна.

6. Бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх. Ойролцоогоор 1.5 тэрбум хүн өдөрт 1.25 ам.доллароос бага орлогоор ажиллаж амьдарч байна. Ротаричууд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, залуучууд, эмэгтэйчүүд болон өндөр настай хүмүүст үр бүтээлтэй, зохистой ажил эрхлэх боломж олгох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болно.

ХҮМҮҮС ЯАГААД РОТАРИ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХИЙГ ХИЧЭЭДЭГ ВЭ?

Ротари нь даян дэлхийд сайн санаа, энх амгаланг бий болгохын төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ёс суртхууны өндөр хэм хэмжээнд өөрийн хүмүүнлэгийн үйлчилгээгээ дэлхийн өнцөг бүрт хүргэдэг, шашин болоод улс төрөөс ангид, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Ротаричууд түүхэн хөгжлийнхөө явцад ёс зүйн 4 зарчмыг бий болгон түүнийгээ хатуу чанд мөрдсөөр иржээ. Эдгээр нь тэдний үйл ажиллагааны гол шалгуур, нэг үгээр хэлэхэд стандарт хэмжигдэхүүн гэж хэлж болох.

Ротаричуудын бодож, хэлж, хийж байгаа зүйлүүд: 1-рт үнэнд яв цав нийцэх ёстой, 2-рт хүн бүрт тэгш шударга байх учиртай, 3-рт сайхан сэтгэл, дотно нөхөрлөлийг бий болгоно, 4-рт хүн бүрт үр ашигтай байна. Энэ шалгуурууд хангагдаж чадаж байна уу гэдгээр тэдний үйл ажиллагааны үр нөлөө хэмжигдэнэ. Хэрэв аль нэг нь хангагдаж чадахгүй аваас тэд үйлдлээ эргэн хянах шаардлагатай гэсэн үг. Ротаричүүдийн өөр хоорондын харилцаа ч эдгээр зарчимд тулгуурладаг амой. Яг иймийн учир хүмүүс ротари хөдөлгөөнд нэгдэх чин эрмэлзлэлтэй байдаг билээ.

РОТАРИ ХӨДӨЛГӨӨН МОНГОЛД

1995 онд Монгол улс ардчиллын замд дөнгөж орж, зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан тэр үед нийгмийн идэвхтэй хэдэн хүний санаачилгаар “Улаанбаатар” нэртэй клубыг байгуулснаар Монголд ротари хөдөлгөөн анхүүссэн бөгөөд эдүгээ 25 жилийн нүүр үзэв. Анхны болон хожим нь хөдөлгөөнд нэгдсэн гишүүдээс нэрт улс төрчид, эрдэмтэд, соёл урлагийн одод, шилдэг бизнесменүүд төрсөн байдаг. Үүнээс хойш Хүрээ, Нийслэл, Зуунмод, Туул, Баянзүрх, Сэлбэ, Тамир, Эрдэнэт, Сэлэнгэ, Номт гэх мэт клубүүд шил шилээ даран байгуулагдаж, одоо 18 ротари клуб, 8 ротаракт клуб, 4 интеракт клубүүд бий болж, дэлхийн ротаричүүдтэй мөр зэрэгцэж алхаа нийлүүлэн урагшилсаар бөлгөө. Клубүүд Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчныг хамгаалах зэрэг өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа, эмзэг гэх олон асуудал, салбар, чиглэлээр “Өөрөөсөө давж бусдад үйлчилье” гэсэн ротаричуудын нийтлэг уриан дор бусдын төлөө гараа сунган хэдэн зуугаар тоологдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирлээ. Клуб тус бүр БНСУ, Япон, АНУ, Тайланд, Тайвань зэрэг улс орнуудын олон арван ротари клубуудтэй шефийн холбоотой ажиллан өөрсдийн төсөл, хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж амой.

СЭЛБЭ РОТАРИ КЛУБ, ТҮҮНИЙ ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын ротари клубүүдийн нэгэн болох Сэлбэ клуб нь анх 2004 онд хорт хавдар эмгэг өвчнөөр өвчилсөн хүмүүст эдгэрэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх сэдлээр үйл ажиллагаагаа эхлэн улмаар 2007 онд Монгол улсын 8, Гонг Конг дахь Олон улсын ротарийн 3450 дугаар дүүргийн 48 дахь клуб болж албан ёсоор бүртгүүлсэн юм. Тус клубын гишүүд хандив цуглуулсны үндсэн дээр судалгаа гаргаж, Нийслэлийн дүүрэг бүрээс нэг ядуу өрхийг сонгон авч гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр түгээхээс үйл ажиллагаагаа эхлэн мөн 5 өрхөд гэр олгон тусалжээ. Орон гэргүй хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгийн 1 өрөөг гэрийн хэвийн нөхцөлөөр бүрэн тохижуулж өгсөн билээ.

Гэмтэл согог, эмгэг өвчтэй хүмүүс, ялангуяа саажилттай хүүхдүүдэд эмнэлгийн наад захын туслалцаа үзүүлэх явдал дэлхийн ротаричуудын цөм асуудал байдаг. Сэлбэ ротари клуб энэ хэсэгт багагүй зүйлийг хийсэн. 2005 онд Дундговь аймгийн төвийн болон Дэлгэрцогт сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр, хөлд оруулагч дасгалын аппарат, 2010-2012 онд Дорнод, Төв, Архангай, Хөвсгөл зэрэг 9 аймгийн Эрүүл мэндийн төвүүд болон сумдын эмнэлэгт наад зах нь 3 жил хэрэглэж болох бохир зүү тариурын аюулгүйн хайрцаг, Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт эмнэлгийн багаж хэрэгсэл хандивласан байна. 2009 онд хараа султай 5 хүнийг, 2010 онд зүрхний эмгэгтэй 10 хүүхдийг БНСУ-д явуулж мэс засал эмчилгээ хийлгэсэн бол 2016 оноос Япон улсын Маебаши ротари клубтэй хамтран төсөл хэрэгжүүлж, Нийслэлийн 29 дүгээр дунд сургуулийн багш нарын дохионы хэллэгийн чадавхийг сайжруулах сургалт зохион байгуулсан.

Олон улсын ротаричууд байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн. Манай улсад ган гачиг, зуд зурхан, гал түймэр, үер усны аюул жил ирэх тутам нэмэгдэж байна. Эдгээр нь байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбоотойгоос гадна бас хүний зүй бус ажиллагаа ихээхэн нөлөөлдгөөс шалтгаалж байна. Сүүлийн үед хот, суурин газрын агаарын бохирдол, утаа тортог гамшиг дагуулсаар ирлээ. Ийм нөхцөлд Сэлбийнхэн гар хумхин зүгээр суусангүй бусад клубүүдтэйгээ хамтран Ногоон хүрэм төсөлд хамрагдан 3-4 аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мод сөөг тарих ажилд гар бие оролцож, мөн Нийслэлийн Цэцэрлэгт хүрээлэнг моджуулахад идэвхийлэн оролцсон.

Хүн амыг ундны усаар хангахад туслах явдал олон улсын ротаричуудын байнгын анхааралд байдаг. Сэлбэ клуб 2012-2014 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Шинэ суурьшлын бүсэд хүн амын ундны усны 2 худаг гарган иж бүрэн тохижуулж өгсөн нь 500 орчим айл өрх, 2500 гаруй оршин суугчдын талархлыг хүлээж буйн гадна холбогдох дүүргийн захиргаа, удирдлагаас өндөр үнэлэмжавсан билээ. Эдгээр үйл ажиллагаа бол тус клубын хийж хэрэгжүүлсэн ажлын наад захын жишээ юм. Сэлбийн бэлэг тэмдэг нь “ус-чандмань эрдэнэ” буюу гурвалсан усан дуслын нэг нь билээ. Энэ нь “далайд дусал нэмэр” гэсэн утгатай бөгөөд тэдний олон түмний төлөө хийж хэрэгжүүлж байгаа бүхэн бага гол горхи мэтээсээ эхэлж ихмөрөн, тэнгис далай лугаа тэлнэ гэсэн санаа болой.

РОТАРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨ, АЧ ХОЛБОГДОЛ, ЦААШДЫНХАНДЛАГА

Ротаричуудын ажил үйлс, хийж хэрэгжүүлж байгаа бүхэн гагцхүү олон түмэнд үзүүлж байгаа сайн санааны тус дэмжлэг бөгөөд үүний үр шимийг хүртэгч хэн бүхэнд ач тус нь шууд хүрч, буян хишиг нь арвижин дэлгэрч байх аж. 2017-2018 оны заагт Нийслэлийн тусгай 29 дүгээр сургуулийн сурагчид болон сургуулийн захирал, удирдлагын зүй бус харьцаанаас үүдэн сургалтын хэвийн үйл явц доголдон сурагч эцэг эхчүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж тэр бүхэн нь Монголын телевизүүд болон олон нийтийн мэдээллийн бусад хэрэгслүүдээр цацагдаж байлаа. Яг энэ цаг үед Сэлбэ ротари клубынхэн Япон улсын Маебаши клубтэй хамтран дохионы хэлний мэргэжилтнүүд болон тийм хэлээр ярьж харилцдаг хүүхэд залуучуудыг урилгаар ирүүлэн 29 дүгээр сургуулийн багш, сурагчидтай уулзалт ярилцлага хийж, дохионы хэллэгийн чадавхийг сайжруулах 7 хоногийн сургалтыг зохион байгуулснаар барахгүй багш нарын төлөөлөгчдийг Япон улсад сургаж, сургалтын гарын авлага бэлтгүүлэн хүлээлгэн өгснөөр тус сургуулийн сургалтын үйл явцыг хэвийн болгож, тогтворжуулсан сайхан үлгэр дууриал болсон билээ.

Ковид-19 гэгч айхтар цар тахал дэлгэрч байгаа өнөөгийн цаг үед Монголын ротаричууд хандив цуглуулан амны хаалтыг эмч, эмнэлгийн ажилтнуудад хангалттай хэмжээгээртүгээхээр зэхэж байна. Дэлхийн ротари хөдөлгөөн, тэр дундаа Монголын ротаричуудын эгнээөргөжин тэлж, үйл ажиллагааных нь хүрээ улам нэмэгдэх болно.

Товог овогт Мөнхийн Энхтуяа

Утас:80239472, 2020.04.20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *